Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/00075

 

 

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/00075

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/02485 дугаар шийдвэртэй,

А-ын нэхэмжлэлтэй Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б-гийн хүсэлтээр 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг фэйсбүүк чатаар холбогдон 3 хоногийн хугацаатай зээлүүлэхээр тохиролцож, түүний данс руу шилжүүлсэн боловч тэрээр зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Иймд зээлдэгч Б-гаас зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А-а нь 2021 оны 04 дүгээр сард надтай уулзаж ярилцаж байхдаа зээл гаргахаас өөрөөр мөнгөө өсгөх арга юу байна гэхэд нь түүнд мөрийтэй тоглоомын сайт байдаг мөнгөө хийж өсгөж болдог, зарим тохиолдолд алдах эрсдэлтэй талаар хэлж байсан.

А-а нь мөнгөө хийж өсгөе гэж шийдсэн бөгөөд "мэддэгээр нь чамаар дамжуулж хийе, эрсдэлээ би өөрөө үүрнэ" гээд анх надаар дамжуулж 15,000,000 төгрөгийг 1ХВЕТ гэдэг сайт руу шилжүүлсэн. Ингэхдээ А-а нь мөнгөө миний данс руу шилжүүлж, би цааш нь дамжуулж хийсэн. Тухайн үед бид уг мөнгөөр бооцоо тавьж өсгөсөн бөгөөд А-а нь буцааж 17,000,000 төгрөг болгож авч байсан. Ингээд үүний дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бид дахин дээрх сайт руу мөнгө хийж өсгөж авах талаар ярилцаж 10,000,000 төгрөг хийхээр болсон. Мөн өмнөхтэй адил миний данс руу мөнгөө хийж, би цааш нь шилжүүлсэн боловч уг мөнгөө алдсан. Үүнийг тухайн үед А-а нь мэдэж байсан бөгөөд хамт ярилцаж байгаад сайт руу мөнгөө хийсэн тул хэн хэн нь эрсдэлээ үүрээд ямар нэгэн маргаан гараагүй салсан.

Гэтэл 2 сарын дараа гэнэт дээрх мөнгөө зээл байсан мэтээр тайлбарлаж шүүхэд хандаж байгаад гомдолтой байна. Бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б-гаас 10,000,000 төгрөг гаргуулж А-ад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, Б-гаас 174,950 төгрөг гаргуулж, А-ад олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй.

4.1. Шүүх гэрч Б.Үүрцайхын мэдүүлгийг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрч Б.Үүрцайхын мэдүүлгээс нэхэмжлэгч А-аас хэн гэдэг хүн, хэдэн төгрөг зээлдүүлэхийг хүссэн гэдэг нь мэдэгдэхгүй байх ба А-а хэн нэгэнд мөнгө зээлсэн эсэх, зээлсэн бол хэдэн төгрөг зээлсэн эсэх нь тодорхойгүй байхад шүүх уг мэдүүлгийг үндэслэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй.

Мөн гэрчээр О.Давааг асуух ажиллагааг хийсэн боловч уг гэрч нь хариуцагч Б-гийн эх тул түүний мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэрч О.Даваа нь хуульд заасан журмын дагуу гэрчээр мэдүүлэг өгсөн.

4.2. Шүүх хурлын товыг хариуцагчид мэдэгдэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд намайг төлөөлөх эрхгүй болсон буюу эрхээсээ татгалзсан төлөөлөгч, өмгөөлөгч нарт тов илгээн шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна. Учир нь хариуцагч Б- эрүүл мэндийн шалтгаанаар Бүгд Найрамдах Солонгос улс руу 2021 оны 12 дугаар сард явж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсад ирсэн. Хариуцагчид хурлын товыг утсаар болон хаягаар огт мэдэгдэхгүйгээр, төлөөлөх эрхгүй, эрхээсээ татгалзсан төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Шүүх зөвхөн гэрч Б.Үүрцайхын мэдүүлгийг үндэслэж хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй. Хэрэгт талуудын хооронд бичсэн чат, мөн Хаан банкны дансны хуулга авагдсан. Иймд нотлох баримтыг тал бүрээс нь үндэслэлтэй дүгнэсэн гэж үзэж байна. Гэрчээр О.Давааг асуух ажиллагаа хийсэн боловч уг гэрч нь хариуцагч Б-гийн эх тул түүний мэдүүлгийг чухал ач холбогдолтой нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. О.Даваа нь тухайн зээлийг өгч авч байсан харилцааг мэдэхгүй.

1Х BET гэх сайтад А-а, Б- нар хамтарч бооцоо тавьж оролцсон гэж тайлбарладаг боловч энэ талаар нотлох баримт байхгүй. Иймд хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогдоогүй гэж шүүх үнэн зөв дүгнэлт хийсэн.

5.2. Шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн гэх тухайд. Б- нь Солонгос улс руу явахдаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Л.Оюун-Эрдэнэ, Г.Энхцэцэг гэх 2 өмгөөлөгчтэй хийж, итгэмжлэл олгосон. Энэ 2 өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилгоор үйлчлүүлэгчээс татгалзахдаа үндэслэлээ тайлбарлахдаа өмгөөллийн хөлс төлөөгүй гэсэн. Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.7 дахь хэсэгт үйлчлүүлэгчээс татгалзах тохиолдлыг нэрлэн заасан. Энэ тохиолдолд хөлс төлөөгүй нь татгалзах үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн оршин суугаа хаягаар үзлэгийн тов, хурлын товыг өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид удаа дараа мэдэгдсэн. Б- нь Монгол Улсад ирсэн талаар мэдэгдээгүй, өмгөөлөгчийн ёс зүйн дүрмээр үйлчлүүлэгчид хуралдааны товыг тэр даруй мэдэгдэх үүрэг хүлээдэг. Энэ үүргийг хэрэгжүүлээгүй тул шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр анх шүүх хурал болсон. Уг шүүх хуралд Б- нь ирж мэтгэлцсэн. Хоёр дахь шүүх хурал 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр болсон. Иймд мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэх агуулга нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх үнэн зөв хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А-а нь хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, үзлэг хийхдээ хуульд заасан журмыг зөрчсөн байна.

 

3.1. Шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. ..., 77.2 дахь хэсэгт Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буу аждын газын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно... гэж заасан ажиллагааг явуулаагүй буюу хариуцагчид шүүх хуралдааны товыг хүргүүлээгүй байна..

 

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, өмгөөлөгч Г.Энхцэцэг нар нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрсдийн бүрэн эрхээс татгалзсан талаар шүүхэд мэдэгдсэн тохиолдолд тэдгээрийг шүүх хуралдааны оролцогч гэж дүгнэхгүй юм. Иймд анхан шатны шүүхээс тэдгээрт 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй болно. .

 

3.3. Түүнчлэн хариуцагч оршин суугаа газартаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгсөн бол шүүх хуралдааныг явуулж болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт заасан бөгөөд энэ ажиллагааг шүүх хийгээгүй орхигдуулжээ.

 

3.4. Иймд анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдэлгүй түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлд хамаарч байна.

 

4. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд цахим болон утсаар харилцсан зурвасыг үнэлэхдээ латин үсгээр тэмдэглэсэн байдлаар бэхжүүлсэн оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна гэснийг зөрчжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх процессын хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна

 

5.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлж буй тохиолдолд хуульд заасан журмыг баримтлах учиртай.

Хэргийн 27-30, 31-33 дугаар талд авагдсан утсаар болон цахим хаягаар харилцсан зурвас зэрэг баримтад анхан шатны шүүх үзлэг хийж тэмдэглэл хөтлөхдөө зургаар бэхжүүлж хавсаргасан баримттай таарч байна гэж бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг үзлэгээр илрүүлэн бэхжүүлж байгааг тусгах зохицуулалтад нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг оролцогчийн цахимаар болон утсаар харилцсан зурвас үзлэг хийж буй бол үзлэгийн тэмдэглэлд уг үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тусгах учиртай. Энэ ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу явуулсан үндэслэлд хамаарч байна.

 

6. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/02485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ