Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00549

 

Д.Отгончимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00630 дугаар шийдвэр,        

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Отгончимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны 8 сард аймгийн Боловсролын газраас зохион байгуулдаг багшийн сонгон шалгаруулалтанд орж оноогоороо 42 багшаас 9 дүгээр байранд орж, мөн оны 09 дүгээр сараас Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар дунд сургуулийн бага ангийн багшаар томилогдсон. Тус сургуульд 2 жил ажиллаж байгаад, 2011 онд 07 дугаар дунд сургууль шинээр нээгдэхэд бага ангийн багшаар шилжин ажилласан. Бага ангийн багшаар ажиллах хугацаандаа Шилдэг бүтээлч багш, аймгийн Соёлын газраас Эрхэм үйлстэн тэмдгээр шагнуулж, 2014 онд Заах аргач багш мэргэжлийн зэрэг авсан. БСШУЯ-наас олгодог Багшлах эрх 2019 он хүртэл сунгагдсан. 2016 оны 01 дүгээр сарын дундуур захирлын нарийн бичиг Чанцалмаа “Чамайг ажлаас халсан тушаал гарсан” гэж хэлсэн....Ажлаас халсан тушаалаа аваагүй тул нийгмийн даатгалын байгууллагад хандаж ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадалгүй хохироод байна. Тушаал гарсан гэсэн үеэс хойш захирал Ц.Алтантунгалагтай уулзах гээд очихоор байхгүй, дандаа л Улаанбаатар хотод байгаа гэдэг. Ингээд би ажлаас халагдсан шийдвэрээ авч чадахгүй, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, ажилгүйдлийн тэтгэмжээ ч авч чадахгүй болохоор 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нарийн бичиг дээр очиж тушаалын хуулбарыг үнэн гэж даруулж аваад шүүхэд хандаж байна. Намайг ажлаас халсан тушаалд Архангай аймаг дахь Багшийн коллежийг 2008 онд төгссөн D 200817160 дугаартай дипломыг хуурамчаар авч ашигласан гэсэн байна. Би дипломыг өөрөө хуурамчаар авч ашиглаагүй бөгөөд тус сургууль нь орон нутагт сургалт хийж, маш олон хүнд хөрвөх мэргэжлийн диплом олгосон байдаг.Д.Отгончимэг миний бие одоо 1 нас 10 сартай болон 13 настай 2 хүүхэдтэй. Ажлаас халах тушаал гарах үед бага хүүхэд минь 1 нас 7 сартай байсан. Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан тул Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 дугаартай Д.Отгончимэгийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Д.Отгончимэг нь 2013 оны 9 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн ерөнхий боловсролын 7 бүрэн дунд сургуульд Жаргалант сумын 2 дугаар сургуулиас шилжин ажилласан байдаг. 7 дугаар сургуульд ажиллахдаа 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 09 цагт давтлага өгч байхдаа ангийн сурагч Н.Хонгорзулыг хичээлээ ойлгохгүй байна гэж уурлан дух руу нь балаар хүчтэй цохиж, арьсыг нь цоолж, цус гоожуулж, уйлуулан гэрлүү нь явуулсан байдаг. Сургуулийн захиргаанд мэдэгдсэний дагуу Д.Отгончимэгт анхааруулж арга хэмжээ авсан. Үүнээс үзэхэд Д.Отгончимэг нь бага насны хүүхэдтэй ажиллах ёс зүйн доголдолтой байна. 2015 оны 8 дугаар сарын 26-нд Аймгийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Ц.Алтанхишиг захирал руу утасдаж Д.Отгончимэг нь Архангай аймаг дахь Багшийн сургуулийг төгсөөгүй бөгөөд D200817160 дипломын дугаартай бакалаврын диплом хуурамч болох нь тогтоогдсон ба албан бичиг явуулна гэсэн. Энэ тухайгаа 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Д.Отгончимэгт мэдэгдсэн. Д.Отгончимэгийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаас хуурамч дипломтой болохыг тогтоосон.Иймд Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу багшаар ажиллах эрхгүй тул ажлаас халсан болно. Нэхэмжлэгч Д.Отгончимэгийн гомдлын шаардлагыг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00630 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Д.Отгончимэгийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 дугаартай “Д.Отгончимэгийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгончимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгончимэгээс 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00630 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан болон давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Нэхэмжлэгч Д.Отгончимэг нь ажлаас халагдсан тушаалаа авч ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлдөхөөр удаа дараа сургуулийн захиргаанд хандсан байдаг. Гэтэл хариуцагч байгууллагаас “ажил хүлээлцсэний ард тушаал өгнө” гэсээр хугацаа алдуулсан байх ба 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гарсан тушаалыг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр буюу 3 сарын дараа араас нь хөөцөлдөж байж хуулбар үнэн даруулж авсан байдаг. Шүүх хариуцагч байгууллагын хүнийг хууран мэхлэн байж гарын үсэг зуруулсан дэвтрийг нотлох баримтаар үнэлсэн мөртлөө нэхэмжлэгчийн хуулбар үнэн дардас даруулснаар гардаж авсан хугацаа нь тодорхой байгаа ажлаас халсан тушаалыг нотлох баримтаар үнэлээгүй байна.Хариуцагч байгууллага нь Д.Отгончимэгт тушаалыг нь өгөхгүй хүлээлгэж байгаад он, cap, өдөргүй дэвтэр дээр гарын үсэг зуруулж түүнийг хууран мэхлэх зорилго анхнаасаа агуулж байсан гэж ойлгогдохоор байгаа бөгөөд ажил олгогчийн зүгээс нотлох баримтыг өөрт ашигтайгаар, ямарч байдлаар бүрдүүлэх боломж хангалттай байдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Жирийн нэг албан газар нэг жилд хамгийн багадаа 30-аас доошгүй тушаал гаргадаг гэсэн тоо баримт бий. Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 дугаар бүрэн дунд сургуулийн тушаалын гардуулалтын дэвтрийг үзэхэд бүтэн нэг жилийн туршид 10-аадхан тушаал гаргасан нь эргэлзээ төрүүлэхээр байгаа юм.Мөн гэрч болон хариуцагч байгууллагын удирдлагуудын хооронд ашиг сонирхлын зөрчил байсаар байтал тэдгээрийг анхаарч үзэлгүй “ажлаас халсан тушаалыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээлгэж өгсөн” гэсэн нарийн бичиг С.Чанцалмаагийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, мөн гэрч Ж.Үржинхандын “Би яг ямар тушаал урсан гэдгийг нь хараагүй, Д.Отгончимэг өөрөө л тэгж хэлсэн” гэх мэдүүлгийг эргэлзээгүй үнэн зөв гэж үнэлсэн нь “нотлох баримтыг үнэлэх журам”-ыг зөрчсөн байна.Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.Талууд гол нотлох баримт дээр маргаж байгаа энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэсэн заалтыг шүүх зөв тайлбарлаж хэрэглээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Отгончимэг нь Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар дунд сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б\09 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч ажлаас халсан тушаалыг үндэслэлтэй гарсан гэж үзэж, нэхэмжлэлийг татгалзжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй байна. Нэхэмжлэгч С.Отгончимэг ажил олгогчийн тушаал гардан авсан өдөр, захиргааны зүгээс түүнд тушаалыг гардуулсан үйл баримт, энэ талаар хийсэн бүртгэл, тэмдэглэгээ зэрэг маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдэл, үнэлгээний талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гардсан авсан атлаа 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгааны талаар нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа алдсан гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах талаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00630 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН