Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00029

 

 

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00029

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/03882 дугаар шийдвэртэй,

А-гийн нэхэмжлэлтэй Б ТӨХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагвадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Саруул, Л.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: А- Б ТӨХК-тай 2020 оны 07 дугаар сарын 02-ны хөдөлмөрийн гэрээ байгуулж, Санхүү, хангамжийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. А- 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ковид 19 өвчний халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийгдэж байх үед буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Санхүү, хангамжийн асуудал эрхэлсэн Дэд захирлын ажлын байр хасч, улмаар 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б ТӨХК-ийн захирлын Б/65 тоот тушаалаар А-г ажлаас чөлөөлсөн. Иймд үндэслэлгүйгээр гаргасан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/65 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон.

2.1 Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоол хэрэгжүүлэхийг даалгасан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны А-1/354 тоот албан бичигт заасны дагуу ажлын байрны эрх, үүргийн давхардлын талаарх компанийн дотоод аудиторын дүгнэлт зэргийг харгалзан Б ТӨХК-йн Төлөөлөн удирдах зөвлөл нь эрх хэмжээнийхээ хүрээнд компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг 2021 оны 24 тоот тогтоолоор шинэчлэн баталсан.

2.2. А-гийн эмнэлгийн магадалгааны хугацаа дуусаж ажилдаа эргэн орж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэх хуудсыг 30 хоногийн өмнө мэдэгдэн гардуулахад А- нь та бүхний мэдэгдлийг сонслоо, танилцлаа, ойлголоо, зөвшөөрч байна, нэг хувийг нь би авъя гэж хариулсан. Үүний дагуу мэдэгдэх хуудасны нэг хувийг нь А-д өгч, энэ талаар тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасныг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр А-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /2022 оны/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ТӨХК-д холбогдох 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/65 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, 2022 оны 03 сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч талаас шүүхийн хэлэлцүүлгийн хүсэлтийн үе шатад шүүхийн журмаар хэрэгт чухал ач холбогдол бүхий Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 06 дугаар тогтоол болон тогтоолын хавсралтыг гаргуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх уг хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэхийг нь үнэлж үзэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан баримт гаргуулах тухай хүсэлт нь анх нэхэмжлэл өгөхдөө гаргасан хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад А- ажилд орсон эсэх, хурлын тэмдэглэлийг дэлгэрэнгүй байдлаар гаргаж авъя гэсэн. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хурал эхэлсэн байхад тэмдэглэл нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр байдаг. Хурал эхэлсэнтэй холбоотойгоор яг ямар ямар асуудал хэлэлцэх гэж байгаад гэнэт өөрчлөлт ороод А-тэй холбоотой асуудал хэлэлцэв гэдэг тэмдэглэлийн асуудал байна, бас хэлэлцэх асуудлын төлөвлөгөө байдаггүй.

4.2 2020 оны 06 дугаар тогтоолын хавсралтад нийт 186 ажилтантай, санхүү хангамжийн асуудал эрхэлсэн дэд захиралтай гэсэн атлаа 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн уг тогтоол нь өмнөх тогтоолоосоо бүтэц орон тооны хувьд ямар ч ялгаагүй буюу адилхан 186 ажилтантай адилхан нэг нэг дэд захиралтай харин захирлуудын нэршлийн хувьд аж ахуй хангамж эрхэлсэн дэд захирал гэж өөрчилөн өмнөх санхүү гэсэн ганц үгийг хасаж ажлын байрны тодорхойлолтыг өөрчилсөн зэрэг асуудлуудыг баримт нотлолгооны үндсэн дээр гаргаж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд ач холбогдолтой баримт байсан болно. Энэхүү тогтоолын хавсралтыг хэрэгт баримтаар гаргуулаагүй.

Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг ирүүлэхдээ зөвхөн өөрт ашигтай тэмдэглэл тогтоолыг ирүүлж бусад тэмдэглэлүүд мөн холбогдох ТУЗ-ийн шийдвэр, тогтоол манай байгуулагад хамааралгүй нууцын зүйл учир дэлгэрэнгүй ирүүлэх боломжгүй гэсэн худал тайлбар гаргаж шүүгчийн захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхад хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хурлыг үргэлжлүүлэн процессийн ноцтой зөрчил гаргасан.

4.3 А- нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл өвчтэй байсан ба 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай Удирдлага зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж А-гийн ажлын байрыг хассан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсгийг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Төлөөлөн удирдах зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, засварлан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тогтоол гарсан. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хурлыг 3-4 удаа хойшлуулсан хугацаанд хүсэлт гаргаагүй атлаа шүүх хуралдаанд энэ талаар хүсэлт гаргасан. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тухайгаа нотлоогүй, холбогдох баримтыг өгөөгүй.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын хэлэлцэх асуудал төлөвлөгөө байхгүй гэдэгт өмнөх шүүх хуралд хэлсэн. Үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан. Эрчим хүчний сайдын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/4241 тоот албан бичгээр Б ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлын хэлэлцэх асуудал төлөвлөгөөг баталж, удирдамж хэлбэрээр хүргүүлсэн. Шүүгчийн захирамжид заасан баримтуудыг хүргүүлсэн, нуун дарагдуулсан материал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан журмыг зөрчсөний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3.1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2022/15809 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, хариуцагч Б ТӨХК-аас тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлын 24 дүгээр тогтоол, түүний хавсралт, хурлын тэмдэглэлийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу зохих баримт ирээгүй учир мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2022/17440 дүгээр захирамжаар хариуцагчаас дахин нотлох баримт гаргуулахаар даалгасан байна.

3.2 Б ТӨХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01/538 тоот албан бичгээр тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийг ирүүлсэн байх боловч уг тэмдэглэл бүрэн ирээгүй буюу зарим бичвэрийг дарж хуулбарласан, зарим хэсгийн агуулга нь өмнөх талд авагдсан тэмдэглэлийн агуулгатай таарахгүй байна. /хх-ийн 146-148, 152/

 

Өөрөөр хэлбэл, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж үзэж нэхэмжлэгч хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан атлаа нотлох баримт бүрэн ирээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 

Нөгөө талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/03882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Т.БАДРАХ