Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00552

 

“Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01559 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 462 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох,

Ажлын хөлс 29 690 323 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зам, тээврийн хөгжлийн яамны 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 тоот албан бичгээр зохиогчийн хяналт хийлгүүлэх захиалга ирүүлсний дагуу зохиогчийн хяналтыг “Эм Си Пи Си Жи Ар” ХХК хийж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 328/15 тоот албан бичгээр дүгнэлтийг хүргүүлсэн. Бид дүгнэлт гаргаж хүргүүлснээр Бага улаан даваа-Уртын гол чиглэлийн 50 км улсын чанартай авто зам 2015 онд албан ёсоор ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авсан юм. Ийнхүү санхүүжилтийн тооцоо, нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 289/15 тоот албан бичгээр хүргүүлсэн. Улмаар санхүүжилтийн тухай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16/16 болон 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 169/16 тоот албан бичгүүдээр тус тус хандсан. Бид өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ Төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч захиалагчийн зүгээс өнөөдрийг хүртэл бидний гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг олгохгүй байна.Иймд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Бага улаан даваа-Уртын гол чиглэлийн 50 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 29 690 323 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:“Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь Зам, тээврийн яам /хуучнаар/-тай гэрээ байгуулаагүй нь Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрмийн 2.1-2.3, 3.2.1 гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Мөн нэхэмжлэлд Зам, тээврийн яамнаас хүргүүлсэн гэх 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08/5035 тоот албан бичигт тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Жаргал гарын үсэг зурсан гэжээ. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар яамыг төлөөлөх эрх бүхий этгээд явуулаагүй болох нь нотлогдож, зохиогчийн хяналт тавих хууль зүйн үндэслэлгүй. Иймд “Эм Си Пи Си Жи Ар” ХХК болон Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хооронд гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ Төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгч, захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гэжээ. Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан баримт бичиг үйлдэгдээгүйгээр хууль зүйн үндэслэлгүй болох нь нотлогдож байна.Нэхэмжлэлд дурдсан 29 690 323 төгрөгийг хэрхэн тооцсон, ямар баримтыг үндэслэн шаардаж байгаа үндэслэлээ дурдаагүй нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцож тодорхойлоогүй болохыг нотолж байгаагаар уг хуулийн заалт зөрчигдсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01559 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан Зам, тээврийн хөгжлийн яамнаас 29 690 323 төгрөг гаргуулах тухай “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 462 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01559 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Зам, тээвэр хөгжлийн яамнаас 26 991 203 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 699 120 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 292 906 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 402 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:“Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахаас өмнө зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасны дараа захиалагчтай гэрээний талаар болон үнэ хөлсний талаар хэлэлцэн тохиролцсон зүйл байхгүй нь хэргийн материалд нотлох баримтаар авагдаагүйгээр нотлогдох бөгөөд энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “...гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байтал ажил гүйцэтгэхээс өмнө тохироогүй хөлсийг төлөх ёстой гэж анхан шатны шүүхээс шийдвэрлэснийг зөвшөөрөөгүй үндэслэлийг үндэслэл бүхий тайлбарлан няцаагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.Мөн давж заалдах шатны шүүхээс гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэх, зураг төсөл зохиогч, хөрөнгө оруулагчаас чанарын хяналт тавих, худалдан борлуулахтай холбогдсон ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан бөгөөд барилгын ажилд зохиогчийн хяналтын дүгнэлтийг гаргахдаа зайлшгүй бичгээр гэрээ байгуулсан байх шаардлагыг хуулиар тогтоож өгсөн. Зураг төсөл зохиогчийн хяналтын дүгнэлт нь барилгын ажлын явцад хяналт хийсний үндсэн дээр гаргадаг дүгнэлт бөгөөд барилгын ажил эхлэхэд гэрээ байгуулан ямар төрлийн хяналт тавих, ажлын хөлс хэдэн төгрөг байх зэрэг үнэ хөлсийг Захиалагчтай тохироогүй нь Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрмийн 1.9, 5.1, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрмийн 2.1-д заасныг “Эм Си Пи Си Жи Ар” ХХК зөрчсөн.Зам, тээврийн яамны /хуучнаар/ Төрийн нарийн бичгийн даргаас “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-нд ажил гүйцэтгүүлэхээр ямар нэг байдлаар хүсэл зоригоо илэрхийлсэн зүйл байхгүй бөгөөд “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн зүгээс зардлын тооцоо, гэрээний төсөл зэргийг зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахаас өмнө буюу ажил гүйцэтгэхээс өмнө Захиалагчийн төлөөлөх эрх бүхий этгээд Зам, тээврийн яамны /хуучнаар/ Төрийн нарийн бичгийн даргад хандаагүй байхад Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу хэлцэл хийгдсэн гэж үзсэн нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг тус тус зөрчсөн байхад ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Барилгын ажлын зураг төсөл зохиох, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх, зураг төсөл зохиогчийн хяналт дүгнэлт гаргах зэрэг нь цогц ажиллагаа бөгөөд “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь Бага улаан даваа-Уртын гол чиглэлийн 50 км авто замын барилгын зураг төслийг боловсруулж тус яаманд хүлээлгэж өгөн үнэ хөлсөө авсан талаар нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд зохиогчийн хяналтын дүгнэлт нь зураг төсөл зохиогоод авсан ажлын хөлсөндөө багтдаг юм.Иймд ...“Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн шаардаж буй 26 991 203 төгрөгийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2, 176.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн яамнаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс шаардсан ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь хяналтын шатны шүүхэд хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 110/17 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй танилцсан, өөрийн эрх, эрх ашигт нийцэхүйц шийдэл гаргасан гэдэгт эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй ба нэхэмжлэлээсээ татгалзаж буй явдал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох ажлын хөлсөд 29 690 323 төгрөг гаргуулах тухай “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01559 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 462 дугаар магадлалыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3., 106.5.-д зааснаар Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох ажлын хөлсөд 29 690 323 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.           

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН