Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 579

 

Б.Ц-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбадсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаар магадлалтай, Б.Ц-т холбогдох 1914008310038 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 оны 2 дугаар сарын 07-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б-ы Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Б овогт Б-ын Ц-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар оногдуулсан 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 хоногийг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан 6 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ц-ын цагдан хоригдсон нийт 151 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шүүгдэгч Б.Ц-аас нийт 150.000 төгрөг гаргуулж, хохирогч П.Б-А-д 100.000 төгрөг, Э.Энхбатад 50.000 төгрөг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Ц-аас нийт 20.160.000 төгрөгийн нэхэмжилснээс хохирогч П.Б-А-гийн нэхэмжилсэн 2.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч П.Б-А-д 5.990.000 төгрөг, хохирогч Г.Амгаланд 12.070.000 төгрөг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ундааны шатсан сав нэг ширхэг, хар өнгийн үдээстэй хос гутал нэг ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч П.Б-А- нь цаашид гаргах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ц- нь хохирогч Д.Найдандорж, Э.Энхбат, Х.Осор нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ө гаргасан гомдолдоо “... Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 56 дугаар магадлалыг гаргахдаа хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар

Магадлалд 2 дугаар хавтаст хэргийн 42,82 дугаар талд авагдсан гэрийнтооноор нь бензин асгаж байгаад шатаасан, байшингийн дээвэр дээр нь сууж байгаад байшингийн дээврийн завсраар бензин асгаж байгаад шатаасан гэх шүүгдэгчийн мэдүүлгээс харахад тус гэмт хэргийг олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар үйлдсэн хүндрүүлэх шинжийг үгийн шууд утгаар ойлгох бөгөөд галдан шатаах арга нь гэмт этгээдийн өөрийн ул мөрөө арилгаж, бусдын эд хөрөнгийг санаатай устгах гэмт санааны зорилго сэдэлтээс хамаарахгүйгээр хүрээлэн буйорчныг гал түймэр гарах аюул дагуулдгаараа нийгэмд аюултай байдлаар тайлбарлагдана гэжээ.

Хэргийн нөхцөл байдлаас харахад миний үйлчлүүлэгч Б.Ц- нь хулгайн гэмт хэргийг үйлдсэний дараа өөрийн ул мөрийг баллах зорилгоор, тухайн айлыг эзэнгүй гэдгийг мэдэж үйлддэг. Өөрөөр хэлбэл, тэрээр тухайн цаг хугацаанд гэмт хэргийн объектод хүн байхгүй бусдын амь нас эрсдэх болон эрүүл мэнд хохирох боломжгүй гэдгийг тооцоолж үйлддэг болох нь түүний болон өөрийн хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдээр тогтоогддог. Гэтэл давж заалдах шатны шүүхээс галдан шатаах нь өөрөө олон хүнд аюултай гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарласан шийдвэр гэж үзэж байгаа юм.

Б.Ц-ын үйлдэл нь түүний үйлдсэн хулгайн гэмт хэргүүдтэй нягт уялдаа холбоотой бөгөөд хулгайн гэмт хэргийг Улсын дээд шүүхээс нууц далд аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч байгаа үйлдэл талаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл эзэн нь байхгүй, эсхүл түүнд мэдэгдэхгүйгээр бусдын өмчлөх эрхэнд халдаж байгаа үйлдэл гэдгээс харахад үргэлжлүүлэн үйлдэж байгаа гэмт үйлдэл нь олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулахгүй гэдгээ урьдчилан тооцоолсон шинжтэй байна.

Хэрэв прокурорын эсэргүүцэлд дурьдсанчлан тус хэргийг үйлдэхдээ миний үйлчлүүлэгчийг олон хүний эд хөрөнгөнд хохирол учруулж үйлдсэн гэж үзвэл хохирогч нарыг тус бүрт нь хохирогчоор тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйд нийцнэ гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хууль буруу тайлбарлан хэрэглэсэн Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 56 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Б.Ц-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн байна. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон ба “хүн ам нийтээрээ төвлөрөн амьдарч байгаа төв суурин газрын айл өрхүүд, түүнд амьдарч буй олон хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн нь гэмт хэргийн хүндрүүлэх шинж болно” гэх дүгнэлт үндэслэлтэй. Г.Амгалангийн гэрт тавьсан галыг хохирогч онцгой байдал дуудаж дэврэхээс нь өмнө унтраасан. Харин  П.Б-А-гийн гэрт тавьсан гал дэврэхгүйгээр унтарсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ө-ын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Ц-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан ба давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Б.Ц-ыг 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар баг, Гандангийн хашааны үүднээс Д.Найдандоржийн эзэмшлийн Мустанг-5 мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 348 тоотод байх П.Б-А-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн  11 дүгээр гудамжны 348 тоотод байх П.Б-А-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийг, эд хогшлыг хамт санаатайгаар галдан шатаан устгаж, гэмтээсний улмаас бусдад 8.690.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ худалдааны захад эртний эдлэл зардаг Э.Э-ын лангуунаас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөөрөг хулгайлж бусдад 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 354 тоотод байх Х.О-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг 3-11-12 тоот хашаанд байх иргэн Г.А-гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эд зүйл хулгайлж бусдад 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг 3-11-12 тоот хашаанд байх иргэн Г.А-гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орон байр болох гэр, эд хогшлыг хамт санаатайгаар галдан шатаан устгаж, гэмтээсний улмаас бусдад 11.410.000 төгрөг, нийт 12.070.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 10-нд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 350 тоотод /хуучнаар 3-11-12 тоотод/ байх Г.А-гийн байшингаас 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлж бусдад 120.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Ц-т “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж ...” шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр шийтгэх тогтоол гаргаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулах зорилгоор хэргийг дахин хийлгүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байх бөгөөд уг гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Шүүгдэгч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний дараа ул мөрөө баллахын тулд хохирогчиийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрыг галдан шатаасан нь тухайн орон байранд хүн байгаа байхгүй эсэхээс үл хамааран төгс үйлдэгдсэнд тооцогдох гэмт хэрэг болно.

Галдан шатаах арга нь өөрийн ул мөрөө арилгах зорилгоор бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмт санаа сэдлээс үл хамаарч цаашлаад бусдын амьд явах, өмчтэй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж, хүрээлэн буй орчин, бусад барилга байгууламжийг хамарсан гал түймэр гарах аюулыг дагуулдагаараа нийгэмд аюултай үйлдэл юм, өөрөөр хэлбэл энэхүү арга нь олон хүний амь бие, эрүүл, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргад хамаарна.

Аливаа гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн гэм буруугүйг болон хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг хүлээдэггүй субъект хэдий болов ч эсрэгээрээ түүний өөртөө тусалсан, өөрийн үйлдлийг нуун далдлах, хэргийг ээдрээ төвөгтэй болгоход чиглэсэн идэвхтэй үйлдэл нь гэмт хэргийг хөнгөрүүлэн авч үзэх, үгүйсгэх нөхцөл байдал болохгүйн дээр зүйлчлэлд мөн нөлөөлөхгүй юм.

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг олон янзын аргаар үйлдэгдэх боломжтой байдаг ба бензин асгаж хохирогчийн хүн амьдрах зориулалттай орон байрыг галдан шатаах аргаар үйлдсэн үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ө-ын “... Б.Ц- нь хулгайн гэмт хэргээ далдлах зорилгоор тухайн айл эзэнгүй гэдгийг мэдэж үйлддэг. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг гаргасан нь үндэслэлгүй байна. Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Б.Ц- нь хохирогч Г.Амгалан, П.Б-А-гийн амьдрах орон байр болох байшинг доторх эд хөрөнгийнх нь хамт шатаахаар эдгээр хүмүүсийн гэр бүлийн гишүүд болох олон хүний өмчлөх эрх зөрчигдөж байгааг анхаарах нь зүйтэй.            

 Мөн шүүгдэгч Б.Ц-ын үйлдлийг “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хэргийг хүндрүүлэн зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үргэлжлэл, гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ амьдралын эх үүсвэртэй хэрхэн холбогдож байгаад эрх зүйн зөв дүгнэлт хийх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн шинэ ойлголт юм.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгох хэрэгтэй.

 Иймд дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ө-ын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                   ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН