Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1414

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2018        10          11                                   2018/ШЦТ/1414

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч Ч.Батбаяр,   

Шүүгдэгч Ө.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Эт холбогдох эрүүгийн 1806039921078 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-6 хэсгийн 195 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хөгжлийн бэрхшээлтэй эхнэр М.Итой байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн,

Мөн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-6 хэсгийн 195 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хөгжлийн бэрхшээлтэй эхнэр М.Итой байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.                                                                  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Ө.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч М.Игийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 04 сарын 26-ны өдөр 20 цагийн үед би ажлаа тараад гэртээ ирэхэд нөхөр Э нилээн согтуу байсан. Намайг орой ирсэн чинь хаагуур хэнтэй банзалдаад, янхандаад яваад байгаа юм, хоол идмээр байна, зурагт асаа, унтраа гэж агсарч хэл амаар доромжилсон. Ингэж агсарч байхдаа намайг цохих гэж далайсан. Гэхдээ цохиогүй. Би зодох нь гэж айгаад хурдхан шиг 102 руу залгаж дуудлага өгсөн. Энэ байдал байнга үргэлжилдэг. 2017 оны 11 сарын 20 болон 29-ний өдрүүдэд агсам тавьж хэл амаар доромжилсон, гэрийнхээ эд зүйлийг хулгайлж зарсан. Цагдаад хэлж 2017 оны 12 сарын 27-ны өдөр шүүхээс 10 хоног баривчилсан. Мөн 2018 оны 03 сарын 03-ны өдөр гэрт намайг зодсон. Цагдаад бариулж 2018 оны 03 сарын 12-ны өдөр шүүхээс 30 хоног баривчилсан. 2018 оны 04 сарын 15-ны өдөр зодоход нь би цагдаад хэлээгүй. Энэ асуудлыг надаас өөр мэдэх хүн байхгүй. Э архи уусан үедээ их догшин ааш зантай болдог. Байнга архи уудаг. Ажил хийдэггүй. Сүүлийн 3 жил архи байнга уугаад агсам согтуу тавьдаг болсон.

2018 оны 05 сарын 03-ны өдөр 01 цагийн үед нөхөр Э согтуу ирж агсам тавьсан. Намайг хэнтэй хаагуур явсан банзал гичий вэ? Янхан авгай минь гэх зэргээр хэл амаар доромжилдог. Тухайн өдөр бол гар хүрээгүй. Өмнө намайг зодож байсан. Энэ талаар цагдаад хандаагүй. Би Баянзүрх дүүргийн эмнэлгийн гэмтлийн эмчийн хяналтанд "дунд чөмөгний толгой хайлах" оноштойшоор 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалттай группт байдаг. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18-27/

 

Гэрч М.Мын мөрдөн байцаалтанд өгсөн:

Э анх суусан цагаасаа хойш Ид агсам согтуу тавьж байна. Э өдөр болгон архи уудаг, архи уусан үедээ байнга Ид агсам тавьж, "ална" гэж сүрдүүлдэг. Шүүхээр энэ асуудлаараа баривчлагдаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 31/

 

Шүүгдэгч Ө.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэргээ ойлгож буруугаа хүлээж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Миний буруу. 2018 оны 04 сарын 26-ны өдөр эхнэр М.Ичинхорлоод агсам согтуу тавьсанаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэрийгээ зодоогүй.

2018 оны 05 сарын 03-ны өдөр эхнэр М.Ичинхорлоод агсам согтуу тавьсан нь үнэн. Би дахиж хэзээ ч эхнэртээ агсам согтуу тавихгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 51-58/

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5, 9/

-хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 7-8, 10/

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай шийтгэвэр, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 391 дугаартай шийтгэвэр /хх-ийн 11-15/,

-хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актын хуулбар /хх-ийн 17/

-гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс: шүүгдэгч Ө.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд холбогдсон зөрчилийн талаарх цагдаагийн газрын мэдээллийн сангийн баримт /хх-ийн 37-43/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Эыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эыг хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдууллаа.

 

Хэргийн учир шүүгдэгч Ө.Э нь 26 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Д овогт Өийн Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.Эыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эын цагдан хоригдсон хорин зургаа хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ