Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1456

 

 

 

 

 

 

 

     2018         10         22                                     2018/ШЦТ/1456

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч Б.Алтанцэцэг,   

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Цыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806075031713 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 сарын 12-ны өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул Олон улсын худалдааны төвийн орох хаалганы уулзвар дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Нийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Э.Нийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Э.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 09 сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул Олон улсын худалдааны төвийн уулзвар дээр зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байх үед 17 цагийн орчим Чулуун овоо талаас 36-60 УНМ улсын дугаартай CRV маркийн эмэгтэй жолоочтой машин орохыг хориглосон тэмдэгтэй газар руу орох гэхээр нь тухайн машины жолоочийг дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцохыг тайлбарлаж хэлэхэд жолоочийн эсрэг талын хаалганаас нярай хүүхэд тэвэрсэн согтуу залуу бууж ирээд "сүртэй пизда” гэж орилоод замын голд намайг заамдаж аваад нүүрэн тус газар 3 удаа цохисон. Тухайн машины жолооч ирээд хүүхдээ авсан. ...миний зүүн нүд ухархай хэсэгт гэмтэж хөхөрсөн байна. Баруун шанаа хөндүүртэй бага зэргийн хавдсан. Би албан үүргээ хуулийн дагуу гүйцэтгэсний төлөө бусдад зодуулж, доромжлуулсандаа гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

Гэрч Н.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн үед би машин бариад нөхөр миний хажууд 2 сартай хүүхдээ тэврээд сууж байснаа машинаас хүүхэд тэвэрсэн чигээрээ буугаад "оруулчихалдаа чи хүүхэд уйлаад байна ш дээ" гээд цагдаатай маргалдаад нэг нэгнээ заамдалцаад авахаар нь би машинаас бууж очоод хүүхдээ аваад машин руугаа ирээд хартал заамдалцсан чигээрээ байхаар нь дахин очоод цагдаа нөхөр хоёрыг салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Гэрч Т.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Нарантуул захын урд машин гардаг хаалга дээр яваад очиход замын цагдаа ахлах ахлагч Н нэг иргэнтэй маргасан байдалтай байсан. Нийн зүүн нүд нь улайж хавдсан харагдсан. Тэр эрэгтэй архи уучихсан 0,97%-тай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 сарын 14-ний өдрийн №11178 дугаартай:

Э.Нийн биед хүзүү, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 25/

 

Шүүгдэгч Б.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 09 сарын 12-ны өдөр би эхнэр бага хүүхдийн хамт өрхийн эмнэлэг орохоор явж байсан. Тэгтэл зам их түгжрэлтэй хүүхэд уйлаад өвдөөд байхаар нь 14 дүгээр хорооны өрхийн эмнэлэг орохоор Нарантуул захын урд хаалгаар орох гэтэл замын цагдаа оруулахгүй гэхээр нь би "хүүхэд өвдөөд байна оруулчих гэж гуйхад оруулахгүй, зайлаач, яваач гээд байхаар нь эхнэр тухайн үед машин барьж байсан учир уулзвар дээр машиныг нь эргүүлээд зогсоолгоод машинаас буугаад хүүхэд тэвэрсэн чигтээ очоод дахиад гуйхад энэ хаалгаар оруулахгүй байгаа гэж хэлсэн. Оруулчих хүүхэд уйлаад байна, чи хүүхэдгүй юу, бие нь өвдөөд байна гэхэд оруулахгүй чи хурдан зам тавь, машинаа аваад зайл гэхээр нь би цагдааг заамдахад намайг мөн заамдсан. Тэр үед миний завьж язраад цус гарангуут нь намайг цохьчихлоо гэж бодоод цагдааг мангасдаад авсан. Тэгээд ноцолдож байтал тухайн цагдаагийн нүдний шил газар унаад хагарсан. Замын цагдаагийн путикний тэнд очоод би эвлэрье гэхэд үгүй цагдаа ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд хэлтэс рүү авчирсан. Би хүүхдийн бие өвдөөд байхад та нар ингэж болж байгаа юмуу гэж хэлээд гар утсаараа бичлэг хийх гэхэд утас булааж авах гээд байсан. Тэгээд эрүүлжүүлэхэд хийсэн. Орохыг хориглосон тэмдэг байгаагүй. Сүүлд очиход хулдаасан тэмдэглэгээ байсан урагдаад харагдахгүй байсан. Тэр дээр нь хориглосон зүүн хаалгаар орно уу гэж бичсэн байсан. Урд нь уг хаалгаар орж байсан. Хэзээнээс оруулахаа больсоныг би мэдэхгүй байна. Замын цагдаа оруулахгүй талаар зохицуулалт хийж байсан. Тухайн үед манай эхнэр тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Би 2 шил пиво уучихсан байсан учир жолоо бариагүй байсан. Уусан үедээ жолоо барьдаггүй. Нийн нүүр рүү мангасдахад хацар нүд нь улайсан хүзүүний улайлт заамдалцахад учирсан байх миний мангасдснаас учирсан гэж үзэж байна. Н надад миний гар утасны дэлгэц тухайн үед унаад хагарсан мөн нүдний шил хагарсан гэж хэлж байсан. Би гар утсыг унахыг хараагүй. Харин нүдний шил нь унаж байсан. Гар утас энгэрт нь байсан гэсэн энгэрт нь байсан утас хагартал тийм зууралдаан болоогүй. Гэхдээ би түүнд хохирлын мөнгө гээд 300,000 төгрөг дансаар нь шилжүүлсэн прокурорын тогтоол дээр 3 удаа цохьсон гэж бичсэн байна би гараа зангидаж байгаад нэг ч удаа цохиогүй нэг удаа л нүүрэн тус газар нь мангасдаж түлхсэн. Нэг нэгнээ чичлэх явдал байсан  гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

 

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, илтгэх хуудас /хх-ийн 2-4/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

-шүүгдэгч Б.Цын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29/,  иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-37/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Цын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс ял, эрүүгийн хариуцалга оногдуулж шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт нь торгох ял оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бийн Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,

албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Цт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Б.Цт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ