Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1324

 

 

 

 

 

 

 

 

     2018       09          24                                 2018/ШЦТ/1324

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ч.Алтансүх,    

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706025721208 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ хадам ээж У.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                      /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Н.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч У.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би хүү Б, бэр Э, ач охин Х нарын хамт зүүн эцэсийн дэлгүүр орж хоол ундны зүйл болон 1 шил архи аваад хүүгийн гэрлүү буцаж очсон. Тухайн үед хоол ундаа хийж идээд 1 шил архиа хуваагаад ууж сууж байсан. Тэр үед хүү, бэр 2 маргалдаж байгаад хүү Б гараад явсан. Бэр Э надад бантан халааж өгсөн. Би идэх гээд сууж байхад бэр Э араар гарах үедээ намайг үсдэж татаж унагаагаад хэд хэдэн удаа цохиод, үсдэж чирч гэрээс гаргаад гудамжинд хэвтүүлээд түргэн, цагдаа 2 дуудсан. Нэг ухаан ороход эмнэлэгт сэрсэн. Нүүр ам битүү хавдсан байдалтай байсан. Тухайн үед би 7 хоног эмнэлэгт хэвтээд гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 9/

 

Гэрч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 10 сарын 08-ны өдөр 15 цагийн үед байх 89983202 дугаараас БЗД-ийн 19-р хороо Жаргалантын 18-220а тоот хашаагүй гэрт Угий Б гэх 52 настай, эмэгтэйн толгой хагарсан байна гэх дуудлага ирж уг дуудлага өгсөн дугаараар залгахад холбогдох боломжгүй байсан. Улмаар очиход уг эмэгтэйн дагзны орчим 10 см орчим шархтай нилээд согтуу тасарчихсан эмэгтэй байсан. Улмаар дамнуургаар тээвэрлэж хүчилтөрөгч өгч тариа хийж холбогдох арга хэмжээг авч, толгойг нь боож гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөхөд ясандаа гэмтэлгүй тул шархыг нь тэнд оёж байсан. Намайг гэрт нь очиход бэр нь бололтой согтуу эмэгтэй бага насны хүүхэдтэй байсан. Өөр хүн байгаагүй. Тэр согтуу эмэгтэй Б гэх 52 орчим насны эмэгтэйг хадам ээж нь гээд Б гэх эмэгтэйг түүний дунд хүү нь зодсон гэж хэлсэн. Гэхдээ би үнэн худал хэлснийг мэдэхгүй. Мөн тэр дунд хүүгийнх нь нэрийг надад хэлээгүй. Тэр бэр нь гэх согтуу эмэгтэй тэр Б гэх 52 настай эмэгтэйг гудамжинд согтуу хэвтэж байхад нь гэртээ оруулсан гэсэн. Тэр 52 настай эмэгтэйн нүүр хавагнасан, гар, хөл хөхөрсөн харагдсан. Өөр гэмтэл бэртэл анзаарагдаагүй. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагандаа явсан. Тэр эмэгтэй нилээд согтуу ухаангүй байсан. Өглөө архи нь гарч мэдүүлэг өгөх боломжтой болох байх гэх мэдүүлэг /хх-ийн 15/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 287 дугаартай:

У.Бын биед чамархай, зулай, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, нүүр чихэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдангид нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49/

 

Шүүгдэгч Н.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 10-р сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19-р хороо Жаргалантын 18-220а тоот буюу гэртээ нөхөр Б, охин Х нарын хамт байж байхад хадам ээж Б 17 цагийн үед манай гэрт ирсэн. Нөхөр Б ээж уух дуртай юм чинь нэг шил архи авчих гэхээр нь би зөвшөөрөөд нөхөр, охин, хадам ээж нартай зүүний эцэс дээр байдаг хүнсний дэлгүүр рүү явсан. Дэлгүүрээс хоол унд, 0,75 литрийн Хандгай нэртэй архи авсан. Гэрт ирээд архыг бид нар хувааж уусан. Нөхөр хэрүүл өдөөд байна би явлаа гэж хэлэхээр нь “яасан чи яагаад явах гээд байгаа юм, яагаад уурлаад байгаа юм” гэхэд хуц би Э ахындаа очино янхан минь гэж хэлээд намайг цохиж өшиглөөд үснээс татсан. Тэр үед хадам ээж голоор салгах гээд орж ирсэн. Намайг түлэхээд өшиглөсөн. Хадам ээж хүүхдээ аваад явна гэхээр нь үснээс нь татаж унагаад хөл гарлуу нь 2-3 удаа өшиглөсөн. Би ээжийг цохихоо болиход ээж гараад явчихсан. Би гэрээс гараад араас нь явахад жалганд хэвтэж байсан. Би түргэн дуудсан. Хадам ээжийн нүүр хавдчихсан байсан. Тухайн үед түргэн цагдаа хоёр ирсэн. Түргэний машин хадам ээжийг аваад явсан. Цагдаа нар надаас мэдүүлэг авахаар нь бид нар хамт архи уусан. Нөхөр намайг зодочоод гараад явсаны дараа хадам ээжтэй муудалцаад намайг цохиод үснээс зулгаагаад байхаар нь тавиулаад түлхэж унагаад хэд хэд өшиглөчөөд охиноо аваад гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3/, эмнэлгээс гарах үеийн эпикриз /хх-ийн 18-19/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 11941 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 50-56/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Н.Эийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59, 67/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Н.Эийн иргэн У.Бын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч У.Б нь хохирол нэхэмжлээгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.Эийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Н.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.   

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаа тогтоож хийлгэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Нийн Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ