Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 214/МА2023/00002

 

М.Г*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч Л.Ариунцэцэг  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 132/ШШ2022/00641 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Г*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Г*******д холбогдох

Гэм хорын хохирол 7 462 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, М.Г*******оос 5 040 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Гантулгын  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Г*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Г*******ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр би Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Булган аймгийн Орхон сумын гүүрний ойролцоо явж байхад зам дээр үхэр гарч ирээд осол гарсан. Зам дээр гэнэт үхэр гарч ирэхэд би шоконд орж зүүн гар тийш дарсан бол замын хөдөлгөөнд оролцож байсан бусад машинууд руу ороод тэнд маш ноцтой осол гарах байсан. Үхэр урд цонхыг цөм цохиод орж ирээд нүүрэн дээр дарчихсан. Шөнийн цагаар хотондоо байж байх ёстой мал машин л явах ёстой зам дээр явж байсан. Хариуцагч өөрөө би малаа бүртгээгүй, төвийн гэртээ амарч байсан гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Энэ мэдүүлгээс харахад малчны хариуцлагагүй үйлдэл байсан. Ийм л үнэтэй цайтай үхэр байсан юм бол аминаасаа илүү хайрлаад байж байх байсан. Би тэнд үхэрт цохиулаад үхчихсэн бол бид ингээд байж байхгүй байсан. Үнэлгээний газраар үнэлгээг тогтоолгосон. 66-29 УБД улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2018 онд орж ирсэн, шинэ шахуу тэрэг байсан. Эрдэнэтэд би өөрөө амралтын үеэр их зардал гаргаж үнэлгээ тогтоолгосон. Тэр үеийн гарсан бодит зардлаа л нэхэмжилсэн. Өөр илүү дутуу нааш цаашаа явж байгаа замын зардал нэхэмжлээгүй. Би өөрөө группд байдаг. Улаанбаатар хотод таксины компанид бүртгэлтэй таксинд явдаг байсан. Амьжиргааны эх үүсвэрээ алдсан гэж хэлж болно. Үнэлгээний хөлс 452 000 төгрөг, үзлэг дуудлагын хөлс 81 000 төгрөг, ачиж тээвэрлэсний хөлс 800 000 төгрөг, авто машины эвдрэл гэмтлийн үнэлгээ 6 129 000 төгрөг нийт  7 596 342 төгрөгөө нэхэмжилж байгаа” гэсэн боловч уг үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамж төлсөн дүнг оруулсан. Бодит хохирол 7 462 000 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч Д.Г******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 7 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө манай үхрийг нэхэмжлэгч замын хөдөлгөөний эрх, үүргээ ухамсарлаагүй дайрч алсан байсан. Тухайн өдөр орой 17 цагийн үед үнээгээ саачихаад тугалтай нь хэсэг явуулж байгаад тугалаа хашсан байсан. Зун үхэр эрт ирчихдэг. Тухайн орой эхнэр, хүүхэд маань үхрээ хараад үлдсэн, хонио манаж хонох гээд машин дотроо манай хэд сууж байсан юм байна лээ. Маргааш нь замын цагдаа ирж хэмжилт хийхэд дайрсан газраасаа 21 метр явсан. 5 метрт үхэр шидэгдсэн байсан. Замын зорчих хэсгээс гадуур явсан байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

3. Хариуцагч Д.Г******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Үнээ дайрахаар тугал нь үлддэг. Тугалаа өөр нэг үнээнд хөхүүлээд мөн нэг үнээний саалиа алдаж байгаа. Үнээний үнэ 1 200 000 төгрөг, үнээ нэг удаагийн сааманд 8 л сүү гаргана гээд өдөрт 2 удаа сааж 16 л сүү авдаг. 16л*60=960л*1 500 төгрөг зах зээлийн ханш 1 440 000 төгрөг, 8л*30=240л*2 000 төгрөг 480 000 төгрөг, 1 920 000 төгрөг*2 үнээ=3 840 000 төгрөг. Ингээд нийт 5 040 000 төгрөгийг Г*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч М.Г******* шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд үнээний үнэ 1 200 000 төгрөг, 2 үнээний сүүний мөнгө 3 840 000 төгрөг нийт 5 040 000 төгрөг гаргуулахаар надаас нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны осол гарсан шалтгааныг үхэр зам руу орсноос болсон гэж үзэж Д.Гантулгыг торгосон. Замын хөдөлгөөний дүрэмд хатуу хучилттай замын 50 метрээс дотогш хариулгагүй мал тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэснийг зөрчиж зам дээр үхэр явснаас уг осол гарсан. Ирээдүйд олох байсан ашгаа би яриагүй байна. Хэрэв ярьвал бас л өдрийн орлогоо тооцох байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Г*******ас гэм хорын хохиролд 6 646 700 /зургаан сая зургаан зуун дөчин зургаан мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Г*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 815 300 /найман зуун арван тав гурван зуу/ төгрөг, М.Г*******оос 5 040 000 /таван сая дөчин мянга/ төгрөгийг гаргуулах тухай Д.Гантулгын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134 342 /нэг зуун гучин дөрвөн мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 95 590 /ерэн таван мянга таван зуун ер/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Г*******ас улсын тэмдэгтийн хураамж 121 297 /нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Г*******т олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч Д.Г******* давж заалдсан гомдолдоо: “...Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн гэх боловч бодит байдал дээр манай үнээ замын хөвөөн дээр дайрагдан замын хажуу далан руу шийдэгдсэн, жолооч үхрийг мөргөснөөс хойш 21 метр явсны дараа зогсоосон, зам дээр тоормосны мөр гараагүй зэргээс үзэхэд жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар  зүйлийн 12.2, 12.3 дахь заалтыг зөрчсөн байгаа ба шинжээч нь энэ талаар дүгнэлтдээ дурдсан.

Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 11-р сарын 18-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар гаргасан дүгнэлтийг нотлох баримтад дурдан бичсэн мөртлөө түүнийг няцаасан үндэслэлээ бичээгүй байна. Хэдийгээр хэргийн газрын үзлэгт тоормосны мөр илрээгүй тул хурдыг тогтоох боломжгүй гэсэн ч тоормослоогүй 21 м явснаас мөр илрээгүй гэж ойлгож байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т "Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй/ нөхцөл гэж 300 метрийн дотор зам харагдахгүй болсон нөхцөлийг/ нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" , 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж , зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заажээ. Хэрвээ жолооч энэ үүргээ биелүүлж явсан бол түүний авто машинд ийм их хэмжээний хохирол учрахгүй, миний үхэр дайрагдахгүй байсан.

Нөхцөл байдал ийм байхад зөвхөн малчин малаа “хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтан оруулахгүй байх“ гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзсэн нь малчин бидний цаг наргүй хөдөлмөрийг үл ойлгон шөнийн цагаар ч малаар хариулж байх мэтээр дүгнэсэн нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж осолд жолоочийн буруутай үйлдэл нөлөөлсөн болохыг тогтоолгож, дайрагдсан үхрийн үнэ 1 200 000 төгрөг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж байнагэжээ.

7. Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргасан. Тээврийн хэрэгсэл 90 орчим км цагийн хурдтай явсан гэсэн гэрчийн мэдүүлэг байдаг. М.Г******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан. Зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна гэдэг дүрмийг зөрсөн байна. Малчин малаа зам руу оруулсан гэдгээр буруутгаж байгаа нь хэт нэг талыг барьж байна. Нөгөө талаасаа асфальтан зам дээр гараагүй, хажуугийн шороон зам дээр явж байсан нөхцөл байдал харагдаж байгаа. Жолооч нь үзэгдэх орчин хангалтгүй байхад хариуцлагаа ухамсарлаагүй учраас осол гарсан учраас жолоочийг гэм буруутай гэж үзэж байна“ гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М.Г******* нь ...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 40 минутын үед Toyota prius 30 маркийн 66-29 УНД улсын дугаартай суудлын автомашинаар Хөвсгөл аймгаас Улаанбаатар чиглэл рүү Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт явж байх үед иргэн Д.Гантулгын 1 тооны үхэр хариулагагүй явж байгаад асфальтан зам дээр машины урдуур гэрлийн гялбаанд орж ирж мөргүүлснээр зам тээврийн осол гарч, машинд их хэмжээний гэмтэл, эвдрэл гарсан. Үхрийн эзэн Д.Гантулгын буруутай үйлдэл нь Булган аймгийн замын цагдаагийн тасгийн дэслэгч А.Ч*******ийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр тогтоогдсон тул гэм хорын хохиролд нийт 7 596 342 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжилсэн төлбөрт улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 134 342 төгрөг оруулсан байсныг хасч нийт 7 462 000 төгрөгийг гаргуулна гэж,

2а. Хариуцагч Д.Г******* нь ...2022 оны 07 дугаар сарын 13-ны орой засмал замын хажуугийн шороон хөвөөн дээр явж байсан үхрийг өөрийн анхаарал болгоомжгүй байдал болон хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсноос дайрч осол гаргасан. Жолооч М.Г******* хот суурин газар хурдаа тааруулж явах ёстой. Хүний мал дайрчихаад байхад жолоочийн зөв байх учиргүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж,

2б. Хариуцагч Д.Г******* шинжээчийн үнэлгээгээр үхрийн үнэ 1 200 000 төгрөг, үлдсэн тугалыг тэжээхэд бас нэг үнээнд хөхүүлэх шаардлага гарсан тул 2 үнээний сүү саалийн зах зээлийн үнэлгээг тооцоход 3 840 000 төгрөг нийт 5 040 000 төгрөгийг нэхэмжлэгч М.Г*******оос гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч М.Г******* эс зөвшөөрч талууд мэтгэлцсэн байна.

3. Нэхэмжлэгч М.Г******* нь 2022 оны 07 дугаар сарын 13-нд оройн 23 цаг 40 минутын үед Toyota prius 30 маркийн 66-29 УНД улсын дугаартай суудлын автомашин жолоодон Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотыг чиглэн явж байхдаа Булган аймгийн Орхон сумын нутагт үхэр мөргөсөн осол гарсан бөгөөд уг ослын улмаас үхрийн эзэн Д.Г*******д Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авагдсан болох нь хэрэгт нотлох баримтаар судалсан 0024561 дугаартай шийтгэлийн хуудсаар нотлогдож байна.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.гэж заасан тул нэхэмжлэгч гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

5. Хариуцагч Д.Г******* нь өөрийн өмчлөлийн малыг хариулагагүй орхисон нь осол гарах шалтгаан нөхцөл болсон бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 26.8.д. зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналт, эзэнгүй орхихыг хориглоно, 27.2.з. “хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон ба “Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр М.Г*******ийн эзэмшлийн Toyota prius 30 маркийн 66-29 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг 6 195 000 төгрөгөөр, Д.Гантулгын өмчлөлийн хязаалан дөнжин үхрийн зах зээлийн үнийг 1 200 000 төгрөгөөр тус тус үнэлсэнг зохигчид хүлээн зөвшөөрсөн,  уг үнэлгээг баримтлан нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учруулсан хохиролыг тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. /хх 6-20 дахь хуудас/

5а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс ...жолооч хурд хэтрүүлсэн эсэх, үхэр мөргөгдсөн газраасаа 5 метр газар түрэгдсэн юм уу, хол зайнд унасан байдал, жолооч үхрийг зам дээр биш хажуугийн хөвөө дээр мөргөсөн зэргээс жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэнд “Toyota prius маркийн 66-29 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.Г******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэх магадлалтай гэжээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” мөн хуулийн 40.2.“Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасан.

6а. Анхан шатны шүүх хариуцагч Д.Гантулгын хариулаггүй мал хатуу хучилттай замд 50 метрээс дотогш орж болохгүй гэсэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.з-д заасныг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж дүгнээд хариуцагч Д.Гантулгын гэм буруугийн хувьд маргасан асуудалд ...хэргийн бодит нөхцөл байдал, зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлтэй нийцээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

6б. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн процесс ажиллагаа өөр хоорондоо ялгаатай бөгөөд зөрчлийн хэргээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шууд заах учиргүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гэм буруугийн талаар маргаж буй асуудалд хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай ба шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.

6в. Дээрхи зам тээврийн осол гарахад хариуцагч Д.Гантулгын буруутай эс үйлдэл байгаа боловч нэхэмжлэгч М.Г******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй ба автомашинд их хэмжээний эвдрэл гэмтэл үүсэхэд түүний Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал: шүүхийн хэлэлцүүлэгт “…үхэр урд цонхыг цөм цохиод орж ирээд нүүрэн дээр дарсан... гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, ...замын цагдаа ирж хэмжилт хийхэд дайрсан газраасаа 5 метрт үхэр шидэгдсэн байсан... гэсэн хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан ослын зураг, машины эвдрэл гэмтлийг харуулсан гэрэл зураг, урд 2 хөл хугарсан байдалтай үхсэн үхрийн гэрэл зургуудаар тогтоогдож байх ба дээрхи осол гарахад зохигчдын хэн алины буруутай үйлдэл байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үхрийн үнийг нэхэмжлэгчээс гаргуулах нь зүйтэй.

7. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасан тул хариуцагчийн гэм буруу, болгоомжгүй эс үйлдэхүйг харгалзан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үхрийн үнийг 50 хувиар багасгаж, нэхэмжлэгчээс 600 000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 132/ШШ2022/00641 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...М.Г*******оос 5 040 000 төгрөг гаргуулах тухай Д.Гантулгын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1.д зааснаар нэхэмжлэгч М.Г*******оос 600 000 төгрөг гаргуулж, хариуцагч Д.Г*******д олгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 440 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...хариуцагч Д.Г*******ас 121 297 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Г*******т гэсний дараа олгож, нэхэмжлэгч М.Г*******оос 18 650 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Г*******д гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Д.Г******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 33 350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ

 

 

                                     ШҮҮГЧИД                                С.УРАНЧИМЭГ

 

                                                                                     

                                                                                     Л.АРИУНЦЭЦЭГ