Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1429

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2018        10           15                                   2018/ШЦТ/1429                                           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,   

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Батбүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бид холбогдох эрүүгийн 1806053591691 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 13 дугаар гудамжинд хамтран амьдрагч эхнэр Ж.Дааг жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Б.Б нь хохирогч болох гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ж.Дайриймаагийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ж.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Б.Б нь намайг үсдэж барьж байгаад нүүрээр газар мөргүүлээд баруун нүдний хэсэг рүү ална чамайг, чи муу юу юм гэсэн. Намайг үсдэж дарж байгаад зүүн талын нүдрүү хуруугаа хийгээд би чиний нүдийг чинь ухна гээд байсан. Тэгээд миний хоолойн тус газарт заазуур тулгахаар нь намайг битгий алаач гээд гуйсан чинь яадаг юм чамайг ална гээд байсан. Тэгснээ тамхи татах гээд заазуураа доошлуулахаар нь би гарыг нь цохичихоод гэрээс зугтаж гарах гээд үүдний хэсэгт очсон чинь намайг араас үсдэж унагаагаад чирэхээр нь туслаарай гээд орилсон.  Б намайг ингээд зугтаа, ингээд цагдаа дуудаарай гээд миний өмсөж байсан өмдний салтааг урчихсан. Тараг барьж орж ирээд чи энийг уучих тэгэх юм бол биенд чинь сайн гээд миний ам руу цутгаад байсан. Манай хамтран амьдрагч зан ааш муутай. Төрсөн ээжтэйгээ хүртэл пизда минь гэж харьцдаг. Архи согтууруулах ундаа хэрэглэх дуртай. Миний 2 хүүхдийг бас цохиж зодож байсан. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Бийг эмнэлгээс гаргуулах хүсэлтэй байна. Би одоо жирэмсэн учир түүнийг ажил хийлгэж мөнгө олуулмаар байна. СЭМҮТ-д эмчилгээ хийлгээд ааш зан нь сайхан болсон байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 6-7, 55/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №7819 дугаартай:

Ж.Дгийн биед нүүр, хүзүү, гуя, шилбэ, гарын бугалганд шарх, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20/

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 602 дугаартай:

Б.Б нь архины шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь өвчний 2-3-р үе шатандаа байгаа бөгөөд сэтгэцийн олдмол эмгэг болно. Б.Б нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Б нь хэрэг үйлдэгдэх үед хэрэг хариуцах чадвартай байсан байна. Б.Б нь одоо хэрэг хариуцах чадвартай байна. Б.Б нь бие дааж эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох чадвартай байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-27/

 

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн үед ээжийн дүү М ах, Д бид гурав 0,5 литрийн архи хувааж уусан. М ах гараад явсан. Д бид 2 ахиад архи уух гэсэн боловч мөнгө байхгүй байсан учир Дайриймаа өөрийнхөө гар утасыг хажуугийн дэлгүүрт барьцаанд тавьж архи авч ирээд ууж байхад Дайриймаа миний гар утасыг барьцаанд тавиулчихлаа гээд орилоод маргаан болсон. Тэгээд тэр явлаа гэртээ харилаа гээд байхаар нь гэртээ ор гэж хэлэхэд орохгүй, юу ч болоогүй байхад орилж хашгираад байхаар нь нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж гэртээ оруулаад унтаад амарсан. Би нилээн согтуу байсан. Маргааш өглөө нь сэрэхэд манай ээж гэрт ирсэн байсан. Удалгүй цагдаа нар ирээд Дайриймааг намайг зодсон гэж дуудлага өгсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5/, хохирогчийн хэт авиан оношлогоо, зурагийн хамт /хх-ийн 46-47/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49-50/, Шинэ урлал гутал ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 51/, хохирогчийн “манай нөхөрт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ж.Д нь жирэмсэн болох нь хэт авиан оношлогоогоор нотлогдож байгаа болно.

 

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болон хамтран амьдрагч Ж.Дайриймаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Бийн хамтран амьдрагч Ж.Дг жирэмсэн болохыг мэдсээр байж,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх учир шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Бийн Бийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Д нь хохиролын талаарх нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ