Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00032

 

 

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00032

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/02365 дугаар шийдвэртэй

А-гийн нэхэмжлэлтэй Б даатгал ХХК, В банк ХХК-д тус тус холбогдох,

Даатгалын нөхөн төлбөр 26,988,281 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, хариуцагч Б даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа, хариуцагч В банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга, П.Нямзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь талийгаач нөхөр Ж-ын хамтаар 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр В банк ХХК-ийн Дархан салбараас орон сууц авах зориулалтаар зээл авч, Дархан сум, 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 12 дугаар байрны ** тоот, 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Б даатгал ХХК болон В банк ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгааны болон ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээг тус тус байгуулсан. Гэтэл үндсэн зээлдэгч Ж- нь өвчний учир 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Улмаар даатгалын гэрээний дагуу Б даатгал ХХК-аас амь насны даатгал 26,988,281 төгрөгийн нөхөн олговор олгохыг хүсэж хүсэлт гаргахад тус компани нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/12/798 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн.

Уг хариуг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрээний 1.5-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын хэлтэст хандахад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 9/3935 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзрж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж хариуг өгсөн.

Б даатгал ХХК нь гэрээний 3.1.1, 3.1.1.1, 3.1.1.2-т заасныг зөрчиж байна. Даатгалын тохиолдол эрсдэл нь амь насны даатгал гэж ойлгож байгаа. Үндсэн зээлдэгч нас барснаар эрсдэл үүссэн тул Б даатгал ХХК-аас нөхөн олговор 26,998,261 төгрөгийг гаргуулж өгнө үү. Даатгалын гэрээнд зуучлагчаар оролцсон В банкийг хамтран хариуцагчаар оролцуулна.

 

2. Хариуцагч Б даатгал ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0398750 тоот шийдвэрээр Ж-ыг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл булчирхайн хавдар оноштойгоор хөдөлмөрийн чадварыг 80 хувиар алдсан гэж шийдвэрлэсэн бөгөөд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Хишигжаргалын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2/482 тоот албан бичигт Ж-ын оношийг Корона вирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, хүндэвтэр хэлбэрээр өвдсөн, 2021 оны 03 сард ходоодны шархнаас авсан биопсид Ходжкины бус Т эсийн лимфом оношлогдсон, 1 курс хими эмчилгээ схемээр хийлгэсэн, хавсарсан өвчний улмаас биеийн байдал хүнд, тус эмнэлэгт 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шилжин ирж эмчилгээ хийлгэж байгаа нь үнэн болно гэжээ. Харин даатгуулагчийн нас барсны гэрчилгээн дээр 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эмнэлэгт өвчнөөр нас барсан гэж 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн үйл баримтууд тогтоогдсон байдаг.

Дээрх тохиолдол нь даатгуулагчидтай байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны 3.1.1.1-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, 3.1.1.2-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах гэж, мөн даатгалын гэрээний 10.19-д гэнэтийн осол гэж үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж тодорхойлсон бөгөөд даатгуулагчид учирсан хохирол нь даатгалын гэрээнд заасан эрсдэлүүдэд хамаарахгүй ба даатгуулагч Ж- нь өвчний улмаас нас барсан нь баримтуудаар тогтоогдсон.

Иймд даатгалын гэрээний 8.1.6-д гэрээнд заасан бусад өвчин эмгэгийн улмаас нас барах, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч В банк ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Тус банк нь Монголбанкны 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446-Н тоот тушаалаар батлагдсан ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 тоот тогтоолоор батлагдсан ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд тус тус заасны дагуу зээлдэгч нарыг амь нас болон барьцаа хөрөнгийн даатгалд хамруулсан.

Ингэхдээ банк нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б даатгал ХХК-тай байгуулсан ипотекийн даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээний дагуу даатгагч болон даатгуулагч нарын хооронд үүсэх ипотекийн даатгалын харилцаанд даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.

Улмаар зээлдэгч нартай 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааг байгуулсан байх ба зээлдэгч буюу даатгуулагч А- нь тус баталгааг зөвшөөрч гарын үсэг зурсан. Тус банк ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам болон ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд заасны дагуу даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Иймд энэ хэргийн хариуцагч биш байх тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар хариуцагч Б даатгал ХХК-аас 26,988,281 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч В банк ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх эсэгт зааснаар нэхэмжлэгч А-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,891 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Б даатгал ХХК-иас 292,891 төгрөг гаргуулж А-д олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч Б даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүх мэдүүлгийн маягтад зурагдсан гарын үсгийг А-гаар гарын үсэг зуруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Шүүхээс нэхэмжлэгч А-г гарын үсэгтээ шинжилгээ хийлгэх боломжтой эсэхийг тайлбарлаж санал асуухад тус мэдүүлгийн маягтад зурагдсан гарын үсгийг нэхэмжлэгч А- нь зөвшөөрсөн, тусгай мэргэжлийн шинжээчээр гарын үсгийн мөн бишийг тогтоолгох шаардлагагүй гэж тайлбарласнаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш үргэлжилсэн байдаг.

Талууд зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын сайн дурын даатгалын төрөл бүхий гэрээг харилцан тохиролцож, хүсэл зоригоо харилцан илэрхийлж байгуулсан, үүнд нэхэмжлэгч буюу даатгуулагч маргаагүй. Мөн даатгуулагч гэрээнд гарын үсэг зурсан, даатгалын хураамжийг зохих хувиар төлсөн, төлсөөр байсан нь даатгуулагчтай даатгалын гэрээг байгуулахдаа гэрээний зүйл, эрсдэл, хураамж зэрэг гол нөхцөлүүдийг тайлбарлаж, танилцуулсан гэдэг нь нотлогдоно.

5.2 Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын хавсралт 3.3.-т үндсэн эрсдэл сонгох хэсэгт заасан А болон Б эрсдэлүүдээс хариуцагч, даатгагч Б даатгал ХХК нь зөвхөн А-д заасан эрсдэлийг буюу "... ердийн даатгал...-ын ангилалд хамаарах үйл ажиллагаа явуулах эрхтэй. Харин тус журмын Б-д заасан Аливаа шалтгааны улмаас нас барах... гэсэн эрсдэлийг даатгах эрхгүй буюу "... урт хугацааны даатгал... -ын ангилалд хамаарах даатгалын гэрээг байгуулах тусгай зөвшөөрөлгүй, эрхгүй даатгагч болно. Энэ тухай баримт нь Санхүүгийн зохицуулах хорооны сайтад байршсан нийтэд илэрхий баримт тул энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх шаардлагагүй юм.

Шүүх мэдүүлгийн маягтыг бөглүүлээгүй, даатгуулагчид эрсдэл сонгох боломж олгоогүй гэж үзээд үүнийг даатгагчийн зөрчил гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, хэрэгт даатгуулагчийн бөглөсөн мэдүүлгийн маягт нотлох баримтаар авагдсан, түүнийг үгүйсгэсэн ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, даатгагч гэрээний болон хуулиар хүлээсэн ямар нэгэн үүргээ зөрчсөн талаарх болон даатгуулагчид хэрхэн яаж, ямар хэмжээний хохирол учирсан талаарх хохирлын баримт хэрэгт авагдаагүй.

5.3 Иймд хариуцагч нь Ипотекийн үйл ажиллагааны журамд нийцүүлсэн, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан гэрээний нэршил, нөхцөл бүхий зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний хүрээнд даатгуулагчийн гэнэтийн ослын улмаас нас барах... эрсдэлийг даатгасан бөгөөд даатгуулагч өвчний улмаас нас барсан тохиолдол нь даатгалын гэрээнд заасан эрсдэл биш, даатгагч анхнаасаа даатгах боломжгүй эрсдэл учир хууль болон гэрээнд заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгох үндсэн үүргийг гүйцэтгэх үндэслэл үүсээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Би анх Б даатгал ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хооронд өргөдөл гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос Б даатгал ХХК-ийг хариу өг гэж бичиг өгсөн боловч хариу өгөөгүй. В банк ХХК нь миний баталгаат гарын үсэг биш гэдгийг хэлсэн тул мэдүүлгийн маягт дээр шинжээч томилох шаардлагагүй гэж хүлээн зөвшөөрсөн. Даатгалын тохиолдол бий болсон тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч В банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт тус банканд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бид Б даатгал ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дахин н.Соронзонболд, А- нарыг амь насны даатгалын баталгаанд хамруулж, даатгалын гэрээнд зуучилсан.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэргийн үйл баримтыг холбогдох хууль, журамд нийцүүлж үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б даатгал ХХК, В банк ХХК нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч даатгалын нөхөн төлбөр 26,988,281 төгрөгийг Б даатгал ХХК-аас гаргуулна гэж тодорхойлсныг хариуцагч Б даатгал ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

4. Ж-, А- нар нь В банк ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээний хэрэгжилтийн явцад А- нь Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт зааснаар өөрийн нөхөр Ж-од ашигтайгаар 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Б даатгал ХХК-тай В банк ХХК-аар зуучлуулан 4ASSR20210307538 дугаартай Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгаа-ны гэрээ болон 4ASSR20210307539 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгаа-ны гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, түүний нөхөр Ж- болон Б даатгал ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, даатгуулагч Ж- нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан тул А- нь хууль ёсны өвлөгчийн хувьд даатгалын гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах эрхтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

5. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4ASSR20210307539 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгаа-ны гэрээний 3.1.1.1-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, 3.1.1.2-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах гэж заасныг даатгалын үндсэн эрсдэлд хамааруулахаар, гэрээний 8.1.6-д гэрээнд заасан бусад өвчин эмгэгийн улмаас нас барах-ын даатгалын нөхөн төлбөр олгохгүй байхаар, гэрээний 10.19-т гэнэт осол гэж үйлдвэрлэлийн, ахуйн, зам, тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, үйлдлээс үүссэн осол гэж тодорхойлохоор талууд тохиролцсон байна.

 

5.1 Зохигч нь Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгаа-ны гэрээний даатгалын тохиолдол үүссэн эсэх талаар маргаж буй тул энэ талаарх нарийвчилсан хэм хэмжээ болох Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын зохицуулалтыг энэ маргааныг шийдвэрлэхэд хэрэглэх учиртай.

 

5.2 Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана, 2.2.1-т Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нь нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт; 2.2.2-т Урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах ба хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хувиар алдалт гэж тус тус заасан ба энэхүү маргааны зүйл болох ипотекийн даатгалын гэрээний хувьд даатгуулагч Ж- нь уг журмын 2.2.1.-д заасан ердийн даатгагчийн хувьд амь нас, эрүүл мэндээ /гэрээний 3.1.1.1, 3.1.1.2/ аль алиныг нь даатгуулсан байна.

 

5.3. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр Ж-ыг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд С83.8 Хожкины бус нэвчмэл лимфомын бусад төрөл оноштойгоор хөдөлмөрийн чадварыг 80 хувиар алдсан тогтоосон, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс Ж- нь корона вирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, хүндэвтэр хэлбэр, вирусийн хатгалгаа, ходжкины бус Т эсийн лимфом, Анн Арбор IV үе шат, IRI 4 \эрсдэл өндөр\ өвчний эмчилгээ хийлгэж байгаад 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон.

 

5.4 Даатгалын гэрээний гол зүйл нь даатгалын зүйл, даатгалын эрсдэлийн төрөл бөгөөд дээрх тохиолдолд даатгалын зүйл нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд байх ба даатгалын эрсдэл нь гэнэтийн осол байна. Өөрөөр хэлбэл гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирвал даатгалын эрсдэл үүссэн гэж үзэж, даатгагчид даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг үүснэ.

Даатгуулагч Ж- нь корона вирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, хүндэвтэр хэлбэр, вирусийн хатгалгаа, ходжкины бус Т эсийн лимфом, Анн Арбор IV үе шат, IRI 4 \эрсдэл өндөр\ өвчнөөр нас барсан нь даатгалын гэрээ, Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-д зааснаар гэнэтийн осолд хамаарахгүй учир даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол даатгагч нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзаж болно гэж заасан тул шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

6. Мөн зохигч нь Ипотекийн даатгалын хуудас-нд нэхэмжлэгч гарын үсэг зурсан эсэх талаар маргаж буй нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзнэ.

Учир нь даатгуулагч болон даатгагч нарын хооронд нэгэнт байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнд заасан гэнэтийн осол гэх ойлголтод өвчний улмаас нас барсан эрсдэл хамаарах эсэхийг шүүх хууль, холбогдох журмын хүрээнд үнэлэлт өгч шийдвэрлэхэд Ипотекийн даатгалын хуудас-нд нэхэмжлэгч гарын үсэг зурсан эсэх нь нөлөөлөхгүй юм.

 

7. Иймд даатгалын тохиолдол бий болоогүй байх тул хариуцагч Б даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/02365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Б даатгал ХХК, В банк ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөр 26,988,281 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б даатгал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,892 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ