Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 106

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “III” дугаар танхимд нээлттэй хийж,  иргэн Ж.Б ын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад тус тус холбогдуулан гаргасан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын талаар зохих тэмдэглэгээ хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чингис, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Б би Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн.

           Уг шийдвэр нь төрийн тусгай албанд 20 гаруй жил ажиллаж байгаа миний ажилласан жилийг тасалдуулж, цалин хөлсгүй болж байна.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, цалинтай холбогдох зохих тэмдэглэгээ хийхийг даалгах, шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын талаар зохих тэмдэглэгээ хийхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн гэх үндэслэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар чөлөөлөгджээ.

Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын шинэчилсэн бүтцийг харахад нэхэмжлэгч Ж.Б ын албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд харин эрхэлж байсан ажил үүрэг нь өөрчлөгдсөн байна.

Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай" А/48 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.Б ын хариуцан ажиллаж байсан ажил үүргийг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга хариуцан ажиллахаар, харин Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын хариуцан ажиллаж байсан ажил үүргийг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга хариуцан ажиллахаар болж, зөвхөн ажил үүргийн хуваарь солигдсон болохоос албан тушаал болон цол, цалингийн зэрэглэл хэвээр хадгалагдаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаал нь нэхэмжлэгч Ж.Б ын төрийн тусгай албанд 20 гаруй жил ажиллаж байгаа төрийн мэргэшсэн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

Учир нь цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн шинэчлэлээр ажил үүрэг нь өөрчлөгдсөн болохоос нэхэмжлэгч Ж.Б ын хариуцан ажиллах ажлын байр, албан тушаал нь Цагдаагийн ерөнхий газарт хадгалагдаж байгаа учраас түүнийг цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн гэх үндэслэлээр төрийн албанаас шууд чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон  нийгмийн даатгалын талаар зохих тэмдэглэгээ хийхийг даалгах тухай” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус дүүргийн шүүхэд хянагдаж байгаа нэхэмжлэгч Ж.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С аас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Цагдаагийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Цагдаагийн төв байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн тэргүүн дэд дарга, дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд даргатай байна” гэж заасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/48 дугаар тушаалаар Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг Цагдаагийн албаны тухай хуулийн 18.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн баталсан бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг тэргүүн дэд даргын хариуцах чиг үүрэгт шилжсэн тул урд нь уг асуудлыг хариуцсан дэд даргыг Цагдаагийн албаны тухай хуулийн 18.2-т заасан эрх хэмжээний хүрээнд бүтэц, орон тооны өөрчлөлтөөр чөлөөлсөн.

Энэ бүтэцтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар Ж.Б ыг Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах асуудал хариуцсан дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Хоёр. Хууль зүй, дотоод хэргийн сайдын Ж.Б ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.”, 183 дугаар зүйлийн 3 дахь заалт “Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй орлогч даргатай байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-д ”Энэ хуулийн 18.2, 18.3-т заасан тэргүүн дэд дарга, дэд даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө”, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/48 тоот тушаалыг тус тус үндэслэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.Б ын Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...тушаал хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, цалинтай холбогдох зохих тэмдэглэгээг хийхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй танилцаад шаардлагыг эс зөвшөөрөн дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд

Нэг. Цагдаагийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Цагдаагийн төв байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн тэргүүн дэд дарга, дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд даргатай байна.” гэж заасан бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар хуульд заасан үндсэн чиг үүргийг тэргүүн дэд дарга хариуцаж байсныг өөрчилж, дэд дарга хариуцахаар зохицуулсны дагуу Ж.Б ыг мөн сайдын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилсон байдаг.

Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/48 дугаар тушаалаар Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг Цагдаагийн албаны тухай хуулийн 18.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн хууль сахиулах үндсэн чиг үүргийг тэргүүн дэд дарга хариуцахаар зохицуулж, мөн хуулийн 18.4 дэх хэсэг /Энэ хуулийн 18.2-т заасан тэргүүн дэд дарга, дэд даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн томилж, чөлөөлнө/-т заасан бүрэн эрхийн хүрээнд мөн оны Б/27 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан дэд комиссар Ж.Б ыг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Иймд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргыг томилж, чөлөөлөх бүрэн эрх нь Цагдаагийн албаны тухай хуулийн 18.2-т зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайд хамаарах бөгөөд энэ нь Цагдаагийн төв байгууллагын даргад хамаарахгүй эрх хэмжээ байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг цагдаагийн байгууллага зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хоёр. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.” гэж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “Төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан ажиллагсдын хөдөлмөрийн хөлсийг тогтоох”, 16.5.5-т “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Ж.Б нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах буюу хууль сахиулах үндсэн чиг үүргийг эрхэлсэн дэд даргын албан тушаал /ажлын байр/-д ажиллаж байсан бөгөөд түүнийг чөлөөлөгдсөн өдрөөс тэргүүн дэд дарга уг асуудлыг эрхлэн гүйцэтгэж байгаа тул цагдаагийн байгууллага Цагдаагийн албаны тухай хуулийн 18.2, 18.4, Төрийн албаны тухай хуулийн 28.1, Төсвийн тухай хуулийн 16.5.3, 16.5.5-д заасныг тус тус зөрчиж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг давхардуулан олгох боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Ж.Б ын нэхэмжлэлийн Цагдаагийн ерөнхий газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын талаар зохих тэмдэглэгээ хийхийг даалгах” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргалаа.

Хэргийн оролцогчдоос нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбарыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Ж.Б ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь Хууль зүйн сайдын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын албанд томилогдсон байна. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/48 дугаар тушаалаар цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг эрхэлж байсан албанаас чөлөөлжээ.

Хууль зүйн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагааны бүтцийн дагуу цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах асуудал нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргад хамаарах чиг үүрэг байсан байна. 

Гэвч Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “хуульд өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж...”, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Цагдаагийн төв байгууллагын орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу тогтооно”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай 9 дүгээр зүйлийн 9.1-д “Агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын сайд батална” гэж тус тус заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд хуулиар олгогдсон өөрийн эрх мэдлийн хүрээнд цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/48 дугаар тушаалаараа шинэчлэн баталсан байна.

Шинэчлэн батлагдсан бүтэц ёсоор Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, дэд даргын албан тушаалын нэр нь өөрчлөгдөөгүй боловч тэдгээрийн хэрэгжүүлэх чиг үүрэг, хариуцах асуудал нь өөрчлөгдөж цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын хэлбэр өөрчлөгдсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны  А/48 тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын шууд удирдлагад гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба харин Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын удирдлагад цагдаагийн албаны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын төлөвлөлт, зохион байгуулалтын, хүний нөөц, сургалтын, гадаад харилцааны, хуулийн хэлтэс зэрэг нэгжүүд хамаарахаар болжээ.

 Хариуцагч дээрх шийдвэрийг гаргахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Цагдаагийн төв байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн тэргүүн дэд дарга, дэмжлэг үзүүлэх асуудал эрхлэсэн дэд даргатай байна” гэж заасантай нийцүүлэн гаргасныг буруутгах боломжгүй юм. 

Иймд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч .... тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр ... бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.Б ыг үүрэгт ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Ж.Б ын “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын талаар зохих тэмдэглэгээ хийхийг даалгах” шаардлага бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ТӨМӨРБАТ