Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00149

 

 

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00149

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/04512 дугаар шийдвэртэй,

А-ын нэхэмжлэлтэй Б-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн,

үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, хүлээлгэж өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Б.Болоржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буяндэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Д-, Г- нарын гуйлтын дагуу өөрийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ТЗ-40 байрны ** тоотод байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцыг С ББСБ ХХК-д барьцаалан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн болон барьцааны гэрээ-г байгуулан Д-, Г- нарын хамт 35,000,000 төгрөгийн зээл авч өгсөн боловч шүүхийн шийдвэр гарч, улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан дуудлага худалдааны мэдэгдлийг өгсөн.

Д-, Г- нар орлого нотлохгүй, зээл зуучилна гэсэн зарын дагуу н.Билгүүн гэх хүнээр дамжуулан Б-өөс 42,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлийг зээлийн гэрээ байгуулахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг Б-ийн нэр дээр шилжүүлсэн. Б- нь өөрийн данснаас 20,000,000 төгрөг, эхнэр О-ын данснаас 19,064,705 төгрөг, нийт 39,064,705 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр С ББСБ ХХК-ийн дансанд шилжүүлсэн.

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр О-ын данснаас 60,935,000 төгрөгийг А-ын дансанд шилжүүлсэн ба 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б-ийн хэлсний дагуу О-ын дансанд 56,000,000 төгрөгийг Уучлаарай буцаалт А-аас гэж шилжүүлсэн.

Д-, Г- нар нь зээлд зуучилсан Ё- зуучлалын хөлс 2,000,000 төгрөгийг нэхэж байгаа гэсэн учраас А- зээлд зуучилсан гэх Билгүүний өгсөн данс руу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн.Мөн өдөр 2,000,000 төгрөгийг Б-ийн эхнэр О-ын дансанд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр худалдсаны 2 хувь татвар Дарамхандаас гэж шилжүүлсэн.

Б- нь байр чөлөөлүүлсэн 44,000,000 төгрөгийг 20,000,000 төгрөгийн хүүгийн хамт 64,000,000 төгрөг болгож өг, өгөхгүй бол байр чинь минийх болсон, би худалдан авсан болохоор нүүлгэлтийн компани дуудаад албадаж хөөж гаргана гэж сүрдүүлсэн ба тохиролцсон мөнгө дээрээ нэмж мөнгө шаардсан.

Байраа дуудлага худалдаанд алдах дээрээ тулаад зээл чөлөөлдөг гэх Б-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлээ чөлөөлүүлж, тавьсан шаардлагын дагуу өөрийн орон сууцаа үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж барьцаа болгосон болохоос үнэн хэрэгтээ худалдан борлуулаагүй. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст Г.Энхбаяр,Ё- нар мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр Б-тэй байгуулсан гэрээ нь зээлийн гэрээг халхавчилсан гэрээ юм.

Иймд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Дээрх дурдсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б- рүү Ё- яриад дуудлага худалдаанд орох байр байна гэсний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр уулзахад тэрээр өөрийнхөө найз Г.Энхбаярыг явуулья гэсэн. Тухайн өдөр А- Г-, Г.Энхбаяр, Д- нартай уулзаад Б- нь орон сууцыг 100,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Улмаар С ББСБ ХХК-ийн дансанд А-ын зээлийг бүрэн төлж дуусгаад нотариат орж, А-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулсан.

Уг гэрээг байгуулахдаа А- нь 2021 оны 11 сарын 23-ны өдөр гараар өөрийн өмчлөлийн хөрөнгийг худалдах зорилгоор хэлцэл бичиж өгсөн. Гэрээг гэрчилсэн нотариатч бидэнд гэрээний үр дагаврыг сайтар тайлбарлаж өгсөн, түүнчлэн А-аас өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ хийгдэж байгаа эсэх, мөн гэрээний 3.2-т тусгасан банк бус санхүүгийн байгууллагад төлбөр орсон эсэх зэргийг тодруулж асууж байсан. Гэрээг байгуулахдаа А-ад хүч хэрэглэсэн, дарамталсан зүйл байхгүй. Дээрх гэрээг байгуулахдаа нэхэмжлэлд дурдсан шиг өөр хэлцлийг халхавчлах зорилго байгаагүй, талууд аль аль нь хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр гэрээ байгуулагдсан.

А- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөгдсөн бичиг авч ирсний дараа бичиг баримтаа бүрдүүлэн улсын бүртгэлийн хэлтэст өгснөөр өмчлөх эрхийн гэрчилгээ 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б-ийн нэр дээр гарсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Худалдагч тал болох А- нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэхэд орон сууцыг чөлөөлж өгөхөөр тохиролцсон хэдий ч өнөөг хүртэл надад хүлээлгэж өгөхгүй, шаардлага тавихад үл тоон, хүчин төгөлдөр талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд С.Энхнавчийн татгалзал, тайлбарын агуулга: С.Энхнавч нь Б-д 30,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Харилцан тохиролцсоноор үл хөдлөх хөрөнгийн барьцаатай зээлийг олгосон. Б- нь зээлсэн мөнгөнөөс одоогийн байдлаар 1 сарын хүүг л төлсөн.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б-д холбогдох, талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан, Эрхийн улсын бүртгэлийн Y-2203011*** дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 хороолол, ТЗ-40 байр, ** тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай, нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б-ийн өмчлөх эрх бүхий, Эрхийн улсын бүртгэлийн Y-2203011*** дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 хороолол, ТЗ-40 байр, ** тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг орон сууцыг хариуцагч Б-д хүлээлгэж өгөхийг нэхэмжлэгч А-ад даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Б-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

А- нь шүүхийн шийдвэрээр хураагдсан байраа зээл авч чөлөөлүүлэхээр хариуцагч Б-өөс мөнгө зээлэхдээ үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа болгож өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа ба А-ын авсан зээлийн гэрээний үүргийн барьцааг хангах зорилгоор хийгдсэн аман тохиролцоог халхавчлах зорилгоор А-, Б- нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж үзэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасантай нийцнэ.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 1063 тоот тогтоол, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гэрчээр асуугдсан Ё-, Г.Энхбаяр нарын мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуугдсан С.Нямдулам Г- нарын мэдүүлэг, гар утасны мессежинд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогддог.

Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, гэрч Г-, Д-, О.Анхзаяа, О.Саруулбуян, Ё-, Г.Энхбаяр нарын мэдүүлгийг нотлох баримттай харьцуулан үзвэл гэрчүүд нь маргаж буй гэрээний оролцогч биш ба тэдний мэдүүлгийг гэрээний оролцогч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж дүгнэх боломжгүй гэж дүгнэсэн нь тэдгээрийн мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэхэд учирт дутагдалтай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж, зөв дүгнэлт хийсэн. Талууд гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн. Б-д нь тухайн үед 100 хувь төлбөрөө төлсөн талаар талууд маргадаггүй.

Ё-, Г.Энхбаяр нар нь А-, Б- нарыг зуучилж өгсөн. Гэхдээ 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр А-, Б- нар уулзахад Ё- хамт байгаагүй бөгөөд Г.Энхбаяр байсан. Эдгээр хүмүүс нь зохигчийн хооронд ямар харилцаа үүссэнийг мэдэхгүй бөгөөд талуудын хүсэл сонирхлыг илэрхийлэх боломжгүй. Гэрч Г-, Д- нарын мэдүүлэг нь зөрүүтэй байдаг ба нотариатч Ө.Мөнхтуяа нь гэрээ байгуулах үеийн байдлыг тодорхой мэдүүлсэн.

Г.Энхбаяр, Ё- нар нь гэрээний талууд биш тул А-, Б- нарын хооронд хийсэн гэрээний хүсэл зоригийг тэдгээрийн мэдүүлэгт үндэслэн дүгнэх боломжгүй. Харин Д.Саруулбуян нь А-, Б- нь худалдах, худалдан авах гэрээний талаар ярьж байсан гэж мэдүүлсэн.

Б- нь банк бус санхүүгийн байгууллагаас орон сууцыг чөлөөлсөн, мөн худалдах, худалдан авах гэрээнд заасан үнийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч талаас уг харилцааг зээлийн харилцаа гэж үзсэн боловч талууд уулзаж, тухайн орон сууцыг очиж үзсэн байдаг. Тухайн орон сууцыг очиж үзэн 105,000,000 төгрөг гэх боловч хуучны модон шалтай орон сууц байсан тул 100,000,000 төгрөгөөр тохиролцсон. Зээл олгох гэж байсан тохиолдолд тухайн орон сууцыг очиж үзэх шаардлагагүй байсан. Мөн уг харилцаа нь зээл байсан тохиолдолд зээлийн эргэн төлөлт хийгдэж байгаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны албадан дуудлага худалдаагаар орон сууцыг 77,000,000 төгрөгөөр зарагдах байсан. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зарагдах байсан боловч 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б-, А- нар уулзаж, орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Иймд нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, хүлээлгэж өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх нотлох баримт үнэлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3.1 Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1063 дугаар тогтоолоор А-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ /1хх154-155/.

Уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрч Ё-, Г.Энхбаяр нарын мэдүүлгийг энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй /1хх 163-167/.

 

3.2 Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх болон цагаатгах тогтоолоор нотлогдсон үйл баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд үнэлнэ.

Харин прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан хэргийн баримтыг дахин нотлох шаардлагагүй нотлох баримт гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгохгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар гэрчийн мэдүүлэг аваагүй атлаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрч Ё-, Г.Энхбаяр нарын мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан үнэлсэн анхан шатны шүүхийн ажиллагаа буруу болжээ.

 

4. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/04512 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ