Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1428

 

 

 

 

 

 

    2018        10          15                                  2018/ШЦТ/1428

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч Н.Анхбаяр,

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, 

Хохирогч Б.Оюун, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг,

Шүүгдэгч У.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Гт холбогдох эрүүгийн 1806043080325 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч У.Г нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамж 19 дүгээр гүний худагны урд замд Б.Бийн эзэмшлийн Honda Insight маркийн 08-03 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 62 настай Б.О, 7 настай Т.А нарыг мөргөж, Б.Оны эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч У.Г нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамж 19 дүгээр гүний худагын урд замд Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.О, Т.А нарыг мөргөж, Б.Оны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Оны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 05 дугаар сарын 04-ны орой 17 цаг 30 минутын орчим ач охин Т.Аийг 92 дугаар сургуулиас аваад Баганат өргөө хотхонд гэрт нь хүргэж өгөх гээд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дзвсгэр, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамж 19 дүгээр гүний худагны урд замыг зүүнээс баруун чиглэлтэй зам хөндллөн гарах гээд замын хажууд ирсэн юм. Тухайн үед би ач охиноо баруун гар талдаа хөтлөөд зам хөндлөн гарч явтал урдаасаа хойшоо чиглэлтэй явсан цагаан саарал өнгийн жижиг машины зүүн урд гуфер хэсэгт мөргөгдөөд хөтөлж явсан ач охиныхоо хамтаар унасан юм. Тэгээд босоод ирэх гэтэл баруун хөл өвдөөд байсан юм. Би зам хөндлөн гарахдаа машин харахад уг намайг мөргөсөн машин нэлээд доор явж байхаар нь би анхааруулаад зүүн гараа өргөөд зам руу орсон. Тэгээд би урдаасаа хойшоо чиглэлтэй урсгалыг бараг өнгөрөөд урагшаа чиглэлтэй замын урсгалыг хараад явж байтал зүүн талаас мөргөөд унагаасан гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/,

 

Гэрч Э.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 05 дугаар сарын 04-ний орой 17 цагийн орчим найз Гын машинд суугаад сургууль руугаа явж байсан. Бид хоёр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй Эрдэнэтолгойн 40-р гудамжны 019-р худгийн урд замаар явж байсан. Тэр үед замын зүүн талд хүүхэд хөтөлсөн эмээ зогсож байсан. Урд машин явж байсан. Тэр машин эмээг өнгөрөхөд эмээ араар нь буюу бид хоёрын урдуур зам руу алхаад ороод ирсэн. Эмээг зам руу алхаад оронгуут Г тормоз гишгээд эмээгийн зүүн хөл рүү мөргөөд зогссон. Манай машин их бага хурдтай тэр машины араас явж байсан. Ойролцоогоор 10 гаран км/цагийн хурдтай явсан байхаа. Эмээ тэр үед зам хөндлөн гарах гээд л замын хажууд зогсож байгаад манай машины урдуур алхаад ороод ирсэн. Эмээгийн явсан замд явган хүний гарц байхгүй ээ. Эмээ гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан. Манай машин эмээгийн зүүн хөл рүү мөргөөд эмээ газар унасан. Хөтөлж явсан охин нь машинд мөргүүлээгүй, газар ч унаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

 

Гэрч С.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 05 дугаар сарын 04-ний орой 17 цаг 30 минутын орчим Цайзын тэндээс хүүхдээ цэцэрлэгээс аваад харих гээд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамж 19 дүгээр гүний худагны урд замд ертөнцийн зүгээр хойноосоос урагшаа чиглэлтэй явган явж байтал манай хадам ээж О ач охин Аийн хамтаар 19 дүгээр гудамнаас гарч ирж байсан. Хадам ээж зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарахдаа ач охин Аийг баруун гартаа хөтлөөд явж байсан. Тэгтэл урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан саарал ногоон өнгийн Х.Инсайт маркийн 0803 УБС улсын дугаартай суудлын тэрэг хадам ээж Оыг замын голд ороод ирсэн үед ямар нэгэн тоормос гишгээгүй очоод зүүн хөл рүү нь мөргөөд газарт унагаасан. Хөтлөгдөж явсан А эмээгээ дагаад газарт унасан. Яваад очтол Батлан хамгаалахын их сургуулийн 2 эмэгтэй оюутан явж байсан. Жолоо бариж явсан охин бууж ирээгүй. Харин хажууд нь сууж явсан охин бууж ирээд ээжийг өргөж байсан. Тэгэхэд нь би очиж таараад тэр охинтой хамтран машинд нь өргөж суулгасан. Тэгээд машинд нь суух үед жолоо бариж байсан охин “эмээ таныг гэрт чинь хүргээд өгье” гэхээр нь би уурлаад эмнэлэг авч явсан юм. Эмнэлэгт үзүүлэхэд зүүн хөл нь гэмтсэн байсан болохоор тухайн өдөртөө эмнэлэгт хэвтсэн. Харин Агий биедээ гэмтэл аваагүй байсан. Тухайн мөргөсөн жолооч охин их хэнэггүй шууд л гэрт нь хүргэж өгнө гээд л үл тоомсорлосон байдалтай их сонин охин байсан. тухайн машин их хурдтай байгаагүй. Хурд багатай л явж байсан миний бодлоор замын голд зогсож байсан хүнийг хараагүй л очоод мөргөсөн гэж бодож байна. Тухайн мөргөсөн машинд эвдрэл учирсан зүйл байхгүй байсан. Харагдах орчин чөлөөтэй халтиргаа гулгаа байхгүй машин тэрэгний хөдөлгөөн их талдаа цаг агаар таатай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 75/,

 

Иргэний харицагч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... би энэ машиныг унадаггүй. Манай авга ах Бийн охин С унадаг юм. С Дорнод аймгийн хаягтай болохоор миний нэр дээр авсан машин байгаа юм. Осол гарсан өдөр ангийнхаа Г машинаа бариулаад явж байсан байна лээ. Би энэ машины хохирол болон мөргүүлсэн хүний эмчилгээний төлбөрөөс төлж барагдуулж чадахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 82/,

 

Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн амбулаторийн 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 242 дугаартай:

Б.Оны зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, суналт, дотор холбоосын урагдал, дотор холбоосын хажуугийн хэсэгчилсэн урагдал, тойгны татлага холбоосын хэсэгчилсэн урагдал, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэж, эрүүл  мэндийг удаан хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49/,

 

Замын цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээний 482 дугаартай:

HONDA INSIGHT маркийн 08-03 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан У.Г нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." гэсэн заалтыг мөн дүрмийн 9.2.-Т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.О, Т.А нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. НONDA INSIGHT маркийн 08-03 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан У.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан заалтыг биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон байх үндэслэлтэй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88-89/,

 

-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 13-17/,

-У.Гоос хохиролд 250.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 21/,

-хохирогч Б.Оны хохиролын талаарх эмнэлгийн баримтууд /хх-ийн 22/,

-Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн амбулаторийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 244 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46/,

-Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018.06.07-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-60/,

 

Шүүгдэгч У.Гын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 17 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамж 19 дүгээр гүний худагны урд замд Б.Бат-Эрдэний эзэмшилийн Honda Insight маркийн 0803 УБС улсын дугаартай автомашиныг би бариад миний хажууд манай ангийн Саранжид суугаад урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад л осол болсон юм. Би замаар явж байхад тэр эмгэнийг хүүхэд хөтөлсөн замын хажууд зогсож байхыг харсан. Гэхдээ гэнэт миний урдуур ороод ирнэ чинээ санаагүй явж байгаад хажуугаар нь гарах үед миний урдуур ороод ирэхээр нь тоормос гишгээд л амжаагүй мөргөсөн. Би энэ хүний эмчилгээнд одоогоор 250,000 төгрөг өгсөн байгаа. Намайг эргэж очихоор уурлаад байсан болохоор би байнга эргэж очоогүй юм. Замын хөдөлгөөн их талдаа халтиргаа гулгаа байхгүй харагдах орчин чөлөөтэй цаг агаар таатай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 100/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Хавтаст хэргээс шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор У.Гын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32-43/, шүүх хуралдаанд хохирогчийн гаргаж өгсөн шөрмөс солиулах хагалгаанд орох зардалын талаарх баримт 2 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн амбулаторийн шинжээчийн, Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч У.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч У.Г нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч У.Гт эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал,  хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэрэг нөхцөлүүдийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч У.Г нь хохирогчид 250.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байна. Хохирогчид учирсан хохиролыг нотлох баримтын хүрээнд үнэлээд шүүх нийт хохиролыг 750.000 төгрөгөөр тооцож шүүгдэгчээс төлсөн 250.000 төгрөгийг хасч 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд хохирогчоос нэхэмжилсэн 4.800.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч Б.Оны өөрт учирсан цаашид гарсан бусад хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хохиролыг тооцохдоо одоогийн байдлаар бодитойгоор учирсан хохиролыг хохиролд тооцсон бөгөөд ирээдүйд бий болох зардлыг шүүх урьдчилан шийдвэрлэх нь хууль зүйн хувьд боломжгүй юм.

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Г овогт Уын Гыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч У.Г нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гоос 500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Оюун /ЦЗ55092768, Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Баатархайрханы 2-94 тоот, 99263084/-д олгож, 4.800.000 төгрөгийн хохиролыг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Оюун нь өөрт учирсан цаашид гарсан бусад хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч У.Г, иргэний хариуцагч Б.Бат-Эрдэнэ нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ