Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/00073

 

 

А-, Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/03345 дугаар шийдвэртэй,

А-, Б- нарын нэхэмжлэлтэй В-эд холбогдох,

45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн, хариуцагч В-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: В- нь 2015 онд манай “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед захиргааны хэргийн анхан шатны шүүхэд газрын маргаантай хэрэг дээр В- ажиллаж өмгөөлөгчийн хөлс, мөн дээрээс нь хэргийг өөрийн талд шийдвэрлүүлэхийн тулд мөнгө хэрэг болоод байна, хэрвээ шийдвэр манай талд гараагүй тохиолдолд мөнгийг чинь буцаан өгнө гэж хэлээд 100,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан.

2014 оны 12 дугаар сард өмгөөлөгч В- нь А-тай амаар гэрээ байгуулж, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт “Д” ХХК-ийн эрхийг хамгаалж, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр болсон, өмгөөллийн хөлсөнд 5,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр түүний дансанд А-аас шилжүүлж төлсөн. 

В- нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байх үедээ шүүхийн зардал гэж тайлбарлаж, үндэслэлгүйгээр 100,000,000 төгрөгийг “У” ХХК-ийн захирал Б-гээс авсан болохыг А- сүүлд мэдсэн. Тухайн 100,000,000 төгрөгийг Б- өөрийн ажилтан н.Эрдэнэбилэг гэдэг хүнээр дамжуулан В-ийн данс руу шилжүүлсэн. н.Эрдэнэбилэг нь уг мөнгийг “А-аас шүүхийн хөлс” гэж шилжүүлсэн.

В- нь захиргааны хэрэгт н.Хүрэлчулуун гэдэг хүнтэй газрын маргааныг зохицуулж өөр газар авч өгч эвлэрүүлнэ гэсэн ч ямар нэг газар худалдаж авч өгөөгүй, маргааныг эвлэрч шийдвэрлэх үйл ажиллагаа хийж гүйцэтгээгүй. В- тухайн 100,000,000 төгрөгөөр ямар ч газар худалдаж аваагүй, тухайн мөнгөний талыг өөрөө хэрэглэсэн гэдгийг эрүүгийн хэрэг дээр мэдүүлсэн байдаг.

В- 100,000,000 төгрөгийг буцааж өгнө гэж хэлсэн боловч 52,000,000 төгрөгийг өгсөн. Шүүхийн зардал буюу барилгын үнэлгээний төлбөрт 3,000,000 төгрөг зарцуулсан гэж тайлбарласан бөгөөд үлдэх 45,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төлж барагдуулахаар талууд төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Тухайн хэлцэл хийснээс хойш үлдэгдэл 45,000,000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

В- нь 100,000,000 төгрөгийг А-тай биш Б-тэй тохиролцож авсан. Авсан мөнгөнийхөө тал мөнгийг нь Б-д буцааж өгсөн, үлдэгдэл 45,000,000 төгрөгийг Б-д буцааж төлөх талаар тохиролцож хэлцэл хийсэн байх тул мөнгийг Б.Мөнхжаргал биш хэлцэл хийсэн Б- дангаар нэхэмжлэх эрхтэй байх тул Б.Мөнхжаргал нь В-эд холбогдуулан Б-тэй хамтран гаргасан нэхэмжлэлийн өөрт холбогдох шаардлагаас татгалзаж байна. Иймд шүүхээс А-ын нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: В- нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Д” ХХК-ийн захирал А-аас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, хийсэн ажлын хөлсөө авсан. Тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж дууссаны дараа Б- гэдэг хүн гарч ирээд залилагч, авлига өгөгч гэх зэргээр дайрч давшлан цагдаагийн байгууллагаар 2 жил гаруй хугацаанд шалгуулж, нэр төр гутаасан үйлдэл хийсэн тул аргагүйн эрхэнд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б-тэй төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Б-д “Д” ХХК болон эрх бүхий албан тушаалтныг төлөөлөн В-тэй хэлцэл хийх, гэрээ байгуулах эрх олгогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.

В- нь тухайн хэрэг маргаанд хийсэн ажлынхаа хөлсийг авсан, н.Эрдэнэбилэг, Б- нарыг танихгүй. Харин “Д” ХХК-ийн төлөөлөгч А-аас шүүхийн хөлс гэсэн утгатайгаар шилжүүлсэн учир өмгөөллийн хөлсөө өгч байна гэж ойлгож, тухайн үедээ ажиллагаа хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В-ээс 45,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А- нь хариуцагч В-ээс 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В-ээс 382,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож буй Б- нь жинхэнэ нэхэмжлэгч мөн эсэхийг, нэхэмжлэгчээр оролцох эрх бүхий этгээд эсэхийг шалгаж тогтоогоогүй. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б-г жинхэнэ нэхэмжлэгчээр А-ыг солих тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 14789 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр А-ын нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хүсэлт гаргасныг хүлээн авч захирамж гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл захирамж хүчин төгөлдөр байгаа. Иймд нэхэмжлэгч нар В-ээс 45,000,000 төгрөг шаардах, мөн шүүхэд хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргах эрхээсээ хэн аль нь татгалзсан ба хүсэлтийн дагуу шүүгчийн захирамж гарсан. Жинхэнэ нэхэмжлэгч биш болох нь баримтаар нотлогдсон Б-г зохигчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2 Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдсөнтэй холбоотой тайлбар гаргах, шинээр нотлох баримт гаргах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй. Уг шийдвэрийг улмаас тайлбар гаргах, мэтгэлцэх эрх зөрчигдсөн. Анхан шатны шүүх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. В- нь А-, Б-гээс бус “Д” ХХК-иас олгосон итгэмжлэлийн дагуу шүүх хуралдаанд оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлж, хийсэн ажилдаа тохирох хөлсийг авсан. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад шаардлага гаргах, мөн маргаантай үүрэг нь нэхэмжлэгч нарт шилжсэн болох нь тогтоогддоггүй. Тиймээс нэхэмжлэгч нар нь уг хэргийн жинхэнэ нэхэмжлэгч биш бөгөөд “Д “ ХХК нь шаардах эрхтэй байсан гэж үзэж байна.

4.4. Б- В-эд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж, нэр төрийг нь гутаах оролдлого хийж байсан тул аргагүйн эрхэнд тэрээр 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б-тэй "Төлбөр барагдуулах гэрээ"-г хийсэн ба Б-д “Д” ХХК-ийг төлөөлөн В-тэй гэрээ, хэлцэл хийх эрх олгогдоогүй. Иймд төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч талын зүгээс уг гэрээнд үндэслэн 45,000,000 төгрөг шаардаагүй гэх тайлбарыг үндэслэн шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон төлбөр барагдуулах гэрээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Б- нь О.Өлзийсайханыг өмгөөлөгч гэж итгэж итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл уг хүн нь өмгөөлөгч хүн биш байснаас гадна тэрээр дур мэдэн нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнг нэхэмжлэгч А-аар солих хүсэлт гаргасан Үүнээс болж хэн нэхэмжлэгч, яагаад нэхэмжлэл гаргасан гэдэг дээр маргаан үүссэн. Хэрэгт нэхэмжлэгчийг эргүүлэн хамтран нэхэмжлэгч болгосон, урьд олгосон итгэмжлэлээс татгалзаж байгаа асуудал нь хуулийн хүрээнд явагдсан.

5.2 Нэхэмжлэгч Б- нь дарамталж гэрээ хийсэн гэх зүйл байхгүй. Цагдаад 2017 онд гомдол гаргаж шалгуулсныг хэрэгсэхгүй болгохын тулд В- өөрөө ирж гуйгаад “би мөнгийг чинь төлж өгнө, гомдлоо татаад авчих” гэж хэлээд тал мөнгийг нь өгч, тал мөнгийг нь өгнө гэж баталгаа гаргаж уг хэргийг шийдвэрлүүлээгүй. Түүнээс биш ямар нэг дарамт шахалт үүсгэсэн зүйлгүй.

5.3. Хэрэгт авагдсан баримтаар Б- нь өөрийн “У” ХХК-ийн  барилга барьж буй газрын маргааныг дуусгавар болгохын тулд 100,000,000 төгрөгийг В-эд өгсөн. Энэ нь эрүүгийн хэрэгт хохирогчоор өгсөн Б-гийн мэдүүлгээр тогтоогдсон. В- нь уг мөнгийг хүлээн авсан эсэхэд маргаан байхгүй. Тэрээр мөнгийг Б-д буцаан төлнө гэж хэлцэл хийсэн. Иймд “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаатай холбоотой олгосон ажлын хөлс биш гэдэг нь үүгээр нотлогдож тогтоогдсон тул эрх залгамжлах асуудал яригдахгүй. “Д” ХХК нь татан буугдахаас өмнө мөнгийг нэхэмжилж цагдаад гомдол гаргасан болох нь прокурорын тогтоолын он, сар, өдрөөс харагдаж байна. Хэрэв ажлын хөлс 100,000,000 төгрөг байсан бол гэрээ хэлцэл хийхгүй байх байсан. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А-, Б- нар нь хариуцагч В-эд холбогдуулан 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А- нь хариуцагч В-эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

3. 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр В- нь Б-гээс 100,000,000 төгрөг хүлээн авсан, үүнээс 55,000,000 төгрөг буцаан төлөгдсөн, дээрх мөнгөн хөрөнгө нь А- болон В- нарын байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний  хөлсөд хамаарахгүй гэх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.  

 

3.1. Нэхэмжлэгч Б- нэхэмжлэлийн үндэслэлээ: “В- нь 2015 онд манай “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед захиргааны хэргийн анхан шатны шүүхэд газрын маргаантай хэрэг дээр В- ажиллаж өмгөөлөгчийн хөлс, мөн дээрээс нь хэргийг өөрийн талд шийдвэрлүүлэхийн тулд мөнгө хэрэг болоод байна, хэрвээ шийдвэр манай талд гараагүй тохиолдолд мөнгийг чинь буцаан өгнө гэж хэлээд 100,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан” гэж тайлбарласныг “Төлбөр барагдуулах гэрээ”-нд: “Дансаар өмгөөллийн хөлсөнд 100,000,000 төгрөг авсан, 52,000,000 төгрөгийг буцаан өгсөн, ..., үлдэх 45,000,000 төгрөгийг ... төлж барагдуулна” гэсэн баримтад хариуцагч В- гарын үсэг зурсан байдал, нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 100,000,000 төгрөгийн утгыг “шүүхийн зардал” гэж заасан,  хариуцагч В- хүлээн авсан 100,000,000 төгрөгийг “Д” ХХК-тай байгуулсан гэрээний  өмгөөллийн хөлс гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байдлыг тус тус харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч талаас 100,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх болсон хэлцэл агуулгын хувьд хуулиар зөвшөөрөгдөхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байна.  

3.2. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу арилгахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгахаар талууд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” гэх баримтыг үйлдсэн, энэ баримтад хариуцагч В- нь 52,000,000 төгрөгийг төлсөн, 3,000,000 төгрөгийг талууд барилга үнэлүүлсэн үйлчилгээний хөлс гэх үндэслэлээр хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан төлөх мөнгөн дүнгээс хасахаар талууд тохиролцсон, үлдэх 45,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төлөхийг илэрхийлсэн нотлох баримт гэж дүгнэх юм.

3.3. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.4 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүсээгүй байхад анхан шатны шүүх уг харилцааг үүссэн гэж буруу дүгнэснийг залруулах нь зүйтэй.

 

4. Хариуцагч талын гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

 

4.1 Шүүхэд Б-г төлөөлж О.Өлзийсайхан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзийсайхан шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүсэлт гаргахдаа “хариуцагч нь Лхагвасүрэнгээс мөнгө аваагүй гэх хариу тайлбар гаргаж байгаа, Лхагвасүрэнгийн мөнгө байсан гэдгийг мэдсээр байж хүлээн зөвшөөрөхгүй байх тул Лхагвасүрэнгийн мөнгийг дамжуулан Гансүхэд өгсөн Мөнхжаргалыг ... жинхэнэ нэхэмжлэгчээр ... сольж өгнө үү” гэсэн бол А- 2019 оны 11 дүгээр сарын 05-ын өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй Гансүхэд холбогдох иргэний маргаанд хариуцагч нь 100,000,000 төгрөгийг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байтлаа уг үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байх тул миний бие ... жинхэнэ нэхэмжлэгчээр оролцох хүсэлтэй байна” гэж тус тус илэрхийлсэн байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг солих ажиллагаа хийснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 897 дугаар магадлалаар зохигчдын эрх зүйн байдал тодорхой бус, алдаатай гэж дүгнэж, уг алдааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зөрчлийн хамт арилгуулахаар шийдвэрлэсэн байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзийсайханы гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг материаллаг эрх зүйн шаардлагаас татгалзсан гэж дүгнэхгүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгч А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ “Гансүх нь 100,000,000 төгрөгийг Мөнхжаргалтай биш Лхагвасүрэнтэй тохиролцож түүнээс авсан, авсан мөнгөнийхөө тал мөнгийг нь Лхагвасүрэнд буцааж өгсөн, үлдэх 45,000,000 төгрөгийг Лхагвасүрэнд буцааж төлөх талаар Лхагвасүрэнтэй тохиролцож хэлцэл хийсэн байх тул энэ мөнгийг Мөнхжаргал биш хэлцэл хийсэн Лхагвасүрэн дангаар нэхэмжлэх  эрхтэй ...” гэж заасан нь нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн уг мөнгөн хөрөнгийг шаардах эрхгүй гэж илэрхийлээгүй байна.

 

4.2. Нэхэмжлэгчийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилсөн гэж дүгнэхээргүй байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ: “В- нь 2015 онд манай “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед захиргааны хэргийн анхан шатны шүүхэд газрын маргаантай хэрэг дээр В- ажиллаж өмгөөлөгчийн хөлс, мөн дээрээс нь хэргийг өөрийн талд шийдвэрлүүлэхийн тулд мөнгө хэрэг болоод байна, хэрвээ шийдвэр манай талд гараагүй тохиолдолд мөнгийг чинь буцаан өгнө гэж хэлээд 100,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан” гэж үндэслэлээ заасан боловч  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр “... В- нь захиргааны хэрэгт н.Хүрэлчулуун гэдэг хүнтэй газрын маргааныг зохицуулж өөр газар авч өгч эвлэрүүлнэ гэсэн ч ямар нэг газар худалдаж авч өгөөгүй, маргааныг эвлэрч шийдвэрлэх үйл ажиллагаа хийж гүйцэтгээгүй. В- тухайн 100,000,000 төгрөгөөр ямар ч газар худалдаж аваагүй, тухайн мөнгөний талыг өөрөө хэрэглэсэн гэдгийг эрүүгийн хэрэг дээр өгсөг мэдүүлэг дээр мэдүүлсэн байдаг...” гэсэн тайлбарыг гаргасныг шинэ үндэслэл заасан гэж дүгнэсэнгүй. Учир нь дээрх агуулгаар эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд мэдүүлэг өгч байжээ. Аль ч үндэслэлийг заасан хариуцагчид шилжиж очсон 100,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагч хуулийн дагуу авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үндэслэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажиллагаа хийгээгүй буюу хариуцагчид тайлбар гаргах эрх эдлүүлээгүй гэж буруутгахгүй.  

 

4.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах үүднээс шүүх маргааны зүйл болж буй баримт хүчинтэй эсэхийг дүгнэх учиртай. Энэ үүднээс сөрөг нэхэмжлэл гарсан эсэхээс үл хамааран хариуцагчийн эс зөвшөөрч буй 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-нд эрх зүйн дүгнэлтийг өгнө.

Уг гэрээ нь Б-гээс В-эд 100,000,000 төгрөг шилжүүлсэн, түүний  үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан баримт байх бөгөөд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлж шинээр хэлцэл байгуулсан гэж үзэхгүй.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсаныг буруутгахгүй.

Мөн Б-г эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулж, дарамталж, заналхийлж байсан тул хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ” гэх баримтад гарын зурсан гэж тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон хугацаанаас хойш уг баримтыг үйлдсэн байх тул дээрх тайлбар үгүйсгэгджээ.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/03345 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.4 дэх хэсэгт” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                       Э.ЭНЭБИШ

 

                                                                                                 Т.БАДРАХ