| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1334/Э |
| Дугаар | 1397 |
| Огноо | 2018-10-09 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 1397
2018 10 09 2018/ШЦТ/1397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Ц.Гантулгабат,
нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
өсвөр насны шүүгдэгч Т.С, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ч.Мөнхбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Т.Сыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806067381635 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Т.С нь 2018 оны 08 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Саруул Тэнгэр" хорооллын баруун талд иргэн П.Бийн Samsung Note-5 маркийн rap утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад өсвөр насны шүүгдэгч Т.С нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч П.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Саруултэнгэр хорооллын баруун талд зам дагаад зүүн тийш ганцаараа алхаж явтал араас үл таних эрэгтэй хүн миний гар утсыг шүүрээд баруун тийш гүйгээд явсан. Би араас нь хөөгөөд, явж байсан хүнээс тусламж гуйж барьж авсан. Тухайн эрэгтэй нь саравчтай малгайтай, хар өнгийн ноосон цамцтай, бараан өнгийн жинсэн өмдтэй, ойролцоогоор 15-18 орчим насны, бордуу царайтай, ойролцоогоор 165-170 орчим см өндөртэй туранхай залуу байсан. Т.Сын надад учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 49/,
Насанд хүргээгүй гэрч З.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Тэгээд бид нар писи тоглочихоод харих гээд 16-р хорооллын баруун талд замын хойно явж байтал С гэнэт зам хөндлөн гараад урагш гүйсэн. С гэнэт гүйгээд явсан бөгөөд бид хэд замын хойд талд явж байсан юм. Тэгээд бид хэд Сын араас яваад Цайз захын урд талын уулзвараар урагш эргээд Боса дэлгүүрийн тийшээ очиход хэдэн ах нар байж байсан. Тухайн үед С машин доогуур юм хайгаад байх шиг байсан. юу болсон талаар асуухад би ийшээ нэг утас шидсэн чинь байхгүй болсон байна гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 08 сарын 20-ны өдрийн БЗ1-18-1029 дугаартай:
Самсунг нөт 5 маркийн гар утас 400.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 23-25/
Өсвөр насны шүүгдэгч Т.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Тэгээд 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Саруул Тэнгэр хорооллын баруун талд замын урд хэсэгт нэг эмэгтэй хүн утсаар яриад ганцаараа явж байхаар нь би ганцаараа зам хөндлөн гараад тэр эмэгтэйн утсыг булаагаад баруун тийш гүйгээд Цайз захын уулзвараар урагш эргээд гүйсэн. Тэгэхэд миний араас 2 хүн хөөгөөд Боса дэлгүүрийн тэр хавьд намайг барьж авсан. Миний араас 2 хүн хөөж байсныг би мэдсэн учраас тухайн гар утсыг нэг машины доор тавиад зугтсан юм. Тэгээд тэр 2 хүн намайг барихаар нь би нөгөө машин руу очоод гар утсыг үзэхэд байхгүй болсон байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 49/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: Т.Сын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-43/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, өсвөр насны гэрч, өсвөр насны сэжигтэн, өсвөр насны яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.
Баянзүрх дүүрийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Т.Сад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Т.С нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Сыг бусдыг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хууль ёсны төлөөлөгчийн санал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Өсвөр насны шүүгдэгч Р овогт Тын Сыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дургаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Сыг зургаан сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Сад оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг гурван сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Сад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Сад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэргийн учир өсвөр насны шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Т.Сад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ