Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/00170

 

 

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/00170

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/02410 дугаар шийдвэртэй,

А-ын нэхэмжлэлтэй *** дүүргийн Засаг дарга, Б- нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 24,403,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал, хариуцагч Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг, хариуцагч *** дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золзаяа, П.Булганмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17 гудамжны ** тоот хаягт байрлах 824 м.кв газраас 324 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг өөрийн ах Д-ээс гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч *** дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 212 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон. *** дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаартай захирамжаар талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, 500 м.кв газрыг Д- эзэмшихээр, 324 м.кв газрыг А- тус тус эзэмшихээр болсон. А- нь өөрийн хөрөнгөөр тус газар дээр ахуйн зориулалтаар бүрэн цутгамал карказ бүхий блокон туургатай, тэнхлэгээрээ 11.9м6.0м хэмжээтэй, 71.4 м.кв талбайтай барилга бариулж байсан. Гэтэл *** дүүргийн Засаг дарга 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 261 дугаартай захирамж гаргаж Д-, А- нарт газар эзэмших эрх олгосон 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаартай захирамжийн А-, Д- нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон.

Улмаар *** дүүргийн Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 дугаартай захирамж гаргаж, Б-д 700 м.кв газрыг, түүний эхнэр С-т 129 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр захирамж гаргасан ба Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаартай захирамжаар Б-д 700 м.кв газрыг, түүний эхнэр С-т 129 м.кв газрыг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. *** дүүргийн Засаг даргын тамгын газар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б-, С- нартай нөхөх олговортойгоор иргэний газар эргүүлэн авах тухай гэрээ байгуулж, *** дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаартай нөхөх олговортойгоор газар эргүүлэн авах тухай захирамж гаргасан. Хариуцагч *** дүүргийн Засаг дарга болон Б- нар нь үгсэн тохиролцсон нэхэмжлэгчийн эрхийг хохироосон.

Уг асуудлаар захиргааны хэргийн шүүхэд Д-, А- нарын нэхэмжлэлтэй газар эзэмших эрхийг хүчингүй болгосон *** дүүргийн Засаг даргын захирамжууд, мөн Нийслэлийн Засаг даргын өмчлөх эрхийг Б-, С- нарт олгосон захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар маргаан хянагдаж байх үед буюу 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б- нь тухайн газар дээр байсан бүхий л барилга байгууламж, түүний дотор А-ын барьж дуусаагүй барилгыг мөн адил дур мэдэн нурааж, бусдын газар эзэмших эрх, тухайн газар дээр байгаа баригдаж дуусаагүй барилга зэрэг эд хөрөнгөнд гэм хор учруулсан.

Захиргааны шүүхийн маргаан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрлэгдэж *** дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 261 дугаартай захирамжийн А-, Д- нарт холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоосон, мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжийн 1 дэх заалтын Б-, С- нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, улмаар уг захирамжуудыг үндэслэж олгосон өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.

*** дүүргийн Засаг даргын хууль бус шийдвэр, захирамжийн улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой хохирсон. *** дүүргийн Засаг дарга хууль бус захирамж гаргаж Б-д газар эзэмших эрх олгосон буруутай үйлдэл гаргасан. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагааны явцад Итгэлт Эстимэйт ХХК-аар А-ын баригдаж дуусаагүй барилгын үнэлгээг 24,403,000 төгрөгөөр тогтоосон.

Хариуцагч нарын буруутай үйлдэл, нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хохирлын хэр хэмжээ ижил буюу тэнцүү хувиар хариуцах ёстой гэж үзэн *** дүүргийн Засаг даргаас нэхэмжлэлийн 50 хувь болох 12,201,500 төгрөгийг, хамтран хариуцагч Б-гөөс 12,201,500 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Б-гийн татгалзал, тайлбарын агуулга: А- дутуу баригдсан 71.4 м.кв байрны өмчлөгч биш. Б- 1991 оноос хойш маргаан бүхий газар 183.5 м.кв үл хөдлөх хөрөнгийг өмчилж, 2014 оныг хүртэл амьдарч байсан. Энэ хугацаанд түүний өмчлөлд нийтийн эзэмшлийн 183.5 м.кв хувийн сууц байсан. 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 71.4 м.кв талбайг нэмж 283.2 м.кв талбайн өмчлөгч болсон. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарсан. Гэрчилгээ хүчингүй болсон болохоор гэрчилгээ гаргаж өгч чадахгүй байна. Б-гийн өмчлөлийн байрнаас тусдаа байр тухайн хашаан байгаагүй. Нэхэмжлэгчээс байрны хууль ёсны өмчлөгч бол өмчлөх эрхийн гэрчилгээгээ, өөрийн хөрөнгөөр барьсан бол гэрээгээ өгөх ёстой.

А-ын барилгыг Б- буулгасан гэсэн баримт байхгүй. Нэхэмжлэгч өмчлөгч гэдгээ нотолж чаддаггүй. 71.4 м.кв газрыг прокурор шүүхээр оруулан шийдүүлээд өмчлөгчөөр тогтоосон юм байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм байхад дахин маргах боломжгүй.

Захиргааны хэргийн шүүхэд давхардуулан гэрчилгээ авсан байна гэж хандаад гэрчилгээг хүчингүй болгуулсан. Уг гэрчилгээг *** дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаад эрх хэмжээнийхээ хүрээнд хүлээн аваад захирамжаа гаргасан. Б- 238.2 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр үл хөдлөх хөрөнгөө үнэлж *** дүүргийн Засаг даргатай нөхөн олговрын гэрээ хийсэн, хувийн сууцаа үнэлээд нөхөн олговортой эргүүлэн өгсөн. Захиргааны хэргийн шүүхэд Б-, С- нарт өмчлүүлсэн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох шаардлага гаргасан. Түүнээс нөхөн олговрын гэрээг хүчингүй болгох, газар эзэмшлийн гэрээг хүчингүй болгуулахаар шийдвэр гараагүй. Нөхөн олговрын гэрээг хууль бус гэж маргаагүй учир энэ гэрээг хууль ёсны гэрээ гэж үзнэ. Энэ нөхөн олговроор 71.4 м.кв байраа үнэлээд төлбөрөө авсан. Нөхөн олговрын гэрээн дээр 192,000,000 төгрөг гэснийг нэхэмжлэгч үүнд маргаагүй.

Энэ асуудлаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Барилгыг А-, Д- нар барьсан тухай нотолж чаддаггүй. Амаар яриад нотлох боломжгүй. Үнэлгээн дээр дутуу баригдсан барилгыг 92 хувийн гүйцэтгэлтэй гэсэн. Үнэлгээчин 92 хувиар үнэлж байхад нэхэмжлэгч 40 хувь гээд байна. Үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч *** дүүргийн Засаг даргын татгалзал, тайлбарын агуулга: *** дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/52 дугаартай захирамжаар дүүргийн Засаг даргын тамгын газраас Б-, Ч.Мөнх-Очир нартай гэрээ хийж, иргэний газрын нөхөх олговрыг төлсөн. Тус дүүргийн Засаг даргын А/52 дугаар захирамж гаргах үед иргэн Б-, Ч.Мөнх-Очир нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хууль бус байсныг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй байсан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0091 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт А-, Д- нарыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б-, С- нарт өмчлүүлсэн хэсэг /бүртгэл/-ийг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

*** дүүргийн Засаг даргын тамгын газар нөхөн олговортойгоор иргэний газрыг эргүүлэн авсан ч *** дүүргийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газраас иргэн А-ын барьж дуусаагүй барилгыг нураах шийдвэр гаргаагүй, тухайн газрыг чөлөөлөх ажиллагаанд оролцоогүй. Газрын өмчлөгч иргэн Б- өөрөө байшин, барилгаа нураасан.

Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэргийн шүүх дээр нөхөн олговрын гэрээтэй маргаагүй. Бид хүчин төгөлдөр байсан гэрчилгээтэй хүнтэй гэрээ хийсэн. 2014 онд гэрээ хийснээс хойш асуудал ярьж байгаагүй байж өнөөдөр 2022 онд асуудал гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Захиргааны байгууллагын шийдвэрээр байшин барилга буулгах ажиллагаанд оролцоогүй.

Тухайн А-ын эзэмшил гэх 71.4 м.кв байшин нь түүний эзэмшлийнх гэдэг нь нотлогддоггүй. А-ын байшинг нураасан тухай Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс үнэлгээ гаргасан байдаг. Энэ үнэлгээ маш эргэлзээтэй. 2015 онд газар чөлөөлсөн. Гэтэл 2016 оны 5 дугаар сард үнэлгээ хийлгэсэн байна. Нийтийн орон сууцны 74.1 м.кв иргэн А-ын хөрөнгө гэсэн баримт байхгүй.

Иймд *** дүүргийн Засаг даргатай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан *** дүүргийн Засаг дарга, Б- нараас гэм хорын хохиролд 24,403,000 төгрөг гаргуулах тухай А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг гаргах болсон шалтгаан нь уг хэрэг өмнө нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хэлэлцэгдээд энэ хэргийг шийдвэрлэхээс өмнө захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Өмнө тус шүүхэд хянагдаж байсан хэрэгт авагдсан баримтуудыг Чингэлтэй дүүргийн шүүхийн архиваас хуулбарлан хэрэгт авхуулсан бөгөөд шүүхээс үзлэг хийсэн баримтыг нэхэмжлэгч талд гаргаж өгөөгүй. Тус үзлэг хийсэн баримт нь маргаан бүхий баригдаж дуусаагүй барилгыг хариуцагч Б- нь техник авчирч нурааж байгаа үйл баримтыг бичиж үлдээсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл байсан. Энэхүү баримтыг шүүхийн архив шүүхээс хийгдсэн ажиллагаа байх тул гаргаж өгөхгүй гэсэн учраас нэхэмжлэгчийн зүгээс уг баримтыг гаргуулахаар хүсэлт гаргахад хариуцагч тал чинь дуусаагүй барилга нураасан талаар маргахгүй, нураасан гэдгээ хүлээн зөвшөөрч байх тул заавал тэр баримтыг гаргуулах шаардлагагүй гэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.

Улмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нэхэмжлэгч өөрийн өмч гэдгээ нотлосон баримт байхгүй гэж дүгнэсэн нь буруу юм. Нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж байгаад баримтгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

5.2 Шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь бодитой үнэлж чадаагүй. Нэхэмжлэгч А-, Д- нар нь өөрсдийн эзэмшил газраа бусдад хууль бусаар алдаж улмаар захиргааны хэргийн шүүхээр 2013 оноос хойш олон жил маргасны үр дүнд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаартай шийдвэрээр тэдний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон *** дүүргийн Засаг даргын захирамж, өөр этгээдэд газрыг шинээр олгосон мөн дүүргийн Засаг даргын захирамж, хариуцагч Б-д газрыг өмчлөх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, хууль бус шийдвэрийн улмаас учирсан гэм хор, хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн юм. Энэхүү маргаан шүүхээр хэлэлцэгдэж байх үед Б-гийн зүгээс дуусаагүй барилга нураасан гэдгээ зөвшөөрдөг энэ талаар маргаж байгаагүй, мөн дуусаагүй барилга хэний өмч болох талаар ч маргаж байгаагүй юм. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь үнэлэх үүргээ биелүүлэлгүйгээс үүдэн хариуцагч Б-г газрын нөхөх олговор авсан талаар маргаагүй, Нийслэлийн засаг даргад холбогдох өөр маргаан хянагдаж байгаа гэх зэргээр нотлох баримтанд тулгуурлалгүй хийсвэр дүгнэлтүүдийг шүүх өгсөн.

Мөн хариуцагч Б-гийн өмгөөлөгч нь баригдаж дуусаагүй барилга нь Б-гийн 183.5 м.кв барилгын бүрэлдэхүүнд хэсэгт хамаарч байсан, дуусаагүй барилга ороод нийтдээ 238.2 м.кв талбайтай барилга Б-гийн өмчлөлд байсан, барилгаа өөрөө нураасан нь буруугүй гэх байдлаар ор үндэслэлгүй тайлбар хийсэн. Гэтэл шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт хөтлөгдөж, хариуцагч Б-гийн нэр дээр 238,2 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ хэрэгт авагдаагүй, хариуцагч талаас мөн нотлох үүргээ биелүүлээгүй байтал үнэхээр тийм барилга байсан, улмаар өмчлөгч өөрийн өмчөө нураасан мэтээр шүүх хийсвэр дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Б- нь 1991 оноос хойш маргаан бүхий газар 183.5 м.кв үл хөдлөх хөрөнгийг өмчилж 2014 оныг хүртэл амьдарсан. Нотлох баримтаар гаргаж өгөх си ди-д тухайн дутуу баригдсан барилга болон бусад үл хөдлөх хөрөнгийг нурааж байгаа процессыг бичсэн байсан. Энэ үйл баримттай манай тал маргахгүй гэсэн учраас шүүхээс процесс бичигдсэн өмчлөгчийн аль нэг талын өмч гэдгийг нотлох ач холбогдох байхгүй гэж үзсэн учраас шүүх нотлох баримтыг хүлээж аваагүй.

Нэхэмжлэгч талд нураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшил өмчлөлд байсан гэх нотлох баримт байсан бол энэхүү баримтыг шүүхэд гаргаж өгч, шийдвэрлүүлэх хангалттай хугацаа байсан. Тухайн хугацаанд өөрт байсан эрхийн хугацаанд гаргаж өгч, шийдвэрлүүлээгүй, шүүх хурал товлогдсон, шүүх хуралд өөрийн өмч болохыг нотолж чадаагүй учраас нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *** дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: *** дүүргийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газраас тухайн барилгыг нураах шийдвэр гаргаагүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх процессын үед нэхэмжлэлийн агуулгад байгаа нотлох баримтуудаас нэхэмжлэгч тал татгалзсан. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн газрын хариуцагчаар татсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ, гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас захиргааны хэргийн шүүхийн процессын ажиллагаанд татгалзсан. Энэ утгаар тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой өөрийн эзэмшлийн зүйлээ өөрөө нотлох үүргээсээ сайн дураараа татгалзсан. Иймд анхан шатны шүүх хэргийн материалыг бүх талаас нь үнэн бодитойгоор зөв дүгнэж шийдвэр гаргасан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч *** дүүргийн Засаг дарга, Б- нарт холбогдуулан гэм хорын хохиролд 24,403,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Б- нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17-38а тоот хаягт байрлах барилга, байшинг нураасан үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон.

 

3. Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарч байна.

3.1. Энэ тохиолдолд шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй бүрэн цутгамал краказ бүхий блокон туургатай, тэнхлэгээрээ 11.9м6.0м хэмжээтэй, 71.4 м.кв талбайтай барилга бодитоор байсан эсэх, тухайн барилгыг нурааснаар гэм хорын хохирол учирсан эсэх, түүнд холбогдох гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдлийн талаар эрх зүйн дүгнэлтийг зайлшгүй хийх ёстой.

Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0091 дүгээр шийдвэр, зохигчийн тайлбараар хариуцагч Б- нь маргаан бүхий газарт 183.5 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчилж байхдаа 71.4 м.кв талбайгаар хэмжээг нь нэмэгдүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тогтоогдсон. Ийнхүү үл хөдлөх хөрөнгийн хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаж буй 71.4 м.кв талбай бүхий барилга багтсан эсэх, эсхүл маргаан бүхий газарт Б-гийн өмчлөлийн 238.2 м.кв талбайтай хувийн сууцнаас тусдаа 71.4 м.кв талбай бүхий барилга бодитоор байсан эсэх тодорхойгүй байна.

3.2. Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаарх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримт тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхээс зохих дүгнэлтийг өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

4. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 21А дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг нотлох баримтаар үнэлжээ /хх 21-26, 57-62/.

4.1. Хэрэгт 2 удаа авагдсан дээрх баримт нь шүүхийн тэмдэг болон шүүхийн хуулбарлав тэмдгээр баталгаажсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэх бичмэл нотлох баримтыг цуглуулахад тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

4.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батласан Шүүхийн архивын ажиллах журам-ын 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр "хуулбар үнэн" тэмдэг дарж, гарын үсэг зурахгүй. Харин хэргийн оролцогчийн хүсэлтээр архивч-операторч ХУУЛБАРЛАВ /маягт19/ тэмдэг дарж, гарын үсэг зурна гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн архивт буй хавтаст хэрэгт авагдсан зөвхөн шүүхээс гарсан эрх зүйн актын үнэн зөвийг шүүх баталгаажуулах бөгөөд хэрэгт авагдсан бусад баримтын үнэн зөвийг гэрчлэхгүй болно.

4.3. Иймд уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үндэслэлгүй, бичмэл нотлох баримтыг хуульд зааснаар бүрдүүлэх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй байна.

 

5. Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа учраас маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/02410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,965 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ