Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 696

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811014610802 дугаар 186/2018/0668/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч П.Нямцэцэг,                             

Шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэр бүлийн байдал 5, эхнэр дүү нарын хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Б.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт И.Мөнх-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг                 

 

Хохирогч И.Мөнх-эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн орчим санагдаж байна. Би Ганпүрэвийн гэрт очоод унтаж байтал Ганпүрэвийн эхнэр Үүрцайх намайг сэрээгээд цаана чинь Эрдэнээ хүнд зодуулаад байна гэсэн. Тэгээд Үүрцайх бид хоёр тэдний хашаанаас гараад явж байтал арын гудамжинд хүн орилоод байсан бөгөөд Эрдэнээг тэнд зодуулж байна гээд яваад очтол манай найз Б хүрз барьчихсан байдалтай явж байсан. Би хажуугаар нь зөрөөд явах гэтэл Б барьж байсан хүрзээрээ миний зүүн шанаа орчимд цохьсон. Би Бд Мөнхөө байна шүү дээ гэсэн чинь тэр чинь ямар хамаатай юм гээд цохиж авах гээд байхаар нь би гарыг нь бариад миний эрүү хугархай байгаа гэж хэлсэн. Тэгээд зууралдаад байж байтал манай найз Ганпүрэв хүрч ирээд бид хоёрыг салгатал Б газраас чулуу аваад баруун талын дагз орчимд цохьсон... гэсэн мэдүүлэг /хх-14-15/,

 

Гэрч Б.Баярцэнгэл мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 05 дугаар сарын 09-ний шөнө гадаа манай дүү орилоод байхаар нь би гэрээсээ гараад харахад манай дүү Б согтуу Мөнх-эрдэнэ мөн согтуу хоорондоо заамдалцсан зогсож байсан. Би ээжийг дуудах гээд гэрт ороод гараад иртэл Б чулуу барьчихсан Мөнх-Эрдэний толгой руу цохьсон... гэсэн мэдүүлэг /хх-21/,

 

Яллагдагчаар Б.Б мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Нарантуул-2 захын орчид найзынхаа төрсөн өдөр дээр оччихоод архи уучихсан юм. Шөнө 00 цаг өнгөрч байх үед гэр рүүгээ харихаар гудамжиндаа явж байтал Мөнх-Эрдэнэ нэг эмэгтэй, нэг залуугийн хамт явж байсан. Тэгээд Мөнх-Эрдэнэтэй дайралдсан чинь намайг “хар хошного” гэх мэтчилэн доромжлоод байсан. Тэгэхээр нь би Мөнх-Эрдэний нүүр рүү нь нэг цохиод баруун хөл рүү нь хавсраад газар унагаасан... гэсэн мэдүүлэг /хх-32/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №6059 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. И.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, баруун доод зовхи, баруун хацар, дух, хамрын нуруу, баруун хацар, баруун чамархай, баруун зулай, баруун дал, баруун бугалга, баруун тохой, шуу, хүзүү, цээжинд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт /хх-22/,

 

Хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-60/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-35-36/, захиргааны зөрчилийн бүртгэл /хх-37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

 

  Хууль зүйн дүгнэлтэд:

  Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт И.Мөнх-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.

 

Прокуророос Б.Б+д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.      

 

Б.Б-ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.          

 

Шүүгдэгч Б.Б нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.     

 

Иймд Б.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг  450 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчид эмчилгээний зардалд 150.000 төгрөгийг төлсөн байна.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,  энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.