Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/02048

 

 

 

 

 

 

 

2022 11 25 210/МА2022/02048

 

 

 

***ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2022/02687 дугаар шийдвэртэй,

***ХХК-ийн нэхэмжлэлтэй

*д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 17,349,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан, хариуцагч *, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ***ХХК нь *тэй 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр автомашин худалдан авах зориулалтаар 20,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан.

Хариуцагч зээлийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй ба гэрээний хугацаа дууссан тул зээлийн гэрээний 2.11-д заасны дагуу зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн.

Иймд хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 7,309,014 төгрөг, хүү 7,772,339 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,267,769 төгрөг, нийт 17,349,123 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг байгуулсан нь үнэн боловч өөрийн хүсэл зоригоор байгуулаагүй, гэрээний 20,000,000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэгч нь эдийн засагч *.*, *.** нараас нэхэмжлэх учиртай.

2.2. Хариуцагч 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол нэхэмжлэгч ямар учраас 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад шүүхээс дүгнэлт хийх нь зүйтэй.

2.3. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээний дагуу ***ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн гэх Lexus LX470 маркийн 00-00 *** улсын дугаартай автомашин хэний өмчлөлд байгаа нь тодорхойгүй.

Иймд дээр дурдсан асуудлуудад бодитойгоор хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *гээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,309,014 төгрөг, хүү 7,772,339 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,267,769 төгрөг нийт 17,349,123 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,696 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *гээс 244,696 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. ***ХХК-аас *тэй 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ 2 сарын хугацаатай байхад нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

4.2 Нэхэмжлэгч талаас хариуцагчийн зээлийн эргэн төлөлтийн графикийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба хариуцагч зээлийн төлбөр төлөөгүй байхад нэхэмжлэгч зээлийн гэрээний 5, 6 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүй талаар шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

4.3. Авто тээврийн үндэсний төвөөс шүүхийн журмаар фидуцийн гэрээний зүйл болох Lexus LX470 маркийн автомашины эзэмшигчийн лавлагааг гаргуулахад зээл олгосноос хойш 5 хоногийн дараа *.***т шилжүүлсэн байдаг.

Мөн *.*** нь 2012 онд тус автомашиныг ***ХХК-д барьцаалж байсан нь тогтоогддог.

4.4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т Дүр үзүүлэн хийсэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсныг анхаараагүй.

Түүнчлэн, үүрэг гүйцэтгэхтэй холбоотой бусад хуулийн заалтууд дээр тайлбар хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

Хариуцагч зээл хүссэн баримтуудыг бүрдүүлж, зээлийн гэрээнд сайн дураар гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээг байгуулсан тул анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр гэж үзсэн.

5.2. Мөн фидуцийн гэрээний зүйл болох автомашин хариуцагчийн эзэмшилд ба тус автомашины бүртгэлийн лавлагааг Авто тээврийн үндэсний төвөөс нотлох баримтаар гаргуулсан.

5.3. Нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж түүнд зээл олгосон тул зээлийн гэрээний үүргийн дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба шүүх хуралдаанд хариуцагч тайлбар гаргаж хүлээн зөвшөөрсөн.

Мөн дансны хуулгыг тодруулах зорилгоор ххх ХХК-аас баримт гаргуулсан. Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ***ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,349,123 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 20,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлж, хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөхөөр тохиролцсон. (хх3-5)

 

3.а. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр талууд фидуцийн гэрээ байгуулж, гэрээгээр Lexus LX470 маркийн 00-00 *** улсын дугаартай автомашиныг ***ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, үүрэг биелэгдээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ. (хх6-7)

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байна.

 

4.а. Зохигчид зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс нэхэмжлэгчид хариуцагч нь буцаан төлсөн эсэх, фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг бусдад худалдан борлуулсныг зээлийн төлбөрт тооцсон эсэх талаар маргаж байна.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийн зээлийг ямар данснаас хариуцагчийн дансанд шилжүүлсэн баримтыг ***ХХК-аас, ххх ХХК дахь 00000, Мост мони дахь 000000 тоот тус тус дансны эзэмшигчийн талаарх мэдээллийг ххх ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэжээ. (хх57-58)

 

Уг захирамжийн дагуу ххх ХХК-аас ирүүлсэн баримтаар тус банкны 00000 тоот дансыг * эзэмшдэг ба 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хаагдсан, Мост мони нь тусдаа байгууллага тул лавлагаа гаргах боломжгүй тухай албан бичгийг дансны хуулгын хамт ирүүлсэн боловч шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа бүрэн биелэгдээгүй байна. (хх64-65)

 

4.б. Хэрэгт ***ХХК-ийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, ххх ХХК дахь *гийн эзэмшлийн 00000 тоот дансны 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуулга, Мост мони дахь 206102878 тоот дансны хуулга зэрэг нотлох баримтууд авагдсан байна. (хх12, 48, 72)

 

Дээрх баримтуудаар хариуцагчийг зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийж байсан гэх үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

 

Учир нь Мост мони дахь дансны гүйлгээг хариуцагч хийгээгүй гэж маргасан тул тус гүйлгээг хэн, хэзээ, ямар данснаас хийсэн болохыг тодруулах нь хөөн хэлэлцэх хугацааг тоолох, улмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

5. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлсноор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд нь фидуцийн гэрээний дагуу тус автомашиныг маргаан бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ***ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд автомашиныг тооцуулна гэж маргаж байгаа тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох Lexus LX470 маркийн 00-00 *** улсын дугаартай автомашины өмчлөл ***ХХК-аас хэнд, хэзээ шилжсэн, хэрэв худалдан борлогдсон бол хэдэн төгрөгөөр худалдсан талаарх үйл баримтыг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хэргийн нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй үнэлээгүй гэх гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

6. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2022/02687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,696 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ