Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1421

 

 

 

 

 

 

 

 

  2018        10          11                                   2018/ШЦТ/1421 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт М.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806062701583 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, АӨ 12-146 тоотод Э.Бтэй маргалдаж, улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                             /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч М.М нь хохирогч Э.Бгийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Э.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр 12-146 тоотод дүү Үүрээгийн гэрт нэрийг нь мэдэхгүй 2 хүнтэй дөрвүүлээ архи ууж байгаад би зодолддог чаддаг гээд нэг хүн рүү дайраад байсан аа санаж байна тэгээд гэдэснээс цус гарч байсныг санаж байна. Намайг хамт архи ууж байсан хүмүүсийн нэг нь хутгаар зүссэн юм шиг байна.

... Архи уухаар миний нүд муухай харцтай болчихдог. Тэгээд М гэх залуу намайг муухай хараад байна уу гээд бид хэсэг маргалдаж байгаад чимээгүй болсон. М “бид нар бол бүгд шоронгоор явж байсан үздэг ээ үзсэн” гэж хэлэхэд нь би бас зөрүүлээд би их айлаар чинь би яваад үзчихсэн гээд маргалдаж байтал нэг мэдэхэд тийм асуудал болсон байсан. Миний зүүн талын цээжний зүүн хөхний орчим нэг удаа, зүүн талын далны ясны доод хэсэгт нэг удаа хутгалсан гэсэн
мэдүүлэг /хх-ийн 15-17/,

 

Гэрч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

2018 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Үүрээ, М бид 3 хамтдаа 2 литрийн пиво хувааж уугаад сууж байсан. Гаднаас үл таних Б гээд Үүрээг танидаг гэх залуу орж ирчихээд ажилд орох гээд хүнтэй ярих гэсэн юм. Яриулах нэгжтэй утас байна уу? гэж асуусан.Тэгэхэд нь би гар утсаа өгөөд яриулсан. Б гэгч нь утсаар ярьж дуусчихаад гарахгүй суугаад байхаар нь Үүрээ ууж байсан пивоноосоо нэг аягалж өгсөн. Тэгээд бид пиво задлаад дуусаагүй байхад орж ирсэн болохоор пиво дуустал Үүрээгийн гэрээс гарахгүй суугаад л байсан. Б орж ирэхдээ архи уучихсан халамцуу байсан бололтой бид нарын ууж байсан пивоноос уугаад бага зэрэг согтсон бололтой харагдаж байсан. Тэгээд М Б хоёр өмсөж байсан шортоо солилцох гээд наймаа хийгээд байх шиг байсан. Тэгээд Б М хоёр дахин архи авахаар надаас мөнгө аваад архи авч ирсэн. Б гэгч нь бидэнд яриа өгүүлэхдээ "Намайг цагдаагаас хайж байгаа. Та нар намайг хараагүй шүү гэж М бид хоёрт сануулж хэлээд байсан. Тэр яриаг нь бид хоёр оошоогоогүй. Тэгээд авч орж ирсэн архиа дөрөвүүлээ хувааж уугаад сууж байхад Б, М хоёр дэмбээ тоглож байгаад дэмбээ нь сүүлдээ маргаан болж хувираад Б гэгч нь би шорон оронд 25 жил суугаад гарч ирсэн. 91,2-р зүйл ангиар шоронд ороод саяхан суллагдсан шүү. "Би та нарыг яаж ч чадна шүү" гэж хэлсэн. Тэгээд над уруу томроод байхад би тоогоогүй. Гэтэл удалгүй М уруу дайраад томроод эхэлсэн. Гэтэл гаднаас Б гэгчийн охин дүү гэх эмэгтэй орж ирээд нэг зүйл гуйсан. Би юу гуйсныг нь санахгүй байна. Тэгэхэд би дүүд нь "Чи ахыгаа аваад гэртээ ороо. Согтчихлоо гэхэд дүү нь ахыгаа аваад орох гэсэн боловч дийлээгүй. Сүүлдээ дүүрүүгээ дайраад эхлэхэд дүү нь хаяад гараад явчихсан. Би угаалгын өрөө орох гээд гарахад орон дээр хутга байх шиг харагдсан. Орж ирэхэд Б хутга барьчихсан сууж байсан. Тэгээд би гаднаас орж ирэхэд Үүрээ зөрөөд угаалгын өрөө орох гээд гарч байсан. Б, М хоёр намайг орж ирэхэд хэрэлдээд л байсан. Тэгээд Б Мы нүүр хэсэгт нь цохиход М зөрүүлээд цохьчихсон. Тэгээд би дундуур нь орж салгачихаад сууж байхад тэр хоёр хэрэлдээд байхаар нь би "Мыг чи дуугай суу гэхэд М миний үгэнд ороод хэсэг чимээгүй суусан. Тэр үед Б дуугай болохгүй үглээд л байсан. Би утсаа оролдоод сууж байсан. М 5 минут орчим чимээгүй сууж л байсан. Тэр үед Б Мд "Намайг тэр газар байхад чам шиг банди нарыг зөндөө харсан. Чам шиг банди нарыг тэнд бөгссдөг ш дээ чи мэдэх үү" гэж хэлж байсан. Тэгээд М над уруу нэг харчихаад цохьчих уу гэхэд нь би яах юм бэ? хэрэггүй гэж хэлчихээд би фэйсбүүкээр нэг бичлэг үзээд доошоо хараад сууж байхад нэг цохих шиг чимээ гараад "яая" гэхээр нь хартал Бг хутгалчихсан байсан.   Тэгээд би хараад шууд босохын хооронд дахиад ар талд нь хатгачихсан байсан. Мыг би хойш нь түлхээд 2-3 удаа цохиод, яаж байгаа муу тэнэг вэ гэж хэлээд эргэж хараад Б рүү очиж цусыг нь тогтоох үйлдэл хийсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 74-75/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 9465 дугаартай:

Э.Бгийн биед цээжний зүүн дээд хэсэг, зүүн далны гадна доод хэсгүүдэд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/

 

Шүүгдэгч М.Мы мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байх найз Үүрийнцолмонгийн гэрт Барсболдын хамт уугаад сууж байхад үл таних залуу орж ирээд утсаар яриулахыг гуйсан. Тэгээд Барсаа утсаараа яриулсан. Бгээс би шортыг нь авахаар болоод Б нэг шил архи аваад өгөөч гэхэд нь би Бгийн хамт дэлгүүр орж нэг шил архи авсан. Тэгээд авсан нэг шил архиа Барсаа, Б бид 3 хувааж угаад би согтсон. Тэрнээс хойш би Бг хутгалчихсан гэдгээ санаж байгаа. Сүүлд цагдаа ирчихсэн байсныг санаж байгаа. Үүнээс өөр зүйлийг санахгүй. Нилээн согтсон байсан. Би архи дарснаас болж буруу зүйл хийснээ ойлгож гэмшиж байна. Архи дарс уухгүй байгаа. Архинаас болж ямар муухай зүйл хийснээ ухаарсан. Би хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч дахин алдаа гаргахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 64/

 

-гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-4/,

-эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 5-6/,

-яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 41-42/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч М.Мы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46-50/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч М.Мы иргэн Э.Бгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  Хохирогч Э.Б нь өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй.  

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Э.Бгийн бусдыг үл хүндэтгэсэн, ямар нэгэн байдлаар бусдыг өөрөөсөө айлгаж дальдраах гэсэн үйлдэл болон байдал нь шууд нөлөөлсөн байна.

Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгээс дүгнэхэд хохирогч Э.Б нь тухайн газарт маргааныг эхлүүлсэн байх ба уг маргааныг болиулсаны дараагаар дахин бусдыг өдөж хоргоон маргаан үүсгэсэн нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Мын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б нь хохиролын талаарх нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүггийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ