Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00028

 

 

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00028

 

 

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/02733 дугаар шийдвэртэй

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 170,285,388.93 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хатан-Ундрах, хариуцагч Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б- нь А банк ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ/КСС 190405013-2 тоот зээлийн гэрээ, ЗБ/КСС 190405013-2-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, БГ/КСС 190405013-2 тоот баталгааны гэрээнүүдийг байгуулан 140,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар тоног төхөөрөмж авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, 4 улирал цэцэрлэг гудамж 2-р байр, *** тоот хаягт байрлах 82,79 м.кв талбай 3 өрөө орон сууц, 11,75 м.кв талбай авто зогсоол бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч үүргээ биелүүлээгүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах үндэслэлтэй болно. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 115,453,298 төгрөг, хүү 54,163,957 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 658,132 төгрөг, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол болох нотариатын зардал 10,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч татгалзал, тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б-гээс 170,285,388.93 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б- шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011*** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, 4 улирал цэцэрлэг гудамж 2 дугаар байр, *** тоот хаягт байрлах, 82.79 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 11.75 м.кв талбай бүхий авто зогсоолыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,006,087 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-гээс улсын тэмдэгтийн хураамж 1,006,087 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: А банк ХХК-аас 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 140,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй зээлж авсан. 2021 оны 6 дугаар сар хүртэл үндсэн зээл 24,546,701 төгрөг, хүү 83,910,734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,021,307 төгрөг, нийт 109,478,743 төгрөг төлсөн. Цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогсож санхүүгийн хүндрэлд орсны улмаас зээл төлөх боломжгүй болсон. Зээлээ төлөхийн тулд орон нутагт удаан хугацаагаар ажилласан.

Шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тухайн үед хөдөө орон нутагт байсан бөгөөд ковид туссан байсан тул өөрийн төрсөн эгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар явуулсан боловч оролцуулаагүй. Уг нөхцөл байдлаа хэлсээр байтал шүүх нэг талыг оролцуулж хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг зөрчсөн. Мөн өөрийн биеэр очиж шүүхийн шийдвэрийг авах гэсэн боловч шуудангаар явуулсан гээд өгөөгүй. Хариуцагчийн шүүх хуралдаанд оролцож тайлбараа хэлж мэтгэлцэх боломжоор хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй. Гомдолд дурдсан шалтгааныг нотлох баримтаар шүүхэд хүргүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн.

Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан учир хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А банк ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 170,633,342 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасны эсрэг хариуцагч татгалзал, тайлбар гаргаагүй байна.

 

3. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр А банк ХХК нь 140,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар Б-д зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

 

3.1 Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т хүү жилийн 22.80 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 4.56 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

3.2 Б- нь үндсэн зээл 24,546,701 төгрөг, хүү 83,910,734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,021,307 төгрөгийг тус тус төлсөн боловч зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл төлөх үүргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчсөн, зээлдүүлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зөрчлийг арилгах талаар мэдэгдэл хүргүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, зээлдүүлэгч өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй талаар өгсөн дүгнэлт нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

 

3.3 Зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар цуцласан бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 115,453,298.4 төгрөг, хүү 53,505,824.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 658,132.95 төгрөг, нийт 169,617,255 төгрөг байсан, энэ тооцоололд хариуцагч нь нотлох баримт гаргах замаар мэтгэлцээгүй.

Мөн нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын зардал 10,000 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд анхан шатны шүүх үндсэн зээлийн үлдэгдэл 115,453,298.4 төгрөг, хүү 54,163,957.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 658,132.95 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 170,285,388.93 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч нь хүү 54,163,957.58 төгрөгийг нэхэмжлэхдээ тооцооллын алдаа гаргасныг анхан шатны шүүх анхаараагүйг залруулж, давхардуулж нэхэмжилсэн 310,178 төгрөгийг 170,285,388.93 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгчээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүйг зөвтгөж, хариуцагчаас гаргуулах тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

 

3.4 Түүнчлэн нэхэмжлэгч нь урт хугацаатай гэрээг цуцласан үндэслэлээр гэрээний үүргийг шаардсан байхад зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хэрэглэгдэх учиртай Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтласан нь оновчгүй тул хасч, нэмэгдүүлсэн хүү тооцох үндсэн зохицуулалт болох Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтыг нэмсэн өөрчлөлтийг оруулахаар тогтов.

 

4. Зохигчид 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-2206011*** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, 4 улирал цэцэрлэг гудамж 2-р байр, *** тоот хаягт байрлах, 82.79 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 11.75 м.кв талбай бүхий авто зогсоолыг барьцаалсан гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

5. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүйн улмаас мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр гомдол гаргасан.

 

5.1 Анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38, 76, 77, 100, 119 дүгээр зүйлд заасан хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж холбогдох баримтыг үйлдсэн байна.

 

5.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн дотор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тайлбараа шүүхэд ирүүлээгүй тул шүүх хуралдааны товыг зарлаж, хуралдааны товыг хариуцагчид мэдэгджээ.

Хариуцагч Б-гийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болохоо шүүхэд илэрхийлээгүй, энэ талаар хүсэлт, баримт ирүүлээгүй учир түүний эзгүйд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/02733 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 453 дугаар зүйлийн 453.1 гэснийг 452 дугаар зүйлийн 452.2 гэж, 170,285,388.93 гэснийг 169,975,210 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 310,178 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,057,087 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-гээс 1,006,086 төгрөгийг, улсын орлогоос 47,710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,007,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Т.БАДРАХ