| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0181/э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,
Шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогтой Дийн Гт холбогдох 1835003350199 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, ээж, ах, дүү нарын хамт Увс аймгийн Зүүнговь сумын 1-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, РД:ОД94112030, Б ургийн овогтой Дийн Г.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Г 2017 оны 11 дүгээр сарын үед Увс аймгийн Зүүнговь сумын нутгаас хохирогч Ж.Бын эзэмшлийн 1 тооны даага хулгайлж 270.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Гийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн “Хар буруу” гэх газар нутаглаж байсан хохирогч Ж.Бын 1 тооны хүрэн зүсмийн сар төөлтэй охин хүрэн даага 2017 оны 10 дугаар сарын үед алга болсон байх ба 11 сарын сүүлээр шүүгдэгч Д.Г хулгайлж авсан болох нь хохирогч Ж.Б-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын дундуур Төв аймгийн Цээл сумаас хүргэн Үнэнбатын малыг тууж Увс аймаг руу авч ирэх ажилтай Төв аймагт явж байтал Зүүнговь сумын Баяннуур багийн Хар бураа гэх газар өвөлжиж байсан иргэн Б буюу /Хумбил/ гэх таньдаг дүү над руу утсаар залгаад “таны хүрэн зүсмын сар төөлтөй охин хүрэн даагыг тань манай сумын Баяннуур багийн иргэн Д.Г /Х/ гэх залуу хулгайлж аваад алж байгаад надтай таарлаа” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “Б миний дүү чи наадах хэрэг дээрээ гэрч болж өгөөрэй, би очиж байгаад чамайг дагуулж очиж төлүүлж авна” гэж хэлээд 2018 оны 1 дүгээр сарын эхээр Төв аймгаас ирээд Б, Буянбат /Бубаа/, Үнэнбат нарыг дагуулж аваад миний адуу хулгайлсан гэх Зүүнговь сумын иргэн Д.Гийн гэрт нь очсон. Гэртээ нэг охин дүүтэйгээ хоёулаа байсан ба би Д.Гаас “чи миний нэг хүрэн зүстэй даага хулгайлж авсан байна, чи хаана байхад нь авсан бэ” гэж асуухад эхэндээ юм ярихгүй байж байгаад сүүлд нь “би Б /Д/ ахын адуунд байхад нь авч ирж алаад өвлийн хүнсэндээ хэрэглэсэн” гэж хэлсэн. Би “чи миний адууг төлж өг” гэж хэлэхэд “танд би Цагаан халиун зүстэй шүдлэн үрээ /3/ настай морь, нэг эр хонь, нэг эм хонь өгнө” гэж хэлээд надад 2 хонио өгөөд, би танд 2018 оны 5-р сард үрээ морио аваачиж өгий гэсэн. Тэгээд би буцаад Баруунтуруун сум руу явж байтал Гийн ээж нь байна гэсэн хүн над руу утсаар залгаад миний хүү Г чиний адууг авчирж алсан байна, чи битгий цагдаад хэлээрэй эгч нь хохирлыг чинь бүрэн барагдуулна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед цагдаад хэлээгүй. 2018 оны 05-р сард Г өөрийн биеэр цагаан халиун зүстэй 3 настай морь авч ирээд өгөөд явсан. Миний хүрэн зүстэй даага манай хүү С гэрлэхэд өмчинд ирсэн даага одоо эх нь хүрэн зүстэй гүү байгаа. Миний хүрэн зүсмын даага хурдан удмынх тул би даагаа 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр үнэлсэн. 2017 оны 10 дугаар сард хүрэн зүмийн даага Баруунтуруун сумын “Цагаан бураа” гэх газар Б.Н-гийн гэрийн гадна байж байгаад уяагаа таслаад алга болсон байсан тухайн үед хайгаад олдоогүй. Гэтэл тэр даага нь Зүүнговь сумын иргэн С.Б гэдэг хүний адуунд нийлсэн байсныг нь 2017 оны 11 дүгээр сард Зүүнговь сумын харъяат Х гэдэг залуу хулгайлсан байсан. Одоо надад гомдол байхгүй, Зүүнговь сумын харъяат Х гэх залуу надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” /хх-ийн 16-18 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Д.Б-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 1-р сарын эхээр байх манай сумын Ж.Б гэх хүн манай гэрт ирээд хоёулаа Зүүнговь сум чиний машинаар яваад ирий гэсэн. Ямар ажлаар явах юм бэ гэж асуухад ах нь нэг даага хулгайд алдаад тэр даагыг Зүүнговь сумын Х гэх залуу хулгайлсан байна, тэрны өртөг очиж авмаар байна гэсэн...” хх-ийн 19-20 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Б-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “2017 оны 11, 12-р сарын үеэр сар өдрийн сайн санахгүй байна. Манай сумын Б гэх залуу над руу утсаар залгаад Д.Г гэх залуу миний адуу туугаад явчихлаа та ул мөрийг нь хараад өгөөч гэсэн. Маргааш өглөө нь би өөрийн морио авах гээд Д гэх айл руу Н-тай хамт явж байтал Д.Г “Хустын эхэн” гэх газар халиун гүү уначихсан таарсан. Тэгээд би “чи яахаараа хүний адуу туугаад явдаг юм” гэж асуухад “би адууг нь хүргээд өгчихлөө” гэж хэлсэн. Би “чи тэр адуун дотор байсан хүрэн зүстэй хүний даага яасан хаана байна” гэж асуухад ямар нэг юм хэлээгүй доошоо газар луу хараад байсан. Би даагны эзэн Б рүү утсаар залгаад даагыг Бын адуунд байхад Г гэх залуу аваад явчихлаа, алж авсан байх гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/ гэх мэдүүлэг,
гэрч С.Бын хэрэг бүртгэлтэд өгсөн: “2017 оны өвөл 10 дугаар сарын дундуур манай адуунд дух хэсэг газартаа цагаан төөлтөй хүрэн даага ирж нийлсэн. Тухайн үед эзэн нь айж ирэх байх гээд адуундаа хадгалж байсан. Тэгээд 2018 оны 11-р сарын эхээр манай багийн иргэн Д.Г гэх залуу манайд ирж хоноод маргааш нь манай ах Бийн гэрт очно гээд гараад явсан ба тэр өдөр Б ахын гэрт очиж хоносон. Ах Б над руу утсаар залгаад манай адуунд байсан хээр даагыг Д.Г хэлэхгүй хөөж аваад Г гэх залуугийн өвөлжөөнд бариад явсан байна, одоо наана чинь алсан байх гэж хэлсэн. Би Д.Г руу утсаар залгаад “залуу яагаад манай адуунд байсан даага авч явж байгаа юм, хайран адууг яагаад алсан юм” гэж асуухад Г ямар нэгэн зүйл яриагүй утсаа тасалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 26 тал/ гэх мэдүүлэг,
гэрч А.З-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2017 оны 12-р сард манайх Баяннуур багийн Харгант гэх газар өвөлжиж байсан. Тэгтэл манай өвөлжөөний урьд талд М гэх Гийн ээж өвөлжсөн. 12-р сарын дундуур М эгч манайд ирээд чи нэг морь өгөөч, би Гийг Б гэх айл руу явуулж мал авахуулмаар байна гэсэн. Тухайн үед би өгөөгүй. Тэгээд жаахан байж байгаад Г ирээд та надад нэг унааны морь өгөөч би нэг айлаас даага авч ирэх гэсэн юм гэхээр нь би өгөөгүй юм. Тэгээд 2 хоногийн дараа Б гэх хүн миний утас руу залгаад Г харагдана уу адуу туугаад явчих шиг боллоо гэж над руу утсаар ярьсан. Би тухайн үед хараагүй тул ямар нэгэн зүйл мэдсэнгүй гэж хэлсэн. Манай нутгийн хүмүүс сүүлд нь Г нэг даага хөөж ирээд алаад авчихлаа гэж ярьж байсан. Надаас морь асуухдаа нэг хүнээс нэг даага авч ирмээр байна гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Т.Г-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “2017 оны өвөл манайх Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг Тэрэм гэх газар өвөлжсөн. Манай өвөлжөөнөөс 2 гаруй км зайд манай нутгийн Мын гэх айл өвөлждөг юм. 2017 оны 12 дугаар сард билүү 2018 оны 1 дүгээр сард сар өдрийн сайн санахгүй байна М эгчийн залуу Г буюу Х 5-6 тооны адуу туучихсан ирээд та надад энэ адуу шахалцаад өгөөч, би эндээс унааны морь барьж авах гэсэн юм гэхээр нь би хашааны араар тууж оруулаад бариад ав гэж хэлээд гэр лүү ороод гараад ирэхэд хүрэн зээрд зүстэй нэг морь барьж аваад толгойд нь ногт хийгээд хөтөлж аваад явсан. Тэгээд би тэр өдөр хонинд явсан. Тухайн үед би Хгаас “чи ямар даага барьж аваад явж байгаа юм, наадах даага хэний даага вэ” гэж асуухад Г энэ миний даага М ахын адуунд байсан. Гийн морь адууг нь би мэднэ. Өөрийнхөө хуль морьтой явсан. М гээд ээжтэйгээ Г амьдардаг ба тэднийд нас гүйцсэн 1 хул морь 1 халиун гүү түүний үрээ орох морин халиун шүдлэн байгаа. Өвөл тэр халиун шүдлэнг Баруунтуруунаас ирсэн хүнд өгсөн. Манай хашаанд барьж авсан даага хүрэн зээрд даага байсан. Гийн гэрт тийм даага байхгүй. Им тамгын сайн санахгүй байна. Би Гийг тэр даагыг Б-ийн адуунаас хулгайлж аваад явсан гэж сүүлд Б гэх хүнээс сонссон. Г манайд барьж авсан даагаа гэртээ авч очоод шууд алсан. Тэр өдөр би хонь хариулахад тэдний гадна шувуун эргээд хүмүүс савтай юм зөөгөөд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Н-гийн хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 02-03-ны үед /хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна/ Б ахын залуу С манайд ирсэн. С ирэхдээ хүрэн зээрд гүү, хүрэн даагатай хамт авч ирээд "Та манай 2 адууг харж байгаач. Би хэд хоногоос ирж авна" гэж хэлээд явсан. Тэр 2 адууг С авч ирж өгсний маргааш нь би услахад 2-уулаа байсан. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 04-ний үед өглөө босоход хүрэн даага алга болсон байсан. Тухайн үед тэр хүрэн даагыг яасан болохыг би мэдээгүй бөгөөд Ж.Б ах руу утсаар залгаад "Танай даага алга болчихлоо. Та гүүгээ ирж аваарай" гэж хэлсэн. Тэгээд Ж.Б ах хүрэн гүүгээ аваад явсан. Алга болсон хүрэн даага ...дух хэсэгтээ цагаан сартай, хүрэн зүстэй даага байсан. Тэр хүрэн даагыг яасан болохыг би мэдээгүй бөгөөд 2018 оны 2 дугаар сарын үед Ж.Б ах "Миний хүрэн даагыг Зүүнговь сумын харъяат Х гэдэг залуу хулгайлсан байна. Би дааганыхаа оронд морь авсан" гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Ү-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “2018 оны 1-р сард байх өвөл Зүүнговь сумын нутаг М гэх айлд очсон. Тэднийд манай хадам аавын даага хулгайлж авсан Г гэх залуу байсан. Манай хадам аав Б Гтай уулзаад чи яагаад миний даага хулгайлж авсан бэ залуу гэж асуухад эхлээд нэг их зүйл ярихгүй байсан. Сүүлд Г ярьж эхэлсэн. Г ярихдаа Б ахаа би таны даага алж авсан, таны даагыг би бүрэн төлнө гэж байсан. Тэгээд манай хадам аав уулзаад 2 хонь авсан. Хавар надад шүдлэн үүрээ өгөхөөр боллоо гэж байсан. Тэгээд бид сум руугаа буцаж явсан. Хавар Г гэх залуу цагаан халиун үрээ өөрийн биеэр тууж ирж өгсөн. Тэр адуу одоо хүртэл манай адуунд байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/ гэх мэдүүлэг,
гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Увс аймгийн Зүүнговь суманд мал маллаж амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 10-ны үед С.Б ах манай 2-ын нийлсэн 10 тооны адуу Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Цагаан гол” гэх нэртэй газарт байхад төөлтэй, хүрэн зүстэй 1 тооны даага манай адуунд ирж нийлсэн байсан. Тэр даага яг хэзээ хаанаас ирж нийлсэн хэний даага болохыг нь мэдээгүй. Би тэр даагыг эзэн нь хайж ирээд авах байх гэж бодоод өөрийнхөө адуутай хамт байлгаж байсан. 2017 оны 11-р сарын 20-ны үед манайх Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг Майнтын хар гэх нэртэй газарт байхад Зүүнговь сумын Баяннуур багийн харьяат Д.Г гэдэг залуу манайд ирж 2 хоносон. Д.Г манайд ирээд “би С.Б ахынд хоночихоод ирлээ, би энэ өвөл танай малыг хариулж өгье. Та надад хөлс мөнгийг нь өгөөч” гэж гуйхаар нь би “чи хариуцлагатай байж чадах юм бол би чамаар малаа маллуулна” гэж хэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны үед би хонио хариулахаар явахад Д.Г манайд хоцорсон. Тэр өдрийн орой харуй бүрий болж байхад би Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Майнтын хар” гэх газарт явж байтал миний явсан газраас 5-6 км зайд 10 орчим тооны адуу туусан морьтой хүн явж байгаа харагдсан. Би гэрт ирэхэд Д.Г явсан байсан бөгөөд би Б.Б гэх хүн рүү залгаж “танай орчмоор адуу хөөсөн хүн харагдаж байна уу, Та ойр орчмоороо хараад өгөөрэй” гэж хэлсэн. Би маргааш өглөө адуугаа харахад С.Б ах манай 2-ын нийлсэн 10 тооны адуу Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Эцэсний буудал” буудал гэх газарт байсан. Тэр үед манай адуу бүрэн байсан боловч манайд адуунд байсан төөлтэй хүрэн даага алга болсон байсан. Тухайн үед би Д.Гийг даага хулгайлсан байж магадгүй гэж сэжиглэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/ гэх мэдүүлэг,
гэрч С.Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би ...Б.Б-тэй хамт Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хустын эх” гэх газар явж байгаад Д.Гтай таарч уулзсан. Б.Б бид 2 Д.Гаас чи яагаад хүний адуу хөөж байгаа, одоо тэр адуу хаана байна гэж асуухад Д.Г би тэр адууг байсан газарт буцаагаад хүргэчихсэн. Би тэр адуунаас 1 төөлтэй хүрэн даага авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи тэр даагыг яасан бэ гэж асуухад Д.Г огт юу ч хэлээгүй. Тухайн үед Д.Г нь хул морьтой, ганцаараа явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн "Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би Б гэх хүний эзэмшлийн дух хэсэгтээ цагаан төөлтэй хүрэн зүсмийн даагыг хулгайлж аваад гэртээ аваачиж алж идсэн нь үнэн. Би тэр даагыг алж янзлахдаа өөрийнхөө эзэмшлийн энэ хэрэгт хураагдан ирсэн бор иштэй хутгыг ашигласан. Хохиролд 1 морь, 2 хонь өгсөн." гэх мэдүүлэг,
Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хохиролд төлсөн гэх адуунд малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож бор цоохор өнгийн иштэй хутга хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 тал, 11-14 тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Д.Г хохирогч Ж.Б-ын 1 тооны хүрэн зүсмийн сар төөлтэй охин хүрэн даагыг С.Б гэх хүний адуунд нийлсэн байхад өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр нууцаар авч, өөрийн гэртээ аваачиж нядалсан үйлдэл нь “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Учир нь тухайн гэмт хэрэг 2017 оны 11 сард буюу одоо дагаж мөрдөж буй 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болсноос хойш үйлдэгдсэн байх ба уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “Мал хулгайлах” гэмт хэргийг шинээр хуульчилж, тус зүйлийн тайлбар хэсэгт: “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж заасан тул шүүгдэгч Д.Гийн хохирогч Ж.Бын 1 тооны хүрэн зүсмийн сар төөлтэй хүрэн даага /адуу/ хулгайлан, нядалж хүнсэндээ хэрэглэсэн үйлдэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж зааснаар тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Иймд шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
“Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн УВ/01/532 дугаар Бод малын зах зээлийн үнэлгээний тодорхойлолт/ хх-ийн 48-р тал/-ыг үндэслэн тооцоход энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Бд 1 тооны бод мал буюу 270.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.Г хохирогч Ж.Бд уг хохиролд тооцож, 1 тооны халиун зүстэй шүдлэн морь, 2 тооны хонь өгч хохирлыг төлсөн болох нь тогтоогдсон тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Д нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, гэм буруугийн тал дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Гийн хувийн амьдрал, зан байдлын талаар гэрч М.М, Т.Д нар мэдүүлсэн ба түүний өмчлөлд ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй байна. /хх-ийн 41-45 тал, 70, 73, 78, 103-104 тал/
Шүүгдэгч Д.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах тул шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл болон түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан, гэмт зан үйлийг ухамсарлуулж ойлгуулах зорилгоор 500 цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүгдэгч Д.Гт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд хулгайлсан даагыг нядалсан гэх бор цоохор өнгийн 1 ширхэг хутга эд мөрийн баримтаар тооцогдон хураагдан ирсэн тул уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч энэ гэмт хэргийг үйлдэхдээ уналга болгож Д.Гийн эзэмшлийн хул морь, орос эмээл, хуучин суран хазаар, ногттой явж байсан нь нотлогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан арга хэмжээг авах боломжгүй, тэдгээр нь энэ хэрэгт бус эрүүгийн 1735002180022 дугаар хэрэгт хураагдаж, битүүмжлэгдсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй. /хх-ийн 82-91 тал/
Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тул шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Дийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1.4-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор цоохор өнгийн 26.5 см урттай, иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА