Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 678

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1803006200338 дугаар 186/2018/0655/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,                             

Шүүгдэгч Б.Д /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, Аянчин дэлгүүрт кассчин ажилтай, гэр  бүлийн байдал 3, ээж, ахын хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Сартуул овогт Б.Д

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Б.Д нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 07 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгийн цагаан байрын зүүн талын замд С.Самданцоодолын эзэмшлийн 23-59 УБГ улсын дугаартай Тоёота Королла маркийн суудлын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Цэцэгбалыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг                 

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар Б.Дгийн: ...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1000 цагаан байрны зүүн талын замд замын 2 дугаар эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй төрсөн ах Одсүрэнгийн нэр дээр байдаг Т.Королла маркийн 2359 УБГ улсын дугаартай автомашиныг жолоодож явж байтал явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явган хүн гүйгээд гараад ирэхээр нь тэр хүнийг тулж хараад жолоогоо баруун тийш нь дараад тоормос гишгэтэл амжаагүй очоод мөргөөд унагаасан юм. ...Би явган хүний гарцан дээр хүн мөргөсөн нь миний буруу. Би сайн дураараа эмчилгээнд нь 2,5 сая төгрөг өгч ямар нэгэн санал гомдолгүй болгосон байгаа... гэсэн мэдүүлэг /хх-68-69/,

 

Хохирогч Ц.Цэцэгбалын мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өглөө 07 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явах санаатай Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Дэнжийн 1000 цагаан байрны зүүн талын замаар явган хүний гарцаар засмал зам хөндлөн зүүнээс баруун зүгт чиглэн нийтийн тээврийн том оврын автобус ирж байхаар нь суух санаатай явган хүний гарцаар гүйгээд явтал уг замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан цагаан өнгийн суудлын авто машинд зүүн урд хэсгээр нь мөргүүлж зам дээр унасан.  Тэгээд би тэр үед сандраад босч өндийж хөл маань эвгүй оргиод гишгэж чадахгүй байсан. Тэгээд намайг мөргөсөн авто машины жолооч эмэгтэй машинаасаа бууж ирээд хамт явсан ээж нь бололтой настай эгч цагдаагийн байгууллагын 102 болон 103 түргэн тусламж руу залгаж дуудлага өгсөн. Харин би өөрийн нөхөр Х.Зоригтбаатар руу утсаар залгаж машинд мөргүүлчихлээ гэдгээ хэлсэн. Тэгээд удалгүй манай нөхөр Х.Зоригтбаатар над дээр ирж, 103 түргэн тусламжийн авто машин ирээд намайг машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Би тухайн зам тээврийн осолд орох үед хэн нэгэнтэй хамт яваагүй, ганцаараа байсан. Тухайн үед зам орчины нөхцөл байдал хөдөлгөөний ачаалалгүй, түгжирэлгүй, сийрэг хөдөлгөөнтэй, цаг агаар салхигүй, бороо орж байсан, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Тухайн зам тээврийн ослын улмаас миний биед баруун хөлийн шагай мултарч, баруун хөлийн шилбэний яс хугарсан, нүүрэн хэсэг болон гар, зүүн хөл зэрэгт зөөлөн эдүүд гэмтсэн гэмтэл, бэртэлүүд учирсан. Миний биеийн байдал одоогоор гэрээр эмчилгээ хийж эм тариагаа уугаад байж байгаа, зарим өдөр хөл маань чинэрч хүндүүрлэж янгинаж өвдөөд зовиуртай байгаа. Би намайг мөргөж эрүүл мэндэд маань хохирол учруулсан жолоочоос баримтаа бүрдүүлж байгаад эмчилгээнийхээ зардал болон сэтгэл санааныхаа хохирлыг нэхэмжилэх хүсэлтэй байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23-24/,

 

Иргэний хариуцагч Б.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд: ...Б.Д нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо дэнжийн 1000 цагаан байрны зүүн талын замд Тоёота Королла маркийн 23-59 УБГ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэсэн заалт зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Цэцэгбалыг мөргөж эрүүл мэндэд “Хүндэвтэр” хохирол учруулсан хэрэгт Б.Дгийн унаж явсан Тоёота Королла маркийн 23-59 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг юм. Гэхдээ энэ машиныг манай төрсөн дүү Б.Д унаж хэрэглэдэг юм. Энэ ослоос болж миний машинд ямар нэгэн гэмтэл учирсан зүйлгүй болохоор үнэлгээ хийлгэхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин хохирогчийн эмчилгээний зардлыг дүү Дуламсүрэнгийн хамтаар төлж барагдуулсан байгаа. Энэ машин нь 2003 онд япон улсад үйлдвэрлэгдсэн 2009 онд Монгол улсад орж ирсэн машин байгаа юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг     

 

Гэрч Х.Зоригтбаатарын мөрдөн байцаалтын шатанд: ...Тэр өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өглөө 07 цагийн орчимд санагдаж байна. Манай эхнэр ажилдаа явлаа гээд гэрээсээ гараад Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Дэнжийн 1000 цагаан байрны зүүн талын замаар явган хүний гарцаар засмал зам хөндлөн зүүнээс баруун зүгт чиглэн зам гарах гэж яваад ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байгаад цагаан өнгийн суудлын авто машинд мөргүүлчихлээ гэж над руу өөрийнхөө 88067689 дугаарын гар утсаараа залгаж хэлсэн. Тэгээд би сандраад гэрээсээ гараад эхнэр Ц.Цэцэгбал дээр очиход эхнэр Ц.Цэцэгбал маань засмал замын гол хэсэп суучихсан баруун хөлийн шагайн хэсэг нь зулгарч цус гарсан, хоёр гарын тохой шалбарсан байдалтай харагдаж байсан. Тэгээд 103 түргэн тусламжийн авто машин ирээд түргэний эмч эхнэр Ц Цэцэгбалыг үзээд авто машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Харин би уг зам тээврийн осол, хэргийн газарт үлдэн замын цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүнийг ирж хэргийн газрын үзлэг хэмжилт хийж дуустал нь хамт байсан. Тухайн үед зам орчны нөхцөл байдал хөдөлгөөний ачаалалгүй, түгжрэлгүй сийрэг хөдөлгөөнтэй, цаг агаар салхигүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. …би тухайн зам тээврийн осол, хэрэг үйлдэгдэх явцыг хараагүй, харин дараа нь эхнэр Ц.Цэцэгбал маань авто машинд мөргүүлчихлээ гэж утсаар надад хэлэхэд нь би уг зам тээврийн осол, хэргийн газарт өөрийн биеэр очсон. Тэрнээс биш уг зам тээврийн осол, хэрэг ямархуу байдлаар үйлдэгдсэн талаар надад мэдэх зүйл байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-37/,

 

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9155 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Ц.Цэцэгбал-н биед баруун шагайн дотор, гадна хашлага ясны хугарал, шагайн үений мултрал, зүүн бугалганд цус хуралт, зүүн шагай, зүүн тавхайн 1, 2, 4-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэгт тогтоох журамын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Шинжээч эмч  Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт /хх-40/,

 

/Автотээврийн үндэсний төв Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн 154 дугаартай шинжээч Л.Ганбат, Э.Золбоо, Н.Гунгаасүрэн нарын гаргасан дүгнэлт /хх-46-49/, гэрэл зургийн үзүүлэлт, дүгнэлтийн хуудас /хх-50-54/,

 

Тээврийн цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн техникийн шинжээч В.Балжиннямын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Зам тээврийн осол, хэргийн материалд авагдсан үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем  зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, тээврийн хэрэгслийн ослын дараах байрлал, автомашины эвдрэл, хохирогчийн мэдүүлэг, ослын үеийн бичлэг, ШШҮХ-ийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9155 дугаартай дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн нэр бүхий шинжээчдийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 154 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Т.Королла маркийн 23-59 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Д нь МУ-ын ЗХД-ийн 13.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч гарцаар гарч байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Ц.Цэцэгбал нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
  3. Зам тээврийн осол гаргасан гэх газар нь явган хүний гарц 5.16 а/, б/ тэмдэггүй, 7.13 а/тэмдэглэгээтэй, замын байгууламжийн эвдрэл, гэмтэлгүй зам байх ба эдгээр байдал нь уг зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.  /хх-58/,

 

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, бүдүүвч, /хх-3-4/, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-3-9/, хохирлын баримт, мөнгө хүлээлцсэн тухай баримт /хх-80-82/, ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хх-87-88/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-90/, Гэмтэл сосог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-92-93/,  

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-71/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-72/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-73/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-74/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-75/, гэрлэлт бүртгэлгүй талаарх тухай лавлагаа /хх-76/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-77/, Аянчин Аутфиттерс ХХК-н тодорхойлолт /хх-78/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

  Хууль зүйн дүгнэлтэд:

  Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 07 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгийн цагаан байрын зүүн талын замд С.Самданцоодолын эзэмшлийн 23-59 УБГ улсын дугаартай Тоёота Королла маркийн суудлын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Цэцэгбалыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би явган хүний гарцан дээр хүн мөргөсөн нь миний буруу. Би сайн дураараа эмчилгээнд нь 2,5 сая төгрөг өгч ямар нэгэн санал гомдолгүй болгосон байгаа...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Цэцэгбалын: “...Дэнжийн 1000 цагаан байрны зүүн талын замаар явган хүний гарцаар засмал зам хөндлөн зүүнээс баруун зүгт чиглэн нийтийн тээврийн том оврын автобус ирж байхаар нь суух санаатай явган хүний гарцаар гүйгээд явтал уг замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан цагаан өнгийн суудлын авто машинд зүүн урд хэсгээр нь мөргүүлж зам дээр унасан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Зоригтбаатарын: “...би сандраад гэрээсээ гараад эхнэр Ц.Цэцэгбал дээр очиход эхнэр Ц.Цэцэгбал маань засмал замын гол хэсэгт суучихсан баруун хөлийн шагайн хэсэг нь зулгарч цус гарсан, хоёр гарын тохой шалбарсан байдалтай харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.

 

Прокуророос Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.       

Б.Дгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Шүүгдэгч Б.Д нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.

 

Иймд Б.Дг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   500 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Д өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.