| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0656/Э |
| Дугаар | 690 |
| Огноо | 2018-09-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 690
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811017220781 дугаар 186/2018/0656/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч Ч.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, гэр бүлийн байдал 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, 2001 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар, 2004 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Цорос овогт Ч.Э
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагийн орчим такси үйлчилгээ үзүүлж байхдаа буюу Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт хохирогч С.Эрдэнэбаярын халааснаас Самсунг С-7 загварын утас, бэлэн 170.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 530.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Тухайн утсыг цагдаад хүлээлгэж өгөөгүй нь миний буруу... гэх мэдүүлэг
Хохирогч С.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд: ...Миний бие 2018 оны 08 дугаар сарын 23-ны орой Эмээлт захад найз Чукагийн хамт 0,75 граммын Финланд нэртэй нэг шил архи хамт уусан. Тэгээд манай найз Нангилийн хүүхдээр шөнө 5 шарын автобусны буудал хүргүүлсэн. Уг буудлаас такси барьж Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 25-479Б тоотод хүргүүлэхээр унтаж явж байхад уг таксины жолооч та машинд бөөлжих гээд байна, машинаас бууж бай гэхээр нь би уг машинаас буутал таксины жолооч намайг орхин зугтсан. Тэгээд би биед байсан Самсунг С-7 маркийн гар утас болон бэлэн 170.000 төгрөгөө үзэхэд байхгүй байсан. ...Би урьд өмнө гар утас, мөнгөө эдгээр халаасандаа хийгээд явдаг байсан ба гээгдэж байсан зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-13-18/,
Дамно ХХК-ийн үнэлгээний “...Самсунг С-7 гар утас 360.000 төгрөг...” гэсэн тайлан /хх-25-26/,
Эд мөрийн баримт, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12/,
Яллагдагчаар Ч.Э-ын мөрдөн байцаалтын шатанд: ...Надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид хохирлыг төлж барагдуулсан... гэсэн мэдүүлэг /хх-29-30/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-31/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 278 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-63/, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 219 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-64/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-35-40, 65-67/, Иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-41/, жолоочийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-42-43/, захиргааны зөрчлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-45-54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Прокуророос Ч.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.
Ч.Э-д дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Ч.Э нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд Ч.Э нь “бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ч.Э өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.