| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2020/03072/И |
| Дугаар | 210/МА2022/02133 |
| Огноо | 2022-12-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2022/02133
| 2022 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2022/02133 |
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/02071 дугаар шийдвэртэй,
*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, *******-д тус тус холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 20,721,409 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******а, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******* болон ******* нь ******* аймгийн ******* сумын төсөл дээр хамтран ажиллах явцдаа *******-аас РС-2207 маркийн бульдозерийг 1 сарын 20,000,000 төгрөгөөр үнэтэйгээр 2015 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд түрээслэн ашигласан. Тухайн бульдозерийг түрээслэн ашиглах явцдаа сэлбэг хэрэгсэл авдаг байсан. 2015 он дуусахад түрээсийн үлдэгдэл төлбөр 41,000,000 төгрөг байсан. 2016 онд үлдэгдэл төлбөрөөс 20,278,591 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 20,721,409 төгрөгийг төлөөгүй болно. Манай компани *******-ийг үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах талаар тус компанийн захирал ******* уулзаж, удаа дараа хэлж, шаардаж байсан. Иймд хариуцагч нараас тоног төхөөрөмж түрээслэн ашигласны төлбөр 20,721,409 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга: ******* нь тус компаниас сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ авч байсан боловч төлбөр тооцооны үлдэгдэлгүй, түрээсийн гэрээний харилцаанд ороогүй болно. ******* ийн гүйцэтгэх захирал ******* нь 2013 оноос 2014 оны хооронд *******-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Төв аймгийн Заамар сумын нутагт Туул голын дэнж төсөлд оролцон ажиллаж байгаад 2015 оны 2 дугаар сараас эхлэн тус төслөөс гарч компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Харин өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг *******-ийн үйл ажиллагааны хүрээнд *******-тай тогтмол харилцан ажиллаж, тоног төхөөрөмж түрээслэх болон засвар үйлчилгээ авч ажилладаг.
Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлоогүй байх тул *******-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тоног төхөөрөмж түрээслэх гэрээг 2 хариуцагчийн алинтай нь байгуулсан нь тодорхой бус, хэнээс хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч*******-д гэрээний болон гэрээний бус төлбөр тооцоо байхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн төлбөр тооцооны үлдэгдэл гэх баримтад зөвхөн тус компанийн нягтлан гарын үсэг зурсан байх бөгөөд хариуцагч *******-ийг нэхэмжлэгчид өр төлбөртэй болохыг нотлохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 20,721,109 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдсэн *******-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 261,558 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1 Анхан шатны шүүхэд хянагдах хэрэг маргааны хэмжээ, хязгаар нь нэхэмжлэгчээс тодорхойлж өгсөн шаардлага болон тус шаардлагаа тодорхойлж буй хууль зүйн үндэслэлээс хэтэрч болохгүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн хэсгийн нэг дэх заалтанд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй хуулийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн ноцтой зөрчил болсон.
******* болон *******-д тус тус холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой нэг хариуцагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд тухайн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагын чухам аль хэсэг болон үнийн дүнгийн хэдэн хувийг хэрэгсэхгүй болгож байгаа талаар шүүхийн шийдвэрт тодорхой дурдах хуулийн зохицуулалттай бөгөөд тухайн нөхцөл байдлыг тодорхой дүгнэж чадаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
5.2 Нэхэмжлэгч *******-тай 2015 оны 07 дугаар сард Түрээсийн гэрээ-ний харилцаа үүсгэсэн хуулийн этгээд бол ******* юм. Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******-ийн дунд 2015 оны 07 дугаар сард үүссэн түрээсийн гэрээний харилцаанд *******-ийн ямар ч оролцоо байхгүй. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан ямар бичгийн болон үйл баримтад дүгнэлт хийж *******-ийн оролцож байгаагүй түрээсийн гэрээний харилцаанд үүрэг хүлээх ёстой гэж дүгнэсэн нь тодорхой бус байна.
Хариуцагч ******* нь татгалзал, тайлбараа нотлохоор нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******-ийн хооронд үүссэн гэх түрээсийн гэрээний харилцаанд хамааралгүйгээр *******-аас экскаватор, ковш зэрэг техникийн сэлбэг, хэрэгсэл худалдан авсан, засвар үйлчилгээ хийлгэж тухай бүр нь төлбөр тооцоог нь хийж байсан санхүүгийн баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд энэ талаар үгүйсгээгүй бөгөөд төлбөр тооцоо байхгүй талаар илэрхийлж байсан. Гэтэл *******-аас гаргаж өгсөн дээрх бичгийн баримтуудыг анхан шатны шүүх хэт нэг талыг барьж дүгнэн *******-ийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн.
*******-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Түрээсийн гэрээ гэх зүйл нь 2020 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээний чухам аль харилцаа үүссэн эсэхэд дүгнэлт хийх ямар ч боломжгүй нөхцөл байдал байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр тухайн хоёр хуулийн этгээдийн харилцаанд ямар ч хамааралгүй ******* түрээсийн гэрээний харилцаанд оролцсон байна гэж дүгнэж байгаа нь илт
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анх ******* нь *******-тай төхөөрөмж түрээсэлсэн нь баримтаар нотлогддог. PC2207 дугаартай төхөөрөмж нь ******* болон ******* нарын түрээсэлж байсан тоног төхөөрөмж юм. Сэлбэг хэрэгслийг хэн авдаг байсан нь хүлээн авсан хүний гарын үсгээс тодорхой харагдах бөгөөд Ц.Эрдэнэ гарын үсэг зурсан байдаг. Тийм учраас шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж хэргийг зөв шийдвэрлэсэн тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа *******-д холбогдох хэсгийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч- *******ийн зүгээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг буруу тодорхойлж *******-ийг хариуцагчаар татсан.*******-ийн зүгээс *******-тай аливаа гэрээний болон гэрээний бус харилцаанд оролцож байгаагүй. Учир нь, ******* бульдозер, экскаваторын аль нэгийг хэнд түрээсэлж байснаа мэдэхгүй байсан. Нэхэмжлэгч тал түрээсийн төлбөр нэхэмжилсэн үү, засвар үйлчилгээний төлбөр нэхэмжилсэн үү гэдгээ шүүхэд тайлбарлаж чадаагүй.
Б ХХК-тай холбоотой асуудлыг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон *******-д холбогдуулан Төв аймгийн Заамар сумын Туул голын дэнж төсөл дээр хамтран ажиллах явцдаа 2015 оны 07 дугаар сараас 12 дугаар сарын дуустал сарын 20,000,000 төгрөгөөр тооцон РС-2207 маркийн бульдозер түрээслүүлсэн гэх үндэслэлээр түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 20,721,409 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж РС-2207 маркийн бульдозерыг ямар тохиролцооны үндсэн дээр хэзээ, хаана, хэнд хүлээлгэн өгснөө хуульд заасан нотлох баримт, нотолгооны хэрэгслээр нотолж чадаагүй.
Тухайлбал, нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлд РС-2207 маркийн бульдозер байсан эсэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бүртгэлийн лавлагаа болон түрээсийн зүйлийг хариуцагч нарт бодитоор хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн өмнө баримтаар нотлох үүргийг хэргийн оролцогчид хүлээдэг.
3.2 Хэрэгт ******* нь нэхэмжлэгч *******-аас 2015-2016 онд тээврийн хэрэгслийн сэлбэг авсан болон төлбөрийг төлсөн орлого, зарлагын баримт авагдсан /хх 44-47, 51, 57-59, 61/ боловч эдгээр баримтууд нь нэхэмжлэгчээс түрээсийн зүйлийг хариуцагч нарт түрээслүүлсэн гэх үйл баримтыг эргэлзээгүй байдлаар шууд нотлоогүй байна.
Мөн гэрч ******* мэдүүлэгт дурдсан үйл баримт нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, түүнчлэн *******-ийн Санхүү эрхэлсэн захирал ******* гаргасан тодорхойлолт, нэхэмжлэгч компанийн төлбөрийн нэхэмжлэх зэрэг нь нэг талын буюу нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт байна /хх 6, 75, 95/.
4. Иймд зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, түрээсийн зүйлийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5. Анхан шатны шүүх хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүйн улмаас хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгатай нийцээгүйг, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах үндэслэл болж буй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийг хэрэглээгүй болохыг тус тус дурдвал зохино.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэх болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/02071 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч ******* болон *******-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 20,721,409 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,560 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ