Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1420

 

 

 

 

 

 

 

 

    2018        10          11                                   2018/ШЦТ/1420 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

улсын яллагч Ч.Алтансүх,

шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806017121048 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч П.Э нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Гтой маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                             /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч П.Э нь хохирогч О.Гийн бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч О.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...тэгээд гутлаа өмсөх гээд сууж байхад Э ирээд миний нүдэн тус газар нэг удаа өшиглөсөн. Тэгээд би нүдээ дараад босч ирэхэд Э шилэн аяга шидсэн. Шилэн аяга нь миний зүүн гарыг онож зүссэн. Тэгээд цагдаа дуудсан. Э машиндаа суугаад зугатаагаад явсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө томографикийн зургаа аваачиж өгч чадаагүй. Мөнгө олдоогүй учир зураг авахуулж өгч чадаагүй. Миний гаргаж өгсөн баримт дээр ухархайн болон хамарын хагалгаанд орсон төлбөрийн баримт байгаа. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад гэмтсэн байна гээд хагалгаанд орсон.  Томографикийн зураг аваачиж өгөөгүй учир тусгагдаагүй байна.  Энэ 2 төлбөрийг нэхэмжлэхгүй. Үлдэгдэл эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 57/

 

Гэрч Т.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Г Эийн өдөөд түрүүлээд уруул хэсэгт нь цохихоор нь Э босож ирээд чи намайг яагаад цохиж байгаа юм бэ гэхэд Г согтуу байсан учраас яадаг юм гэх зүйл хэлсэн. Миний харснаар Э Гийн зүүн нүд хэсэгт нь баруун гараараа 2 удаа цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 сарын 20-ны өдрийн №2648 дугаартай:

 "О.Гийн биед зовихонд цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, сарвуу, алганд зулгаралт, сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх-ийн 44/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 сарын 20-ны өдрийн №1039 дугаартай нэмэлтээр материалаар гаргасан:

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2648 дугаар дүгнэлтийн 3-р заалтанд "Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэж тусгагдсан байна. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2648 дугаартай дүгнэлтэнд "цаашид хөдөлмөрийн чадвар тогтонг алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна" гэсэн бичиглэл байхгүй ба тус дүгнэлтийг 4-р заалтанд цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй дурьджээ. О.Гын биед тухайн үед зүүн талын нүдний ухархайн дотор хана дотогш этмойд хөндийрүү цөмөрсөн, доод хана доош хоншоорын хөндийрүү цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвуу, алганд зулгаралт, сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 101/

 

Шүүгдэгч П.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 02-р сарын 17-ны өдөр 22 цаг 30 минутын үед Оийн гэрт найз эмэгтэй Х түүний найз М,Хийн охин Танхилуун нарын хамт очсон.Оийн гэрт хоол унд идээд юм яриад сууж байхад цаг орой болсон.О хоноод яв гэж хэлээд нэг шил архи задалсан.Бид нарыг уугаад сууж байхад Оийн найз залуу Ганзориг ирэхээр болсон гэж О хэлсэн.01 цаг өнгөрч байхад Г нэг хүүхэн хоёр залуугийн хамт ирсэн.Бид нар юм яриад архи уугаад сууж байхад би Г дээр чи намай төрсен өдрөөр хаяад явчихсан байна лээ шүү гэж хэлэхэд яахав дээ сүртэй шдээ гэж их эвгүй хэлсэн.Би Гтой муудалцаж магадгүй гэж бодоод явья гэхэд Х явахгүй гэж хэлсэн.Бид хбёр нь явна явахгүй гэдэг дээрээ маргаж байгаад сүүлдээ Гтой муудалцвад барилцалдаж аваад 2-3 удаа нүүрэн тус газарт цохисон Г бас миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон.Тэнд хүмүүс бид хоёрыг салгаад холдуулсан.Г нүүрээ дараад гараад явсан арын гэрт байсан 2-3 хүүхэн орж ирээд бөөн хэрүүл маргаан болсон.Явья гэзд Х бид хоёр гараад яваад Хишигдэлгэрийн гэрт очиж хоносон гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/

 

-Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6/

-Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 7/

-О.Гийн эмчилгээ, оношлогоо хийлгэсэн баримтууд, хохиролын зардлын баримт /хх-ийн 12-23/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч П.Эийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47-48/, СХД-ийн 22-р хорооны тодорхойлолт /хх-ийн 94/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Э нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч П.Эийн иргэн О.Гийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь 2.000.000 төгрөгийн хохирол нэхэмжлсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудын нийт дүн нь 1.665.960 төгрөг байна. Иймд хохирогчид гэмт хэргийн улмаач учирсан хохиролыг 1.665.960 төгрөг гэж тооцлоо.

Шатахуун худалдан авсан нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш учир нийт 113.200 төгрөгийн шатахуун худалдан авсан гэх 10 баримт, бичиг нь мэдэгдэхгүй 1 баримтын /хх-ийн 21-23/ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож 1.552.760 төгрөгийн хохирол, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч нь хохирогчид нийт 1.200.000 төгрөг өгсөн гэх тул уг төлбөрийг хасч 352.760 төгрөгийг П.Эөөс гаргуулж О.Гт олгох нь зүйтэй байна.

Хохирогч О.Г нь бусад хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцалгыг хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Пийн Эийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Эөөс 352.760 төгрөг гаргуулж хохирогч О.Г /МЗ86102750, БЗД-ийн 14 дүгээр хороо, Консулын 9-247, 88626236, 94118626/-д олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ