Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00025

 

 

 

 

 

 

 

2022 12 23 210/МА2023/00025

 

 

*.* ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/03584 дугаар шийдвэртэй,

*.* ын нэхэмжлэлтэй,

********* холбогдох

ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15,507,594 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *.* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Намайг ажлаас хууль бусаар халагдсан болохыг гурван шатны шүүхээр тогтоосон боловч хариуцагч одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 15,507,594 төгрөгийн цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэг өдрийн цалинг шүүхийн шийдвэрээр тогтоосон 47,320 төгрөгөөр тооцож, нийт 15,507,594 төгрөг болж байгаа гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Монгол улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний 000 тоот тогтоолоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албыг 21 хүртэл орон тоотой байхаар бүтэц орон тоог тогтоосон. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн баталж, нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан 0 дугаар хорооны Иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын орон тоог цомхотгосон.

Гурван шатны шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Дээрх үндэслэлээр *.* ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны хууль/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтыг баримтлан хариуцагч *********наас 15,507,594 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *.* д олгож, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,021 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********наас улсын тэмдэгтийн хураамжид 278,021 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *.* д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000 дугаар тогтоолд *********ны бүтэц орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан 0 дугаар хорооны Иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын орон тоог цомхотгосон.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын шийдвэрийг биелүүлж ажилласан.

4.2. Энэ хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарт цалинг *********н төлж барагдуулж байна.

Нэхэмжлэгчийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсныг шүүх ямар нотлох баримтыг үндэслэж дүгнэсэн нь тодорхойгүй. Учир нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаагаар ажилгүй байсан хугацааны цалинг хасаж тооцоогүй.

Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хариуцагч байгууллага намайг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Тухайн Засгийн газрын тогтоол нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсан бөгөөд өнгөрсөн хугацааны тогтоолыг үндэслэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч ********* холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор 15,507,594 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00966 дугаар шийдвэрээр *.* ыг *********ны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 0 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлс 2,331,828 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /хх 6-11 дэх тал/

 

Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1084 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2021/00622 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх18-30, 31 дэх тал/

 

4. Хариуцагч байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000 дугаар *********ны бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоолыг биелүүлж ***********ны бүтэц орон тоог цөөрүүлсний улмаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж мэтгэлцжээ.

 

4.а. Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0/0 дугаар Хурлын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоолоор нэхэмжлэгчийн эрхэлж байсан тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 0 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажлын байр, албан тушаалыг хассан байна. /хх55/

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс тоолох ба тэрээр мөн оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4.б. Нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2021/00966 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул хариуцагч байгууллагын орон тооны цомхотголоор уг ажил албан тушаал хасагдсан гэх татгалзал үндэслэлгүй.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх учиртай.

 

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ********* нь ажилтан *.* тай тохиролцсоны үндсэн дээр түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ биелүүлээгүй буруутай.

 

Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0/0 дугаар Хурлын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоол нь хариуцагч байгууллагыг шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Засгийн газрын шийдвэрийг биелүүлж ажилласан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай гомдол үндэслэлгүй болно.

5. Ажил олгогчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/0 дугаар тушаал үндэслэлгүй гарсан тул ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байтал өнөөг хүртэл түүнийг ажил албан тушаалд нь эгүүлэн аваагүйгээс ажилтны хөдөлмөрлөх эрхийн зөрчил үргэлжилсээр байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэж нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байгаа хугацаан дахь олговрыг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

5.а. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2021/000966 дугаар шийдвэрээр *.* ын нэг сарын дундаж цалинг 43,187 төгрөгөөр тооцсон нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгчид олгох олговрын хэмжээг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 369 хоногоор тооцвол 15,934,158 төгрөг болох бөгөөд нэхэмжлэгчийн тодорхойлсон 15,507,594 төгрөгөөр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан зарчимтай нийцнэ.

 

5.б. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор болох 15,507,594 төгрөгт хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/03584 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ