| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 173/2020/0072/Э |
| Дугаар | 543 |
| Огноо | 2020-10-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 543
Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хандмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар магадлалтай, Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарт холбогдох 2026000500062 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй Л овогт Г.Б,
Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 500,000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн, Повогт С.Г,
Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй Б овогт Ж.Д,
Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Н.Н
Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёлын менежер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Д овогт Ж.Ц нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэн хайгуул, олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогджээ.
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “шүүгдэгч Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэн хайгуул, олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б, С.Г, Ж.Д, Ж.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг
Шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг тус тус оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн
шүүгдэгч Г.Б-н өмчлөлийн Gold MONSTOR 1000 маркын TMDK S/No:63491055253 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг,
Шүүгдэгч С.Г-н эзэмшлийн Gold MONSTOR 1000 маркын TMDK S/No:53202054850 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг,
Шүүгдэгч Ж.Д-ийн эзэмшлийн Gold MONSTOR 1000 маркын MX3J S/No: 12599957758 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг,,
Шүүгдэгч Н.Н-ын өмчлөлийн Gold MONSTOR 1000 маркын JG3M S/No:53312065558 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг, 83-28 УБС улсын дугаартай “Isuzu Bighorn” маркийн автомашин 1 ширхэг,
Шүүгдэгч Ж.Ц-ын өмчлөлийн Gold MONSTOR 1000 маркын JCHW S/No:52862750865 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг,
Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох олборлосон гэх алт 1.1 гр ГЦистон” гэсэн бичигтэй ногоон тагтай, цагаан жижиг хуванцар саванд бага хэмжээний нунтаг алт/ зэргийг тус тус улсын орлого болгож,
төмөр малтуур 3 ширхэг /дөрвөлжин, гурвалжин, үзүүртэй суурьтай, бариултай/, зээтүү 2 ширхэг /төмөр, үзүүртэй бариултай/,-ийг устгаж, шүүгдэгч Н.Нын №0235306 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 ширхэг/-г Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хандмаа гаргасан гомдолдоо “...шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаас харахад шүүх бүрэлдэхүүн эдгээр 5 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн байр суурьтай байгаа нь ойлгогдож байна. Шүүгдэгч нарын гэрчээр болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр эдгээр 5 шүүгдэгч алтанд явъя гэж ярилцаад Зүүнбаян-Улаан сум руу явсан нь тогтоогддог. Харин машины эзэн Н.Н-т нөгөө 4 шүүгдэгч хүн тус бүр 5,000 төгрөг өгч унаандаа түлш хийсэн байдаг. Энэ нь шүүгдэгч Н.Ныг гэмт хэрэг үйлдэхэд унаа машинаар дэмжлэг үзүүлсэн гэдгийг няцааж байна. Улмаар Зүүнбаян-Улаан сумын Дэвшил 6-р багийн “Алаг толгой” гэх газарт шүүгдэгч нар очоод Н.Н-аас бусад 4 шүүгдэгч нь өөр өөрийн метал хайгчаа аваад тус тусдаа метал илрүүлэхээр хайж эхэлсэн байдаг. Шүүгдэгч нараас Ж.Ц ганцаараа жижиг алт олсон. Гэр рүүгээ буцах гээд энэ талаараа машиндаа суухдаа бусаддаа хэлсэн талаар шүүгдэгч нар мэдүүлсэн. Гэрч н.Ганзоригийн гэрчээр өгсөн мэдүүлэгт аймгаас явахдаа 5 шүүгдэгч нь тус тусдаа метал /алт/ хайна, олсон алтаа өөр өөрсдөө авна гэж тохирсон талаар мэдүүлдэг. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол нь шүүгдэгч Ж.Ц-ын алт олсон нүхнээс үүдэлтэй хохирол байдаг. Тухайн “Алаг толгой” гэх газар нь хайгуул хийх зөвшөөрөл олгогдож 2019 оны 10 сард хайгуулын компани хайгуул хийж 71 цооног өрөмдсөн талаар хохирогч шүүх хуралдаанд мэдүүлсэн. Ийм байхад шүүгдэгч Н.Н, С.Г, Ж.Д, Г.Б нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн “Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.5 “ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг, 4.1.6 “ашигт малтмал хайх гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулийн судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” хэлнэ гэж нэр томъёоны хувьд тайлбарласан. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан. Гэтэл Ж.Ц-аас бусад 4 шүүгдэгчийн хувьд ашигт малтмалын хайгуул хийх хэмжээний багаж, мэдлэг ур чадвар байгаагүй, гэмт хэргийн шинжийн хувьд хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэргийг шинжийг хангаагүй, ямар 1 эрх ашигт бодит хохирол учраагүй, мөн Ж.Ц-ыг алт олборлоход бусад 4 шүүгдэгч үйлдлээрээ нэгдээгүй гэдэг үндэслэл болон Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн С.Г, Н.Н, Ж.Д, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг цагаатгаж шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй талаарх саналаа давж заалдах шатны шүүхэд гаргасан байтал магадлалд тусгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт давж заалдах гомдол эсэргүүцлийн үндэслэлийг магадлалд тусгахаар заасан. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжийг буруу тодорхойлж, нэр томъёог буруу тайлбарлан хэрэглэсэн. Эцэст нь дүгнэхэд эдгээр 5 шүүгдэгч нар “Алаг толгой” гэх газар руу санаа нэгдэн хамт явсан ч үйлдлээрээ нэгдээгүй байна. Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж хуульчилсан нь нэгдүгээрт субъектив шинж буюу санаа зорилгоороо нэгдсэн байх, хоёрдугаарт объектив шинж буюу үйлдлээрээ нэгдсэн байж гэмт хэрэгт хамтран оролцох шинжийг хангана. 5 шүүгдэгч алтанд хамт явъя гэдэг дээр санаа нэгдсэн. Хамгийн гол нь гэмт хэрэг үйлдэгдэж эхлэх буюу ашигт малтмал хайх олборлохдоо нэгдээгүй. Гүйцэтгэх үүргээ хуваарилж, нэг зорилго, нэг үр дүнгийн төлөө үйлдэл хийгээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс эдгээр шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж тодорхойлсон нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэгт хамтран оролцох талаар зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж заасныг үндэслэн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч С.Г, Н.Н, Ж.Д, Г.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хандмаа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Ж.Цад холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бусад шүүгдэгч нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Ж.Ц үйлдсэн буюу түүнээс бусад шүүгдэгч нар нь алт олоогүй. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг ойлгоно. Харин шүүгдэгч нарт судалгаа хийх хэмжээний багаж байгаагүй бөгөөд металл хайгчаар л хайсан. Шүүгдэгч нар нь санаа зорилгоороо буюу субъектив талаараа нэгдсэн хэдий ч тус тусдаа үйлдэл хийсэн учир бүлэглэсэн гэж үзэхгүй. Зөвхөн Ж.Ц-ын алт олсон жижиг нүхийг хохиролд тооцсон бөгөөд бусад дөрвөн шүүгдэгч ямар нэгэн хор уршиг учруулаагүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хөндөгдөж буй эрх ашиг буюу хайгуулыг төрийн хөрөнгөөр хийсэн бол хайгуулын үр дүнд бий болсон байр зүйн зураг, нөөцийн хэмжээ төрийн нууцад хамаарна. Ж.Цаас бусад шүүгдэгч нар нөөц тогтоож, байр зүйн зураг гаргаагүй учир ашигт малтмал хайсан гэж үзэхгүй. Харин тэдний үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Б.Ууганбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог нарийвчлан тодорхойлоогүй, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал, хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн аль болохыг тодорхой заагаагүй нь шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, гэмт хэрэгт оролцсон оролцоог тодорхой дүгнэсний дараа ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Харин шүүгдэгч нар нь мөнгөө нийлүүлж, өөр орон нутагт очиж, металл хайгчаар ашигт малтмал хайж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Иймд Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй”ггэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагаас 18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил 6 дугаар багийн “Алаг толгой” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 111,415 төгрөг 30 мөнгөний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарын үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Харин давж заалдах шатны шүүхээс “гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог нарийвчлан тогтоогоогүй, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн аль нь болохыг зааж гэм буруутайд тооцолгүй шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хэргийг үндэслэлтэй, хуульд нийцүүлэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шийдвэр болж чадаагүй байна.
Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд нэр бүхий шүүгдэгч нарыг ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн бөгөөд чухам аль бүрэлдэхүүнээр нь гэм буруутайд тооцсоныг салган үзэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдал, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэмжээ улмаар шүүхийн шийдвэрт ямар ач холбогдолтой болохыг магадлалд заагаагүй байна.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлага, журмыг бүхий л талаар зөрчиж эдгээр үйл ажиллагаа явуулахыг ойлгох тул уг хуульд заасан нэр томъёо, тодорхойлолт ба стандартад шүүгдэгч нарын үйлдэл нийцэхгүй талаар дүгнэлт хийж гэмт хэргийн бүрэлдэхүүнийг үгүйсгэх байдлаар өмгөөллийн үндэслэлээ гаргах нь Эрүүгийн хуулийн зарим нэр томъёог бусад хууль тогтоомж, захиргааны актаар тайлбарлах аргачлал, арга зүйд нийцэхгүй, эдгээр хуулиудын агуулга, мөн чанарт тохирохгүй хууль хэрэглээний алдаа бүхий тайлбар гэж үзнэ.
Ашигт малтмалыг биет байдлаар олзборлон өөрийн эзэмшилд шилжүүлэх буюу энэ зорилгоор эрсэн, хайсан, ашигласан үйлдэл нь үр дүнд хүрсэн эсэхээс үл хамааран уг ажиллагаанд хамаарч харин ашигт эрдсийн байршил, хэмжээг тогтоохоор хязгаарлаж нөөц, баялгийг эзэмших зорилгогүй явуулсан бол олборлолтоос бусад үйл ажиллагаанд тооцох нь гэмт хэргийн эдгээр бүрдлүүдийг ялгах гол шинж болно.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээр тээврийн хэрэгсэл, техник хэрэгсэл /метал хайгч/ ашиглаж, зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар метал /алт/ хайж, олборлолт хийхээр санаа нэгдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрт тооцогдохоос гадна мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл болохгүйг харгалзан анхан шатны шүүх Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарт харьцангуй хөнгөн ял оногдуулсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримтууд хэрэгт нэгэнт цугласан байдлыг үндэслэн анхан шатны шүүх Г.Б, С.Г, Ж.Д, Н.Н, Ж.Ц нарын гэм бурууг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байхад давж заалдах шатны шүүх гэмт хэргийн нотлогдсон байдлын хэмжээ хязгаараас хальсан дээрх дүгнэлт нь хэрэгт ач холбогдол багатай, цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгч нарын эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх шинж чанаргүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Анхан шатны шүүхийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоосон хэм хэмжээнд нийцсэнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт тавигдах шаардлагыг хангажээ.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР