Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00027

 

 

 

 

 

 

 

2022 12 23 210/МА2023/00027

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 104/ШШ2022/00481 дугаар шийдвэртэй,

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

***** ХХК-д холбогдох

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 170,696,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бердомурат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч *** ХХК нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс зарласан РА-2 төмөр замын автобусны хос дугуй худалдан авах УБТЗ/2021/***/Б/000 тоот нээлттэй тендерт шалгарч 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ХХГ-***/21/000 дугаар худалдах-худалдан авах гэрээгээр 3 төрлийн хос дугуйг нийлүүлэхээр харилцан тохиролцсон.

*** ХХК нь дээрх 3 төрлийн хос дугуйг ***** ХХК-аас авахаар гэрээ байгуулсан боловч хугацаандаа нийлүүлээгүйгээс болж Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгтэй байгуулсан гэрээ цуцлагдаж, гэрээний гүйцэтгэлийн баталгааны үнэ 13,000,000 төгрөгийг авч чадахгүйд хүрсэн.

1.2. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***** ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр 220,000,000 төгрөгийн үнэтэй 3 төрлийн хос дугуйг 47 хоногийн дотор 2021 оны 12 дугаар сарын 25-нд багтаан нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний үнийн дүнгийн 70 хувь болох 154,000,000 төгрөгийг ажлын 2 хоногт багтаан шилжүүлсэн бөгөөд хариуцагч үүргээ биелүүлээгүй 3 төрлийн хос дугуйг хугацаандаа нийлүүлээгүй.

1.3. Мөн гэрээний 8.2-д Нийлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгчид төлнө гэж заасан байна.

Иймд хариуцагч ***** ХХК-аас урьдчилгаа төлбөр 154,000,000 төгрөг, алданги 3,696,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа 13,000,000 төгрөг, нийт 170,696,000 төгрөгийг хариуцагч ***** ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *** ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулахад *.* намайг Гранд плазагийн 8-808 тоот өрөөнд дагуулж очиж тус компанийн захирал, менежер, *.* , ***** ХХК-ийн захирал Ч.Өмиргүл, миний бие нийт 5 хүн тохиролцож тухайн гэрээг байгуулсан.

Украйн улсад энэ оны 2 дугаар сард дайн гарснаар миний захиалсан захиалгат ачаа алдагдсан ба ОХУ-аас оруулж ирсэн өөр төрлийн хос дугуйг *.* д хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***** ХХК-аас 157,696,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 13,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж 1,011,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** ХХК-аас 946,430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Украйн улсаас ОХУ-д буулгасан хос дугуйнаас оруулж ирээд борлуулж чадвал хэн хэн нь нөхцөл байдлаа хөнгөлж чадах талаар *.* тай ярилцаад, харилцан тохиролцож 2022 оны 05 дугаар сарын 25-нд 5 хос дугуй 50.000 ам.долларт бодож авсан. Тээврийн зардал гаалийн татварт 25,000,000 төгрөг төлж Улаанбаатарт авчирсан. Уг хос дугуйг ***** ХХК-д зарсан гэх бөгөөд н.Баатарчулуун ...мөнгө аваагүй байна, мөнгө авахаар захирал гурвуулаа сууж байгаад шийдэлд хүрнэ гэх хариу өгсөн тул шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***** ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 170,696,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ***** ХХК нь 220,000,000 төгрөгийн үнэтэй 2 шатлалт редуктортой, 1 шатлалт редукортой, редукторгүй тус бүр 3 төрлийн хос дугуйг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд багтаан нийлүүлэх, *** ХХК нь барааг үйлдвэрлэж эхэлснээс хойш үнийн дүнгийн 70 хувийг, барааг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 2 хоногт үлдэх 30 хувийн төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх12-14/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээг хүчин төгөлдөр болсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

3.а. Нэхэмжлэгч *** ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөрт 154,000,000 төгрөгийг хариуцагч ***** ХХК-ийн данс руу шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талуудын хэн аль нь маргасангүй. /хх11/

 

4. Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн инженер *.* д 50.000 ам.долларын үнэ бүхий 5 хос дугуй хүлээлгэн өгсөн гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүйгээс гадна хариуцагч гэрээний үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээний үүрэгт 50.000 ам.долларын үнэ бүхий 5 хос дугуй хүлээлгэн өгсөн гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Талуудын тайлбар болон хэргийн баримтаар хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид 2 шатлалт редуктортой, 1 шатлалт редукортой, редукторгүй тус бүр 3 төрлийн хос дугуйг нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай байна.

 

4.а. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***** ХХК-ийг гэрээнд заасан хугацаанд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүйтэй холбоотойгоор гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн болох нь тус компанийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр тогтоогджээ. /хх 9/

 

Иймд нэхэмжлэгч *** ХХК-ийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар хариуцагч ***** ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

 

4.б. Хариуцагч ***** ХХК нь гэрээний үнийн дүнгийн 70 хувь болох 154,000,000 төгрөгийг хүлээн авсан атлаа гэрээний зүйл болох эд хөрөнгийг нэхэмжлэгч *** ХХК-д нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагчаас 154,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Алдангийн тухайд:

5. Анхан шатны шүүх хариуцагчаас алдангид 3,696,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

5.а. Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ цуцлагдаж байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн зохицуулалт мөн адил цуцлагдах тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги 3,696,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Гүйцэтгэлийн баталгааны тухайд:

6. Түүнчлэн, нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээгээр тохиролцсон дээрх 3 төрлийн хос дугуйг хариуцагч хугацаандаа нийлүүлээгүйгээс болж Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгтэй байгуулсан гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож байршуулсан 13,000,000 төгрөгийг авч чадалгүй хохирсон гэх боловч баталгааны 13,000,000 төгрөг байршуулсан гэх баримтгүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 104/ШШ2022/00481 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...243.1 гэсний дараа ...205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж, ...157,696,000 /нэг зуун тавин долоон сая зургаан зуун ерэн зургаан мянга/ гэснийг ...154,000,000 гэж, ...13,000,000 /арван гурван сая/ гэснийг ...16,696,000 гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...946,430 /есөн зуун зөрчин зургаан мянга дөрвөн зуун гуч/ гэснийг ...927,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 942,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ