Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/02142

 

 

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/02142

 

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/02051 дугаар шийдвэртэй,

А-ийн нэхэмжлэлтэй Б-, В- нарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, нотариатчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрчилсэн 28, 29 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй,

Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд Г-,

Өв хүлээн авах хугацааг сунгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд Д-ийн тус тус гаргасан бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Б-, гуравдагч этгээд Е-, Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Жамъяндамбийням, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмгөөлөгч М.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь 1967 оны 7 дугаар сарын 05-ны өдөр З-ын тав дахь охин нь болж мэндэлсэн. З- нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас нас барсан. А- нь 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Герман улсад хүүгээ эмчлүүлж байгаад ирсэн, эхийгээ нас барах үед дэргэд нь байж чадаагүй. Эх З- нь Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 49 гудамж, ***1 хаягт байрлах 24 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв газрыг өмчилдөг байсан. А- 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд хандан өв хүлээн авах хугацаа сунгуулах хүсэлт гаргасан.

2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 93 дугаартай нотариатч В- нь 28, 29 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгож тухайн үл хөдлөх эд хөрөнгийг төрсөн дүү Б-д олгосон байна. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Нотариатч В- нь өвлүүлэгчийг нас барсны дараа маргаан бүхий газар, хувийн сууцтай холбоотой бусад өвлөгч нарт холбогдуулж өвлөгчдийн талаар тодруулах ажиллагаа хийгээгүй өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Гуравдагч этгээд Г-ийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга: Г- нь З-ын төрсөн охин бөгөөд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрхтэй. Иймд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 49 дүгээр гудамж, ***1 хаягт байрлах, 24 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн хаягт байрлах 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд Д-ийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга: Тухайн өвлөх эрхийн гэрчилгээг гаргаж байх үед Д- нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд өвчтэй байсан. Нотариатч Д-д ямар нэгэн мэдэгдэл хүргүүлээгүй. Мэдэгдсэн ч гэсэн тухайн үед сэтгэцийн өөрчлөлттэй байсан.

Иймд сэтгэцийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан Д-ийн өв хүлээн авах хугацааг сэргээж, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 49 дүгээр гудамж, ***1 хаягт байрлах, 24 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн хаягт байрлах 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

4. Хариуцагч Б-ы татгалзал, тайлбарын агуулга: Тухайн хашаа, байшинг зээлийн барьцаанд тавьсан байсан. Шүүхийн шийдвэрээр хашаа байшинг хураагдах гэж байсан учраас би мөнгө олж, зээлийг хааж, хашаа байшинг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтыг ээждээ өгч байсан. Ээжтэй ярилцахад Ж-ад хашаа, байшинг өгмөөр байна гэж хэлсэн. Ж- нь төрсөн цагаасаа ээжийг нас барах хүртэл түүнийг асарч байсан.

А-ийн өв хүлээн авах хугацааг сунгах шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн бодит үйл баримтад тулгуурлан талуудын гаргаж буй тайлбараас үзэхэд эхийгээ нас барсныг бүгд мэдэж байсан. Мэдэж байсан цагаас хойш хуульд заасан журмаар хүсэлт гаргаагүй, өв хүлээн авахтай холбоотой итгэмжлэл олгох, консулын газраар дамжуулан төлөөлөгч томилуулах, хүсэлт гаргаж нотариатад албан ёсны бүртгэлээ хийлгэх гэх мэт эрхийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхгүй байна. Талийгаач нь өөрийн өмчлөлийн газраас А-ид 100 гаруй м.кв-ыг өгсөн. Хүүхдүүддээ тэнцүү хуваах байсан бол А- нь авах ёстой газраа авсан..

Эх нь нас бараад А- гэдэг хүн шүүхэд хандах хүртэл бүхий л цаг хугацаанд Г- нь Монгол Улсад байсан ч өв хүлээн авах хүсэлт гаргаагүй. Г-ийн өв хүлээн авах хугацаа нь сэргээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй учраас хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй харагдаж байна.

Д- сэтгэцийн эмгэгтэй, тухайн үед хэрэг хариуцах чадваргүй, өөрийгөө төлөөлөөд ямар нэгэн хүсэл зоригоо илэрхийлэх чадамжгүй байсан гэх боловч энэ нь нотлох баримтаар үгүйсгэгдсэн. Өөрөөр хэлбэл талийгаачийг нас барахад өв хүлээн авах хүсэлт гаргах, нотариатад хандах, бүртгэл хийлгэх гээд бүх л цаг хугацаанд эрх зүйн чадамжгүй байсан гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Энэ хүн нь Г-тэй адил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өв хүлээн авах хуульд заасан хугацаа дууссан ба энэ хугацаа нь сэргээгдэх боломжгүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай гэсэн нотолгоо байхгүй байгаа учраас хугацаа сэргэхгүй, хамтран өмчлөгчөөр тогтоогдох боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

 

5. Хариуцагч В-ийн татгалзал, тайлбарын агуулга: Талийгаач нас бараад 2 жил гаруй хугацаа өнгөрсөн, өв нээгдэх хуулийн хугацаа өнгөрсөн. Тухайн хашаа, байшинг өвлөж авах талаар нэг ч хүн хүсэлт гаргаагүй байсан. Үүний дагуу би Б-д хувийн орон сууц, газар өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Тодорхой хугацааны дараа талийгаачийн нэг охин нь өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөрт тооцсон. Нэхэмжлэгч тухайн үед гадаадад байсан гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Тухайн гадаад улсад суугаа Монгол Улсыг төлөөлж байгаа элчин сайд, консул нь нотариатын үүргийг гүйцэтгэдэг. Тэнд хүсэлтээ гаргаж өгч болох байсан. Эсвэл итгэмжлэл явуулж, хэн нэгнээр төлөөлүүлж өв хүлээн авах хүсэлтээ гаргах боломж байсан ч ашиглаагүй.

Харин Д-ийн хувьд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн үед Д- нь өөрийн иргэний хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай буюу хүсэлтээ гаргах эрхтэй байсан. Тийм учраас энэ хүнд хөөн хэлэлцэх хугацаа болон өв хүлээн авах хугацаа сунгах ямар ч боломжгүй. Тиймээс хууль ёсны ганц өвлөгч нь Б- гэж үзэж байна.

 

6. Гуравдагч этгээд З-, Л-, М- нарын тайлбарын агуулга: А-ийн хүү өвчтэй байсан болохоор тухайн хаягт байрлах газраас тодорхой хэсгийг авсан. Одоо А- өвийн хөрөнгийг авах эрхгүй.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.4, 532 дугаар зүйлийн 532.1, 533 дугаар зүйлийн 533.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-ийг Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 49 гудамж, ***1 хаягт 24 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв газрын хамтран өмчлөгчөөр тогтоож, Сүхбаатар дүүргийн 93 дугаар тойргийн нотариатч В-ийн гэрчилсэн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 28, 29 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3, 528.4 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Д-ийн өв хүлээн авах хугацааг сэргээлгэх, дээрх хаягт байрлах хувийн сууц, газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага, гуравдагч этгээд Г-ийн дээрх хаягт байрлах хувийн сууц, газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,070 төгрөг, гуравдагч этгээд Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, гуравдагч этгээд Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-оос 168,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-ид олгож шийдвэрлэсэн байна.

 

8. Хариуцагч Б-ы гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч А- нь 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус газраас хэсэгчилж авсан. Энэ газрыг А- нь шинээр гэрчилгээ гаргуулж авахдаа Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 хороо, Дамбадаржаа 49 гудамж, **** тоот хаягт бүртгүүлж авсан, баримт нь хэрэгт бий. Гэтэл А- нь эхийнхээ оршуулгад оролцоогүй, олон жил гадаадад явж ирээд, гэнэт өмнө авсан газар дээрээ өв залгамжлалаар газар нэмж авна гэж нэхэмжлэл гаргасан. Дээрх хаягт байрлалтай маргаан бүхий газрыг зээ хүү н.Хатан-Ундрахдаа өгөөрэй гэсэн гуйлтыг нь биелүүлэхээр ах дүүс бид ярилцаад, өв нь шууд зээ хүү рүү очих боломжгүй гэсэн тул Б-ы нэр дээр өмчлөлийг шилжүүлсэн. А- нь эхийнхээ өтөл нас, өвдсөн зовсон үед харж хандаж, эргэж тойрч байгаагүй. Нас барсныг нь мэдсэн атлаа ажил явдалд нь оролцоогүй, ирээгүйд гомдолтой байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

9. Гуравдагч этгээд Г-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Г- 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бичгээр тайлбар гаргахдаа нотариатч В- нь өөрийн танил Б-д давуу тал бий болгосон ашиг сонирхлын зөрчлөөр хууль зөрчин гэрчилгээг Б-д олгосон байна. гэж шүүгчид хандаж байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолтууд нь талийгаачтай хамт амьдарч байсан хүмүүс нь өөр өөр, хоорондын агуулга утгын зөрчилтэй байгааг шүүгч анхааран үзэж судлаагүйгээс нотариатч В- нь хуурамч баримт бичигт үндэслэн хууль зөрчин өвлөх эрхийн гэрчилгээ олгосон ноцтой асуудлыг анхаараагүй.

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын удаа дараа шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гарган эрүүгийн журмаар шалгуулж байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт хууль ёсны өвлөгч нарын хэн түрүүлж ирсэнд нь олгоод бусдынх нь эрхийг хязгаарлана гэж заагаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Б-, З- шүүх хурал болгон дээр өвлөх эрх, өвлөгдөх эд хөрөнгөтэй шууд холбоогүй, ээжийгээ огт асарч халамжилж байгаагүй мэтээр байнга ярьж, хүсэлт болгон бичиж намайг болон дүү А-, Д- нарыг гүтгэн доромжилж байсан нь шүүгчийн шийдвэрт нөлөөлж, шүүхийн шийдвэртээ нэлээн дэлгэрэнгүй оруулсан байна. Иймд дээрх бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

10. Гуравдагч этгээд Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч талаас гаргасан өвлөх эд хөрөнгө, өвлөх эрхийн маргаанд чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг гаргуулах хүсэлтүүдийг хууль зөрчин гомдол гаргах эрхгүй гэж захирамжаар хязгаарлаж хангаагүйгээс тус хэргийг шударгаар шийдвэрлээгүй гэж үзэж байна. Тухайлбал, Д-ийн өмгөөлөгч М.Батболд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдтэй холбоотой эрх зүйн ямар гэрээ хэлцлийг хэн хэнтэй хэзээ байгуулсан талаарх албан ёсны мэдээлэл лавлагааг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангалгүй орхих захирамж гаргахдаа гомдол гаргах эрхгүй хэмээн заасан. Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу холбогдох байгууллага нь баримт гаргаж өгөхгүй байсан тул 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дахин хүсэлт гаргаж тус хүсэлтийн зарим хэсгийг хангуулсан. Шүүгчийн захирамж Нийслэлийн холбогдох байгууллагууд нь маргаантай хашаа байшин, газар дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаад 105,000,000 төгрөгийн үнэлгээ хийгдсэн байхад төсөлд хамрагдаагүй гэсэн хариу ирүүлсэн байгааг хэлсэн ч шүүгч хүлээж аваагүй. Холбогдох хуулиараа бол үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь дахин төлөвлөлтийн төслийн бараг сүүлийн шатанд хэрэгждэг.

Шүүхийн шийдвэрийг баталгаажуулах хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзсан захирамж гаргахдаа бас л гомдол гаргах эрхгүй гэж заасан. Б-ы устгаж үрэгдүүлсэн маргаантай хашаа байшинд нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээн дээр бичсэн хуулийн шаардлага хангахгүй үнэлгээнээс өөр үнэлгээ хэргийн материалд байхгүй учраас бидний хүсэлт ач холбогдолтой байсан.

Бид хашаа байшин устгасан зургийг нотлох баримтаар шүүхэд өгч Б- зэрэг хариуцагч талаас шүүх хурал дээр шүүгчийн захирамж зөрчин хашаа байшинг устгаж үрэгдүүлснээ арга буюу хүлээн зөвшөөрч хэрэв шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч талуудын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд хохирлыг барагдуулах мөнгө байхгүй гэдгээ хэлээд байхад шүүгчийн зүгээс гарах шийдвэрээ баталгаажуулахгүй бол хэдий нэхэмжлэлийн шаардлагаа хангуулсан ч өмч хөрөнгөө алдаж хохирох магадлал өндөр байгаа нь нэгэнт тодорхой болсон гэдгээ шүүгчид удаа дараа хэлсэн.

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны засаг дарга Г.Даваацэцэг нь Б-той үгсэн хуйвалдаж нотариатад хуурамч тодорхойлолт гарган өгч З-ын өвлөх хөрөнгийг зөвхөн Б-д өвлүүлэх үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд Г.Даваацэцэг нь Б-д зааж зөвлөн талийгаач ээжтэй нь нэг хашаа байшинд амьдарч байсан, үүнээс өөр орон гэргүй, групп тогтоолгох заалт бүхий сэтгэцийн өвчтэй дүү Д-ийг ээж нь нас барснаас хойш хөөж туулган талийгаачийг нас барснаас 10 хоногийн дараа гэр орных нь үндсэн хаягнаас шилжүүлсэн гэж үзэх боломжтой хангалттай баримтуудыг бид хууль хяналтын байгууллагад гаргаж өгсөн.

Иймд дээрх бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

11. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд гуравдагч этгээд Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Б- нь анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж Ж-ыг гэрчээр асуулгасан. Ж- нь гэрчийн мэдүүлэгтээ Б-ыг өвлөж авсан талаар мэднэ, Б-д газар өвлүүлсэн нь миний эрх ашгийг хөндөөгүй, Б- эгчид хууль ёсны дагуу шилжүүлээд дараа нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлнэ гэж ярилцсан тухай тайлбарласан ба өвлөх эрхээс татгалзсан тухайгаа илэрхийлсэн. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан байдаг. Б- нь талийгаачтай нэг өрхөд хамт амьдарч байсан хүн биш. Бодит амьдралд хүүхдүүдийнхээ хэн нэгнийд нас барсан тохиолдол байдаг. Тохиолдол бүрд давуу эрхтэй гэж үзэх боломжгүй.

 

12. Хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Б- болон гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан зөрчлийн эрүү, иргэний шинжтэй үйлдлүүдэд дараа нь шинэ нөхцөл байдал буюу нотлох баримт бий болсон тохиолдол хуулиар шийдвэрлэх үндэслэл байгаа. Иймд гомдлуудыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 49 гудамж, ***1 хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2203011*** дугаартай, 24 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2203000*** дугаартай, нэгж талбарын 186433188***** дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч В-т холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 28, 29 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл,

гуравдагч этгээд Д- нь хариуцагч Б-д холбогдуулан өв хүлээн авах хугацааг сунгуулах, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 49 гудамж, ***1 хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2203011*** дугаартай, 24 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2203000*** дугаартай, нэгж талбарын 186433188***** дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага,

гуравдагч этгээд Г- нь хариуцагч Б-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 49 гудамж, ***1 хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2203011*** дугаартай, 24 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2203000*** дугаартай, нэгж талбарын 186433188***** дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь нэхэмжлэл, бие даасан шаардлагаа дээр дурдсан хаягт оршин байх хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох гэж тодорхойлохдоо өв хүлээн авах хугацааг сунгуулах, ногдох өвийг тодорхойлуулах гэх үндэслэлийг заасан байна.

 

4. 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр З- нас барсан, маргааны зүйл болж буй Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 49 гудамж, ***1 хаягт байрлах 24 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар талийгаач З-аас өвлөгдөх эд хөрөнгө гэж анхан шатны шүүх зөв тогтоосон байна /1хх-246, 249, 2хх-143/.

 

4.1. А-, Б-, Г-, Д- нар нь З-ын төрсөн хүүхдүүд болох талаар зохигч маргаангүй байна.

 

4.2. Б- нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг нотариатч В- хүлээн авч 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 49 дүгээр гудамжны ***1 хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг өвлөх эрхийн 28 тоот гэрчилгээ, мөн хаягт байрлах 24 м.кв хувийн сууцыг өвлөх эрхийн 29 тоот гэрчилгээ түүнд тус тус олгосон, хариуцагч Б- тус үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авчээ /1хх-246, 249, 2хх 136-155/.

 

4.3 2022 оны 07 дугаар сарын 20, 09 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б-, гуравдагч этгээд Г-, гуравдагч этгээд Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс маргааны зүйл болох Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 49 гудамж, ***1 хаягт оршин байх, улсын бүртгэлийн Ү-2203011*** дугаартай, 24 м.кв хувийн сууц нь бодитоор байхгүй болсон талаар тайлбарыг тус тус гаргажээ /2хх 97-113, 160-168/.

 

4.4. Иймд маргааны зүйл болсон газар нь эрх бүхий этгээдийн шийдвэр эсхүл гэрээний үндсэн дээр газар чөлөөлөгдөх асуудал шийдвэрлэгдсэн эсэх, үүнтэй холбоотойгоор хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон эсэхийг тодруулахаар гуравдагч этгээд Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу анхан шатны шүүх нотлох баримт гаргуулах ажиллагааг гүйцэд хийгээгүй байна. Тухайлбал, маргаан бүхий газар үнэлгээ хийсэн гэх Файн эстимейт ХХК-аас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн өвлөх эд хөрөнгөөс ногдох хувийг мөнгөн хэлбэрээр нэхэмжлэхэд шаардлагатай гэх үндэслэл заасныг шүүх анхааралгүйгээр хангахгүй орхисон байна.

 

5. Хэргийн оролцогчдын тайлбараар маргааны зүйл болох 24 м.кв хувийн сууц нь бодитоор оршин байгаа эсэх нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх уг үйл баримт, үүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүйгээс гадна шийдвэрийн албадан гүйцэтгэж болох эсэх нь тодорхойгүй байна.

 

5.1 Тухайн хувийн сууц бодитоор байгаа эсэхээс хамаарч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасан хугацаа хожимдуулсан өвлөгчид нь бусад өвлөгчид шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй эсэх тодорхой болох юм.

 

5.2. Иймд маргааны зүйл болох хувийн сууцтай холбоотой нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, энэ талаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийн дагуу тухайн хувийн сууц бодитоор бий эсэх болон холбогдох үнэлгээ хийлгэх шаардлагатай баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

6. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тогтоосон тул гуравдагч этгээд нарын давж заалдах гомдолд дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгуулах арга хэмжээ, газар дахин төлөвлөлтөд орсон талаарх нотлох баримт цуглуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд уг асуудлыг анхан шатны шүүхэд дахин гаргах эсэх нь зохигчийн эрхийн асуудал болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/02051 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 168,870 төгрөгийг, гуравдагч этгээд Е-ийн төлсөн 70,200 төгрөгийг, гуравдагч этгээд Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ