Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 697

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811020270729 дугаар 186/2018/0669/Э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Б.Уранчимэг,                             

Шүүгдэгч Т.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 3, эхнэр, хүүхдийн хамт суудаг, 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 98 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ялаар, 2013 оны 01 дүгээр сарын 09-ний Чингэлтэй дүүргийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Т.А

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Т.А нь 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж, 1213 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Х.Болормааг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг                 

 

Хохирогч Х.Болормаа мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би нөхрийн хамт цэнгэлдэх хүрээлэн орчихоод гэртээ ирээд байж байсан манай нөхөр миний утсаар фэйсбүүк ороод чатаар хүнтэй харилцаад байхаар нь би тэрийг нь хэлээд бид хоёр муудалцсан юм. Тэгээд намайг хөөгөөд байхаар нь би нэг найз охинтойгоо уулзаад караоке орж, нэг цаг дуулчихаад талбай орж шоу үзэх гэж байгаад манай найз охины хүүхэд нь уйлаад байна гээд явсан юм. Над руу манай нөхөр А-н найз болох Ч утасдаад танайд очъё гэж хэлэхээр нь би талбай дээр байна хамт явъя гээд хэлсэн. Тэгээд би Ч-тай уулзаад бид хоёр пабад орж нэг, нэг шил пиво уугаад сууж байтал манай нөхөр А хүрч ирээд бид 3 манай гэр рүү явж байх замдаа М гээд найз руу нь залгаад хамтдаа дөрвүүлээ манай гэрт очсон. Манай гэрт ирээд дөрвүүлээ нэг том пиво уугаад сууж байхад намайг хардаад байдаг гээд найзууддаа хэлэхээр нь би үнэн биздээ гээд хэлсэн юм. Тэгсэн чинь сандал, аяга шидээд миний толгойг оносон. Тэгээд намайг гэрээс гар гээд чирээд байсан чинь хоёр найз нь боль гээд байсан бөгөөд удалгүй Ч-ийн эхнэр ирээд М, Ч хоёрыг аваад явсаных нь дараа миний нүд рүү гараараа ээлжлээд цохиод байсан. Тэгээд газраар чирсэн... гэсэн мэдүүлэг /хх-9-10/,

 

Гэрч Б.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд: ...Тэгээд Болормаа А хоёр маргалдаад Алтангэрэл, Болормаагийн хацар руу 2-3 удаа алгадсан бөгөөд Болормаа тэгээд нэг их юм ярилгүй унтаад өгөхөөр нь Чадраа бид хоёр гэр рүүгээ яваад өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-16-17/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №8698 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Х.Болормаагийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, 2 хацар, баруун шуу, тохой, 2 өвдөг, 2 шилбэ, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун шанаа, 2 өвдөг, 2 шилбэнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, 2 хацар, баруун шанаа, дээд, доод уруулийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид  ерөнхий  хөдөлмөрийн  чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Уг гэмтэл нь 2018.7.12-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Шинжээч эмч С.Чулуунсүх гэсэн дүгнэлт /хх-19/,

 

Яллагдагчаар Т.А-н мөрдөн байцаалтын шатанд: Би Болормаагийн нүүр рүү нь сандал шидээд тэр шидсэн сандалаараа 2-3 удаа бие, хөл хэсэгт нь цохисон. Мөн гараараа нүүр рүү нь 2-3 удаа алгадсан. ...Баруун нүдний дээд доод зовхины, 2 хацар хөхөрч хавдсан гэмтлийг би Болормааг алгадсанас болж үүссэн байх. Харин 2 өвдөг, 2 шилбэний гэмтэл нь би сандлаар 2-3 удаа цохисон юм. Тэрнээс болж үүссэн байх бусдыг нь би сайн санахгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-24-25/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/, 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаартай Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, магадлалын хуулбар /хх-29-32/, Т.Аийн ял хэрэг, зан байдал, суллагдсан тухай тодорхойлолт /хх-33/, 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 32 дугаартай Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-36-39/, Захиргааны зөрчлийн бүртгэл /хх-40-51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

 

  Хууль зүйн дүгнэлтэд:

  Шүүгдэгч Т.А нь 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж, 1213 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Х.Болормааг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.     

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.

 

Прокуророос Т.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.      

 

Т.А-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.          

 

Шүүгдэгч Т.А нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.     

 

Иймд Т.А-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг  500 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.        

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.А өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.