Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00551

 

Г.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06883 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 435 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Мөнххишигт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Мөнххишигийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Байгалмаа, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Солонгос ресторан ажиллуулдаг Б.Мөнххишиг 2014 оны 3 дугаар сарын 18-нд “Чунганэ-1” хоолны газартаа засвар хийх гэсэн юм, хүүтэй мөнгө олж өгөөч” гэхээр нь өөрийн 2 өрөө байрыг “Net capital” ББСБ-д зээлийн барьцаанд 4 хувийн хүүтэй тавьж 15 000 000 төгрөг авч, Б.Мөнххишигт 12 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, мөн 2014 оны 01 дүгээр сарын 17-нд 8 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр cap бүр тогтмол хүүг төлж байхаар тохирч, 2014 оны 3 дугаар сарын 21-нд бичгээр гэрээ хийж, нөхөр Чу-Ён-Ил-н хамт байхад бэлнээр тоолж өгсөн. Б.Мөнххишиг нь Хархорин, Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Чунганэ-1, Чунганэ-2 гэсэн 2 Солонгос ресторантай. 2014 оны 9 дүгээр cap хүртэл тохирсон ёсоор хүүг төлж байсан ба түүнээс хойш үндсэн төлбөр 8 000 000 төгрөг, хүү 5 000 000 төгрөгийг цувуулж өгсөн.Иймд үндсэн зээл 12 000 000 төгрөг, түүний хүү 10 000 000 төгрөгийн хамт 22 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Г.Байгалмаатай зээлийн гэрээг бичгээр байгуулан түүнээс 12 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй мөн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 8 000 000 төгрөгийг бэлнээр тухайн үед тус тус зээлдэж авсан нь үнэн. Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Мөнххишиг нь 2014 оны 9 дүгээр cap хүртэл тохирсон ёсоор хүү төлж байсан ба түүнээс хойш үндсэн мөнгөний 8 000 000 төгрөгийг хүү 5 000 000 төгрөгийг цувуулж өгсөн...” гэжээ. Үүнээс гадна би Г.Байгалмаад 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 6 000 000 төгрөгийг бэлнээр өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр өөрөөр нь гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн ба мөн түүнд 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 750 000 төгрөг /дансаар/, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 100 000 төгрөг /дансаар/, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 650 000 төгрөгийг /дансаар/, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 700 000 төгрөг /дансаар/, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 500 000 төгрөг /дансаар/, 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөгийг /өөрийн дэвтэр дээр гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн/ буюу түүнд 9 700 000 төгрөгийг төлсөн. Түүнчлэн миний бие зээлийн эргэн төлөлтийг хэд хэдэн удаа өөрөө биечлэн мөн өөрийн төрсөн охин М.Цэвэлсүрэн болон ажилтан Г.Байгалмаагаар дамжуулан нэхэмжлэгч Г.Байгалмаагийн Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банкин дахь данс руу бэлэн мөнгөөр шилжүүлэн хийж түүнээс авсан зээлээ хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч 22 000 000 төгрөг нэхээд байгааг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06883 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мөнххишигээс 10 734 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Байгалмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 266 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Мөнххишигээс 186 694 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Байгалмаад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 435 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Мөнххишигээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Г.Байгалмаа нь шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд миний бие түүнээс авсан зээлээ хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Учир нь миний бие Г.Байгалмаагаас 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 8 000 000 төгрөгийг хүлээж авсан ба уг баримт дээр хүү, алданги төлөх талаар тохиролцоогүй, миний бие гарын үсгээ зурсан, Г.Байгалмаа нь гарын үсгээ зураагүй ба сүүлд тухайн өдрөөр нөхөж зээлийн гэрээ байгуулсан хүү, алданги тооцохоор, түүнчлэн Г.Байгалмаатай 2014 оны 3 дугаар сарын 21-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай /үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөх талаар харилцан тохиролцож/ зээлдэж авсан юм.

Хариуцагч миний бие түүнээс авсан 8 000 000 төгрөгийг хүү, алданги тооцохгүйгээр төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа юм. Учир нь миний бие 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 8 000 000 төгрөгийг мөнгө хүлээн авсан гэх баримт үйлдэн Г.Байгалмаагаас хүлээж авсан ба тухайн үед бид хүү, алданги төлөх талаар тохиролцоогүй юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх “...талуудын хооронд 2014.01.17-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан...” гэж эргэлзээтэй нотлох баримтуудыг дүгнэн үзэж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисонд гомдолтой байгаа бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр,  тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Шүүх зохигчдын хоорондох эрх зүйн маргааныг зээлийн гэрээний харилцаанаас үүссэн гэж дүгнэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болгосон нь зөв болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Байгалмаа нь хариуцагч Б.Мөнххишигт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 12 000 000 төгрөг, хүүнд 10 000 000 төгрөг, бүгд 22 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлжээ. Нэхэмжлэлийн шаардлагад алданги гаргуулах талаар шууд заагаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд алдангийн тооцоо багтаж байгаа талаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч тодорхой тайлбарлажээ.

Хариуцагч Б.Мөнххишиг нь зээлсэн мөнгөө хүүгийн хамт буцаан бүрэн төлсөн гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 8 000 000 төгрөгийн 30 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 12 000 000 төгрөгийн сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлийн гэрээ тус тус байгуулагдсан байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги төлөх талаар хоёр гэрээний аль алинд нь тусгагджээ.

Шүүх талуудын хооронд бичгээр байгуулагдсан зээлийн хоёр гэрээний нөхцлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан журмын дагуу тайлбарлан үнэлж, зээлдэгчийн авсан мөнгө, буцаан төлсөн төлбөрийг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан тогтоож, гэрээнд заасан хүү, алдангийн тооцооллыг хийсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.4., 232.6-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хариуцагч нь зээлийн гэрээ болон түүний гол нөхцлийг үгүйсгээгүй боловч мөнгө зээлж авснаас хойш бичгийн гэрээ байгуулсан тул хүү, алдангийн тохиролцоог өөрийн авсан зээлд хамааруулах үндэслэлгүй гэж үзсэн нь түүний хариуцах төлбөрийн хэмжээг өөрчлөх, шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна. Хариуцагч нэхэмжлэгчээс зээл авсны дараа уг зээлийн нөхцлийг бичгийн хэлбэрт оруулан баталгаажуулсан байх нь талуудын хүсэл зориг, гэрээний чөлөөт байдлыг үгүйсгэхгүй байгаагаас гадна гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаас үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06883 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 435 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН