Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1302

 

 

 

 

 

 

    2018        09          17                                   2018/ШЦТ/1302  

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч А.Сайнбаяр,   

Нарийн бичгийн дарга Б.Батням,

Хохирогч Б.М,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1806043041487 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мтэй маргалдан ноцолдсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                      /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Мийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 04 дүгээр 29-ний өдөр 17 цаг өнгөрч байх явцад БЗД-ийн 16 хороо Өндөр цайз зах дээр Бтай таараад дуудахад зугатаахаар нь хойноос нь гүйж очоод барьж явсан цүнхнээс нь зуураад "чи миний гар утсыг төлж өгөөгүй байж надтай тохиролцсон төлж өгнө гэж хэлж хэргээ хаалгасан байна Хатанбаатар байцаагч чамайг дагуулаад ир гэж байна гэхэд "хохино пязда минь чи юугаар нотлох юм чамд учруулсан хохирол надад байхгүй би чамайг дагаж цагдаа руу явахгүй” гэж хэлээд цүнхнээс нь зуурч байсан зүүн гарын эрхий хурууг өчиж хойш нь дараад цүнхээ надаас авах гэхээр нь би цүнхийг нь тавихгүй гар өвдөөд байна гэхэд тавихгүй байж байгаад миний цээжин тус газар толгойгоороо нэлээн хэдэн удаа мөргөж гараараа мөн хэдэн удаа цохьсон. Тэр үед би хүн байна уу туслаарай гэж хашиграад, захын гадна тамхи татаж байсан танил эгч Энхээд "манай нөхрийг дуудаад өгөөч” гэхэд дотогшоо ороод хэлсэн юм шиг байна лээ нөхөр гүйж гарч ирээд Бгийн фудволкоор хоолойг нь боож байгаад миний гарыг тавиулсан. Захын гадна машины зогсоол дээр таарсан учир яг хажууд хүн байгаагүй. Нөхөр миний гарыг тавиулаад би гараа харахад зүүн гарын эрхий хуруу хавдаад улайчихсан байсан. Бид хоёр 10-20 минут зууралдсан. Тэр хугацаанд миний гарыг өчөөстэй байсан. Яг миний гарыг өчихөд нуга гээд дугарсан. Хугарчихлаа л гэж би бодож байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод зураг авхуулаад хуруу үенээсээ мултарч шөрмөс нь сунасан байна гээд гипсдээд 1 cap авч болохгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

 

Гэрч С.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би гэртээ байж байтал Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өндөр цайз худалдааны төвийн хашаан дотор хөрш эгч Б эхнэрийг чинь хүн зодоод байна гэж хэлсэн. Тэгээд би гараад очсон. Манай хашаанд түр амьдардаг байсан Б гэж залуу манай эхнэрийн зүүн гарыг мушигчихсан зууралдаад байж байсан. Бг хувцснаас нь зуураад газар унагаасан. Надтай бол Б өш хонзонгийн зуйл байхгүй. Харин манай хашаанд байхдаа амьдарч байсан Монгол гэрээ шатаах гэхэд эхнэр цагдаад дуудлага өгсөн юм байна лээ. Тэрнээс болж муудалцсан юм байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 30/

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 29-ний өдрийн 5570 дугаартай:

Б.Мийн биед зүүн сарвуун зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/

 

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн орчим Өндөр цайз захын хашаа руу орж явтал Мтэй тааралдаад учиргүй надаас гар утас нэхээд зуурсан. Тухайн үед нь би "чиний нөхрийн эвдсэн утсыг би төлж чадахгүй гэж хэлэхэд" чи эвдээ биз дээ гээд миний гартаа барьсан цүнхнээс зуураад тавихгүй байсан. Чи тавиач би явмаар байна чи цэрэг цагдаагаараа шийдүүл гээд их олон юм хэлсэн чамтай ярих зүйл байхгүй гээд хэлсэн. Би урд хэлж байсан. Цүнхээ авахын тулд түүний гарыг цүнхнээсээ тавиулахын тулд гарыг нь гэмтээсэн байж магадгүй түүнээс цохьж зодсон зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна түргэн шуурхай шийдүүлнэ. Түүнээс энэ хүний нэхэж байгаа гар утсыг нь би төлөхгүй би эвдээгүй. Санаатай би энэ хүнд гэмтэл учруулаагүй нэлээн зууралдсан цүнхнээс тэр үед цүнхээ тавиулахын тулд гэмтэл учруулсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 10/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа болон хуулбар /хх-ийн 43-44/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

      

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Бгийн иргэн Б.Мийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.М нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх учир шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч нь өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй юм.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Бны Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М нь хохиролын талаарх нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ