| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2018/0164/Э |
| Дугаар | 177 |
| Огноо | 2018-11-19 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 177
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,
Улсын яллагч: Л.Солонго,
Хохирогч: Д.О ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Сундуй
Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овгийн Б.Э д холбогдох 1828000000137 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хойд эцэг Д.О гийн гэрт, түүний биед халдан зодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Э ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хэргээ хүлээсэн. Нэмж ярих, өөрчлөгдсөн зүйл байхгүй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гомдол санал байхгүй. Энэ хэрэг би архи ууж очсоноос болсон. Биеийн байдал гайгүй...
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Эхнэр О , дагавар хүү Б.Э нар гэртээ хоол ундаа хийгээд сууж байсан. Би аймгаас ирэхдээ нэг шил архи уусан байсан юм. Гэртээ ороход манай эхнэр хүүхдийнхээ хажууд намайг болон манай ах дүү нарыг маань муулаад байсан. Тэр үед миний уур хүрээд үглээд байсан юм. Би тэр хоёрыг хараагаад байсан болохоор хүү Б.Э нь уурлаад намайг сууж байхад босож ирээд баруун чихрүү баруун гараараа 2-3 удаа цохьсон. Би жаахан архи уусан байсан болохоор ухаан алдаад унасан. Маргааш өглөө нь сэрэхэд миний баруун цээж өвдөлттэй, баруун гap тохойноосоо урагш, зүүн гар шуунаасаа урагш хавдаж цамцандаа багтахгүй болсон байсан. Өглөө нь эхнэрээсээ би яагаад ийм болчихсон юм бэ ? гэхэд “хохь чинь Б.Э чамайг зодчихсон юм. Харин амьд байгаадаа баярлаж яв” гэж хэлсэн. Хавиргаа хугарсныг мэдээгүй. Өвчин намдаах эм уугаад ойр зуурдаа босож сууж яваад байж байсан. Би уг нь гайгүй болчих болов уу...гэж 2 хоног харсан. Шөнө нойр хүрэхгүй өвдөөд байхаар нь эхнэртээ “аймаг оръё миний бие муу байна” гэхэд явуулаагүй. Намайг аймаг яваад архи уучихна гэж бодсон байх. Бас гэрийн ажил их байсан. Гэртээ 6 хонож байхад ээж аав маань ирж авсан. Хүү нь тэр үед малд яваад хойд айлаар байж л байсан. Бид 2 хоорондоо хэд хоног юм дуугараагүй. Би эхнэртэйгээ хамт амьдраад 3 жил болж байгаа юм. Бид 2 жижиг сажиг зүйлээс болж дандаа маргалддаг. Б.Э бид 2 хоорондын харилцаа гайгүй сайн байдаг. Тэр үед ээжийгээ өмөөрөөд л зодсон байх. Би эмнэлэг эм тарианы мөнгөө гаргуулж авмаар байна. 700.000 төгрөг байгаа юм. ... *******оо нийт 695,980 төгрөг нэхэмжилж байна эмчилгээний зардал болон эмнэлэг очиж буцсан бензин бусад зардлыг оруулаад нэхэмжилж байгаа юм...” /хх-ийн 07-10-р хуудас/,
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 9 дүгээр capын 14-ний өдөр манай ах аймагт ирсэн. Ирэхээрээ хааяа архи уугаад байдаг юм. Эхнэр О нь манай ахыг аймгаас ирж аваад хөдөө гэрлүү нь авч явсан. Удалгүй Б.Э утсаар залгаад “дуугараач, яриач гээд” орилолдоод байсан. Б.Э цаана нь “намайг согтуу хүнд дургүйг мэдсээр байж яагаад наадахаа авч ирсэн юм” гээд орилоод байсан. Би гайгүй байлгүй гэж бодоод утсаа тасалчихсан юм. Би өөрийн ах ******* руу утсаар залгаад “өчигдөр тэд нар маргалдаад байсан. Та очоод үзээтэх” гэж хэлсэн. Манай ах “Д.О зодуулчихсан юм шиг байна. Чихнээс нь цус гараад хатчихсан. Орондоо хэвтэж байна лээ” гэсэн. Намайг ******* ахынхаас хүнс авах гээд явахад О нь хамт аймгаас гэрлүүгээ явсан. Очоод харахад манай ах Д.О “намайг Б.Э зодсон. Би юу болсныг мэдэхгүй байна. Ухаан алдуулж байгаад зодсон юм шиг байна. Хүн зодвол би өөрөө мэднэ шүү дээ. 2 гар хавдаад, 2 чихнээс цус гараад, толгой өвдөөд, цээж аймар өвдөөд байна. Намайг хэн зодсон юм бэ? гэхэд эхнэр нь хохь чинь Б.Э бид хоёр чамайг зодсон юм гэж хэлсэн” гэсэн. Маргааш нь манай ах Д.О эхнэртээ “миний бие муу байна эмнэлэг явахгүй бол болохгүй юм шиг байна” гэхэд эхнэр нь “чи явж яах гээд байгаа юм. Явж архиа уух нь уу?” гээд явуулаагүй гэсэн. Тэгээд хойд айлаасаа өвчин намдаах эм тан наалт зөөж өгөөд байсан гэсэн. Бодвол шарх өвчин нь гайгүй болохоор явуулах гэж байсан байх. Б.Э ер нь болдоггүй хүүхэд шиг санагддаг юм. Эхнэр нь их хэл амтай. Манайхныг байнга хэл амаар доромжилдог. Ах *******-гийн гэрт нь очоод утсаар ахруугаа залгаад “урд шөнө Д.О г ирээд аваад явлаа. Сайхнааг нэг алгадсаны төлөө эмнэлгээр явж байна. Аргаа барсан хүмүүс тэгээд явж л байг” гэхэд ах нь “муу сайн юмнуудыг бүгдийг нь алнаа” гэж ярьсан гэж байна лээ. Манай ахыг гэрлүүгээ явмаар байна гэхэд “чи гэрлүү явж хэл ам зөөх гэж байна уу” гээд явуулдаггүй гэсэн. ...2018 оны 4 дүгээр сард манай ах Д.О г хүргэн Б нь бага хүү Е-тэй хамт унинаас сатуркаар хүлж амруу нь хүйтэн пиво хийж байсан гэсэн...” /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Ж.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би Д.О гийн ээж нь байгаа юм. Би 9 хүүхэдтэй. Манай хамгийн том хүү маань Д.О . Тэр О гэх хүүхэнтэй суугаад 3 жил болж байгаа юм. Голоосоо хүүхэдгүй. О өөрийн 6 хүүхэдтэй. Манай хүүхдийг зодсон Б.Э нь 3 дахь хүүхэд нь байгаа юм. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай хүүг аймаг дээр гэртээ халамцуудуу байж байхад нь эхнэр нь ирээд аваад явсан юм. Тэр үед хүү Б.Э нь хөдөө гэртээ буюу Сүүж гэх газар ганцаараа байсан юм билээ. Очсон оройгоо манай хүүг нэлээн согтуу байхад нь далимдуулаад эхнэр, хүүхэд нь нийлээд зодсон байгаа юм. Яг юунаас болж зодсон талаар нь сайн мэдэхгүй байна. Манай бага хүү урдхан талд нь байдаг юм. Тэр хүү маань “Д.О зодуулчихсан юм шиг байна. Нүд ам нь улайчихсан явж байна” гэж утсаар хэлсэн. Зодсоныхоо дараа утсаа унтраагаад эмнэлэг цагдаа болон бид нарт огт хэлээгүй. Дүүгээс нь сонссон. Өвчин намдаах эм өгөөд хэвтүүлээд байсан гэж байсан. Ер нь энэ 2 таарамжгүй харьцаатай байдаг юм. О утсаар өөрийнхөө ахруу ярьж “тэр өдөр алчих байсан юм” гэж хэлсэн гэсэн. Бид нар бие нь муу байгааг мэдээд 19-ний өдөр хүүгээ авч ирж эмнэлэгт хэвтүүлсэн. *******оо манай хүүгийн биеийн байдал нэлээн муу байгаа. Байнга сахиуртай хонож байгаа. Тэр авгай нь хэд хоног эмнэлэгт хэвтэж байгаа юм байгаа биз. Ирэхээр нь хоолойг нь хэрчинэ ээ гэж байна гэж хүнээс сонссон. ... Б.Э дээр нэг согтуудаа ирж агсам тавьсан гэж байсан...” /хх-ийн 17-р хуудас/,
Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Миний бие Д.О тэй суугаад 3 жил болж байгаа. Бид хоёрын харилцааны хувьд нэг нэгэндээ их сайн. Манай хүн архи уухаараа л болдоггүй. Ер нь гэртээ байдаггүй. Аймаг дээр ирэхээрээ л архи уугаад, найзуудынхаараа яваад байдаг юм. Архи уухаараа сонин сонин ааш зан гаргадаг. Маш их хараалын үг хэрэглэж хэрүүл өддөг, маш шалихгүй зүйлээс болж хэрүүл хийдэг. Архи ууж ууж байгаад гэртээ ирэхээр нь би ус цасанд оруулаад хувцас хунарыг нь угаагаад өгөхөөр 2-3 хоноод л буцаад аймагруу яваад өгдөг. Аймаг руу гэнэт хэлэхгүйгээр л яваад өгдөг юм. Уг нь би анх хамт дагаж явдаг байсан. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би хониндоо явж байсан чинь хадам ээж залгаад “хаана явж байна ******* аймаг явна гэж байна. Чи хамт хүрээд ирэх юм уу? Нөхөр чинь худалдааны төв дээр сураг нь гарч байна” гэсэн. Би “гайгүй байвал хүрээд очъё, согтуу байвал яах юм бэ” гэсэн. Тэгээд аймаг дээр ирсэн чинь төрсөн дүү нар нь Солонго дэлгүүр дээрээс олоод бүгдээрээ буцаад явсан. Анх нөхөртөйгээ уулзахад согтуу нь гайгүй байсан. Зодуулж, цохиулсан зүйл байгаагүй. Бид 2 машинаас буугаад би нөхөртөө “чимээгүй байгаарай Б.Э байгаа шүү, ороод унтаарай” гэж хэлсэн. Бид хоёрыг ороод очиход Б.Э “******* ах сайн явж ирсэн үү” гэхэд Д.О намайг пизда лалар минь тамхи ороогоод асаагаад өгчих гэсэн. Ер нь намайг өдөөд хэрүүл өдөөд л эхэлсэн. Манай хүү Б.Э үүдэнд сонсоод сууж байсан. Намайг 10-15 минут гарантай доромжилсон. Тэгтэл гэнэт манай хүү босож очоод Д.О г алгадаад авсан. Манай хүү Б.Э “би ээжийгээ аваад явлаа. Миний ээж 3 жилийн хугацаанд зовсон уу гэхээс жаргасан юм алга” гэхэд Д.О босч ирээд заазуур аваад далайсан. “Чи эхийгээ чаддаг юм бол аваад яв” гэсэн. Тэгэхэд нь би заазуурыг гарнаас нь аваад хаясан. Б.Э сууж байхад нь өшиглөөд унагасан юм. Тэгээд бид 3 унтаад өгсөн. Орондоо ороод хэвтэж байтал нөхөр маань “эм байна уу” гэхээр нь босч эм уулгасан. Маргааш өглөө нь эрт Д.О гийн дүү нь гаднаас орж ирчихээд гараад явсан. Түүнээс хойш 19-нд гэрийхэн нь ирээд аваад явсан. Д.О ер нь бол намайг байнга хэл амаар доромжилдог бас зоддог байсан. Хөл гар хугартал зоддоггүйл дээ. ...6 сараас хойш rap хүрдэг болсон. Энэ хэрэг гарсан өдөр би цохиогүй. Манай хүү л цохьсон...” /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 9 дүгээр capын 15-нд манай ээж залгаад “цаад Д.О г чинь хүүхэд нь зодчихсон юм шиг байна. Чи очоод үзээтэх” гэж хэлсэн. Би өглөө 05 цагийн үед тэднийд ороод очиход бүгд унтацгааж байсан. Би ороод юм яриагүй ба Д.О г харахад чихнээс нь цус гарсан юм шиг байсан. Машин маань цасанд суусан байсан учраас тэднийхээс хүрз асуугаад аваад гарсан. Маргааш нь би 10 цагийн үед очсон ба Д.О О нар гэртээ байсан. О өвчин намдаах эм байна уу? Багийн эмчийн дугаар байна уу? гэж байсан. Зодсон гээд байгаа залуу айл руу явчихсан байсан. Би Д.О гээс яасныг нь асуугаагүй. Маргааш нь О эм авах гэж бас утсаар ярих гэж ирсэн. Тэгээд Б.Э өчигдөр Д.О г зодчихсон. Нэг цохиод нэг өшиглөчихсөн гэж ярьж байсан. О ах руугаа утсаар ярьсан. Намайг унтаж байна гэж бодсон юм шиг байна лээ. О ярихдаа “хадам ээжид та юу гээд хэлчихсэн юм. Муулсан юм уу? Яасан юм” гэхэд цаанаас ах нь бүгдийг нь ална гэж байна гээд хэл гэж байсан. Би өөр юм мэдэхгүй. О ер нь нэлээн хэл амтай хүүхэн. Б.Э ыг бол сайн мэдэхгүй. Саахалтын айлд бүлээр ирсэн юм шиг байна лээ...” /хх-ийн 21-р хуудас/,
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... Д.О гэгч манай хойд аав манай ээжтэй хамтран амьдраад 3 жил болж байгаа ба бид гурвын гэр бүлийн хоорондын харилцаа дажгүй сайн байдаг юм. Би тэр хоёртой нэг их цуг байгаад байдаггүй байсан. Би төрсөн аавындаа байдаг байсан. Хааяа нэг ээжийндээ очиход Д.О заримдаа байдаггүй. Байх үедээ нэг бол согтуу, нэг бол эрүүл байдаг. Согтуу үедээ үглээ агсан ер нь их дээрэлхүү болчихдог. Ээж бид хоёрыг хэл амаар доромжлоод байдаг байсан. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр намайг гэртээ байж байхад хойд аав Д.О , ээж О нар 20 цагийн үед аймгаас ирсэн. Ээж маань Д.О г аймгаас авахаар явсан юм шиг байна лээ.Би гэртээ хонио хураачихаад raл түлээд сууж байсан. Тэр 2 гаднаас орж ирээд гэрийн баруун талд суугаад байж байтал ээж бид хоёрыг хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэр үед Д.О ямар ч байсан хөл дээрээ тогтох ухаантай халамцуудуу байсан. Бид хоёрыг танай удмыхныг бүгдийг нь мэднэ дээ. Бүгдээрээ арчаагүй юмнууд, ална шүү гэх зэргээр доромжлоод байсан. Би дуугуй суугаад л байсан. Тэгтэл гэнэт “хөөе Б.Э чи хутга аваад ир чамайг алчихъя” гэсэн тэгэхээр нь би хутгыг нь аваад май гээд өгсөн. Тэгэхэд миний гарнаас аваад надруу нэг далайгаад хутгаа газар тавьсан. Тэр үед миний уур хүрээд Д.О гийн дүү рүү залгаад утсаа авахаар нь ээж аав чинь байна уу? гээд тасалсан. Д.О гийн ээж аав руу нь залгаад ярих гэтэл ээж гарнаас утсыг маань булааж аваад “цаанаас нь ээж нь яасан юу болсон” гэж байх шиг болсон. Тэгээд утсаараа ярихгүй чагнаад байгаад байсан. Тэгэхээр нь утсаа салгасан. Д.О гэрийн баруун талд сууж байгаад над руу чиглээд босоод ирсэн. Би өөдөөс нь очоод баруун гараараа баруун хацар дээр нь нэг цохиод, зүүн гараараа баруун хацар дээр нь бас нэг цохьсон. Тэгтэл Д.О арагшаа унаад өгсөн. Тэгэхээр нь би баруун хөлөөрөө 2-3 удаа цээж хавирганы хэсэгт дэвссэн. Тэр үед ээж хоол хийгээд сууж байсан, ахиад дэвсэх гэсэн чинь ээж ирээд хорьсон. Д.О дараа нь чи намайг алж чадахгүй би чамайг ална гэж байгаад хоолоо идээд гурвуулаа унтаад өгсөн. Маргааш өглөө нь ******* гээд дүү нь ирсэн. Ахыгаа ямархуу байдалтай байгааг харах гэж ирсэн юм шиг байна лээ. Ирээд хүрз аваад явсан. Өглөө нь би хониндоо яваад ирэхэд Д.О босчихсон гар нүүрээ угаагаад бие засаад явж байсан. Тэр үед надаас юм асуугаад л байсан. Би юм дуугараагүй. Өглөө харахад биеийн байдал нь гайгүй яваад л байсан. 2018 оны 09 сарын 19-ний өдөр манай ээж ажил явдалд яваад орой нь Д.О гийн дүү Г-тэй хамт ирсэн. Би тэр үед зөрөөд аймаг руу бензин тамхи авахаар явсан. Би баруун гараараа баруун хацар дээр нэг цохиод, зүүн гараараа баруун хацар дээр нь бас нэг цохьсон, баруун хөлөөрөө 2-3 удаа цээж хавирганы хэсэгт дэвссэн...” /хх-ийн 31-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №472 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Д.О гийн биед баруун талын 6-7-р хавирганы далд зерүүтэй хугарал, баруун уушгины гэмтэл, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Цээжний гэмтлийн улмаас цээжний хөндийн цус болон хий хуралдалт үүссэн байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийи нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 23-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2018.10.15 өдрийн №446 дугаартай тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/
Эмчлүүлгчийн хэрэглэсэн эмийн хуудсууд /хх-ийн 57-60 хуудас/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 61-85 хуудас/
Хохирогчийн эмчилгээний баримтууд /хх-ийн 86-87-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хойт эцэг Д.О гийн гэрт түүний биед халдан зодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогч Д.О гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Э ы үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь гэрч Ц.О гийн: ...Намайг 10-15 минут гарантай доромжилсон. Тэгтэл гэнэт манай хүү босож очоод Д.О г алгадаад авсан. Манай хүү Б.Э “би ээжийгээ аваад явлаа. Миний ээж 3 жилийн хугацаанд зовсон уу гэхээс жаргасан юм алга” гэхэд Д.О босч ирээд заазуур аваад далайсан. “Чи эхийгээ чаддаг юм бол аваад яв” гэсэн. Тэгэхэд нь би заазуурыг гарнаас нь аваад хаясан. Б.Э сууж байхад нь өшиглөөд унагасан юм. Тэгээд бид 3 унтаад өгсөн. Орондоо ороод хэвтэж байтал нөхөр маань “эм байна уу” гэхээр нь босч эм уулгасан. ...Энэ хэрэг гарсан өдөр би цохиогүй. Манай хүү л цохьсон...” /хх-ийн 19-р хуудас/ гэх мэдүүлэг, яллагдагч Б.Э ы: ...Д.О гэрийн баруун талд сууж байгаад над руу чиглээд босоод ирсэн. Би өөдөөс нь очоод баруун гараараа баруун хацар дээр нь нэг цохиод, зүүн гараараа баруун хацар дээр нь бас нэг цохьсон. Тэгтэл Д.О арагшаа унаад өгсөн. Тэгэхээр нь би баруун хөлөөрөө 2-3 удаа цээж хавирганы хэсэгт дэвссэн. Тэр үед ээж хоол хийгээд сууж байсан, ахиад дэвсэх гэсэн чинь ээж ирээд хорьсон. ...Маргааш өглөө нь ******* гээд дүү нь ирсэн. Ахыгаа ямархуу байдалтай байгааг харах гэж ирсэн юм шиг байна лээ. Ирээд хүрз аваад явсан. Өглөө нь би хониндоо яваад ирэхэд Д.О босчихсон гар нүүрээ угаагаад бие засаад явж байсан. Тэр үед надаас юм асуугаад л байсан. Би юм дуугараагүй. Өглөө харахад биеийн байдал нь гайгүй яваад л байсан. 2018 оны 09 сарын 19-ний өдөр манай ээж ажил явдалд яваад орой нь Д.О гийн дүү Г-тэй хамт ирсэн. Би тэр үед зөрөөд аймаг руу бензин тамхи авахаар явсан. Би баруун гараараа баруун хацар дээр нэг цохиод, зүүн гараараа баруун хацар дээр нь бас нэг цохьсон, баруун хөлөөрөө 2-3 удаа цээж хавирганы хэсэгт дэвссэн...” /хх-ийн 31-р хуудас/ гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн баруун хөлөөрөө 2-3 удаа хохирогчийн цээж хавирганы хэсэгт дэвссэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.О гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №472 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Д.О гийн биед баруун талын 6-7-р хавирганы далд зерүүтэй хугарал, баруун уушгины гэмтэл, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Цээжний гэмтлийн улмаас цээжний хөндийн цус болон хий хуралдалт үүссэн байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.../хх-ийн 23-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Б.Э ы хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэв.
Хохирогч Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 695.980 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 200.000 төгрөгийг төлсөн болох нь түүний мэдүүлэг, тайлбараар тогтоогдсон болно.
Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ “...одоо 495.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх ба шүүгдэгч нь шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, улмаар хохирогчтой харилцан тохиролцож, 1 толгой тэмээг хор уршгийн төлбөрт тооцуулан гэм хорын хохирлыг барагдуулсан болох нь хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгааны хувьд хохирогч Д.О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай очсон улмаар гэртээ агсам тавьж, зүй бус авирласан үйлдэл гаргасан болох нь гэрч Ц.О гийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд согтуурсан байдалтайгаар хөдөө гэррүүгээ явсан болохыг гэрч Д.Г , Ж.Х нар давхар нотлон мэдүүлжээ.
Иймд энэхүү гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн үйлдэлд тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй ба энэ зүйл хэсэгт оногдуулах ялыг 10000 нэгжээс 40000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.
Шүүгдэгчийн хувьд тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлого байхгүйн улмаас хохирол төлбөрөө төлөөгүй гэх шалтгаанаар шүүх хуралдааны завсарлага авч, улмаар төлбөрийн мөнгөгүйн улмаас 1 тэмээгээр төлбөрийг барагдуулж байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон ба түүний өмгөөлөгчийн зүгээс хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлоо барагдуулсан байдал, 18 нас хүрсний дараа анх удаа гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдал зэргийг нь харгалзан шүүх шүүгдэгч Б.Э д оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн тогтоож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдал, хойт эцэг болох хохирогч Д.О гийн зүй буй үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э ыг хорих ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ямаат овгийн Б.Э ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас
хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА