Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 210/ма2022/02139

 

 

 

 

 

 

 

 

2022 12 19 210/МА2022/02139

 

 

* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/02576 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч * ХХК-ийн хариуцагч * ХХК-д холбогдуулан гаргасан 14,408,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Манай компани нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр * уг ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр бэлэн гоймонгийн уут нийлүүлэх, захиалагч нь гэрээнд заасан хөлс төлөхөөр харилцан тохиролцсон. * ХХК нь гэрээгээр тохиролцсоны дагуу гоймонгийн уутыг нийлүүлсэн боловч гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Энгийн гоймонгийн уут 14,000 ширхэг, улаан нь 1000 метр, уут нь 7,000, энгийн өргөн гоймонгийн улаан нь 500, уут нь 7,000, идэвхтэй гоймон уут 1,500, улаан нь 300, нийт 45332 ширхэг уут нийлүүлсэн байна. Хариуцагч эхний 4 удаагийн захиалгын төлбөр төлөөгүй. Хурлаар 4 дэх захиалгын төлбөр төлөгдсөнөөр 5 дугаар захиалгын эрх үүснэ гэдгийг хэлсэн. 2 дугаар захиалгаас 301,500 төгрөг, 3 дугаар захиалгаас 9,924,810 төгрөг, 4 дүгээр захиалгаас 4,182,650 төгрөг, нийт 14,408,960 төгрөгийн зөрүү буюу авлага төлөгдөөгүй. Хариуцагч тал 3 удаагийн төлбөрийн хугацаа хожимдуулсан учраас тооцоо нийлсэн акт үйлдсэн. Мөн бранк уут ялгасан ажилчдын цалин хөлс, буцаалт хийхгүй гэж тохирсон нь зөвхөн 5 дах захиалгын тухай ярилцаж байсан. Агуулахаас очиж үзлэг хийхэд 5 ширхэг уут ялгаж бранк гэж харуулсан. Тэр нь өнгө үнэр байхгүй байсан. Манайх 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр уутыг шинжилгээнд өгөхөд Мэргэжлийн хяналтын газраас ямар ч асуудалгүй гэж дүгнэлт гаргасныг хариуцагчид хүргүүлсэн. Хариуцагч талтай эвлэрэх боломжгүй. Талууд ажил гүйцэтгэх гэрээг дүгнэн тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг актаар * ХХК нь 14,408,960 төгрөгийг * ХХК-д төлөхөөр тооцоотой болохоо хүлээн зөвшөөрч эрх бүхий ажилтан гарын үсгээ зурж санхүүгийн тамгаар баталгаажуулсан. Иймд * ХХК нь тооцооны үлдэгдэл болох 14,408,960 төгрөгийг өгөхгүй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн актыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон байна. Гэвч энэхүү тооцоо нийлсэн актын дараа сав баглаа боодлуудад доголдол илэрч зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон тул 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр * ХХК-ийн удирдлагуудтай дээрх асуудлаар хуралдсан. Энэхүү хурлаар * ХХК-ийн зүгээс өөрийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний доголдлыг хүлээн зөвшөөрч бранк уутны татан авалт хийхгүйгээр хоорондын тооцоогоор хаах саналыг тавьсан. Үүний үр дүнд талууд харилцан тохиролцож хоёр талын эрсдэлээ өөрсдөө хариуцахаар болсон. Өөрөөр хэлбэл, * ХХК нь доголдолтой сав баглаа боодлынхоо эрсдэл буюу төлбөрийг нэхэмжлэхгүйгээр уг төлбөрийг өөрсдийн зардлаар хариуцахаар тохиролцсон. Гэрээ байгуулагдахаас өмнө манайх * ХХК руу мөнгө шилжүүлсэн, гэхдээ ямар нэгэн бараа, бүтээгдэхүүн хүлээж аваагүй, хүлээлгэж өгсөн талаарх баримт байхгүй. Нэхэмжлэгч тал доголдолтой уут байснаа хүлээн зөвшөөрч, тохиролцсон гэж ойлгосон учраас шинжилгээнд өгөөгүй. Гэтэл нэхэмжлэгч нь 14,408,960 төгрөг буюу дээрх доголдолтой барааны үнийг нэхэмжилж байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 346 дугаар зүйлийн 346.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч * ХХК-аас 14,408,960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-аас 230,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн.

4.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад өөрчилсөн. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу тооцоо нийлсэн актыг үндэслэж шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Хариуцагчийн зүгээс үүнтэй холбоотойгоор тайлбар, татгалзлын үндэслэл болсон баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгч мэтгэлцсэн. Гэвч нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс өмнөх төлбөрийг нэхэмжилсэн талаар тайлбарласан. Иймээс шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс асуухад гэрээ байгуулагдахаас өмнөх үеийн төлбөрийг нэхэмжилсэн гэж хариулсан. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад өөрчилсөн нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан агуулгатай байна гэдгийг шүүх хуралдааны явцад илэрхийлсээр байхад шүүх талуудын тэгш эрхтэй оролцох, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой татгалзал, түүнийгээ нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх эрхийг шууд зөрчсөн үйлдэл болсон. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дах хэсэгт заасныг зөрчсөн.

4.2 Хариуцагчийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлийг гаргаж өгсөн ба уг баримтаар нэхэмжлэгч нь бранк уут гарсныг мэдсэн, хоёр талын эрсдэлээ өөрсдөө хариуцах талаар санал гаргасан. Тухайн бараа бүтээгдэхүүний доголдол нь үйлдвэрт үзлэг хийхэд илэрсэн боловч үнэр нь 3 жилийн өмнөх уутнууд тул арилсан байсан. Гэрч Ж.Н нь ....нэг удаа * ХХК дээр очиж байсан....Сав баглаа боодолтой асуудлыг ярилцаад өнгөрсөн.... гэх мэдүүлгийг үнэлж дүгнээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөр шаардлагыг шийдвэрлэсэн, үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагчийн ямар эрхийг зөрчсөн гэх тодорхойгүй байгаа бөгөөд шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч талаас гаргаж өгөх хүсэлт, баримт байхгүй гэдгээ илэрхийлсэн. Хариуцагч талаас баримт гаргаж өгөх ёстой байсан боловч гаргаж өгч нотолж чадаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэл нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээнээс хойш буюу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлд сүүлд нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний доголдлын асуудал яригдсан. Өмнөх тооцооны үлдэгдлийн баталгаа буюу 14,000,000 төгрөгийг яриагүй тул шүүх хуралдааны тэмдэглэлийг үндэслэж, хэрэгсэхгүй болох хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлийг хуульд заасны дагуу үнэлсэн. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч * ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,408,960 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талууд тооцоо нийлсэн актаар хариуцагч нь 14,408,960 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь нийлүүлсэн бүтээгдэхүүн нь доголдолтой байсныг хүлээн зөвшөөрч, гэрээний үлдэгдэл төлбөр 14,408,960 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар харилцан тохиролцсон. Гэтэл уг үйл явдлаас хойш 2 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж тус тус тайлбарлажээ. /хх1,15/

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

4. Талууд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр * ХХК нь захиалагч талын захиалга, зааварчилгааны дагуу гоймонгийн уут үйлдвэрлэн нийлүүлэх, * ХХК нь гэрээнд заасан ажлын хөлсийг төлж, гэрээний хугацаа 2 жил байх, бүтээгдэхүүний нэгжийн үнэ болон захиалгын тоо хэмжээг гэрээний хавсралт 3-аар тухай бүр баталгаажуулахаар тохиролцсон байна. Дээрх гэрээний хавсралтад заасан нийт 5 төрлийн бүтээгдэхүүнийг буюу рулон /300 гр/ нэгжийн үнэ 10,200 төгрөгөөр, уут нэгжийн үнэ 195 төгрөгөөр, өнгөгүй рулон нэгжийн үнэ 7,200 төгрөгөөр, сэгсэр нэгжийн үнэ 88 төгрөг, шөлний татмал нэгжийн үнэ 88 төгрөгөөр үнийг тогтоож, гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан бүтээгдэхүүнийг гэрээнд заагдсан хугацаанд нийлүүлээгүй тохиолдолд 1 хоногийн 0,05 хувийн хөнгөлөлт үзүүлэх, захиалагч нь гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд 1 хоногийн 0,05 хувийн алданги тооцох тухай гэрээний 5.2, 5.3-т заажээ. /хх51-55/

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

6. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон бичгээр гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч тал нь нийт 83,204,720 төгрөгийн гоймонгийн уут захиалж, урьдчилгаа төлбөрт нийт 68,187,360 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр 14,408,960 төгрөгийг харилцан баталгаажуулсан үйл баримтын талаар маргаагүй. Харин гэрээгээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн доголдолтой байсан гэж маргасан.

 

7. Хариуцагчийн тооцоо нийлсэн актаар тогтоосон 14,408,960 төгрөгийн өр төлбөрийг нэхэмжлэхгүй байхаар талууд харилцан тохиролцсон гэх татгалзал үндэслэлгүй байна. Учир нь талуудын эрх бүхий этгээдүүдийн оролцсон 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар * ХХК нь * ХХК-аас нийлүүлж буй сав баглаа боодлын чанар, төлбөр тооцооны асуудал болон ажлын гүйцэтгэлийн биелэлт цаашид хамтарч ажиллах эсэх асуудлыг хэлэлцээд хурлаас 5 дах захиалга болон нөхөлтийн уут ирсний дараа төлбөр тооцоог 100 хувь барагдуулах, хэвний маргааныг гуравдагч талын үнэлгээгээр шийдэх, төлбөр тооцоог нөхөлтөөр ирсэн тоо хэмжээгээр хийхээр шийдвэрлэсэн байна. Иймд талуудын тооцоо нийлсэн актаар тогтоосон 14,408,960 төгрөгийн өр төлбөрийн асуудлын талаар тохиролцоогүй байна.

7.1 Түүнчлэн, нэхэмжлэгчийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн нь будгийн үнэртэй, үг үсгийн алдаатай байсан, энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдсэн, энэ талаар хурлын протокол үйлдэж, и-мэйлээр баталгаажуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний 3.13-т уутны чанарын доголдол илэрсэн тохиолдолд буцаалт хийх, эсхүл хэвийн бараагаар сольж өгнө гэж тусгасан. Мөн гэрээний 3.14-т уутны чанарт доголдол гарсан тохиолдолд гүйцэтгэгч бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

8. Шүүхээс хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр ...* ХХК-ийн үйлдвэрлэсэн гэх гялгар уут нь цаасан уутыг хайрцагтай болон гялгар уутанд бөөрөнхийлөн хураасан байв. 2018 оноос хойш хадгалж байгаа гэж үйлдвэрийн дарга тайлбарлав гэж бэхжүүлсэн байна. /хх84-85/

8.1 Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид хэдий хэмжээний доголдолтой сав баглаа боодол нийлүүлсэн болох нь тодорхой бус, хариуцагчийн татгалзлын үндэслэлээ нотлохоор хэрэгт ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр * ХХК-д сав баглаа боодлын захиалгын тооцоолол, 2018 оны 11 дүгээр сарын гэсэн огноо бүхий гоймонгийн уут сольсон ажилчдын цалингийн зардлын тооцоолол, гоймонгийн уут солих ажилчдын цалингийн зардлын тооцоолол гэх санхүүгийн баримтуудыг талуудын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцсэн баримт гэж үзэхгүй, гоймонгийн уут солигдсон, солих болсон шалтгаан үндэслэл тодорхой, нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болсон гэх үйл баримтыг нотолсон баримт гэж үзэх боломжгүй гэж дүгнэснийг буруутгахгүй юм.

8.2 Хариуцагч нь татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй.

9. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар нэхэмжлэгч тал ...бранк уутнуудыг танайх устгалд оруул, манайх тооцоо тооллого хийж бранк уутны татан авалт хийхгүй, нөгөө талаас уут сольсон ажилчдын цалингийн зардал 4,620,000 төгрөгийг манайхаас нэхэмжлэхгүйгээр хоорондын тооцоогоор хааж болох уу гэхэд хариуцагч тал зөвшөөрч байна гэсэн нь талууд тооцоо нийлсэн актаар тогтоосон 14,408,960 төгрөгийн өр төлбөрийг төлж дуусгасан гэж үзэхгүй.

9.1 Анхан шатны шүүх 5 дах захиалгатай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, харин талуудын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ баталгаажуулсан, 14,408,960 төгрөгийн өртэй гарсан тухай тооцооны үлдэгдлийн баталгаа, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэж 1, 2, 3, 4 дэх барааны захиалгын төлбөрийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

9.2 Иймд ажил гүйцэтгэх гэрээний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж байгаа тул тухайн маргаанд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 346 дугаар зүйлийн 346.2 дах хэсэгт заасан зохицуулалтыг баримтлах шаардлагагүй байсныг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасч өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдахаас өмнөх үеийн төлбөрийг нэхэмжилсэн гэж шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөр шаардлагыг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй байх ба хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/02576 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...343.2, 346 дугаар зүйлийн 346.2 гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН