Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1455

 

 

 

 

 

 

 

  2018         10          22                                   2018/ШЦТ/1455   

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч Г.Эрдэнэ,

Шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ут холбогдох эрүүгийн 1806067661625 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.У нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансар үйлчилгээний төвийн урд талд хохирогч Б.Эыг автомашин дотроо унтаж байхад машины хайрцганд нь байсан бэлэн 580.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт  холбогджээ.                                              /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Г.У нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн алдад би өөрийн эзэмшлийн 63-34 УНИ улсын дугаартай Тоёота Стима маркын тээврийн хэрэгслээрээ Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансрын үйлчилгээний төв буюу Туннел дээр гарч машинаа үйлчилгээний төвийн гол хэсэгт урд зүгт 3 дугаар хорооны байрруу гардаг аркны урд талд байрлуулаад дотор нь би өөрөө сууж байгаад унтчихсан байна билээ. Харин намайг унтаж байх хооронд миний машины урд талын хайрцаг дотор байсан бэлэн 580.000 төгрөгийг үл таних этгээд авсан байна. Би уг мөнгийг 14-нд шилжих шөнө өөрийн Хаан банкны 5134050000 дугаартай данснаас авсан. Уг мөнгөө ажилдаа хэрэглэх гэж машины урд талын хайрцаг дотор хийсэн байсан юм. Тэгээд зүүрмэглэж байхад нэг хэлгүй хүн ирчихээд урдаас мөнгө нэхээд байгаа юм шиг гараараа хий мөнгө тоолоод байсан. Тэгэхээр нь надаас мөнгө нэхээд байна гэж бодоод яах гээд байгаа юм бол гэж бодоод машины урд талын хайрцаг дотор байсан мөнгөө шалгатал алга болсон байсан. Тэгэхээр нь би машинаас буутал намайг дагуулаад үйлчилгээний төвийн урд талд 40 тонны контейнэр дотор ногоо зарж байсан эмэгтэй дээр дагуулаад очсон. Тэнд ногоо зардаг үл таних эмэгтэйгээс цагдаа байлцуулан асуухад зүс таних нэг эрэгтэй хүн нь 200.000 төгрөг хадгалуулаад явсан гэж байсан. Тэгэхээр тэр зүс таних хүн нь миний мөнгийг хулгайлаад 200.000 төгрөгийг нь тэр хүнд хадгалуулаад явсан юм шиг байгаа юм. Надад хэлгүй залуу болон ногоо зарж байсан хоёр хүн тус болсон. Бэлнээр 580.000 машины урд талын хайрцагнаас алга болж 200.000 төгрөгийг ногооны худалдагч гэх эгчид хулгайч үлдээж явсныг тэр үед авсан. Тэгээд өргөдөл өгсний дараа хулгайч баригдаж түүнээс үлдэгдэл 380.000 төгрөгөө дансаар шилжүүлж авсан. Одоо надад хохирол мөнгө алга байна гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

 

Гэрч Г.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын үйлчилгээний төв дээр хувиараа жимс ногооны дэлгүүр ажиллуулдаг юм. Би уг ажлыг нилээн хэдэн жил хийж байгаа. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шиг санагдаж байна. Өглөөний 10 цаг болж байсан байх би дэлгүүрээ нээж байхад Сансарын туннел хавиар гар дээрээс хувцас хунар зараад явдаг зүс үзсэн залуу согтуу ганцаараа ирсэн юм. Тэгээд би 2, 3 өдөр архи уучихлаа, наймаа хийсэн мөнгөөрөө архи уугаад 1 сая төгрөг үрчихлээ одоо үлдсэн хэдэн төгрөгөө таньд үлдээх гэсэн юм. Би тэгж байгаад ирээд авна гэсэн юм. Тэгэхээр нь санаанд оролгүй тэр залуугаас 200.000 төгрөг 20.000 төгрөгний дэвсгэртээр хүлээн авсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 14/

           

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3/

-таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-7/

 

Шүүгдэгч Г.Уын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байхдаа Сансарын түнель дээр байх нэг автомашины дотроос мөнгө авсан юм. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Г.Уын эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт, дансны хуулга /хх-ийн 22-23, 29, 36-39, 46-48/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.У нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансар үйлчилгээний төвийн урд талд хохирогч Б.Энхбатыг автомашин дотроо унтаж байхад машины голын хайрцганд нь байсан бэлэн 580.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.  

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх ба шүүгдэгч Г.У нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Г.Уын дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч Г.Ут ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Шүүгдэгч Г.У нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч нь хохиролыг төлж барагдуулан хохирогчийн гомдол нэхэмжлэлийг барагдуулсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг арилсанд тооцон Г.Уыг бусдад төлөх төлбөхгүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Б овогт Гын Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Ут оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.У нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ