Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 564

 

М.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар магадлалтай, М.Б-д холбогдох 1914004960311 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, Д.Уранчимэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

           

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, С овогт М.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Б-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 10 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч М.Б-с нийт 2,275,160 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-д 745,160 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Х-т 1,530,000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг, Б.Бурмаа нар хамтран гаргасан гомдолдоо “...хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь прокурорын яллах дүгнэлтийг хуулийн шаардлага хангуулахаар, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд М.Б-н ямар үйлдэл хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотойг тодорхой бичээгүй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1-д хамаарахгүй. Нэгэнт прокурор хэрэгт цугларсан нотлох баримт нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүх уг нотлох баримтыг үнэлэх, эс үнэлэх асуудал чухал. Түүнээс хэргийн буцааж яллах дүгнэлтийг хуульд нийцүүлэх шаардлага байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэлээ тодорхой заасан. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн байхад өөр ямар байдлаар тодорхой бичих гээд ч өөр үндэслэл тогтоогдоогүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байхад давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийтгэх тогтоолын заалтыг хууль ёсны болгуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. М.Б-д холбогдох хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийг хэн яаж үйлдсэн, ямар үйлдлийн улмаас ямар шалтгаанаар нас барсан нь ч тогтоогдоогүй шийтгэх тогтоолын үндэслэл болсон шинжээчдийн 1229 тоот дүгнэлтээр “Зүүн зулай ясны ар доод хэсгээс дагз яс, дагзны зүүн арын хонхор дайрч дагзны тос нүхний зүүн хэсэг хүрсэн, 2 нүдний ухархайн дээд хананы хугарал зэрэг гэмтэл тогтоогдсон. Эдгээр тархинд учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө, хойно аль цаг хугацаанд үүссэнийг тогтоох боломжгүй. Гэмтлүүд юунаас үүссэнийг тогтоох боломжгүй. Өмгөөлөгч би шинжээч 3 тайлбар хоорондоо зөрүүтэй байсан тул шинжээч нарыг бүрэлдэхүүнээр нь хуралд оруулах хүсэлт гаргасан ба шүүх хуралдааны явцад мэдүүлгийн зөрүү арилж талийгаач юунаас болж нас барсан, дээрх гэмтлийн улмаас нас барсан болон үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй гэсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй хэсгийг тогтоолын үндэслэл болгосон. Амь хохирогч Сандагдалайн тархинд учирсан гэмтэл нь тархины зүүн талыг хамарсан байх бөгөөд М.Б-н биед учирсан гэмтэл нь Баянхонгор аймаг дахь шинжээчийн 569 тоот дүгнэлтэд “М.Б-н биед зүүн чамархайд сорви тогтоогдлоо” гэх, гэрч М.Б, Л.Б, Г.О нарын мэдүүлгээр мотоциклоос унасан гээд нүүрний зүүн тал нь халцарчихсан цус болсон байсан гэдэг. Тэгэхээр дээрх 2 хүнд учирсан гэмтлийг харьцуулахад гэмтэл үүссэн байдал нь адил шинжтэй бөгөөд хоёулаа зүүн талаараа унасан байх боломжтой М.Б-н мотоциклоос унасан гэх мэдүүлэг үнэн байх талтай юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар уг хэргийг М.Б чухам яаж үйлдсэн нь тогтоогдоогүй, ямар сэдэлт, зорилготой байсан нь тогтоогдоогүй, гэмт үйлдэлд нөлөөлсөн шалтгаан байхгүй гэдэг ба талийгаач М.Б хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өш хонзон байхгүй, урьд өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй, дотно харьцаатай байсан, хамт явахаар гарах үед ч тэдний хооронд тохиромжгүй харьцаа байгаагүй гэдгийг гэрч Д.Э, Д.Г, Х.Я, Г.О нар мэдүүлдэг. Тэгэхээр М.Б-ыг хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож М.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг хэлсэн саналдаа “М.Б-н ямар үйлдэл, амь хохирогчийн үхэлтэй хэрхэн шалтгаант холбоотой эсэх нь тодорхойгүй. Тийм учраас давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч ямар шалтгааны улмаас нас барсан эсэхийг тогтоох боломжгүй байхад М.Б-г гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан. Одоо прокурорт буцсанаар тогтоогдох нөхцөл байдал байхгүй учир яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мотоциклыг Баянхонгор аймгаас 40 километр зайд М.Б жолоодсон бөгөөд түүнээс цааш амь хохирогч жолоодож явсан. Шинжээчийн дүгнэлтээр тэдний биеийн зүүн талд гэмтлүүд тогтоогдсон учир мотоциклоос унаж нас барсан байх боломжтой нөхцөл байдал харагддаг. М.Б-н ямар үйлдлээс амь хохирогч нас барсан болох нь тогтоогдоогүй байхад түүнийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

 

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг, Б.Бурмаа нарын хамтран гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

Прокуророос М.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутагт Д.С-г алсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан ганц нэг баримт сэлт, хэргийн оролцогчдын зарим мэдүүлгийг жагсаан бичиж, иш татаад шүүгдэгч М.Б-г гэм буруутайд тооцсоноос бус М.Б-н ямар үйлдэл хэрэгт авагдсан аль нотлох баримттай хэрхэн уялдаж, шалтгаант холбоо бий болсон эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр хэргийн үйл баримтыг хэт ерөнхий байдлаар дүгнэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй ба нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан цэгнэж, харилцан зөрүүтэй нотлох баримтын тухайд тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх ажиллагааг заавал хийх ёстой.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс хэрэгт нотлогдбол зохих байдлууд тогтоогдоогүй, гэм буруугийн хэлбэр тодорхойгүй, яллах дүгнэлт хуулийн шаардлагыг хангаагүй зэрэг үндэслэл, хувилбаруудыг дэвшүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар мэтгэлцсэн байхад шүүх энэ талаар хангалттай няцаалт хийгээгүй, зөвхөн шүүгдэгч М.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг зөрүүтэй гарсан шинжээчийн зарим дүгнэлттэй холбосноос бус М.Б хохирогчийг санаатай алсан тухай дүгнэлтээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэйгээр, бодитой тайлбарлаж чадаагүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдтэй санал нийлэхгүй байгаа тохиолдол бүрт тухайлан няцаалт өгөх нь шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимтай нийцнэ.

 

Түүнчлэн, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын тайлбар хоорондоо харилцан зөрүүтэй, хохирогчийн үхлийн шалтгааныг өөрөөр тогтоосон байхад шүүх шинжээчийн аль дүгнэлтийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй орхигдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай мөн л нийцээгүй гэж үзнэ.

 

Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийг шаардлагыг хангаагүй талаарх давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон боловч хэргийг прокурорт буцаасан нь оновчгүй шийдвэр болсон байна.

 

Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэргийг прокурорт буцааж хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдал бүрийг нарийвчлан тогтоох нь шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөө үзүүлэхээргүй байх тул дээрх алдааг анхан шатны шүүх хуралдааныг дахин хийж шүүхэд нотлох ажиллагааг шинээр явуулснаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзлээ.

 

Тиймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо М.Б-н гэм буруу ямар нотлох баримтаар нотлогдож буй, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын маргаж буй үндэслэл хэрхэн үгүйсгэгдэж буйг нэг бүрчлэн хууль, эрх зүйн үндэслэл бүхий нотолгоотой дүгнэлт өгөх шаардлагатай тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Баянхонгор аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Амарсанаа 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/2106 дугаартай албан бичгээр “...улсын яллагчийн 39 дугаартай эсэргүүцлийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн тул эсэргүүцлийг татан авч байгаа болно” гэсэн албан бичгийг ирүүлсэн тул прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүй болно.

 

Мөн шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн тул өмгөөлөгчдийн гаргасан “М.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий гомдолд эцэслэн хариу өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                      Б.ЦОГТ

                          ШҮҮГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН     

                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН