Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00138

 

 

 

 

 

 

 

 

 

Б ААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/03225 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Б ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү ХХК-д холбогдох

 

Гэрээнээс татгалзаж, 30,250,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Рагчаасүрэн, Л.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Соёмбот цэвэр усны үйлдвэрт 0.5 литрийн цэвэр усны хуванцар савны хуруу шилний бэлдэц, бөглөө нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр манай үйлдвэрийн харьяа Соёмбот цэвэр усны үйлдвэрт нэг бүрийн үнийг 121 төгрөгт тооцон 1,000,000 ширхэг 0.5 литрийн хуванцар савны хуруу шилний бэлдэц, нэг бүрийн үнийг 10.80 төгрөгт тооцож 0.5 литрийн хуванцар савны бөглөөг хариуцагч нийлүүлэх болсон ба 2020 оны 06 дугаар сард нийлүүлсэн. Нэхэмжлэгч гэрээний үнэ 140,800,000 төгрөгийг төлсөн.

1.2. Тухайн үед дэлхий нийтээр коронавирусийн халдвар тархаж, манай улсад халдвар гарч, хатуу хөл хорио тогтоосны улмаас бид үйлдвэрлэлээ явуулж чадаагүй.

1.3.Цар тахлын хөл хорио тавигдаж 2021 оны 05 дугаар сард үйлдвэрлэлээ явуулж хариуцагчийн нийлүүлсэн бэлдэцийг үлээх төхөөрөмжид хийхэд савны ёроол цайрч, цагаан болох, үлээгдэхгүй зэргээр цэвэр усыг савлах боломжгүй болж доголдол үүссэн. Энэ талаар хариуцагчид 2021 оны 05 дугаар сард мэдэгдэхэд компанийн менежер н.Алтангадас ирж, шалгаад ирье гээд 1,000 ширхэг хурууны шилний бэлдэцээс нэг шуудайг авч яваад эргэж мэдэгдээгүй. Бид 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 129 тоот, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 155 тоот албан бичгүүд хүргүүлж, утсаар тухай бүрт мэдэгдсэн.

1.4. Гэрээний дагуу зөрчлийг арилгуулахаар шаардсан боловч Ү ХХК хариу өгөөгүй тул нийлүүлсэн 1,000,000 ширхэг бэлдэцийн 25 хувь буюу 250,000 ширхэг 0.5 литрийн цэвэр усны савны хуруу шилний хорогдол гарсан бөгөөд үүний үнэ 30,250,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж барааг мөн оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгсөн. Бараа хүлээлцсэн Нотломж нэртэй баримт хэрэгт авагдсан ба тус нотломжоор зөрчил дутагдалгүй, чанарын шаардлага хангасан бэлдэцийг үйлдвэрийн шугамаар шалгахад хэвийн байсныг баталсан. Барааг тоолж хүлээн авсныг нотолсон зураг, магадлан итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг ч мөн хавсаргасан.

2.2.Нэхэмжлэгчийн доголдлын талаар гомдол гаргах хугацаа дууссан. Нэхэмжлэгч 2021 оны 05 дугаар сараас бэлдэцийг үйлдвэрт оруулсан гэсэн ба хэдэн ширхэгийг үйлдвэрт оруулсан, хэдэн ширхэгийг ашиглаагүй тухайгаа нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл манайхаас нийлүүлсэн бараа яг доголдолтой эсэхийг нотлоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Барааны доголдлыг нотлохын тулд ямар хэмжээний барааг бүртгэсэн, хэдэн ширхэгийг үйлдвэрт оруулсан баримт хэрэгт авагдаагүй. Үүнийг нэхэмжлэгч нотлох шаардлагатай ба барааны доголдлыг нотлоход хангалтгүй гэж үзэж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Ү ХХК-иас 30,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ААТҮГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 309,200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Шүүхээс 2020 оны 06 дугаар сард хүлээлцсэн барааг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар доголдолтой гэж үзсэн ба нотлох баримтаар гаргасан албан бичиг нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бичигдсэн тул гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар талууд гомдлын шаардлага гаргах хугацааг тогтоогоогүй тул хуульд заасан 6 сарын хугацаанд гомдлын шаардлага гаргах хугацаатай. Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний дагуу барааг нийлүүлж, эрсдэл болон өмчлөл нь нэхэмжлэгчид бүрэн шилжсэнийг шүүгч харгалзан үзээгүй. Талууд барааг хүлээлцэхдээ чанарыг бүрэн шалгаж, гэрээний ерөнхий нөхцөлийн 5.2-т зааснаар цэвэр усны савны бэлдэц, чанар байдал, тоо ширхэг, сав баглаа боодлыг нэг бүрчлэн шалган тоолж, хүлээж авна гэж заасан бөгөөд тухайн үед нэг бүрчлэн тоолж хүлээн авсан гэж дурдсан. Тухайн үед бараа доголдолтой байсан тохиолдолд нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан, учир нь цэвэр усны тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрт хүлээлгэж өгсөн. Хуруу шил нь 8 мм зөрсөн, үйлдвэрийн дамжлагад оруулахад цайралт, цооролт үүссэн гэх талаар тухайн үед мэдэх боломжтой байсан бөгөөд бид 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр доголдолгүй, гэрээнд заасан шаардлага хангасан барааг өгсөн нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасантай нийцнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: 2021 оны 06 дугаар сарын албан бичиг гэж яригдсан. 2020 оны 05-06 дугаар сарын хооронд бэлдэцийг хүлээж авсан. Цар тахлын хөл хорио арилсан 2021 оны 05 дугаар сараас үйлдвэрлэл эхэлж бэлдэцийг ашиглах үед доголдол илэрсэн. Хариуцагч нь 250,000 ширхэг бэлдэцийн доголдлыг мэдэх ёстой гэсэн нь амьдралд нийцэхгүй. Нийт 714,000 ширхэг бэлдэцийг хэрэглэж дуусгасан ба уг хугацаанд 250,000 ширхэг бэлдэц үйлдвэрлэлийн явцад цайрч, цооролт үүссэн. 2021 оны 06 дугаар сард албан бичгүүдээр мэдэгдсэн боловч хариу мэдэгдээгүй. Манай зүгээс тооны асуудалд маргаагүй бөгөөд чанар, доголдлын асуудал үүссэн тул хохирлоо гаргуулахаар нэхэмжилсэн. Тухайн бэлдэцийн сав баглаа боодол, хуруу шил нь өөр үйлдвэрт тохирох боломжгүй. Доголдлын асуудал нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх үзлэг хийж тогтоосон гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1.   Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2.   Нэхэмжлэгч Б ААТҮГ нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан 30,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.   Хариуцагчийн нийлүүлсэн бараа доголдолтой эсэх, нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах эрхийг алдсан эсэх, гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар талууд маргасан бөгөөд анхан шатны шүүх маргаанд хамааралтай үйл баримтыг тодруулаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна. .

4.   Зохигчдын хооронд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Соёмбот цэвэр усны үйлдвэрт 0.5 литрийн савны хуруу шил, бөглөө бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь 1,000,000 ширхэг 0.5 литрийн савны хуруу шил, савны бөглөөг тус тус 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэгчид нийлүүлэх, нэхэмжлэгч гэрээний үнэ 140,800,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар талууд маргаагүй. . /хх 26-30/

5.   Зохигчдын хооронд байгуулсан гэрээний Тусгай нөхцөлийн 2.2-т хуруу шилний бэлдэцийг үйлдвэрлэснээс хойш 1 жилийн хугацаанд хэрэглэх, хадгалах явцад гадны нөлөөгүйгээр ямар нэг өөрчлөлт орсон нөхцөлд үнэ төлбөргүй солих, техникийн тодорхойлолтод нийцүүлэх арга хэмжээг хариуцагч авах үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээжээ.

5.1.Нэхэмжлэгч нь ...0.5 литрийн савны хуруу шилний 1,000,000 ширхэг бэлдэцийг 2020 оны 05 дугаар сард хүлээн авсан, 2021 оны 05 дугаар сард үйлдвэрлэлээ явуулж бэлдэцийг үйлдвэрийн дамжлагаар оруулахад цайрч, цоорох, үлээгдэхгүй байх зэргээр доголдол илэрч 250,000 ширхэг хуруу шил ашиглагдаагүй талаар хариуцагчид тэр даруй мэдэгдсэнээр хариуцагч 1000 ширхэг бэлдэцийг авч явсан, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 129 тоот, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 155 тоот албан бичгээр дахин мэдэгдэл хүргүүлсэн гэж,

хариуцагч нь 2021 оны 05 дугаар сард нэхэмжлэгч доголдлын талаар мэдэгдээгүй, бэлдэцийг очиж аваагүй, албан бичгүүд нь гомдлын шаардлага гаргах хугацааны дараа илгээгдсэн гэж тус тус зөрүүтэй тайлбарлаж байна. /хх 23-25, 31-32/

5.2.Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь дээрх 129, 155 тоот албан бичгүүдийг хариуцагчид хүргүүлсэн эсэх, хариуцагч хүлээн авсан эсэхийг тогтоох нь нэхэмжлэгч гомдлын шаардлагыг гэрээнд заасан хугацаанд нөгөө талдаа гаргасан эсэх, гомдлын шаардлага гаргах хугацааг хэрхэн баримталсныг шүүх талуудаас тодруулж, эрх зүйн дүгнэлт хийх учиртай. Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаар болон нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх, улмаар шаардлага гаргах эрхтэй эсэхэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

6.   Түүнээс гадна хариуцагчийн нийлүүлсэн 1,000,000 ширхэг 0.5 литрийн савны хуруу шилний 250,000 ширхэг нь чанарын шаардлага хангаагүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байгааг анхан шатны шүүх тодруулаагүй байна. Үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээг цуцалсан нөхцөлд гэрээ цуцалсан үндэслэлээ нотлох үүрэгтэй. Хэргийн 70, 71 дэх талд авагдсан Бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл гэх баримт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 250,000 ширхэг бэлдэц чанарын шаардлага хангаагүй гэх тоо хэмжээ эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч тал ямар баримтад үндэслэн доголдолтой гэх барааны ширхэгийг 250,000 гэж тодорхойлсон нь тодорхойгүй, энэ талаар шүүх мэтгэлцүүлээгүй байна. /хх 70-71, 110-113/

 

7.   Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх болон маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай мхуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/03252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ү ХХК-ийн төлсөн 309,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЭНЭБИШ