Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/02106

 

 

 

 

 

 

2022 12 12 210/МА2022/02106

 

 

 

*.* гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/03571 дугаар шийдвэртэй,

*.* гийн нэхэмжлэлтэй

*.*д холбогдох

Гэм хорын хохиролд 4,564,340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *.* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Минж плазагийн урд байрлах **/* байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг *** салоны гоо сайханч *.*эр нүүрний сэвх, нөсөө толбо арилгах лазер эмчилгээ хийлгэсэн.

Эмчилгээ хийлгэсний маргааш нүүрний өм цөм авсан хэсгүүдээс идээ шүүс гоожиж, нүүр хавдаж, өвдөж хорсоод байхаар нь асуухад тамедины уусмалаар сайн шавшаад бай гэсний дагуу арга хэмжээ авсан боловч өөрчлөлт орохгүй, нүүрэнд олон тооны гүн, том сорви үлдсэн. Би түүнтэй ярихаар залгахад утас нь холбогдоогүй, ажил дээр нь олон удаа очиход байгаагүй.

Ингээд Доктор Смайл арьс гоо заслын эмнэлэгт үзүүлэхэд бүрэн эдгэрэхгүй, нүүрний арьсыг чинь хэтэрхий гүн ухаж авсан байна гэсэн тул эмчилгээ хийлгэсэн. *.* лазер эмчилгээг зохих ёсоор хийгээгүйгээс миний нүүрийг засаршгүй болгосонд гомдолтой тул түүнээс гэм хорын хохиролд 4,564,340 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

*.* нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нүүрний бүх мэнгэ нөсөө толбоо авахуулахаар ирсэн ба түүний арьс гэмтэлтэй, жигд бус, барзгар толбо, мэнгэ ихтэй сорвижилттой байсан.

Үйлчлүүлэгч нүүрэн дэх бүх мэнгэ толбоо авахуулъя гэсний дагуу нийт 3 цаг гаруй үйлчилсэн.

Үйлчилгээний төлбөр 350,000 төгрөг болсон ч ...мөнгө хүрэхгүй байна гэх зэргээр тайлбар хэлээд байхаар нь төлбөрт 280,000 төгрөг авсан.

Гэтэл 10 дугаар сарын 12-ны өглөө нүд хавдаад юм харахгүй, идээ гоожоод байна гэж хэлэхээр нь ...зургаа явуулчих харья гэсэн боловч явуулаагүй.

*.* нь **** гэх салонд сайн дураараа хийлгэсэн эмчилгээ үйлчилгээ нь буруу хийгдсэнээс болсон гэж үзэж байгаа ба тус эмнэлгийн төлбөрийг төлсөн баримтгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс 351,000 төгрөг гаргуулан *********д олгож, үлдсэн 4,212,840 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,180 төгрөг гаргуулан *.* д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

Доктор смайл ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай Үйлчилгээ үзүүлсэн тухай тодорхойлолт хэрэгт авагдсан, тус баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Гэтэл шүүх ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй, ямар эмчилгээ хийлгэх талаарх эмнэлгийн бичиг баримт байхгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Доктор смайл ХХК-ийн 3 эмч 4,070,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч, тодорхойлсон байхад нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *.*д холбогдуулан гэм хорын хохиролд 4,564,340 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. *.* нь *.*эр нүүрний сэвх арилгах лазерын үйлчилгээ хийлгэсний улмаас нүүрийг засаршгүй гэмтээсэн гэж, *.* нь *.* гийн нүүрний арьс гэмтэлтэй, толбо, мэнгэ ихтэй, сорвижилттой арьс байсан, мэнгэ нөсөө толбыг нь лазераар авсан, аажимдаа арьс нь төлжих байтал эдгэрээгүй байхад буруу эмчилгээ хийлгэснээс болсон, эмчилгээ хийлгэсэн төлбөрийг дансаар төлсөн баримтгүй гэж тус тус зөрүүтэй тайлбар гарган маргасан байна.

 

3.а. Анхан шатны шүүх хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн биед гэмтэл учирсан эсэх, хэрэв гэмтэл учирсан бол хариуцагч гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүний үйлдэл болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой эсэхийг дүгнэх шаардлагатай.

 

Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Хэргийн баримтуудаар хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан болохыг эргэлзээгүй тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

 

3.б. Хэргийн 6 дахь талд авагдсан Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд ...*.* нь ... ***** гоо сайхны салонд нүүрний нөсөө толбо арилгах лазер эмчилгээнд орсон болох нь түүний мэдүүлэг, фото зураг мөн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр түүнд хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдож... гэжээ. /хх6/

 

3.в Нэхэмжлэгч *.* гийн эрүүл мэндэд гэм хор учирсан гэж дүгнэхэд түүнд гэм хор учруулсан гэх хариуцагч ******* буруутай үйлдэл тогтоогдсон байх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл, дээрх прокурорын тогтоолд дурдсан нэхэмжлэгч *.* гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байхад түүний эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцагч ******* үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох боломжгүй байна.

 

4. Мөн хариуцагч ******* үсчин, гоо заслын мастер гэх дипломын хуулбар хэрэгт авагдсан хэдий ч түүнийг бусдын нүүрэнд гоо сайхны үйлчилгээ үзүүлэхдээ лазераар мэнгэ нөсөө толбо авах ажилбар хийх эрхтэй эсэх нь хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй байна. /хх24/

 

4.а. Хэргийн 25 дахь талд авагдсан Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Минж плазагийн урд байрлах **/* дүгээр байрны 1 давхарт байрлах иргэн *.* гоо сайхны газар эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулжээ.

 

Уг баримтаар хариуцагч ******* лазераар мэнгэ, нөсөө толбо авах үйлчилгээ эрхэлж байгаа нь гоо заслын үйлчилгээнд хамаардаг бол энэ төрлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх нь тодорхой бус, эрх зүйн байдал бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй.

 

6. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар зохигчийн зөвшөөрлөөр томилогдсон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/03571 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,070 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ