Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2015/0749/З |
Дугаар | 9 |
Огноо | 2016-12-27 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 9
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Батбаатар, шүүгч С.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Б.Ц, гуравдагч этгээд Ус сувгийн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, тоот. Утас:
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай-7. Утас: 328922
Хариуцагч: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар,
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хангарьд ордон. Утас: 320461
Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/611 тоот захирамжийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд “Э” ХХК-ийн хууль ёсоор ашиглаж буй газарт давхцуулан газар олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/611 тоот захирамжийн Хан-Уул дүүргийн дүгээр хороонд “Э” ХХК-нд хамаарах хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь “Э” ХХК-ийн хийж гүйцэтгэх төслийн эскиз зургийг /төлөвлөгөө/ батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт “Э” ХХК-ийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:
“... Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/611 тоот захирамжийн Хан-Уул дүүргийн дүгээр хороонд “Э” ХХК-ийн хууль ёсоор ашиглаж буй газарт давхцуулан газар олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/611 тоот захирамжийн Хан-Уул дүүргийн дүгээр хороонд “Э” ХХК-нд хамаарах хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь “Э” ХХК-ийн хийж гүйцэтгэх төслийн эскиз зургийг /төлөвлөгөө/ батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт “Э” ХХК-ийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Манай компани нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нийслэлийн Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын бүс, Нүхтийн аманд 10 га газрыг 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын тусгай, хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2011/115 тоот гэрчилгээний үндсэн дээр, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасны дагуу таван жилийн хугацаатайгаар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах болсон. Манай компани нь хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хийж гүйцэтгэх төслийнхөө эскиз зургийг батлуулахаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2015 оны 4 сард хүргүүлсэн боловч тусгай хамгаалалттай газар нутагт эскиз зураг батлах үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон гэсэн тайлбараар манай компанийн эскиз зургийг одоог хүртэл баталж өгөөгүй байна. Гэтэл манай компанийн хуулийн дагуу ашиглаж буй газар дээгүүр Шинэ яармаг хорооллын цэвэр усны болон авто замын трасс дайран өнгөрөх шийдвэрийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гарган, бидэнд мэдэгдэлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар болон Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан 2011/115 тоот гэрээний 5 дугаар зүйл, 5.4-д “Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн газар ашиглах эрхийг цуцална” гэж заасан байх бөгөөд гэрээний хүчинтэй хугацаанд ашиглаж буй газрын хэмжээнд өөрчлөлт оруулах, бусад этгээдэд өөр хэлбэрээр ашиглуулахыг тусгаагүй байдаг. Мөн Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд газар ашиглагчийн эрх үүргийг тодорхой заасан байдаг бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлд заасан газар ашиглагчид хамаарах үүргийг зохих ёсоор сахин биелүүлсээр ирсэн. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас манай ашиглаж буй газар дээгүүр бидэнд урьдчилан мэдэгдэлгүйгээр Шинэ яармаг хорооллын цэвэр усны трассын барилга угсралтын ажлыг дайран өнгөрүүлэхээр төлөвлөн, зураг төсөл гаргаж, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэж байгаа нь Газрын тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1 заалтыг ноцтой зөрчиж, манай компанийг газраа зориулалтын дагуу ашиглах хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь хот байгуулалтыг газар, орон зайн төлөвлөлт, дахин төлөвлөлт мэдээлэл болон барилгын зөвшөөрөл, хяналтаар хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд Газрын тухай хуульд заасан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага биш атлаа бусдын хууль ёсоор ашиглаж буй газрын эрхэд халдсан шийдвэрийг гаргасан байна.
Эрх хэмжээний хувьд нэхэмжлэгчийн хууль ёсоор ашиглаж байгаа газар нь Байгаль орчны яаманд хамаарч байгаа бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга нь эрх бүхий албан тушаалтан биш. Хариуцагчаас Хот байгуулалтын тухай хуулийн зүйл заалтыг үндэслэж буй нь үндэслэлгүй. Энэ тухай Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандан хүсэлт гаргасан бөгөөд 2015 оны 07 сарын 29-ний өдөр 06/2689 тоот хариу мэдэгдэлдээ Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх, ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын бодлогын баримт бичиг, мөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай“ 118 дугаар тогтоол, 2014 оны “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” 263 дугаар тогтоолуудын дагуу Шинэ яармаг хорооллын цэвэр усны шугамын трассыг хийж гүйцэтгэж байгаагаа дурдсан байдаг. Хэдийгээр Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл боловч Монгол Улсын ямар ч хууль ёсоор газар эзэмшиж буй этгээдийн эрхийг хөндөх ёсгүй. Тус тогтоолд мөн хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхийг тодорхой заасан. Энэ нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас манай компанийн ашиглаж буй газар дээгүүр дайруулан трассын ажил хийж гүйцэтгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болохыг илтгэж байна.
“М” ХХК-ийн гаргасан инженерийн магистралын зураг төслөөр шугам сүлжээг тогтоосон. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нягталж үзээд бусдын ашиглалттай давхцаж байгаа эсэх талаар мэдэгдэх ёстой байтал тэгээгүй. Хариуцагчийн “Газрын тухай хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”, “Хот байгуулалтын тухай хууль” зэрэг бусад холбогдох хууль зөрчсөн үйлдлээс болж, манай компани олон жилийн туршид судалгаа хийж, цаг хугацаа, их хэмжээний хөрөнгө зарцуулж төлөвлөсөн төслийн үр дүн талаар өнгөрөх нөхцөл байдал бүрдээд байна” гэжээ.
2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нэхэмжлэлийн шаардлагаа:
“Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/611 тоот захирамжийн “Э” ХХК-ийн ашиглаж буй газартай давхцуулан газар олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Э” ХХК-ийн төслийн эскиз зургийг /төлөвлөгөө/ батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, төлөвлөгөөг батлахыг даалгах” хэмээн эцсийн байдлаар тодруулж байна” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Шинэ яармаг хорооллын зураг төслийг боловсруулахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Нийслэлийн Засаг даргад даалгасны дагуу Нийслэлийн Засаг дарга 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шинэ яармаг хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургийн даалгаврыг баталсан. Уг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн зураг төслийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Солонгос Улсын В Групптэй хамтран боловсруулж холбогдох яамны харьяа хэлтэс, Нийслэлийн Засаг даргын холбогдох газруудаас санал аваад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101 дүгээр тогтоол Шинэ яармаг хорооллын зураг төслийг зөвшөөрч баталсан. 2010 онд Засгийн газраар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний талаар хэлэлцээд Улсын Их Хуралд санал оруулсны дагуу Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор хуульчлан баталсан. Тус тогтоолд Шинэ яармаг хорооллын бүс нь өндөр барилгын бүс гэж тодорхойлогдсон. Хан-Уул дүүргийн тодорхой заасан хорооллуудын дагуу 15 км цэвэр усны шугам татахаар төлөвлөгдсөн байсан. Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолоор уг төслийн хөрөнгө нь батлагдсан бөгөөд Шинэ яармаг, Буянт-Ухаа хороолол, яармагийн дэнж орчмын баригдах барилгуудыг цэвэр усаар хангах арга хэмжээ нь 118 дугаар тогтоолын дагуу хийгдэж эхэлсэн.
БНБД-ийн 31-01-01-ийн 9-д цэвэр усны шугам нь авто замын дагуу хийгдэх ёстой гэж заасны дагуу хийгдсэн. Судалгааны ажлаар уг цэвэр усны шугам нь 60-100 мянган айлыг цэвэр усаар хангах төлөвлөгөөтэй ба зүүн талаас гаргасан худгаас авсан даралтаар цэвэр ус нь тойрог системээр өөрөө урсаж явна. Эдийн засгийн алдагдалгүйгээр цэвэр усаар хангах төсөлтэйгээр шугамын ажил хийгдсэн. Шугамын зураг төслийн ажлын явцад нэхэмжлэгч компанид 2 удаа албан тоотыг хүргүүлсэн. Танай газар дээгүүр ийм ач холбогдолтой цэвэр усны шугам явна, ирж зөвшилцөнө үү гэсэн албан бичиг хүргүүлсэн боловч өөрсдөө нэг ч удаа ирж зөвшилцөөгүй.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/45 дугаар Нийслэлийн 2010 оны төсөвт зарим өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталж, 2012 онд баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын зураг төсөл болон сэдэв боловсруулах шийдвэр гаргасан. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний үе шат явагдаж байгаа газар дээр газар олгохыг Барилга хот байгуулалтын тухай хуулиараа хориглосон. Уг газар дээр 2011 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас нэхэмжлэгч компанид аялал жуулчлалын зориулалтаар 10 га газар олгосон нь Барилга хот байгуулалтын тухай хуулийг зөрчсөн шийдвэр юм.
Засгийн газрын 2010 оны 33 тогтоолоор баталсан Шинэ бүтээн байгуулалтын дунд хугацааны зорилтот хөтөлбөр гэж байдаг. Энэ хөтөлбөрийг батлахад Засгийн газрын нэгж Байгаль орчны яам танилцаад саналаа тусгуулсан байдаг. 2013 онд батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг анх Засгийн газраар хэлэлцүүлээд Улсын Их Хуралд өргөн барихдаа Байгаль орчны яам мөн саналаа тусгагдаад батлагдсан. Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар энэ Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу л барилга барих уу, орон суу барих уу гэдгийг шийднэ.
Уг тогтоолын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зайсан болон Богдхан уулын орчмын газрын дархан цаазат газарт барилгын зураг төсөл батлахыг түр хугацаагаар зогсоосугай гээд тогтоол гараад Нийслэлийн Засаг даргад даалгасан.
Нэхэмжлэгч компанид 23 дугаар тогтоолоор батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу танай энэ газар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжгүй газар байна, танайх барилга барих зураг төсөл оруулаад ирвэл уг зургийн төслийг баталж өгөх боломжтой гэсэн саналын хүргүүлж байсан ч хүлээн зөвшөөрөөгүй. Уг төсөл цаашаа хэрэгжинэ яамдууд хоорондоо ярилцаад яаралтай хийнэ үү гэсний дагуу “М” ХХК-иар хийлгэсэн асуудал байгаа.
Нэхэмжлэгч компанийн гаргасан хойд талаар явуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу шугам сүлжээний хоолойг шилжүүлсэн тохиолдолд ерөнхий төлөвлөгөө хэрэгжих боломжгүй болно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Шинэ яармаг хорооллын хувьд 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоол зэргээр бодлогын баримт бичгүүд батлагдсан. Монгол Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд яармаг хорооллын шинээр усан сан байгуулахаар төлөвлөөд усан сангаас Шинэ яармаг хороолол хүртэл 15 км шугам татсан. 11000 га талбайг эзэлдэг. 225000 хүн амыг цэвэр усаар хангахаас төлөвлөгдсөн. Шугам сүлжээний ажил нь гидрал тооцоо нь дээр үндэслэдэг. Уг шугам сүлжээний ажилд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын кадастрын хэлтэс, Ус сувгийн удирдах газар, Барилга хот байгуулалтын яамны нийтийн аж ахуйн газар, “М” ХХК зэрэг олон байгууллагууд оролцож тавьсан. Нэхэмжлэгч компанийн хувьд маргаж байгаа нь үндэслэлгүй. БНБД-д заасны дагуу замын дагуу инженерийн шугам сүлжээг төлөвлөсөн.
Мэдээллийн сангаас харж байгаад тэр дагуу цэвэр усны шугамыг тавьдаг. Манай мэдээллийн санд Байгаль орчны яамны мэдээллүүд байдаггүй. Энэ шугам сүлжээний ажил хийгдэхэд нэхэмжлэгч компанийн мэдээлэл манай санд байгаагүй” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Нийслэлийн Засаг даргын А/611 дүгээр захирамж нь Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” 2/29 дугаар тогтоол зэргийг үндэслэн гарсан. Тухайн маргаан бүхий газар нь Засгийн газрын болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан. Газрын тухай хуулийн 22.3-т зааснаар инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх захирамжийг Нийслэлийн Засаг даргын олгохоор заасны дагуу цэвэр усны болон авто замын трассын дагуух А/611 дүгээр захирамж гарсан. Шинэ яармаг хорооллын цэвэр усны шугамын хувьд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага төлөвлөгөөний зургын дагуу хийсэн. Хот байгуулалтын тухай хуульд заасан Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхэд энэ асуудал хамаарч байгаа.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Нийслэлийн Засаг даргад газар эзэмшүүлэх эрх байхгүй. Гэхдээ Нийслэл хотын хэмжээнд газар эзэмшүүлэх эрх нь олгогдсон байдаг. Нийслэлийн Засаг дарга нь Хот байгуулалтын тухай хууль 5.1.5-д Улсын Их Хурлын бүрэн эрхийг заасан. Улсын их хурал Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах эрхтэй байгаа. Улсын Их Хурлаас Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг баталсан ба уг зураг төсөл нь Нийслэл хотыг бүхэлд нь хамарсан зураг төсөл. Тус хуулийн 9.1.1-д заасны дагуу хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргад газар эзэмшүүлэх эрхтэй. Тиймээс ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Шинэ яармаг хорооллын зураг төсөл нь нийслэлд хамаарч байгаа” гэжээ.
Гуравдагч этгээд Ус сувгийн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Суурьшлын бүсэд зориулаад 15 км шугам сүлжээний гүйцэтгэгчээр “М” ХХК ажилласан. 0.4 мегаваттай даралтыг гаргахаар тооцоолсон. Энэ тооцоог хийхэд трассын дээд доод хэмжээ уялдаатай байдаг. Зөв байршлыг олж зөв даралтад байршуулах нь их чухал байдаг. Нэг шугамыг хөдөлгөөнд оруулах юм бол тэр шугамыг бүгдийг хөдөлгөөнд оруулах шаардлагатай учир нь бусдадаа нөлөөлдөг. Энэ нь гидрал тооцооны асуудал яригддаг. Энэ шугам сүлжээ болон барилга байгууламжууд нь ашиглалтад орвол эх үүсвэрээ зориулалтын дагуу ашиглана. Цаашид яармагийн бүх хэсгийг шугам сүлжээнд хамруулна гэсэн бодлоготой явж байгаа. Иймд 15 км шугам сүлжээ бол том бүтээн байгуулалтын ажил юм” гэв.
Гуравдагч этгээд Барилга хот байгуулалтын яамны Дэд бүтэц төслийн захирал А.Э нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“... “Яармаг” орон сууцны хорооллын 15.0 км цэвэр усны гол шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлын 1 дүгээр цагираг шугамын ЦУХ-22-ЦУХ-26 худгийн хоорондох шугамын трасст “Э“ ХХК-ийн эзэмшлийн газрын зарим хэсэг /урт-265.5м/ орж байгаа тул энэ асуудлаар 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газарт тус байгууллагын хэлтсийн дарга, хариуцсан инженерүүд, захиалагч, зураг төслийн зохиогч, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, ашиглагч, газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хамтарсан уулзалт зохион байгуулсан. Энэхүү уулзалтад хэлэлцсэн асуудлаар тодорхой шийдвэрт хүрч чадаагүй тул тэмдэглэл үйлдэгдээгүй байна. Тус уулзалт дээр “Э” ХХК-ийн төлөөлөлд хандан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Ус сувгийн удирдах газар, Дэд бүтэц төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөллийн зүгээс шугамын ажлыг зөвшилцөн гүйцэтгэх талаар тодорхой саналуудыг тавьсан. Үүнд: “Э” ХХК-ийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг инженерийн шугам сүлжээтэй уялдуулан батлах, цэвэр усны техникийн нөхцөл олгох, цэвэр усны шугамын холболтын нэмэлт худаг төлөвлөн суурилуулах зэрэг ажлуудыг хийж өгөхөөр ярилцсан боловч зөвшилцөлд хүрч чадаагүй. Иймд “Э” ХХК нь зөвшилцөхөөр тавьсан бидний ямарч саналыг хүлээж аваагүй тул Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолууд, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын захирамж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон бусад мэргэжлийн байгууллагуудаас баталсан зураг төсөл, холбогдох баримт бичиг, зөвшөөрлийн дагуу “Яармаг” орон сууцны хорооллын цэвэр усны гол шугамын угсралтыг хийж гүйцэтгэсэн болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн А/611 тоот захирамжийн “Э” ХХК-ийн газартай давхцуулан газар олгосон” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн төслийн эскиз зургийг /төлөвлөгөө/ батлахгүй байгаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг батлахыг даалгах” хэмээн тодруулсан боловч 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/611 тоот захирамжийн “Э” ХХК-ийн ашиглаж буй газартай давхцуулан газар олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Э” ХХК-ийн төслийн эскиз зургийг /төлөвлөгөө/ батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, төлөвлөгөөг батлахыг даалгах” хэмээн эцсийн байдлаар тодруулга хийсэн тул шүүх энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
1. Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А-297 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг орших Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай нутгийн Нүхтийн задгай нэртэй газарт 10 га газрыг “Э” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосныг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2011/115 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулжээ.
Харин нэхэмжлэгчийн “илт хууль бус” гэж маргасан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын байршил тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/611 дүгээр захирамж нь “... Яармаг орон сууцны хорооллын гадна цэвэр, бохир усны шугамын трасст Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8,9,10,16 дугаар хороодын нутаг дэвсгэрт 236.911 м.кв газрыг инженерийн шугам сүлжээний зориулалтаар... Ус сувгийн удирдах газарт ...15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн” захиргааны акт байх бөгөөд үүнийг “тусгай хамгаалалттай газар нутаг газар эзэмшүүлэх хууль зүйн үндэслэлгүй, ийм шийдвэр гаргах эрх хариуцагчид хуулиар олгогдоогүй, мөн манай ашиглах эрх бүхий газартай давхцуулсан” гэсэн үндэслэлээр маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын 2001 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ийг баталж, Улаанбаатарын болон бусад бүсийн хэмжээнд Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний бөөгнөрлийг задлах зохистой чиглэл, хотын оршин суугчдын амьдрах орчны чанар, аюулгүй байдлыг хангах, хотын газрыг үр ашигтай ашиглах, инженерийн шугам сүлжээ, замын байгууламжийг шинэчлэх шаардлагыг бодолцон нийслэл хотын хөгжлийн стратеги, ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хамтын хүч чармайлтыг нэгтгэн зохион байгуулахаар тусгагдсны дагуу Улсын Их Хурлаас 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай” 36 дугаар тогтоолыг батлан гаргажээ.
Энэхүү “Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.4.3-т “Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд”: 4.4.3.7-д “Улаанбаатар хотын "Шинэ Яармаг", "Буянт-Ухаа", ... зэрэг хүн амын шинэ суурьшлын бүсэд 20000 орчим айлын орон сууц барих” үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгагдсан ба Засгийн газрын 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 198 дугаар тогтоолоор "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын дэд бүтцийг барих ажлыг “Зураг төсөл боловсруулах-барих-санхүүжүүлэх-шилжүүлэх” концессын төрлөөр уралдаант шалгаруулалтын үндсэн дээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/45 дугаар тогтоолоор Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2010-2011 онд он дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн хүрээнд “Шинээр 2012 /2011/ онд баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, ТЭЗҮ боловсруулахаар” тус тус төлөвлөгджээ.
Улмаар Засгийн газрын 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоолоор “Яармаг, Шинэ Яармагт баригдах орон сууцны жагсаалтыг” баталж, тогтоолын хавсралтад заасан ажлыг тухайн орон нутгийн Засаг даргатай хамтран зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгасан байна. Эдгээр эрх зүйн актуудын хүрээнд Улсын Их Хурлаас 2013 оны 02 дугаар сарын 8-ны өдөр “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоолыг батлан, Хан-Уул дүүргийн тодорхой заасан хорооны нутаг дэвсгэрт 15 км цэвэр усны шугам татахаар тогтоосны дагуу Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 118 дугаар тогтоолоор “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар тогтоолоор батлагдсан Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Яармаг-I орон сууцны хорооллыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт” барихтай холбоотойгоор “Яармаг орон сууцны хорооллын 15.0 км цэвэр усны гол шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлыг 4.831 тэрбум төгрөгөөр” санхүүжүүлэн, гүйцэтгэхээр шийдвэрлэсэн тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/611 тоот захирамжаар цэвэр, бохир усны шугамын ...трасст инженерийн шугам сүлжээний зориулалтаар... Ус сувгийн удирдах газарт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 236.911 м.кв газрыг эзэмшүүлжээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/611 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 236.911 м.кв газрыг Ус сувгийн удирдах газарт аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар эзэмшүүлээгүй, харин нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн тус газарт нийтийн цэвэр, бохир усны трасст, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг хийж гүйцэтгүүлэх зорилгоор олгосон байна.
2. “Яармаг” суурьшлын шинэ төвийн ус хангамжийн цагираг шугамын зураг төслийг Барилга, хот байгуулалтын Сайдын баталсан “Ус хангамж, гадна сүлжээ ба байгууламж” /БНбД 40-02-06/ барилгын норм ба дүрэмд заасан стандартын дагуу боловсруулан, батлагдсан зураг төслийн дагуу “цэвэр болон бохир усны шугам хоолойг газрын гүнд 4 метрт байрлуулах ба цэвэр бохир усны шугам хоолойг нэг сувгаар явуулах нөхцөлд 3.5 метрийн гүнд байж болно” гэх нормын дагуу шугам сүлжээний ажлыг газрын хөлснөөс 3.5 метрийн дор гүйцэтгэсэн нь “Э” ХХК-ийн газраар пк 20+74.5 - пк 23+40 хүртэл хүртэл 265.5 м урттайгаар дайрч өнгөрсөн болох нь Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 717/2015 дугаар Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2015/626 тоот /Хан-Уул дүүргийн 1-9, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт Шинэ яармаг, Буянт-Ухаа хороолол, Яармагийн дэнж орчмын газарт баригдах барилга, байгууламжийг цэвэр усаар хангах зорилго бүхий байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын/ акт, Барилга, хот байгуулалтын яамны 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08/2630 тоот албан бичгийн хавсралт зураг болон гуравдагч этгээдийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Газрын хэвлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “улсын болон аймаг, нийслэлийн чанартай барилга байгууламж барих, ашиглахад зориулан тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга” гэж заасны дагуу газрын хэвлийг тодорхой зориулалтаар бусдад олгох эрх Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон байх тул “эрх хэмжээгүй этгээд” гэж үзэх үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч “Э” ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын тушаалаар газар ашиглах эрхтэй боловч уг эрх үүсэхээс өмнө улсын болон орон нутгийн түвшинд хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэгдсэн асуудлыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга газрын хэвлийд 3.5 метрийн гүнд нийтийн цэвэр, бохир усны трасст, инженерийн шугам сүлжээ тавих ажлыг гүйцэтгэхээр Ус сувгийн удирдах газарт газарт газар эзэмшүүлснийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
3. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй” байх бөгөөд Нийслэлийн Засаг дарга /түүний агентлаг/ дээрх үйл ажиллагааг явуулахын тулд нэхэмжлэгч “Э” ХХК-тай хамтран ажиллах саналыг удаа дараа гаргасан боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй,
цаашлаад, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дэд бүтэц төслийн нэгжээс зураг төсөл, барилга угсралтын гүйцэтгэгч компани болон газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хийсэн хамтарсан уулзалтын дүнд “Э” ХХК-тай зөвшилцөлд хүрээгүй тул цэвэр усны шугамын угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газраас Дэд бүтэц төслийн нэгжид 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн болох нь тус тус хэрэгт авагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 06/2689 тоот, 2015 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 06/3259 тоот, 2015 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 06/3439 тоот, Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтэц төслийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/254 тоот, 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/392 тоот болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 09/5731 тоот албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.
Иймд, эрх хэмжээний хувьд ... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар Байгаль орчны яаманд хамаарч байгаа газарт Нийслэлийн Засаг дарга газар олгосон нь “илт хууль бус” байна хэмээн маргаж буй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.
Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-аас “нэхэмжлэгч “Э” ХХК ч энэхүү шугамнаас хэрэгцээний усан хангамжаа авна гэдгийг анхаарч өгнө үү” гэснийг дурьдах нь зүйтэй байна. 4. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь “Э” ХХК-ийн хийж гүйцэтгэх төслийн эскиз зургийг /төлөвлөгөө/ батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт “Э” ХХК-ийн төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлагын тухайд:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Шинэ яармаг” хорооллын зураг төслийг боловсруулах ажлыг Нийслэлийн Засаг даргад даалгасны дагуу Нийслэлийн Засаг дарга 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Яармаг шинэ хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургийн даалгаврыг батлан, уг даалгаврын дагуу боловсруулагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор баталжээ.
Улмаар Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т “шинэ яармаг хорооллын бүс” нь Улаанбаатарын хот төлөвлөлт, газар ашиглалтын бүсчлэлийн “өндөр давхарын орон сууцны бүс” ангилалд багтасантай холбоотойгоор Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 10 дугаар тогтоолоор “Улаанбаатар хот... нутаг дэвсгэрт эдийн засаг, нийгэм, хот төлөвлөлт, экологийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох замаар хүн амын хэт төвлөрлийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор ”Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмын газрыг улсын тухай хэрэгцээнд авах асуудлыг судлаж санал боловсруулах, үүнтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөн олговрын хэмжээг тооцох, шинэ суурьшлын бүсэд эдийн засгийн дэд бүтэц бий болгоход шаардагдах хөрөнгийн тооцоог гаргах, энэ чиглэлээр” санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдан барилгын зураг төсөл батлахыг түр хугацаагаар зогсоох чиглэлийг Нийслэлийн Засаг даргад даалгасан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно” гэж заажээ.
Иймд, нэгэнт эрх бүхий этгээдээс Богдхан уул орчмын газарт барилгын зураг төсөл батлахыг түр зогсоох шийдвэр гаргасан байхад Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар “Э” ХХК-ийн хийж гүйцэтгэх төслийн эскиз зургийг /төлөвлөгөө/ батлах боломжгүй байх тул хууль бус эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэв.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гуравдагч этгээд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон Барилга, хот байгуулалтын яамны Дэд бүтэц төслийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан ба тус хэрэгт сонгогдсон иргэдийн төлөөлөгч П.З хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй болсонтой холбогдуулан хэргийн оролцогчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зааснаар иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжүүлэн явуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын хэвлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/611 тоот захирамжийн “Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцуулсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Э” ХХК-ийн хийж гүйцэтгэх төслийн эскиз зургийг /төлөвлөгөө/ батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, төлөвлөгөөг батлахыг даалгуулах” тухай шаардлага бүхий “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ