| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1398/Э |
| Дугаар | 1460 |
| Огноо | 2018-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 1460
2018 10 23 2018/ШЦТ/1460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баттулгын Ст холбогдох эрүүгийн 1806 07808 1778 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Жтай маргалдсаны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 07808 1778 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч Э.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Тэр өдөр ээж дүү хоёртойгоо худалдааны төв орохоор гархад гадаа хүйтэн байсан. Би түрүүлж гараад гудамжны буланд такси барих гээд зогсож байтал 23-25 орчим насны амнаас нь архи үнэртсэн эрэгтэй хүрч ирээд Хоовоо хаана байна гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн, өөдөөс шаагаад байгаарай хаана байгааг нь хэл чи намайг таних уу гэж асуухаар нь би танихгүй гэж хэлтэл чи яагаад намайг таньдаггүй юм гэж хэлээд намайг заамдаж аваад хашааруу шахахаар нь би арай гэж мултраад зугтах гэсэн чинь араас нь нэг настай эрэгтэй хүн миний араас түлхэж унагаад дээрээс өшиглөсөн. Намайг босоод иртэл эхэлж намайг цохисон залуу нь гартаа чулуу барьчихсан зогсож байхаар нь би тэр ахад ахаа би таныг таних юм байна гэж хэлсэн чинь гартаа барьсан чулуугаа газар хаяад намайг заамдаж авахаар нь би тэр ахыг чирээд гудамжнаас гараад заамдсан гарыг нь тавиулсан. Зүүн шанаа руу нэг удаа цохисон, дахин хоёр цохисон боловч оноогүй гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11599 дугаартай:
Э.Жийн биед хүзүү, хоёр бугуй, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 18/
Шүүгдэгч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагийн орчим найз Дтэй утсаар яриад хаана байгаа юм уулзах уу гэж асуухад Жанжин клубын энд байна хүрээд ир гэхээр нь Б буюу Х гэдэг найзынхаа хамт Жанжин клубын тэнд Дтэй очиж уулзсан юм. Дийн гэр рүү нь явж байхдаа гудамжны буланд байдаг дэлгүүр орж 0.75 граммын Соёрхол архи нэг шил, ундаа аваад гэр рүү нь орсон. Бид гурав дэлгүүрээс авсан архи, ундаагаа ууцгаасан. Тэдний гэрээс 16 цагийн орчим бид гурав хамт гараад Д Жанжин клуб руу яваад Б бид хоёр гэр, гэр рүүгээ явцгаасан. Би гэртээ очоод эргэж гараад Э гэдэг дэлгүүрийн гадаа очоод утсаар ярьж байсан нэг залуугаас Хоовоог харсан уу гэж асуусан чинь би яаж мэдэх юм гэж надад хэлээд цаашаагаа утсаар энд нэг архичин ирчихээд томроод байна гэж хэлхээр нь би чамд архичин шиг харагдаад байна уу гэж хэлээд бид хоёр маргалдаад би тэр залууг баруун гараараа цээжрүү нь түлхсэн чинь хүрч ирээд намайг зөрүүлэн цохих гэхээр нь би тэр залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа баруун гараараа алгадсан. Бид хоёр барилцаж аваад нилээн зууралдан нэг, нэгнийгээ боогоод давхарлан газар унасан. Нэг мэдсэн манай аав Б ирчихсэн тэр залуугийн дээрээс нь татаад тэр залууг газар унагаасан. Би тэр залууг татаж аваад нэг удаа л цохисон. Би газраас босож ирэхдээ гартаа чулуу барьсан. Намайг босож ирэх үед тэр залуу цаашаа гүйгээд явж байхаар нь би уур хүрээд хажуугийн хашаа руу чулуугаа шидээд мөн гараараа хашаа цохиод дахин газраас чулуу авч тэр залуугийн араас нь шидсэн боловч оноогүй гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
-цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэрэг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл /хх-ийн 5 хуудас/,
-хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 43 хуудас/,
-Б.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27 хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 26 хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Сыг иргэн Э.Жавхлангийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бгын Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ