Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0086

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0086

Улаанбаатар хот

 

 

 

 

“Ю г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0008 дугаар шийдвэртэй, “Ю г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Амар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нарын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0008 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-д заасныг баримтлан “Ю г” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

                  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А давж заалдах гомдолдоо: “ ... Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн буюу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй.

2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тухай нотлох баримтын хамт шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлтээ гаргасан, өмгөөлөгчийн хувьд ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байтал шүүх ЗХШХШтХ-ийн 91 дүгээр зүйлийн 91.6-д зааснаар шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2, 91.4, 91.5, 91.6-д заасан зохицуулалт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд хэрэглэх зохицуулалт байтал шүүх хуульд заасан журмыг зөрчиж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар: “Ю г” ХХК нь Ашигт малтмалын тухайн хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын ХУ017614 дугаар зөвшөөрлийг эзэмшдэг байсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаар байсан.

Ашигт малтмалын тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-ээс 22.1.4 дэх заалтад баримтуудыг хавсаргана гэж заасан.

Ашигт малтмалын тухайн хуулийн зохицуулалтыг авч үзвэл 22 дугаар зүйл. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 40 дүгээр зүйлд “Байгаль орчны нөлөөллийн шинэчилсэн үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг хянуулах”, 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, 40.3-д “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална”, 38.2-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогддог. Нэхэмжлэгч “Ю г” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30+10=40 хоногийн өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үйлчилгээний хураамжаа төлж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлөө Ашигт малтмалын газарт гаргаж, мөн өдрөө байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл, Ашигт малтмал, газрын тосны газарт үйлчилгээний хөлсөнд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн банкны хуулга, Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/101 дүгээр албан бичгээр нотлогдож байна.

Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолтод “... өргөдлийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны бүртгэн үйлчилгээний хөлсөнд 1,000,000 төгрөг баримтыг хүлээн авав...” гэсэн боловч тухайн өргөдлийг хүлээлгэн өгсөн хүний гарыг үсэг зурагдаагүй байгаа нь нэхэмжлэгч “Ю г” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл нь хариуцагчид байсан буюу хариуцагч өргөдлийн хүлээн авч түүний эзэмшилд байсан гэдгийг мөн адил тогтоож байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/473 тоот албан бичигт “Засаг дарга Н.Эрхэмбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 6, 7, 8, 9, 10, 11, 12 өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа дурдсан, мөн нэхэмжлэгчийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ирж тодорхойлолт авсан” гэснээс үзэхэд үүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл дээрх өдрүүдээс бусад өдрүүдэд “Байгаль орчны төлөвлөгөө” батлуулах боломжтой байсан гэж үзлээ...” гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй буюу шүүх нотлох зарчимтай.

Анхан шатны шүүхээс Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргад хүргүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/8326 дугаар “Нотлох баримт гаргуулах” тухай албан бичигт “...сумын Засаг дарга 2018 оны 02 дугаар сарын 10- ний өдрөөс эмчилгээнд явсан эсэх, явсан бол хэднээс хэднийг хүртэлх хугацаанд өвчтэй байсан талаарх холбогдох нотлох баримтыг...” шаардсан буюу 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд “Байгал орчны төлөвлөгөө”-г батлуулахаар нэхэмжлэгч “Ю г” ХХК нь сумын Засаг дарга хандаж байсан эсэхийг тодруулаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй буюу нотлоогүй зүйлээ нотолсон мэтээр нэхэмжлэгчийг “Байгал орчны төлөвлөгөө”-г 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх бусад өдрүүдэд батлуулах боломжтой байсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Энэ нөхцөл байдлыг талаар буюу нэхэмжлэгч “Ю г” ХХК нь 2018 оны 01 дүгээр сараас хойш Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргад хандаж байсан эсэхийг тодруулах зорилгоор нэхэмж эгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч дээр дурдсанчлан шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгахаас татгалзах нөхцөлийг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж...” гэж тодорхой заасан. Нэхэмжлэгч “Ю г” ХХК-ийн хувьд АМтХ-ийн 7.2, 7.1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан бөгөөд мөн хуулийн 31, 32, 33 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр, хайгуулын зардлын доод хэмжээнээс багагүй зардлыг жил бүр зарцуулж ирсэн болно.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч хянасан атлаа дээрх хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй буюу хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128\ШШ2019\0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн боловч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дугаар зүйлийн 91.6 “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх хэргийг энэ хуулийн 91.5-д заасны дагуу шийдвэрлэж болно” заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл уг хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д ”Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэжээ.

Харин тус хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний сонгон авсан өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцсон, өмгөөлөгчийн хувьд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй бөгөөд уг хэрэг маргааны бодит нөхцөл байдал, учир шалтгааны бүрэн сайн мэдэхгүй учир итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт оролцох хүсэлтийг гаргасан.

Бодит байдал дээр миний бие хүндэтгэн үзэх шалтгаантай буюу амаржих дөхсөн байсан тул “Ю г” ХХК-ийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сольж шүүх хуралдаанд оролцуулан шүүгчийн шийдвэрийн үндэслэл болсон “... “Ю г” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуусах байсан тул нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд буюу хамгийн багадаа 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл түүнд хавсаргах материалуудын хамт бүрэн Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх үүрэгтэй байсан.

2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл дээрх өдрүүдээс бусад өдрүүдэд Байгаль орчны төлөвлөгөө батлуулах боломжтой байсан гэж үзлээ...” гэх хийсвэр дүгнэсэн үндэслэлийн талаарх үйл баримтыг тодорхой мэдэх, энэ хугацаанд Ашигт малтмалын газар болон Булган аймгийн Бүрэг хангай сумын Засаг дарга, түүний орлогч нартай хэрхэн харьцаж байсан талаар тайлбар, баримтыг гаргуулан хэргийг үнэн зөв шийдвэрлэхээр хүссэн болно.

Гэтэл шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж өмнө хуралдаануудад огт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй мэтээр хэт нэг талыг барьж хэргийг хүчлэн нотлох баримтын бүрдэл хангагдаагүй нөхцөлд шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд тэр дундаа Захиргааны хэргийн шүүхийн өөрийн онцлог болох нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй болохыг анхаарна уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 285 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хугацаа дуусахаас нэг сарын өмнө гаргаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө хавсаргах шаардлага хангаагүй гэж үзэж, сунгахаас татгалзжээ.

1. “Ю г” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “... тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан, харин хавсаргах ёстой байгаль орчны төлөвлөгөөг Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргад хүргүүлсэн боловч цаг хугацаанд нь батлаагүй хоцроон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн энэ талаар мэдэгдсээр байхад хугацаа сунгахаас татгалзаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болголоо” гэсэн байхад анхан шатны шүүх энэ талаар нотлох баримтыг бүрэн  цуглуулаагүй байна.

Тухайлбал сумын Засаг даргаас “Ю г” ХХК нь хэзээ байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар хандсан, түүнийг ямар шалтгаанаар батлалгүй байсаар 3 дугаар сарын 16-нд баталж өгсөн, Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/473 дугаар албан бичигт дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай байснаас бусад үед яагаад төлөвлөгөөг батлаагүй талаар болон нэхэмжлэгчийг хэзээ Засаг даргад хандсаныг тодруулаагүй атлаа 1 дүгээр сараас 02 сарын 20 хүртэл батлуулах боломжтой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  “... тусгай зөвшөөрөл эзэмшигч нэхэмжлэгч компани нь хуульд заасан үүргээ биелүүлж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 40 хоногийн өмнө хугацаа сунгуулах өргөдлөө Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж, мөн өдөр уг менежментийн төлөвлөгөө батлуулахаар Бүрэгхангай сумын Засаг даргад хүргүүлсэн ... уг өргөдөл нь хариуцагчийн эзэмшилд байсан нь тогтоогдож байна. Шүүхээс Засаг дарга хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан, бусад өдрүүдэд нэхэмжлэгчийг төлөвлөгөөг батлуулах боломжтой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна. 

Учир нь нэхэмжлэгч “Ю г” ХХК нь хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ гаргахад хавсаргах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар боломжит хугацаанд Засаг даргад хандсан эсэхийг тодруулж уг төлөвлөгөөг хавсаргах боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас, эсхүл Засаг даргын үйл ажиллагаанаас болсон эсэхийг тогтоох шаардлагатай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүх хуралдааныг “амаржих дөхсөн тул хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг, холбогдох баримтын хамт гаргасан бөгөөд шүүх хуралдаанд оролцвол хугацаа сунгуулах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт хэзээ, хэнд өгсөн талаар баримт өгөх боломжтой байсан ...” гэжээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.6-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх хэргийг энэ хуулийн 91.5-д заасны дагуу шийдвэрлэж болно”, 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь уг хуулийн заалтад нийцээгүй байна.

Учир нь тус шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүрэлцэн ирсэн байх бөгөөд хэргийн оролцогчийн аль аль нь ирээгүй нөхцөл байдал үүсээгүй, мөн хэрэгт нотлох баримт бүрэн цуглаагүй байх тул дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл  дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0008  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

             

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАТБААТАР   

             ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ   

             ШҮҮГЧ                                                                   С.Мөнхжаргал