Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00002

 

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00002

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/02197 дугаар шийдвэртэй,

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Б даатгал” ХХК-д холбогдох,

Даатгалын гэрээний 7.1.7.4-т заасныг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, даатгалын нөхөн төлбөрт 18,678,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

 “А” ХХК нь “Б даатгал” ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж 00-** УБЕ улсын дугаартай Тоуоtа Lаndсrusеr 200 /Тоёото Ланд круйзер 200/ маркийн автомашиныг 165,000,000 төгрөгийн үнэлгээтэйгээр, 1 жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан. Тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан учир нь жолоочийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон эзэн холбогдогч тогтоогдох боломжгүй нөхцөлд манай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгалын компани барагдуулна гэж ойлгоод “ХасБанк” ХХК-ийн зуучилсны дагуу 2,475,000 төгрөгийн хураамж төлж өөрт учрах эрсдэлээ бүрэн даатгуулж байна гэж итгээд гэрээ байгуулсан.

2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэх захирал Сд нь даатгалын зүйлийг жолоодон явахдаа бусдын тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргаснаар даатгалын тохиолдол үүссэн. Ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон зам тээврийн ослын бүртгэл зэрэгт Сдыг гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газарт гүйцэтгэсэн болохыг тогтоосон. Ингээд “Б даатгал” ХХК-тай байгуулсан В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулахаар даатгагчид хандахад 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 21/352 дугаар Нөхөн төлбөрийн шийдвэр хүргүүлэх тухай албан бичгээр ...Сд нь гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газарт гүйцэтгэсэн болох нь нотлогдож байх тул даатгалын гэрээний 7.1.7.4 дэх хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн бол" даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол хэмээн үзэж даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй байхаар, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж болно гэж тус тус зохицуулсныг үндэслэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Энэ гэрээний 7 дугаар зүйл нь тус гэрээний үндсэн хамгаалалт гэсэн хэсэгтэйгээ зөрчилдсөн, энэ заалтын дагуу даатгуулагчид учирсан хамгаалуулахаар заасан эрсдэлт нөхцөлд бүхий л хохирлыг даатгагч хариуцахааргүй хэт нэг талын ашиг сонирхлыг хамгаалсан даатгуулагчид ашиггүй гэрээ байгуулсан болохоо мэдлээ. Тухайлбал даатгалын гэрээний үндсэн хамгаалалт хэсэгт байгалийн эрсдэл, галын эрсдэл, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл буюу мөргөлдөх, шүргэлдэх, онхолдох зэргийг бүрэн хамгаалж, нөхөн төлбөр олгохоор тохиролцсон атлаа 7 дугаар зүйлд бүхэлд нь үндсэн хамгаалалт хэсгээ үгүйсгэж, даатгуулагч талдаа илт хохиролтой байдлаар зохицуулсан байна.

Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор “Б даатгал” ХХК-тай байгуулсан В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлээр зохицуулсан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаан буюу даатгалын нөхөн төлбөр олгохгүй тохиолдлуудын 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж төрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн гэж заасан заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой хэмээн үзэж хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байна.

Иймд “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар автомашинд нийт 17,798,400 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон бөгөөд уг үнэлгээний төлбөрт 880,000 төгрөг төлсөн тул 18,678,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Даатгуулагч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Сд нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нь Цагдаагийн байгууллагын дүгнэлт болон ослын үеийн гэрэл зураг, үзлэгээр тогтоогдсон бөгөөд В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.1.7.4-т “Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн бол нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл байхаар хоёр тал тохиролцсон юм. Иймд даатгалын гэрээний 7.1.7.4 болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж болно гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т Даатгагч нь Энэ хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэглэн олгохоос татгалзах" эрхтэй гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Даатгуулагч “А” ХХК-тай байгуулсан В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн байгуулагдсан бөгөөд даатгуулагч нь уг даатгалын гэрээг байгуулах үедээ даатгалын гэрээнд өөрчлөлт оруулах, саналаа тусгах бүрэн боломжтой юм. “Б даатгал” ХХК нь зах зээлд давамгайлагч этгээд биш бөгөөд даатгалын байгууллага нь даатгалын үйл ажиллагааны үндсэн зарчмуудын дагуу даатгалын эрсдэлд хамаарах нөхцөл болон хамаарахгүй нөхцөлийг гэрээгээр тодорхойлсон байх шаардлагатай байдаг. Мөн даатгалын эрсдэл гэдэгт урьдчилан тооцох боломжгүй, гэнэтийн шинжтэй тодорхойгүй үйл явдлыг ойлгодог. Үүнд даатгуулагчийн зүгээс эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч тогтоосон хэм хэмжээ, хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгосон байхад гэнэтийн шинжтэйгээр эрсдэл учирсан тохиолдлыг авч үздэг. “А” ХХК-тай байгуулсан В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлд Даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцөлийг тодорхойлсон ба 7.1.7.4-т гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн буюу тогтоосон хэм хэмжээ, хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгоогүй, өөрийн зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй нь нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл байхаар тохиролцсон байдаг.

Иймд “Б даатгал” ХХК болон “А” ХХК нарын хооронд байгуулсан 200102200006 тоот В ангилалын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн; гэж заасан нь харилцан итгэлцлэл, шударга ёсны зарчим болоод даатгалын зарчимд нийцсэн хуульд заасны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл тул “А” ХХК-ийн “Б даатгал” ХХК-тай байгуулсан В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн гэж заасныг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, даатгалын нөхөн төлбөрт 17,798,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 202 дугаар зүйлийн 202.2 дах хэсэгт зааснаар “А” ХХК-ийн “Б даатгал” ХХК-тай байгуулсан В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлээр зохицуулсан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаан буюу даатгалын нөхөн төлбөр олгохгүй тохиолдлуудын 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн гэж заасныг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, даатгалын нөхөн төлбөрт 18,678,400 төгрөг гаргуулах тухай “Б даатгал” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /213,040+108,502/ 321,542 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт талууд аж ахуй эрхлэгчид тул тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлийг Иргэний хуулийн стандарт нөхцөлийн зохицуулалтаар тайлбарлах боломжгүй...” хэмээн дүгнэж Иргэний хуулийн гэрээний стандарт нөхцөлийн талаарх зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Даатгалын гэрээний 7.1.7.4 дэх заалт нь хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл болохыг хариуцагч талын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мөн хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл анхан шатны шүүх ямар учраас талуудын маргаагүй, тайлбар мэдүүлгийг үл харгалзан аж ахуй эрхлэгч байгууллагуудын хооронд байгуулсан гэрээ бүрт Иргэний хуулийн стандарт нөхцөл бүхий гэрээний зохицуулалт бүхий заалтуудыг хэрэглэхгүй гэж тайлбарлаад тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ болон дээрх заалтыг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, байгуулсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон бол анхан шатны шүүх иргэний хэргийг мөн зүйлийн 202.2 дахь хэсэгт заасан заалтын зөвхөн “аж ахуй эрхлэгч иргэнтэй байгуулсан” гэх 5 үгэнд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгч “А” ХХК нь гар утас, цахилгаан хэрэгслийн хамгаалалтын наалтны худалдаа болон авто машины засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд “Б даатгал”” ХХК-тай компанийн хэрэгцээнд ашигладаг автотээврийн хэрэгслийг аливаа эрсдэлээс хамгаалах зорилгоор даатгалын гэрээ байгуулсан. Иргэний хуулийн албан бус тайлбарт Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт заасан заалтыг “...гэрээний талууд тухайн заалтыг тухайлан нэгэндээ тайлбарлахгүй байсан ч гэрээлэгч тал нь шууд ойлгохоор нөхцөлтэй аж ахуй эрхлэгч нарт хүчин төгөлдөр бус байх нөхцөлүүд хамаарахгүй ба гэрээний талууд нэг бүлэгт хамаарах үйл ажиллагааны чиглэлүүдгүй байх тохиолдолд тухайн заалт аж ахуй эрхлэгчид хамаарч болох” талаар тайлбарлажээ. Иргэний хуулийн үзэл баримтлал, түүний албан бус тайлбарын дагуу ч агуулгын хувьд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт заасан заалтыг энэ тохиолдолд хэрэглэх боломжгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн хүсэл зориг, зөрчигдсөн эрх, ашгийн талаас нь тайлбарлавал “А” ХХК нь даатгалын гэрээний үндсэн дээр эрсдэлээ даатгуулж даатгалын хураамж төлөх, гэрээний хүчинтэй хугацаанд даатгалын тохиолдол болсон үед даатгалын компаниас нөхөн төлбөр олгох итгэлцэл дээр суурилан “Б даатгал” ХХК-тай гэрээлсэн. Зүй нь, даатгалын гэрээ нь ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэхээр тохиролцон хийгддэг бөгөөд болзолт хэлцлийн шинжийг агуулж байдаг. Тиймээс, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах явцад үүсч болох хохирлоос урьдчилсан сэргийлэх зорилгоор байгуулагдсан болзол тавьж хийсэн хэлцэл байна.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Иргэний хуулийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлаж... харилцан тохиролцож байгуулсан ба хууль зөрчөөгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна...” гэж үзсэн нь шүүх тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнийхээ гол агуулга, мөн чанар, хэлбэрийг ойлгоогүй хууль хэрэглээний алдаа гаргаж, талуудын маргааныг хэлбэрийн төдий шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Даатгалын гэрээг анх байгуулж байх үеийн эрсдэл, даатгалын тохиолдолд бий болох эсхүл даатгалын гэрээ дуусгавар болох үеийн эрсдэл нэг хэмжээнд байх ёстой . Өөрөөр хэлбэл, эрсдэлийн тухай мэдэж болох бүхий л мэдээллийг даатгагч, даатгуулагч нар харилцан солилцсон байх ёстой. Мөн анх гэрээ байгуулахад эрсдэлийн тухай зарим нэг мэдээллийг дутуу өгвөл энэ нь хууран мэхлэх үйлдэлд тооцогдох боломжтой байдаг.

“Б даатгал” ХХК-ийн хувьд “А” ХХК-д уг маргаан бүхий гэрээний 7.1.7.4 дэх хэсэгтэй танилцах бүрэн боломжоор хангаагүй, гарч болох үр дагаврын талаар тайлбарлаагүй, мөн үндсэн хамгаалалт хэсэг дээр нөхөн төлбөр олгох мэт ойлголт төрүүлсэн нь төөрөгдөл үүсгэсэн. Тухайн гэрээний үндсэн хамгаалалт хэсэгт зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл буюу мөргөлдөх, шүргэлдэх, онхолдох зэргийг бүрэн хамгаалж, нөхөн төлбөр олгохоор заасан атлаа 7.1.7.4 дэх хэсэгт үндсэн үүргээ хязгаарласан байгаа нь болзлыг тохирч байх үед тухайн болзол бий болохгүй гэдэг нь гуравдагч этгээдийн обьектив дүгнэлтээр илт биелэгдэх боломжгүй байхаар байна.

4.2 Хэрэгт Монгол Улсад даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Миг даатгал” ХХК, “Агула даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК, “Улаанбаатар хотын даатгал” ХХК болон “Монгол даатгал” ХХК нарын “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-нүүдийг хэрэгт ач холбогдол бүхий гэж үзэн нотлох баримтаар гаргуулсан бөгөөд нэг бүрчлэн шүүхэд шинжлэн судлуулсан байдаг. Эдгээр тээврийн хэрэгслийн гэрээнүүдэд бүгдэд нь нэхэмжлэгч талын хүчин төгөлдөр бус болгуулахаар заасан жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл гаргасны улмаас үүссэн даатгалын тохиолдолд нөхөн төлбөр олгохоор заасан байгаа юм. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа эдгээр ач холбогдолтой нотлох баримтуудыг ямар учраас үнэлэлгүй орхигдуулснаа дүгнэж, тайлбарлаагүй нь нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн дүгнэж, бодитой шийдвэр гаргаж чадаагүй гэх эргэлзээг төрүүлж байна.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийг шууд утгаар тайлбарлавал гэрээний 7.1.7.4-ийн “гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн” гэсэн заалт тохиролцоо нь даатгуулагчийн Замын хөдөлгөөний дүрэм, журмын заалтыг зөрчихгүй байхыг хариуцлагажуулсан заалт бөгөөд гэрээний талууд үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нөгөө талын шаардах эрхийг хязгаарласан заалт гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан 7.1.7.4-т “гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн” гэж заасныг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагыг хангах боломжгүй байна...” гэжээ. Даатгуулагч өөрт учирч болох эрсдэлээ аль болох бага байлгах зорилгоор Даатгалын байгууллагатай даатгалын гэрээ байгуулдаг болохоос өөртөө үүрэг, хариуцлага авах гэж, түүний өмнө үүрэг хүлээх гэж эд хөрөнгөө даатгуулдаггүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцоогүй, тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 18,678,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “А” ХХК нь “Б даатгал” ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 200102200006 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, тус компанийн Тоёото Ланд круйзер 200 маркийн 00-57 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 165,000,000 төгрөгийн үнэлгээтэйгээр даатгуулж, даатгалын хураамж 2,475,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ /хх 9/.

 

4. “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Сд нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 00-57 УБЕ улсын дугаартай Тоёото Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хандгайт зуслангийн замд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.4.а “уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас бусдын тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргаж даатгалын зүйлд хохирол учруулсан үйл баримтад маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэн нь гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх үндэслэлээр маргах эрхтэй. “А” ХХК нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч мөн боловч 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 200102200006 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулахдаа “Б даатгал” ХХК-ийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авч буй хэрэглэгчийн хувиар тухайн гэрээний харилцаанд оролцсон гэж дүгнэхээр байна. 

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь авто машины засвар үйлчилгээ, гар утас, цахилгаан хэрэгслийн хамгаалалтын наалтны худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг үндсэн үйл ажиллагааны хүрээнд адил чанарын үйл ажиллагаа явуулдаг этгээдтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй тул даатгалын үйл ажиллагаанд түүнийг аж ахуй эрхлэгчид тооцохооргүй байна. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийг даатгалын гэрээний харилцаанд “хэрэглэгч” гэж үзнэ.  

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт "хэрэглэгч" гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг ойлгоно гэж заасныг өргөжүүлэн тайлбарлахад эрхэлж буй аж ахуйн үйл ажиллагааны хүрээгээр хязгаарлаж, эрхлээгүй үйл ажиллагаанд мэргэшээгүй, мөн хувь хүнтэй адил стандарт нөхцөл бүхий даатгалын гэрээгээр эрх эдэлж, үүрэг хүлээн оролцож, даатгалын бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа хуулийн этгээдийг хэрэглэгчид тооцох боломжтой.

Иймд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт заасан иргэн гэдгийг хуулийн этгээд гэж тайлбарлавал нэхэмжлэгч нь гэрээний стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус талаар маргах эрхтэй.

 

5.1 Гэрээний 7 дугаар зүйлд талууд даатгалын эрсдэлд хамаарахгүй нөхцөлийг тохиролцсон байх ба 7.1.7.4-т “Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэж түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн” тохиолдолд нөхөх олговор олгохгүй юм. Талуудын уг тохиролцоо нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.4.а заалт буюу уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглосон хэм хэмжээтэй дүрмээр хязгаарласан зохицуулалт тул гэрээний 7.1.7.4-т заасан тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй. Замын хөдөлгөөний дүрмийн гүйцэж түрүүлэхийг хориглосон хэм хэмжээг зөрчиж, даатгалын тохиолдол бий болгосон үйлдлийг шүүх зөвтгөх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.4.а-д “уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчвөл даатгалын эрсдэлд хамаарахгүй байхаар гэрээнд заасан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 даатгуулагч санаатайгаар зөрчиж хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөлийг бүрдүүлсэн гэх зохицуулалттай нийцжээ.

Даатгалын зүйлд учирсан хохирол нь даатгалын нөхөн төлбөр олгохгүй тохиолдолд хамаарна гэх анхан шатны шүүх дүгнэлт, энэ талаарх хариуцагчийн татгалзал нь үндэслэлтэй байна.

 

6. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах үүрэгтэй.

Энэ хүрээнд нэхэмжлэлд заасан “даатгалын гэрээ-ний 7 дугаар зүйлээр зохицуулсан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаан буюу даатгалын нөхөн төлбөр олгохгүй тохиолдлуудын 7.1.7.4-т Гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон газар эсвэл гүйцэт түрүүлэхийг хориглосон тохиолдолд гүйцэж түрүүлсэн гэж заасныг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах” гэх шаардлага нь бие даасан шаардлага биш, харин гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байхын үр дагаврыг зохицуулсан буюу нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахаар байгааг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага гэж буруу дүгнэснийг залруулах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас дээрх нэхэмжлэлийн шаардлага болон холбогдох хууль хэрэглээг хасч өөрчлөн найруулахаар шийдвэрлэв. Үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт орно.

 

  

7. Дээрх дүгнэлтээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахаас татгалзаж, шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/02197 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч “Б даатгал” ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 18,678,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “56.1” гэсний дараа “58 дугаар зүйлийн 58.1” гэж нэмж, 321,542 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай” гэснийг “321,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгч “А” ХХК-д буцаан олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                           ШҮҮГЧИД                                                       С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ