| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1337/Э |
| Дугаар | 1419 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 1419
2018 10 11 2018/ШЦТ/1419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Г.Эрдэнэ,
Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Дод холбогдох эрүүгийн 1806042171255 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Д нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жулиа төвийн гадна байрлуулан тавьсан иргэн Ц.Тийн 57-73 УБТ улсын дугаартай Ниссан Пулсар маркийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Т.Д нь автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ц.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Хөдөө аж ахуйн автобусны буудлын хажуу талын зогсоол дээр байрлуулаад И бид хоёр ТҮЦ онгорхой байхаар нь Цацралыг машинд суулгаж үлдээгээд бид хоёр ТҮЦ ороод иртэл миний машин байхгүй байсан. Миний машин цагаан өнгийн Ниссан Пулсар маркийн 2018 оны 02-р сарын дундуур 1.000.000 төгрөгөөр авсан машин байгаа. Надруу миний энэ машины эзэмшигч Д.Б залгаад "чи согтуу машинаа барьж явж байгаад машин мөргөчөөд зугтсан юм уу над руу залгаж байна гэхээр нь би үгүй ээ би машинаа БЗД-ийн 6-р хороо Жулиа төвийн орчим байх ТҮЦ-ний хажуу талд байрлуулсан асаалттай байлгаж байгаад алдаад одоо 5 хонож байна гэхэд тэр надруу 99193330 дугаарын залуу ярьж байна чи холбогд гэхээр нь тус дугаарлуу залгахад "би 2018 оны 05 сарын 10-ны шөнө Талбайн урд талд явж байхдаа машинаа шүргүүлсэн тэгээд машины жолооч гэх залуу гарч ирээд согтуу байдалтай намайг уучлаарай цагдаа битгий дуудаач гэж байгаад гэнэт машинаа орхиод алга болсон. Утасны дугаараа үлдээсэн гэсэн. Би ямар хүн машиныг барьж яваад мөргүүлсэн талаар acyyxaд 88003340 дугаар өгөхөөр нь Сийн үеэл Т.Д байна гэж мэдсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл алга байна. Нэхэмжлэх гээд ч Доос авах юм байхгүйг би мэднэ. Намайг таньдаг, миний машиныг мэддэг учраас авч явсан байна гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:
Би И, Т нартай хамт явж чадахгүй гэдгээ хэлсэн. Жулиа төвийн урд талд нь байх түцний хажууд очоод машинаа ертөнцийн зүгээр хойшоо харуулаад байрлуулаад 2 залуу машины урдаас буугаад ууж идэх зүйл авахаар Жулиа дэлгүүрлүү алхаад орохоор нь би цонхоор хараад хурдан бултан гэрлүүгээ харих гээд яг урд талд нь зогсож байсан машинд суугаад шууд Дарь-Эх рүү гэрлүүгээ хүргүүлсэн юм. Утсаа цэнэглээд асаагаад харахад Итгэл залгаад, мессеж бичээд хараагаад машин алга болсон байна гэхээр нь би зүгээр гэртээ харисан. Би машин тэрэг мэдэхгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 17-18/
Шүүгдэгч Т.Дын мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 05 сарын 10-ны шөнө 02:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Жулиа төвийн орчим архи уусан байдалтай 25 дугаар эмийн санруу хамаатны Сийн гэрлүү явж байсан Жулиа дэлгүүрийн үүдэн дээр миний Стэй хамт ажилладаг түүний найз Ц.Тгийн унадаг Ниссан пулсар маркийн цагаан өнгийн машин зогсож байхаар нь эхлээд хаалгыг нь татахад машин онгорхой түлхүүр нь зоолттой байхаар нь би машины хажууд тамхи татаад ойролцоогоор 3 минут болоход Ц.Т гарч ирэхгүй байхаар нь би машиныг нь нуучий гээд тоглоод машиныг хөдөлгөөд замын хойд талд ХААЯ-ны урдуур гараад талбайруу явж байгаад Кристал барны урд байх дунд нарийн замаар явж байгаад тоёота приус 20 маркийн машинтай эрэгтэй хүний машинтай замаар зөрөхдөө шөргөлцсөн ингээд би машинаас буугаад тухайн залуугийн буруу байхаар нь би тухайн залуутай юм яриад зогсоход тэр залуу чамаас пиво үнэртэж байна гээд цагдаа дуудна гэхээр нь би хэрэггүй ээ хоёулаа тохиръё гээд тэр залуу машины түлхүүрийг аваад Кристал барны хашаан дотор машиныг оруулаад түлхүүр надаас булаагаад явсан. би тухайн залууд маргааш нь 200.000 төгрөг өгөөд машиныг авахаар болсон учраас Баянбүрдэд байх найзынхраа явж хоноод маргааш нь Гачуурчтруу найзыгаа дагаж аавынхруу нь явж 2 хоносон юм. 2 хоногийн дараа хотод орж ирэхэд н.Сансар-Эрдэнэ надруу залгаад "хүн машинаа ав гээд залгаад байна, чи Тэмүүжингийн машиныг аваад явсан юмуу Т тэрийг чинь мэдээгүй цагдаад дуудлага өгсөн ш дээ хурдан ир" гэхээр нь би Кристал барны гадаа очиход манай хамаатны С найз Тийн хамт ирээд надтай шүргэлцсэн залууд мөнгийг нь өгсөн байгаа гэж хэлээд зогсож байсан. Ингээд С намайг аавындаа 25 дугаар эмийн санд хүргэж өгөхөөр нь би усанд орчоод гараад явсан. Гадуур явж байгаад Сний хамт цагдааруу ирэх гэж байгаад би түүнээс зугатаж яваад Хэнтий аймагруу гэрлүүгээ явсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 76-77/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Т.Дын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41-42/, дансны хуулга /хх-ийн 62-72/ зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Шүүгдэгч Т.Дын бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь тухайн автомашиныг хувьдаа завшиж ашиг олох зорилгогүй байх ба бусад төрлийн гэмт хэргийн шинжийг агуулахгүй байгаа нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.
Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Т.Дод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Д нь авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дыг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хэргийн оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх учир шүүгдэгч Т.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овогт Тийн Дыг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ