Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/ма2022/02127

 

2022.12.16 №210/МА2022/02127

 

*-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2022/02295 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *-гийн хариуцагч * -д холбогдуулан гаргасан 49,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: * , * -ын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус сургуулийн хотхоны загвар зураг, тохижилтын зураг, 3 хэмжээст зураг зурах ажлыг амаар санал болгосны дагуу чанартайгаар 6 хоногийн дотор хийж гүйцэтгэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчийн [email protected] хаяг руу явуулж, мөн биет байдлаар хүлээлгэн өгсөн. Хариуцагч байгууллага 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүк хуудасны сурагчдын бүтээл гэсэн дотор тавьж, манай хийсэн бүтээлийг ашигласан учраас ажлын хөлс төлөх үүрэгтэй. Гэрээний үнийг тохиролцоогүй тул зах зээлийн дундаж үнэлгээгээр тооцон, ажлын хөлс 49,000,000 төгрөг нэхэмжилсэн. Хавтаст хэрэгт үнийн саналыг баримтаар өгсөн. Хэрэв хариуцагч тал үнийн саналыг эргэлзээтэй, хуурамч гэж үзвэл шинжээч томилуулахаар шүүхэд хүсэлт гаргах боломжтой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний харилцсан фейсбүүк чатад хийсэн үзлэгээр ажлын хөлс өгнө гэж хэлсэн. Иймд * -аас хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 49,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай байгууллага * гээр 3D зураг зуруулах санал тавихад 2,000,000-3,000,000 төгрөг болно гэж хэлсэн. Төсөл бүтвэл тусална гэх саналын дагуу * зургийг зурахаар болсон бөгөөд тухайн үед ажлын хөлс, мөнгө тохироогүй. Гэвч төсөл бүтээгүй. * , * нарын хооронд Иргэний хуульд заасан болзол тавьж хийсэн хэлцэл байгуулагдсан гэж үзэж байна. Хийсэн ажлын зургийг нь бусад оюутны зурагтай хавсарган фейсбүүк хуудаст байршуулсан боловч маргаан үүссэн тул зургийг устгасан. Урьдчилгаанд 1,540,000 төгрөг өгсөн. *-гийн хийж гүйцэтгэсэн ажил нь нарийн төлөвлөсөн барилгын зураг биш, төсөөллөөрөө зурсан зураг юм. Гадна талын зургийг богино хугацаанд буюу 4-5 хоногт зурсан. Уг ажлын үнэлгээ 3,500,000 төгрөг болно. * нь хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажлаа хийж гүйцэтгэн хүлээлцэж өгөөгүй тул өмнө шилжүүлсэн мөнгөндөө дээрх ажлын хөлсөө суутгаад тохирох саналыг * тавьсан боловч тохиролцоогүй. Нэхэмжлэгч 49,000,000 төгрөгийг хэрхэн тооцож, ямар үндэслэлээр гаргасан нь тодорхойгүй. Үнийн санал дээр ажлын зураг, 3 хэмжээст зургийн үнийн санал гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талын хэрэгт гаргаж өгсөн үнийн саналд ямар газрыг хаана, хэдэн давхар байх тухай нарийн зүйл тусгагдаагүй, тодорхойгүй. Нэхэмжлэгч 49,000,000 төгрөгийг хэрхэн тооцсоноо нотолж чадаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч * -аас 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * д олгож, нэхэмжлэлээс үлдэх 46,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, ажлыг гүйцэтгэсэн, ажлыг хүлээж авсан, ажлыг хариуцагч нь өөрийн хэрэгцээнд ашигласан эсэх талаар маргаагүй. Гагцхүү гэрээний төлбөрийн талаар маргадаг. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дах хэсэгт заасны дагуу ажлын хөлсийг зах зээлийн дундаж ханшаар тогтоох ёстой.

4.а. Гүйцэтгэсэн ажлын үнэлгээг 49,000,000 төгрөг болохыг нотолж хэрэгт * ХХК, * ХХК,  * нараас ирүүлсэн үнийн санал болон Т* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ зэрэг бичгийн баримтууд авагдсан. Уг бичгийн нотлох баримтууд хуулийн дээрх заалтад зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын зах зээлийн үнэлгээг тогтоох боломжтой байхад шүүх эдгээр нотлох баримтыг хуульд зааснаар хэрэгт хамааралтай талаас нь үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.

4.б. Үнийн санал болон гэрээ тус бүр дээр гүйцэтгэх ажлын м.кв-ын үнэлгээг тодорхой заасан, маргаан бүхий ажлын зургийн нийт м.кв-ын хэмжээг Фейсбүүк мессенжерт шүүхийн үзлэг хийх байдлаар нотлох баримтаар бэхжүүлсэн байтал эдгээрт хэрхэн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь БД81-16-20 стандартыг эшлэх байдлаар ажлын үнэлгээг баримтын шаардлага ханган гаргаагүй гэх үндэслэлээр үнэлэхээс татгалзсан. Гэтэл тус стандарт нь олон нийтэд нээлттэй сайтад байршсан, олон нийтэд илэрхий учир нэхэмжлэгч нь үүнийг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд өгөх шаардлагагүй.

4.в. Шүүх нэг талын татгалзлыг үндэслэн нотлох баримтад тулгуурлалгүйгээр ажлын хөлсийг тогтоосон нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүх 2,500,000 төгрөгийг ямар үндэслэлээр зах зээлийн үнэ болох талаар дүгнээгүй, ажлыг хөлсийг 2,500,000 төгрөг гэдгийг хариуцагч тал эргэлзээгүй нотлоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 49,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Зах зээлийн ханшийг тогтоосон гэх 3 үнийн саналыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тус компаниудын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг хавсаргаж өгөөгүй, уг асуудлаар дүгнэлт гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй, тус компаниудад хэн хандаж үнийн санал авсан нь тодорхойгүй байсан. Нэхэмжлэгчээс шүүх нотлох баримтаар үнэлж болохуйц, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг гаргаж өгөөгүй. Хэрэгт 2 сарын хугацаа бүхий 27,185,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг жишиг байдлаар гаргаж өгсөн. Гэтэл * нь уг ажлыг 5 хоногийн хугацаанд гүйцэтгэж өгөхөөр тохиролцсон. Жишиг зураг нь өглөө, өдөр, орой гэсэн төрөлтэй, гадаах үзэмжийг харуулсан видео бичлэгтэй байхаар тусгагдсан бөгөөд хэдэн м.кв талбай бүхий объектын зураг төсөл хийсэн нь тодорхойгүй байсан. Харин нэхэмжлэгчийн хийж өгсөн зурагт хэдэн м.кв талбай бүхий объект, өдөр, шөнийн ялгаа, үүдний хэсэг зургийг тусгаагүй. Анх зургийг зуруулахдаа ижил зураг зурдаг этгээдүүдээс асуухад 3,000,000 төгрөгөөр зурдаг гэж байсан. Өмнө нэхэмжлэгчид 1,500,000 төгрөг өгсөн байсан. Уг үнэ дээр хариуцагчийн төлөөлөгч 2,500,000 төгрөг нэмж өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн тул энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч * нь хариуцагч * -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 49,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч ...хариуцагчаас хийсэн ажлын хөлсөө зах зээлийн ханшаар тооцон 49,000,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч ...ажлын хөлсний хэмжээг тохиролцоогүй, ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, ажлын хөлсөнд урьдчилан төлсөн 1,540,000 төгрөг дээр нэмж 2,500,000 төгрөг төлөх боломжтой, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ. /хх 1-2, 61, 129/

3. * , * нар 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь сургуулийн хотхоны загвар зураг, тохижилтын зураг, 3 хэмжээст зураг зурж хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч нь хийсэн ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-76-82/ Уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагчид дээрх зургуудыг зурж хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрэл зургийн хуулбар, үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. /хх 16-17, 18-36/

4. Зохигчид Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хэлцлийг хүчин төгөлдөр гэж үздэг.

4.1 Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Анхан шатны шүүх талууд гэрээ байгуулан зохих ёсоор ажил гүйцэтгэсэн хэдий ч ажлын хөлсний хэмжээг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасны дагуу тохиролцоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь талууд гүйцэтгэсэн ажлын хөлсөө Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дах хэсэгт заасны дагуу тодорхойлон тогтоосон үнэлгээгээр бодож хөлс төлөх журмыг зөрчсөн талаар шүүх зөв дүгнэжээ.

6. Хариуцагч * нь дээрх ажлын хөлсөнд нийт 500,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан банкны хуулгаар тогтоогдож байх ба талууд гэрээ байгуулахаас өмнө шилжүүлсэн 820,000 төгрөгийг уг ажлын урьдчилгаанд төлсөн гэж дүгнээгүй анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

7.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор * ХХК, *ХХК, Архитектор *-ий үнийн санал зэрэг баримтыг хэрэгт гаргаж өгсөн боловч уг баримтаар ямар хэмжээтэй обьектын загвар зураг, тохижилтын зураг, 3 хэмжээст зураг тус бүр хэдэн төгрөгөөр тооцсон болохыг тогтоох боломжгүй. Учир нь тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт эсхүл тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлөх учиртай.

8. Нэхэмжлэгч * нь ажил гүйцэтгэсний хөлсөө тохиролцсон, түүнийгээ нотлох баримтаар хангалттай нотолсон гэх боловч дээрх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 2,500,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 46,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

9. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2022/02295 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН