Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 126/2018/0014/З |
Дугаар | 221/МА2019/0046 |
Огноо | 2019-01-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2019/0046
2019 оны 01 сарын 23 өдөр | Дугаарh221/МА2019/0046 | Улаанбаатар хот |
Н.П-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 126/ШШ2018/0013 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.П-н нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 126/ШШ2018/0013 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.4, 28 дугаар зүйлийн 28.2.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.П-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдуулан “Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/01 дугаар “ЗДТГ-ын дарга Н.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2018 оны 07 сарын 30-ны өдрийн Б/02 дугаар “ЗДТГ-ын дарга Н.П-д цалингийн нэмэгдэл бууруулах тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй юм. Учир нь маргаан бүхий 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-д сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэл нь Засаг даргын Тамгын газрын дарга Н.П нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б/07 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаалаар өөртөө 40 хувийн нэмэгдэл олгож өөрийгөө урамшуулсан зөрчил байсан. Засаг даргын Тамгын газрын дарга Н.П нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15-д зааснаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын төсвийн шууд захирагч бөгөөд мөн хуулийн 16.5.2-16.5.7-д заасан бүрэн эрхийг буюу үүргийг заавал өөрийн төсвийн шууд захирагчийн хувьд хэрэгжүүлж буй үйл ажиллагаандаа заавал баримтлах ёстой юм. Гэтэл Засаг даргын Тамгын газрын дарга Н.П нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б/07 дугаартай "Урамшуулал олгох тухай” тушаал гаргаж өөрийгөө урамшуулсан бөгөөд тушаалын үндэслэлд "....2018 оны 2 дугаар улирлын ажлын үр дүнгээр А,В үнэлгээтэй дүгнэгдсэн Засаг даргын Тамгын газрын дараах нэр бүхий ажилтнуудыг цалингийн хувиар урамшуулсугай гэсэн нь бодит байдалд нийцээгүй, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан зөрчил мөн болох нь тогтоогдсон.
Тодруулбал Н.П нь 2018 оны 2 дугаар улирлын ажлын үр дүнгийн А,В үнэлүүлээгүй бөгөөд С үнэлгээ авсан /хавтаст хэргийн 49-51 дэхь хуудас/. Ийнхүү бодит байдлыг гуйвуулан үр дүнгийн гэрээний биелэлтийг өөрөө А,В үнэлгээ авсан мэтээр тушаалд зааж өөрийгөө урамшуулсан нь Төсвийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчиж, улмаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ”, 13.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” 13.1.2 “Өргөсөн тангарагтаа үнэнч байх”, 13.1.3 “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 13.1.9 “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” 15 дугаар зүйлийн 15.1.7 “Албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” зэрэг хуулийн заалтуудыг зөрчсөн. Энэ нөхцөл байдал нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаалаар нотлогдсон.
Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны зорилго нь нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулахад чиглэсэн ажиллагаа юм. Н.П-н өөртөө урамшуулал олгосон зөрчил нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар хангалттай нотлогдож байгаа ба заавал сонсох ажиллагаа явуулах шаардлага байхгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа явуулснаар Сумын Засаг даргаас гаргах шийдвэрт нөлөөлөх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бий болгохгүй нь тодорхой юм. Ийм байтал шүүх Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй гэх үндэслэлээр Б/01 дугаартай захирамжийг хууль бус гэж буруутгаж байгаа нь үндэслэл муутай болжээ.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт “аливаа албан тушаалтны үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль журмаар нийцүүлэн шийдвэр гаргах учиртай" гэж Засаг даргын шийдвэрийг буруутгасан байх ба Н.П-н өөртөө урамшуулал олгосон асуудал нь мөн дээрх Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль журамд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан болох нь илт байна.
Анхан шатны шүүх Төрийн албаны Зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01 ний өдрийн 129 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг шийдвэрийн үндэслэх хэсэгт гол эх сурвалж мэтээр хэрэглэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь Хууль, эрх зүйн эрэмбээр нь авч үзвэл Төрийн албан хаагч тэр тусмаа Төсвийн шууд захирагчтай холбоотой зөрчил, түүнд шийтгэл ногдуулсан маргаанд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль. Төсвийн тухай хуулийг шүүх нэн тэргүүн тайлбарлан хэрэглэх ёстой байтал Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмыг гол болгон тайлбарлаж зөрчил гаргагчийг зөвтгөсөн төрийн албаны хариуцлагаас чөлөөлсөн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэл муутай болсон.
Төрийн Захиргааны албан хаагчийн хувьд хөдөлмөрлөх эрх гэхээс илүүтэй төрийн алба хаах эрхийн асуудал яригдах ёстой байтал шүүх Н.П-н хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзсэн нь Төрийн албаны эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүйн зохицуулах асуудлыг ялгаж салгаж чадаагүй нэхэмжлэгчийн ямар субъектив эрх нь зөрчигдсөн болохыг зөв тогтоож чадаагүй учир дутагдалтай шийдвэр болжээ.
2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаартай “Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-д цалингийн нэмэгдэл бууруулах тухай” захирамж нь Монгол Улсын Засгийн газрын “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам” батлах тухай 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаартай тогтоол, Сумын Засаг даргад Хөвсгөл аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн гарсан. Шүүгч шүүх хуралдааныг нээхдээ сахилгын шийтгэл ногдуулсан Б/01, Б/02 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг хэмээн танилцуулсан нь шүүх уг Б/02 дугаартай захирамжийг анхнаасаа сахилгын шийтгэл ногдуулсан гэж ойлгож явсан болохыг илтгэж байна.
Тодруулбал Б/02 дугаартай цалингийн нэмэгдэл бууруулах тухай захирамж нь Н.П-д сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэр биш бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаартай тогтоолын 3. Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь: "Төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, бүх төрлийн нэмэгдлийн дүнгийн 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосугай”-д нийцүүлэн нэмэгдлүүдийг бууруулсан.
Н.П-н авдаг нэмэгдлүүд нь дээр тогтоосон 40 хувиас хэтэрч 70 хувьд хүрсэн байсан бөгөөд уг асуудлаар Санхүү төрийн сангийн хэлтсээс зөвлөмж ирүүлсэн. Төрийн албан хаагчийн хувьд хууль журамд зааснаас гадуур давуу эрх эдэлж илүү нэмэгдэл өөртөө авах эрх огтоос байж болохгүй бөгөөд Сумын Засаг даргын хувьд Засаг даргын Тамгын газрын даргын хууль бус үйл ажиллагаанд хяналт тавих, хууль журам зөрчиж бусдаас илүү эдэлж байгаа эрхийг нь хязгаарлах, хуульд нийцүүлэх эрх хэмжээтэй гэж үзэж байна. Гэтэл шүүх 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгосон нь Н.Пг журам зөрчиж илүү нэмэгдэл авах эрхтэй байсан мэт ойлголтыг бий болгоход хүргэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5 /шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих/, 21 дүгээр зүйлийн 21.1.2 /энэ хуулийн 20.1.2-20.1.7-д заасан эрх/ -ийг хариуцагч эдлэхээр заасан. Мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна/ гэж заасныг хэрэгжүүлээгүй.
Тодруулбал, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Н.Пгээс асуулт тавьж хариулт авах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан хариуцагч эрхээ эдлэх боломжийг олголгүйгээр шүүх хуралдааныг завсарлуулж шийдвэр гаргасан. Энэ нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг баримтлаагүй үйл ажиллагаа болсон гэж үзэж байна.
Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар “2016, 2017 оны үйл ажиллагааны үнэлгээгээр Засаг даргын Тамгын Газрын ажил 2 жил дараалан хангалтгүй дүгнэгдсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил сайжруулах тал дээр ямар нэгэн санал санаачлага гарган ажилладаггүй” гэсэн үндэслэлээр Н.П-д 3 сарын цалинг тус бүр 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болон 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар түүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувь, нууц хадгалалтын нэмэгдлийг 10 хувь, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг 20 хувь болгон тус тус бууруулсан байна.
Уг захирамжуудыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Н.Пгээс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “...Н.П нь төсвийн зөрчил удаа дараа гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй...” гэж зөв дүгнэсэн атлаа хариуцагч нь маргаан бүхий актуудыг гаргахдаа “Төрийн Захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийн хянан шийдвэрлэх журам”-д заасныг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгчийн цалингийн нэмэгдлийг бууруулсан нь хууль, тогтоомжид нийцээгүй, ийнхүү буруулсан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар захирамжийн 3 дахь заалтаар үйл ажиллагааны үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргад сахилгын шийтгэл ногдуулж хариу мэдэгдэхийг тус сумын Засаг даргад үүрэг болгосон, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 06 дугаар 29-ний өдрийн 06/600 дугаар албан бичгээр Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаалаар батлагдсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах” журмын холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-д хариуцлага тооцон ажиллах санал хүргүүлсэн, тус сумын Засаг даргаас 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Н.П-н 2018 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтэд “С” үнэлгээ өгсөн байхад Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар 2018 оны ажлын үр дүнгээр “А”, “В” үнэлгээгээр дүгнэгдсэн ажилтнуудад урамшуулал олгохдоо өөртөө 1 сарын цалингийн 40 хувиар урамшуулал олгосон үйл баримтууд, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 14 дугаартай “Гүйцэтгэлийн Аудитын үр дүнгийн хурлын тэмдэглэл”, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай “Хамт олны хурлын тэмдэглэл” болон холбогдох бусад баримт, хэргийн оролцогчдын тайлбараар Н.П нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, төсвийн зөрчлүүдийг удаа дараа гаргасан болох нь тогтоогдож байна.
Эдгээрээс дүгнэвэл Н.П нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “хууль дээдлэх” төрийн албан хаагчийн үндсэн зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 /Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх/, 13.1.4 /харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх/-д заасан төрийн албан хаагчийн хүлээх нийтлэг үүргээ биелүүлээгүй байх тул гаргасан зөрчлүүдтэй нь холбогдуулж хариуцагчаас мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д энэ хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулахаар заасныг баримтлан маргаан бүхий захирамжийг гаргасан нь үндэслэлтэй, ийнхүү сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”-аар заасан зарчимтай нийцжээ.
Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас маргаан бүхий захирамжуудыг гаргахдаа “Төрийн Захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийн хянан шийдвэрлэх журам”-ыг баримтлаагүй гэж хариуцагчийг буруутган, нэхэмжлэгч Н.П-г ёс зүйн зөрчил гаргасан мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай “Хамт олны хурлын тэмдэглэл”-ээс үзвэл уг хурлын үеэр хариуцагчаас нэхэмжлэгч Н.П-д сахилгын шийтгэл ногдуулах захирамж гаргах талаар түүнд мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт.. гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд ... “тайлбар”, “санал” гаргах боломж олгох”-оор заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгчээс энэ талаар маргаагүй байх тул “сонсох ажиллагаа явуулаагүй” гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн “Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын “ЗДТГ-ын дарга Н.П-д цалингийн нэмэгдэл бууруулах тухай” Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн албан хаагчид олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээг Засгийн газрын 1994 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай” 96 дугаар тогтоолын 3 дахь заалтад “...төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, бүх төрлийн нэмэгдлийн дүнгийн, төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байх”-аар тогтоожээ.
Иймээс маргаан бүхий Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-д олгох цалингийн нэмэгдлийн нийт хэмжээг дээрх тогтоолд нийцүүлэн 40 хувь хүртэл бууруулж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, уг захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Эдгээр үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 126/ШШ2018/0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.П-н “Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/01 дугаартай “ЗДТГ-ын дарга Н.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2018 оны 07 сарын 30-ны өдрийн Б/02 дугаартай “ЗДТГ-ын дарга Н.П-д цалингийн нэмэгдэл бууруулах тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН