| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1241/Э |
| Дугаар | 1299 |
| Огноо | 2018-09-17 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 1299
2018 09 17 2018/ШЦТ/1299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Нарийн бичгийн дарга Б.Батням,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 1806045331362 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Г.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мөнххөхий" үйлчилгээний төвийн хашаанд байсан иргэн Ц.Сийн 73-17 УББ улсын дугаартай тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Г.Б нь авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Г.Б, Ц.А бид гурав 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Мөнххөхий нэртэй караокед орж пиво ууцгаасан юм. Тэгээд 18:30 цагийн үед би явах гэхэд Б намайг чи пиво уусан, машинаа барьж болохгүй гээд түлхүүрийг өгөхгүй байсан. Тэгээд араас чинь очиж танайд хононо гэхээр нь би ойрхон гэрлүүгээ явсан юм. Миний араас А гараад гэрлүүгээ явсан гэсэн. Тэгээд Б нь тэнд сүүлд танилцсан Т гэх залуутай үлдсэн. Би 21:20 цагийн үед сэрээд залгахад Б нь удахгүй очлоо гэсэн. Тэгээд унтаад өглөө 05 цагийн үед залгахад холбогдох боломжгүй байсан. 09 цагийн үед Бтэй холбогдоход би цагдаад баригдсан, Сүхбаатар дүүргийн замын цагдаа дээр хүрээд ир гэхээр нь очиход миний 73-17 УББ дугаарын хар өнгийн тоёота акуа маркийн машиныг Б нь унаж яваад машинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан байсан. Тэгээд Б нь намайг гуйгаад байхаар нь торгуулийн 400.000 төгрөг, журмын хашааны 60.000 төгрөгийг нь би өгч гаргасан. Тэгээд согтуу жолоодож явсан болохоор машины эвдрэл 2.161.000 төгрөгний хохирлыг даатгал төлөөгүй. Үүнийг би өөрөө төлж засуулсан. Тэгээд надаас өмнө 150.000 төгрөг зээлсэн байсан дээрээ нэмээд торгуулийн 400.000 төгрөг, нийт 550.000 төгрөгийг өгнө гээд Б намайг гуйгаад байхаар нь зөвшөөрөөд баталгаа бичүүлж авсан юм. Тэгээд Б нь миний хохирлыг өгөхгүй, олдохгүй болохоор нь цагдаад хандаж байна. Би нийт 3.300.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Б ээжтэйгээ ирээд 1.200.000 төгрөг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 11-14/
Гэрч Ц.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
С баарнаас гарахдаа түлхүүрээ авья гэхэд нөгөө хүүхэн нь өгөөгүй. Чи уусан байж машин барьж болохгүй гээд өгөхгүй байсан. С ч яарч байсан. Гэр нь ойрхон болохоор нэг их заавал авна барина гэлгүй гараад явчихсан. Гарсаных нь дараа халааснаасаа машиных нь түлхүүрийг гаргаад левчикэндээ хийчихээр нь би түүнд "Чи ч гэсэн согтуу юм чинь түлхүүрийг нь би эрүүлээрээ авсан нь дээр байхаа" гэж хэлсэн чинь тэр эмэгтэй "Би угаасаа гэрт нь очиж хонох юм чинь" гэхээр нь түүнийг Сгийн яг ямар найз гэдгийг нь мэдэхгүй болохоор надаас илүү найз нь ч юм билүү гэж бодоод авах гэж хүчлэлгүй орхичихсон. Тэгээд ч би удахгүй гараад явахад тэр эмэгтэй бааранд үлдсэн. Маргааш өглөө нь С над дээр ирээд түлхүүрээ асуухаар нь байхгүй гээд байж байтал цагдаагаас журмын хашаанд машин нь байгаа гэж хэлээд, нөгөө Б нь ч Төмөр замын эрүүлжүүлэхэд байна гэж ярьсан. Би Стай машин дээр нь очтол маш их гэмтэлтэй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19/
Шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би хэдэн жилийн өмнө цайны газарт хамт ажиллаж байсан Стайгаа тааралдаж хөдөөнөөс ирсэн байхдаа гэрт нь хамт 2-3 хоносон. 2018 оны 04 сарын 28-ны өдөр С намайг дуудахаар нь гэрт нь 10 цагийн орчимд очтол урд өдөр нь уусан, бие муу шартсан байна, нөхөр өнөөдөр хөдөөнөөс ирнэ, хоол унд хийгээд өгөөч гээд байж байтал утас нь дуугараад найз А нь ирчихлээ гэсэн чинь очлоо гэж хэлээд намайг хамт явья гээд дагуулаад Мөнххөхий буудал руу 12 цагийн орчимд орсон. Урд шөнө нь уусан гэсэн өрөөг дахиж сунгуулж байсан бөгөөд өрөөнд 3 залуу 1 хүүхэн байсан. Хүүхэн нь найз А нь байсан. Буудалд бид нөгөө хүмүүстэй нь хөзөр тоглоод ууж идэж байгаад С 18 цагийн үед гэр рүүгээ явсан. Машины түлхүүрээ надад үлдээгээд гэр рүүгээ явсан. Буудлаас гарахдаа С хүүхэд нь хичээлээсээ ирж байгаа, хоол унд өгчихөөд ирье гэж гараад ирээгүй юм. Миний хувцсыг авсан байсан найз хүүхэн маань Багануур явлаа, хувцсаа Бэлхээс ирж авах уу гэхээр нь би буудлаас гараад Сгийн машиныг унаад явсан. Эзнээс нь зөвшөөрөл авсан зүйл байхгүй. С надаас нийт 3.300.000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс нь би 1,200,000 төгрөгийг төлсөн байгаа. 2.100.000 төгрөгийг нь би төлж барагдуулна гэх мэдүүлэг /хх-ийн 37/
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 7-8/
-хохиролын талаарх баримтууд /хх-ийн 26-32/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэргээс: Г.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23-25/ хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн тодорхойлолт, УБТЗ-ийн МСҮТ-ийн оюутан Г.Бийн тодорхойлолт /хх-ийн 76-78/, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 83-97/, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн материалийн хуулбар /хх-ийн 101-139/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Шүүгдэгч Г.Бийн бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь тухайн автомашиныг хувьдаа завшиж ашиг олох зорилгогүй байх ба бусад төрлийн гэмт хэргийн шинжийг агуулахгүй байгаа нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.
Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хэргийн оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан байх ба уг хугацаа /2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаа/ дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Г.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон хорих ялд шилжүүлэн, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоосон болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролоос шүүгдэгч Г.Б нь 1.200.000 төгрөгийг төлж барагдуулсан. 2.100.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн байх боловч төлөөгүй учир уг хохиролыг гаргуулж хохирогч Ц.Сд олгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 78 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсон байх тул энэ хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овогт Гын Бийг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солиж, 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хоёр жил долоон сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан хоёр жил долоон сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон далан найм хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бээс 2.100.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.С /Баянзүрх дүүргийн 16-р хороо, 73-12 тоотод оршин суух, 88715359, 88062499 дугаарын утастай, ЗЕ83122708 регистрийн дугаартай/-д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ