Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1457

 

 

 

 

 

 

 

   2018        10          22                                  2018/ШЦТ/1457

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, 

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 1806023930337 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр Цайзын уулзвар орох замд Велмарт дэлгүүрийн харалдаа Тоёота приус-20 маркийн 08-38 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6- д заасан "Жолооч ...байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчсөний улмаас "Монел-38" чиглэлийн 82-64 УНЭ улсын дугаартай автобусны хөдөлгөөнд саад учруулсны улмаас уг автобус огцом тоормос авахад дотор нь сууж явсан зорчигч Б.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                 /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Д.М нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6- д заасан "Жолооч ...байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчиж "Монел-38" чиглэлийн 82-64 УНЭ улсын дугаартай автобусны хөдөлгөөнд саад учруулсны улмаас автобус огцом тоормос авахад дотор нь сууж явсан зорчигч Б.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед монел чиглэлийн автобусанд офицеруудын ордоны урд талын автобусны буудал дээрээс суугаад автобусны урд талаас 3 дахь сандлын урд хэсэгт бариулаас бариад зогсоод явж байсан. Автобус эргээд цайз руу дээшээ өгсөж явж байгаад гэнэт тоормозлож зогсоход бариж байсан бариулаас гар алдаад автобусны жолооч талын кабиныг тойрсон төмөр лүү савж унахдаа эхлээд зүүн гарын шуу мөн зүүн хөл өвдөг хэсгээр газарт хэсгээр унасан. Эхлээд нэг жаахан охин, тэгээд нэг залуу, тэр хоёрын дээрээс би унасан. Өөрөөр хэлбэл гурван хүн давхарлаж унасан юм. Би аюулгүй байдлаа хангаад бариулаас бариж явсан. Нөгөө 2 хүн миний урд тал дарааллаад зогсоод бариулаас бариж байсан харагдаж байсан. Ингэж автобус огцом тоормозлож зогсноос болоод миний зүүн гарын шуу хугарсан, зүүн өвдөгний мах тасарсан гэмтэл надад учирсан. Одоогийн байдлаар учирсан гэмтлийг эмчилгээ хийлгэж эдгээх гэж 1 сая гаран төгрөг зараад байгаа. Яг өндөөрийн байдлаар хөл гайгүй, гар эдгээгүй бороолоогүй хялтас тавиж хадна гэж хэлж байна лээ. Үзэгдэх орчин чөлөөтэй нартай, цас бороо ороогүй, зам хальтиргаагүй зам байсан. Автобус миний бодлоор 50-60 цагийн хурдтай явж байсан гэж бодогдож байна. Автобусанд унаад босоод ирэхэд өнгийг мэдэхгүй нэг приус-20 машин автобуснаас ойролцоогоор 6 метрийн зайд замын 2 дугаар эгнээнд автобусны урд зогсож байсан. Тэр хоёр тээврийн хэрэгслүүд мөргөлдөж осол гаргасан асуудал болоогүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх хохирол байхгүй. Бүгд нөхөн төлөгдсөн. Д.М 600.000 төгрөгийн хохиролыг бэлэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 45, 59/,

 

Гэрч Г.Нны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед би "Монелын 38 Сансар" чиглэлийн 82-64 УБЭ улсын дугаартай автобусыг жолоодоод Офицеруудын ордноос хойшоо Цайзын уулзвар уруу өгсөж байсан. Урд явж байсан машиныг араас нь дагаад явж байсан чинь Веллмарт дэлгүүрийн харалдаа туслах шороон замаас Приус 20 маркийн бор өнгөтэй машин миний урд талын машиныг өнгөрөөчихөөд шууд дохио өгөлгүй замын үргэлжилсэн шугам давж урагшаа эргэх гээд зам хаагаад зогсчихсон юм. Тэгэхээр нь би зогсохоос өөр аргагүй болоод огцом тоормослосон. Тэгсэн чинь автобусанд явж байсан хүмүүс орилолдоод явчихсан. Гэтэл тэр машин шууд эргэж байснаа болиод урагшаа эргээд зам дээр тэгшхэн зогсчихсон. Би жолоочид нь хандаж "Чамаас болж автобусанд явж байсан хүмүүс бэртэж гэмтчихлээ ш дээ" гэсэн чинь би таны урдуур орж эргэж байгаагүй гээд байсан. Би цагдаа дуудлаа чи байж бай гэж тэр залууг авч үлдсэн ба бараг тэр чигээрээ явах гээд байсан. Автобусанд явж байсан нэг охин, нэг настай эмэгтэй, эрэгтэй гэмтсэн байсан. Нэг настай ах нь автобусны урд талын салхины шилийг мөргөөд цуулчихсан байгаа. Өөрөөр машинд учирсан гэмтэл байхгүй байна. Би 30-40 км/ цагийн хурдтай явж байсан. Дээшээ өгсөж байсан болохоор удаан явж байсан. Урд талын машинаасаа 5-6 метрийн зайтай явж байсан. Гэтэл тэр туслах замаас эргэсэн машин миний урд талын машиныг өнгөрөөгөөд шууд дараад эргэсэн. Миний жолоодож явсан автобусанд 50 орчим зорчигч байсан. Миний урдуур эргэсэн жолоочоос би автобусныхаа урд талын салхины шилийг төлүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

 

Замын цагдаагийн албаны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 377 дугаартай:

Hyundai Aero city 540 маркийн 82-64 УНЭ улсын дугаартай автобусны жолооч Гомбосүрэн овогтой Наранчулуун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Автобусан дотор зорчиж явсан У.А, Б.Ц, Д.М нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Hyundai Aero city 540 маркийн 82-64 УНЭ улсын дугаартай автобусны жолооч Ггийн Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан заалтыг биелүүлж зогсоох арга хэмжээ авсан. Мөн тухайн автобусанд дотор болсон үйл явдлуудыг зам тээврийн осол гэж үзэхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87/,

 

Замын цагдаагийн албаны 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн нэмэлтээр хийсэн:

Телекамерын бичлэгээс харахад тоёота приүс маркийн 08-38 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Даваадорж овогтой М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайн ослын хувьд үзэхэд Х.Ар маркийн автобусны жолооч нь зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлж зогсоох арга хэмжээ авсан байдал харагдаж байна. Харин автобусанд яваа зорчигчид зориулалтын суудалд суух болон, хэрэв зогсож яваа бол зориулалтын бариулаас барьж аюулгүй байдлаа хангаж явсан эсэхэд шинжээчид хариулах боломжгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-96/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 сарын 03-ны өдрийн 3246 дугаартай:

Б.Цийн биед зүүн гарын шууны богтос ясны далд хугарал, шуу, сарвуу, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89/,

 

-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-35/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 36/,

-Сидиний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-38/,

-ШШҮХ-ийн 2018 оны 03 сарын 03-ны өдрийн 3247 болон 3252 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90, 115/

 

Шүүгдэгч Д.Мын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүрийн цайзын уулзварын урд Вэлл март гэдэг нэртэй газар орж 00 орчихоод гарж ирээд машинаа бариад гарцнаас төв замруу орохдоо 1 дүгээр эгнээнд машин зогсож байсан учраас би шууд 2 дугаар эгнээрүү дараад орсон. Тэгтэл урд талаас ирж байсан автобус намайг мөргөхгүй гээд огцом тоормослосон. Тухайн үед автобус нилээн зайтай харагдаж байсан. Тэгтэл яг замруу орох үед нилээн тулаад ирсэн байсан. Тэгээд би машиныхаа голын толинд харсан чинь автобус хөдлөхгүй зогсоод байсан. Тэгэхээр нь би машинаасаа бууж ирээд машинаа тойрж харчихаад буцаад машиндаа суугаад байж байтал автобусны жолооч над дээр гүйж ирээд автобусан дотор сууж байсан хүмүүс бэрчихлээ буугаад ир гэсэн. Тэгээд би машинаасаа бууж ирээд зогсож байтал удахгүй цагдаа, эмнэлгийн хүмүүс ирсэн. Би тухайн үед гарцнаасаа машинтайгаа гарах үед 1 дүгээр эгнээнд нэг хар машин зогссон байсан учир би шууд цаагуур нь тойроод 2 дугаар эгнээлүү явж орсон гэх мэдүүлэг /хх-ийн 100/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Хавтаст хэргээс шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Д.Мянганжадамбын иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 61-73, 116/ зэргийг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн, Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.М нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал,  хохирогч нарт учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөлүүдийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Ц, тухайн автобусанд зорчиж байсан Д.М, У.А нарт хохирол болон төлбөр төлж барагдуулсан байна. Хавтаст хэргийн 147-149 дүгээр талд тэдэнд хэргийн материал танилцуулсан тэмдэглэл байх ба тэд бүгдээр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байна.

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б овогт Дийн Мыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.М нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь зааслтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ