Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2016/0929/З |
Дугаар | 49 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 49
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, Бага тойруу, байр тоотод оршин суух “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Б” ХХК-ийн эзэмшдэг хайгуулын ******* тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, уг тусгай зөвшөөрлийг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“... “Б” ХХК нь Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумын Майхант гэдэг газарт 2580 гектар талбайд хайгуулын ажил хийх тусгай зөвшөөрлийг анх 2007 онд авсан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд ихээхэн хэмжээний хөрөнгө хүч зарж хайгуулын ажил хийж ирсэн. Манай эзэмшдэг 12...Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусах ёстой байсан бөгөөд бидэнд тохиолдсон ар гэрийн гачигдал буюу захирал С.Б-ын хадам аав удаан хугацаанд хүндээр өвчилж байгаад 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нас барсан, оршуулгын болон буяны ажил хийсэн, мөн тухайн үед мөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд орсны улмаас хугацаа сунгуулах тухай өргөдөл өгөх хугацааг тулгасан.
Улмаар 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр бичиг баримтын бүрдлийг ханган Ашигт малтмал, газрын тосны газарт очиход хугацаа сунгах хүсэлт хүлээн авдаг ажилтан ажил дээрээ байхгүй байсан. Ингээд тухайн сарын 20-ны өдөр Бямба гараг байсан тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэж заасны дагуу Даваа гараг буюу 22-ны өдөр хүсэлтээ өгөхөөр явсан. Тухайн ажилтан дараагийн Даваа, Мягмар, Лхагва гарагуудад мөн л ажилдаа ирээгүй тул 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр очиход тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул материал хүлээн авахгүй гээд системд хасалт хийсэн. Иймд маргааш нь буюу 25-ны өдөр тус газарт албан бичгээр хандахад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1/129 тоот хариуг өгсөн. Үүнд: “Хугацаа сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хуульчилсаны дагуу гаргаагүйгээс мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1. дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дууссаныг кадастрын бүртгэлийн системд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн байна. Иймд дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг сунгах хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд хугацаа сунгуулах тухай хүсэлтээ өгөхөөр очиход төрийн байгууллагын холбогдох ажилтан ажлын байран дээрээ байгаагүйн улмаас биднийг хугацаа хэтрүүлэхэд хүргэсэн өөрийн буруутай үйлдэл байсаар байтал энэ нөхцөл байдлыг үл харгалзан бидний тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авахгүй байгаа нь манай компанийн тусгай зөвшөөрөл эзэмших болон Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасан эрхийг зөрчиж бидний 8 жил гаруйн хүч хөдөлмөр, ихээхэн хэмжээний хөрөнгийг үгүй хийж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ ... Би нэг дэх өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр орон нутаг руу байгаль орчны дүгнэлт авчруулахаар хүн явуулсан боловч Засаг дарга нь байхгүй байсан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газарт ирэхэд танай тусгай зөвшөөрөл цуцлагдсан байна гэж тайлбарласан. Би тэр үед хүндэтгэн үзэх шалтгааны талаар тайлбарлан бичиж, тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлтээ өгсөн боловч хариуцагчаас боломжгүй гэж мэдэгдсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт надад тухайн үед хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Хоёрдугаарт 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмалын газарт очиход надад таны тусгай зөвшөөрлийг цуцлах талаар тодорхой мэдээлэл өгсөн хүн байгаагүй. Мөн одоогоор шийдвэр гаргах эрх бүхий этгээд байхгүй гэсэн утга бүхий тайлбар хэлж байсан. Гэтэл 08 дугаар сарын 24-ний өдөр материалаа аваад очиход тусгай зөвшөөрөл цуцалсан байсан” гэв.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ээс шүүхэд гаргасан тайлбартаа:
“... Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумдын нутагт орших Майхант нэртэй 2580 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын 12...Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх Кадастрын бүртгэлийн төвийн даргын /хуучин нэрээр/ 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 7-5684 дүгээр шийдвэрээр “К” ХХК-нд олгогдсон байна. Ашигт малтмалын хайгуулын 12...Х дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи уул уурхай Кадастрын газрын даргын 2008 оны 619 дүгээр шийдвэрээр “Б” ХХК-нд шилжүүлсэн байна. Ашигт малтмалын хайгуулын 12...Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болохоос өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгуулагдаад гаргаж түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг гаргах ёстой байсан боловч “Б” ХХК нь гаргаагүй байна.
Нэхэмжлэлд дурдсанаар “... 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бичиг баримтын бүрдлийг ханган Ашигт малтмал, газрын тосны газарт очиход хугацаа сунгах хүсэлт хүлээн авдаг ажилтан ажил дээрээ байхгүй байсан. Ингээд 20-ны өдөр бямба гариг байсан тул дараагийн ажлын өдөр буюу Даваа, Мягмар, Лхагва гаригуудад мөн л ажилдаа ирээгүй тул 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр очиход тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул материал хүлээн авахгүй гээд системд хасалт хийсэн гэж бичжээ...” Дээрх тайлбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үндэслэлгүй байна. Учир нь сунгуулах өргөдөл хариуцсан мэргэжилтэн Н.Х нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд ажил дээр байсан нь өөрийнх нь тайлбар болон байгууллагын цагийн бүртгэлийн хуудсаар нотлогдож байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан хугацаандаа өргөдөл гаргасан бол төрийн захиргааны байгууллага хүлээж авна.
“Б” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан “... захирал С.Б-ын хадам аав удаан хугацаагаар хүндээр өвчилж байгаад 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нас барсан, оршуулга буяны ажил хийж мөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд орсны улмаас хугацаа сунгуулах өргөдөл өгөх хугацаа тулсан...” гэх нь сунгуулах өргөдөл өгөх хугацаатай хамааралгүй байна. Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуульд заасан журмын дагуу татвар ногдуулах зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлэх үүргээ, мөн Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн ээлжит төлбөрийг урьдчилан төлөх зэрэг бусад эрх үүргээ хэрэгжүүлж ажиллаж чадаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой бөгөөд өөрийн буруутай ажиллагааны улмаас сунгах өргөдлөө гаргаагүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын 12...Х тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм. Тухайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгогдох талбайд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлэх зохицуулалтгүй болно. Иймд “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“ ... Нэхэмжлэлд дурдсан 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрүүдэд миний бие албан үүргээ гүйцэтгэж, ажил дээрээ байсан нь цагийн бүртгэл, өргөдлийн бүртгэлийн дэвтрээр нотлогддог. Төрийн орон тооны бүтэц өөрчлөлт орсон байсан ч төрийн албаны үйл ажиллагаа үргэлжилдэг. Тухайн өдөр өргөдөл хүлээн авах ажиллагаа явагдаж байсан бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч компаниас өргөдөл орж ирээгүй. Нэхэмжлэгч компаниас 08 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт орж ирсэн. Тэр үед тусгай зөвшөөрлийн хугацаа 08 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон байсан. Түүнээс өмнө нь манайд хандсан зүйл байхгүй. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Ашигт малтмалын тухай хуулинд 1 сарын өмнө хүсэлт гаргахаар заасан. Нэхэмжлэгч компанийн зүгээс өргөдлөө өгөх гээд ирсэн зүйл байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“Б” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “ ... тус компанийн эзэмшдэг 12...Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хугацааг сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумдын нутагт орших Майхант нэртэй газарт 2580 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх 12...Х тоот тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн /хуучин нэрээр/ даргын 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2010 дугаар шийдвэрээр “К” ХХК-нд 3 жилийн хугацаатай олгосон бөгөөд “К” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-нд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 619 тоот шийдвэрээр шилжүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй ба Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 845 дугаар шийдвэрээр “Б” ХХК-ийн 12...Х тоот ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг эхний удаа 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 400 дугаар шийдвэрээр хоёр дахь удаагаа 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар тус тус сунгаж байжээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах бичиг баримтаа бүрдүүлэн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн нэг цэгийн төвд очиход хугацаа сунгах хүсэлт хүлээн авдаг ажилтан ажил дээрээ байхгүй, 2016 оны 08 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд мөн л тухайн ажилтан ажилдаа ирээгүй бөгөөд 08 дугаар сарын 24-ний өдөр очиход тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул материалыг хүлээн авах боломжгүй, системд хасалт хийсэн гээд материалыг хүлээн аваагүй” гэж тайлбарладаг.
Хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас 1 сарын өмнө, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн тухай, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн тухай, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн тухай баримтын хамтаар төрийн захиргааны байгууллагад гаргах журамтай.
Харин нэхэмжлэгч “Б” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардлагатай дээрх баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлээгүй байсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр /баасан гараг/ Ашигт малтмалын газарт очиход ... манай тусгай зөвшөөрөл цуцлагдаагүй байсан. ...Нэг дэх өдөр орон нутагруу байгаль орчны дүгнэлт авчруулахаар хүн явуулсан боловч Засаг дарга нь байхгүй байсан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газарт ирэхэд ... тусгай зөвшөөрөл цуцлагдсан байна” гэсэн тайлбар, гэрч С.Т-ийн “...Миний бие материалын бүрдэл хангагдсан уу гэж асуухад Байгаль орчны төлөвлөгөө батлуулахаар орон нутагруу явуулсан байгаа одоогоор батлуулаагүй байгаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний өргөдлийн бүртгэлийн дэвтэр, цагийн бүртгэлийн дэлгэрэнгүй тайлан зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Тодруулбал, “Б” ХХК 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар “Байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө”-г эрх бүхий этгээдээр батлагдаагүй төдийгүй энэхүү төлөвлөгөө 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар ч батлагдаагүй, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үйлчилгээний хөлс төлөөгүй, Геологийн албанаас хайгуулын ажлын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлээгүй байгаа нь хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгээр тогтоогдлоо.
Нэгэнт тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу /холбогдох баримтыг бүрэн бүрдүүлж, хуульд заасан хугацаанд/ захиргааны байгууллагад гаргаагүй байх тул шүүхээс “тусгай зөвшөөрлийн хугацааг хууль бусаар сунгаагүй” гэж хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.
Мөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... захирал С.Б-ын хадам аав удаан хугацаанд хүндээр өвчилж байгаад 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нас барсан, оршуулгын болон буяны ажилтай байсныг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцно” гэж тайлбарласан ба энэ нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусаж буй тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргах хугацааг хожимдуулсныг зөвтгөх үндэслэл болохгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б” ХХК хуулийн этгээд болохын хувьд төлөөлөгч буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон тухайн ажиллагааг гүйцэтгүүлэх боломжтой байсан гэж шүүх үзлээ.
Тодруулбал, “Б” ХХК өмнө хоёр ч удаа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж байсан туршлагатай бөгөөд сунгалт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлэх үүрэгтэй болохоо мэдэж байсан хэдий ч бүрдүүлээгүй, хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй атлаа “холбогдох ажилтан ажлын байрандаа байгаагүйгээс хүсэлтээ өгч чадаагүй”, “Ашигт малтмалын газрын ажилчид бүгд чөлөөлөгдсөн байсан” гэж захиргааны байгууллагыг буруутгаж, улмаар “хайгуулын 12...Х тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” шаардлага гаргасныг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “Б” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 12...Х тоот тусгай зөвшөөрлийг ямар нэгэн байдлаар цуцалсан шийдвэр гаргаагүй, харин Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан нөхцөл буюу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсныг дотоод хяналтын хуудсаар бүртгэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Б” ХХК-ийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч/-ийн “ашигт малтмалын хайгуулын 12...Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА