Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/ма2022/02027

 

 

 

 

 

 

 

 

2022 11 23 210/МА2022/02026

 

 

* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/02962 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч * ХХК-ийн хариуцагч * д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 59,305,540 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1 * нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 00-1665 дугаартай зээлийн гэрээгээр * ХХК-аас 25,000,000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 001665-1 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 53 дугаар байр, * тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн * дугаарт бүртгэгдсэн нэг өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. * нь тус зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 24,999,867 төгрөг, хүү 25,054,033 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,586,658 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 4,130,000 төгрөг, нийт 55,770,558 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан.

1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хүү 2,945,818 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 589,164 төгрөг, нийт 3,534,982 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тул нийт 59,305,540 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хариуцагч * нь зээл авсан талаар маргаан байхгүй. Харин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан. Учир нь зээлийн гэрээ болон Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний зөрчил үүссэн үеэс эхэлж шаардах эрх нь үүссэн. Гэтэл хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сард зээлийн гэрээ байгуулснаас хойш нэг удаа зээлийн хүү төлсөн. Түүнээс хойш төлөлт хийгээгүй байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээ болон хуульд зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийг илүү хүнд байдалд оруулсан. Зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй, зөрчил гаргаж, зээл төлөхгүй гэдэг нь тодорхой болсон байхад үүнтэй холбоотой нэмэлт хугацаа тогтоосон болон мэдэгдэл хүргүүлсэн талаар баримт хэрэгт байхгүй. Иймд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2 Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 6.2-т зааснаар нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэлгүй өдийг хүртэл хугацаа алдаж хүү, алдангийн дарамтад оруулсан байгаа учраас хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй. Ийм учир хариуцагч нь үндсэн зээл 24,999,867 төгрөг, хүү 1,720,824 төгрөг, нийт 26,720,691 төгрөгийг төлөх үндэслэлтэй, түүнээс хойшхи хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан учир төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

2.3 Мөн нэхэмжлэгч байгууллага нь өөрийн хуульчаар дамжуулан шүүхэд хандсан атлаа уг мөнгөө нэмэлт зардал гэж шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн зээлийн гэрээн дээр нэг хувийн шимтгэл төлнө гэж заасан. Уг нэг хувийн шимтгэлийг юунд зарцуулсан нь тодорхой бус, нэг хувийн шимтгэл авч байгаа нь өөрөө хууль бус үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн, зээлийн төлөлтийг тооцохдоо хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлээс нь эхэлж авч байгаа. Гэтэл хуульд үүрэг гүйцэтгэгчийн дарааллыг заахдаа эхлээд шүүхийн зардал, үндсэн мөнгө, тэгээд хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасныг зөрчиж шууд зээлийн хүүг тооцож, үндсэн зээлээс хасалт хийгээгүй нь хууль бус байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч * аас 51,640,558 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,664,982 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 53 дугаар байрны * тоот од байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 578,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 486,353 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Зээлийн гэрээний 2.9-д гэрээний үүргээ биелүүлээгүйгээс холбогдон гарах бусад зардал хууль зүйн туслалцааны зардал өмгөөлөгчийн хөлсийг зээлдэгч бүрэн хариуцна гэх заалтыг тодорхойлсон боловч зохигчдын хооронд байгуулсан гэрээнд 2.9 гэх заалт байхгүй болно. Харин зээлийн гэрээний 2.1.9-д зээл олгосны шимтгэлд олгосон зээлийн дүнгийн 1 хувь, гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үлдэгдлийн 0,5 хувийг шимтгэлд тооцон авахыг зээлдэгч зөвшөөрсөн болно. Зээлийн болон барьцаа, батлан даалтын гэрээ бусад гэрээ хэлцлийг нотариатаар баталгаажуулах, эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдох гарах бусад зардлыг зээлдэгч хариуцна гэх заалт нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь банк бус санхүүгийн байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх бөгөөд * ХХК нь тусгай зөвшөөрлөөр зөвхөн зээл олгох зөвшөөрөлтэй байна. Гэтэл өөрийн үндсэн үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой зардал гэж зээлдэгчид хариуцуулах нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Мөн зээлийн гэрээний 3.1.6-д заасан зээлдүүлэгчид учирсан хохирол хууль зүйн туслалцааны хөлс өмгөөлөгчийн хөлс нотариатын үйлчилгээний хөлс зэргийг бүрэн хариуцан төлөх үүрэгтэй гэх заалтыг үндэслэл болгосон боловч зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд 3.1.6 гэх заалт байхгүй болно. Түүнчлэн, зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн гэрээний зориулалтыг хувийн хэрэгцээнд гэж байгуулсан боловч зээл хүсэгчийн өргөдөлд зээлийн гэрээний зориулалт нь эргэлтийн хөрөнгө гэх зорилгоор зээл авсан. Ийнхүү зээлийн гэрээний зориулалтыг зөрчсөн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох хэсгийг буюу хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4.2 Хариуцагч * нь уг зээлийг эргэлтийн хөрөнгө буюу эгчийнхээ уул уурхайн компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах зорилгоор зээлсэн бөгөөд зээл хүсэх өргөдөлдөө энэ талаар дурдсан. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 904,167 төгрөгийг хүүд төлсөн бөгөөд түүнээс хойш зээл, хүү төлөөгүй, төлөх боломжгүй болсон ба нэхэмжлэгч байгууллагаас зээлээ төлөхийг шаардах мэдэгдэх хуудас өгөөгүй, гэрээг цуцлах саналыг гаргаагүй, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. * ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг зөрчсөн байхад нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч хүлээх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сард дууссан байхад 2022 оны 05 дугаар сард шүүхэд хандаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь зээлдэгч буюу хариуцагч * ыг зээлийн хүүгийн дарамтад оруулж хүндрүүлсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гаргасан шаардах эрх үүссэн үеэр тасалбар болгон хүү төлөхийг зөвшөөрсөн талаар тайлбарыг хэрхэн няцаасан талаар дүгнэлт өгөөгүй нь ойлгомжгүй байна.

4.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нь зээлдэгчийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн ба цаашид зээлээ төлөх боломжгүй болох нь илт болсон байхад нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн үеэс буюу 2020 оны 01 дүгээр сарын байдлаар тооцож, нийт үндсэн зээлийн төлбөр 24,999,867 төгрөг, хүү 1,720,824 төгрөг, нийт 26,720,000 төгрөгийг төлж, үлдэх хэсэг болох 29,050,558 төгрөгийг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1 * ХХК нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч байгууллагаас зээлийн гэрээний хугацаа дуусмагц эвлэрүүлэн зуучлалд хандсан. Хариуцагч тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй. Дараа нь шүүхэд хандсан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүнээс хойш 2022 оны 05 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас хариуцлага хүлээнэ гэсэн эрх зүйн ойлголт байхгүй. Хариуцагчийн байр сууринаас харахад шууд шүүхэд хандах байсан мэтээр тайлбарладаг боловч зээлийг төлүүлэхээр заавал шүүхэд хандах ёсгүй. Тухайлбал, эвлэрүүлэн зуучлалд хандах, утсаар холбогдох зэрэг өөр бусад ажиллагаанууд байдаг. Түүнчлэн, зээл бүрийг төлүүлэх зорилгоор шүүхэд хандвал зээлийн маргаан дуусахгүй. Иймд нэхэмжлэгч шүүхэд хандаагүйгээс үүдэн өрийн дарамтад орсон мэтээр гомдол гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч * д холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 24,999,867 төгрөг, зээлийн хүү 25,054,033 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,586,658 төгрөг, нийт 51,640,558 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зээлийн хүү 2,945,818 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 589,164 төгрөг, нийт 3,534,982 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 59,305,540 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 67-68/

3. Зохигчид 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 001665 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээгээр зээлдүүлэгч * ХХК нь 25,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч * нь зээлийг хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-12-13, 14-16/

3.1 Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болжээ.

4. Талууд зээлийн гэрээний 2.1.1-д зээлийн хүүг сарын 3,5 хувь байхаар, гэрээний 2.1.7-т зээлийн хуваарийн дагуу зээл хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

4.1 Зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ зөрчсөн байх тул зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч * аас зээлийн үндсэн төлбөр 24,999,867 төгрөг, зээлийн хүү 25,054,033 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,586,658 төгрөг, нийт 51,640,558 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4 дэх хэсэгт эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно. гэсэн зохицуулалт нь зээлдүүлэгчийн эрхэд хамаарах бөгөөд уг эрхээ хэрэгжүүлээгүйг эрх, үүрэгтэй үнэнч шударгаар хандаагүй гэж дүгнэхгүй юм.

5.1 Нэхэмжлэгчээс хууль зүйн туслалцааны хөлс болох 4,130,000 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжлэгч шаардах эрхгүй талаар анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийн уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ.

6. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй боловч уг нэхэмжлэлийг болон нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжтой.

6.1 * ХХК, * нар 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 001665-1 дугаартай барьцааны гэрээ байгуулж, * ы өмчлөлийн, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 53 дугаар байрны * тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасантай нийцсэн, гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэнэ. /хх14-16/

6.2 Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт ...үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасны дагуу барьцааны зүйл болох * ы өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээнд 2.9, 3.1.6 гэх заалт тусгагдаагүй, мөн 2.1.9-д заалт нь хууль зөрчсөн, зээлийн гэрээний зориулалтыг буруу бичсэн нь гэрээний зориулалтыг зөрчсөн гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

7.1 Учир нь зээлийн гэрээнд 2.9 гэх заалт байхгүй боловч гэрээний 2.1.9 дэх хэсэгт тохиролцсон зээлийн шимтгэлийн талаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж маргаагүй, шүүх энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шимтгэлтэй холбоотой маргаан шийдвэрлээгүй болно.

7.2 Талууд гэрээний 5.1.2-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээг зөрчсөн тохиолдолд зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, хууль зүйн туслалцааны зардал, өмгөөлөгчийн хөлс, бусад зардлыг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр төлүүлэх эрхтэй. гэж тохиролцсон, энэ тохиролцооны талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд гэрээний 3.1.6 гэж андуурч бичсэн боловч шүүх өмгөөллийн хөлсийг хохиролд тооцон шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир хариуцагчийн эрх зөрчигдөөгүй байна.

7.3 Зээлдэгч хүсэлтдээ эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгохыг хүссэн боловч зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн зориулалтыг хувийн хэрэглээнд гэж тодорхойлжээ. Гэвч зээлдэгч зээлийн гэрээний зориулалт нь зөрүүтэй байна гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаагүй, тэрээр зээлийг авч ашигласан тул гэрээнд заасан зориулалтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/02962 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.ЦОГТСАЙХАН